| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 2020000540017 |
| Дугаар | 2022/ДШМ/34 |
| Огноо | 2022-09-22 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Б.С |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2022/ДШМ/34
Э.Эт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор: Б.С /зайнаас цахимаар/,
Яллагдагч: Э.Э /зайнаас цахимаар/,
Яллагдагчийн өмгөөлөгч: С.Б /зайнаас цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнхзул нарыг оролцуулан,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЗ/187 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн яллагдагчийн өмгөөлөгч С.Бы гомдлоор яллагдагч Э.Эт холбогдох 2020000540017 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч: Монгол Улсын иргэн, Э-ын Э, 1981 оны 04 дүгээр сарын **-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн *** дүгээр шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214¹.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх гэсэн үндэслэлээр буюу 1. ...эд мөрийн баримтыг анх яагаад 110 кг-аар тооцсон, одоо яагаад яллагдагчийг анхнаасаа 19 кг дэрвэгэр жиргэрүү худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэж үзсэнээ тодорхой болгож, нэг мөр тогтоох. 2. ...Яллагдагчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д заасан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийнх 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан нэг жилийн хугацаа өнгөрөөгүй байхад яллагдагчаар татсан байх тул түүний холбогдсон хэргийг хөөн хэлэлцэх хугацааг мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэгт үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж зааснаар тооцох нь зүйтэй гэсэн үндэслэлээр яллагдагч Э.Эт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж,
хэргийг прокурорт очтол яллагдагч Э.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 19 кг дэрвэгэр жиргэрүү ургамлын үрийг прокурорт хүргүүлж,
Шүүгчийн захирамжийг прокурор, яллагдагч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Яллагдагчийн өмгөөлөгч С.Б давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...1. Өмнө нь болсон шүүх хуралдаан дээр ургамлын шинжээчийг оролцуулсан бөгөөд энэ 110 кг дэрвэгэр жиргэрүү ургамлын үр гэх зүйл нь бүгд тухайн ургамлын үр биш зарим хэсэг нь дэрвэгэр жиргэрүү ургамлын үр байна гэсэн шинжээчийн дүгнэлт гаргасан бөгөөд яг хэдэн кг нь дэрвэгэр жиргэрүү ургамлын үр болохыг тогтоолгохоор урьд нь хэргийг буцааж, дээрх үр гэх зүйлүүдийг шигшин нийт 19 кг дэрвэгэр жиргэрүү ургамлын үрийг ялгаж авсан бөгөөд бусад нь дэрвэгэр жиргэрүү ургамлын үр биш байсан болно. Иймд эд мөрийн баримтаар хураагдсан 19 кг дэрвэгэр жиргэрүү ургамлын үрийг шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэхэд боломжгүй зүйл алга байна.
2. ...Тус гэмт хэрэг нь 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр үйлдэгдсэн байх бөгөөд П.Г, Э.Э нарыг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 5, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол /2хх 185-186/ үйлдсэн байна. Мөн дээрх үйлдэл холбогдлыг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 5/03 дугаартай зарим яллагдагчид холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /хх 90/. Хэрэгсэхгүй болгосон хэргийг нийт 2 сар 11 хоногийн дараа буюу 2021.12.16-ны өдрийн 5/04 дугаартай зарим яллагдагчид холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор сэргээсэн /хх 50/ нь Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн байна. Гэмт хэрэг гарснаас хойш нийт 10 сар 20 хоногийн дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Дээрх хэргийг хэрэгсэхгүй болгосноос хойш 2 сар 11 хоногийн дараа сэргээсэн байх бөгөөд яллагдагчаас татсан тогтоолыг буцаан хүчинтэйд тооцсон байна. Нийт хөөн хэлэлцэх хугацаа нь 1 жил 1 сар 1 хоногийн хугацаа өнгөрсөн байгаа нь Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад зааснаар 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй юм.
...Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЗ/187 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйл, 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллагдагч Э.Эыг шүүхэд шилжүүлж өгнө үү.” гэв.
Яллагдагч Э.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Ковидын үеэр Улаанбаатар хотод байсан ч гэсэн дуудах болгонд нь яваад очдог байсан. Г.М гэдэг хяналтын прокурор тухайн үед нь шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Дандаа хүнд хэцүү үед дууддаг байсан. Тэгэх болгонд нь би очих гэж үйлээ үздэг байсан. Дашрамд хэлэхэд намайг Улаанбаатар хотод байхад хааяа нэг байцаалт авдаг байсан. Тэр нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хэлтэс дээр байсан. Тэгээд 1 дүгээр хэлтэс дээр яваад очихоор мөрдөгч тэрэн дээр оч, энэн дээр оч гээд явуулаад байдаг байсан. Бас он сар, хугацааг дандаа хойш нь тавьдаг байсан. Жишээлбэл би 5 дугаар сарын 09-ний өдөр очоод мэдүүлэг өгөхөд 3 дугаар сарын 25-ны өдөр гэж тавиарай гэдэг байсан. Энэ талаар ахлах прокурорт нь гомдол гаргаж байсан. Гэвч үүнийг 1 ч удаа хүлээж аваагүй.” гэв.
Прокурор Б.Сэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг зарласан байдаг. Шүүх хуралдаан дээр энэ шүүгчийн захирамжид заасан ажиллагаануудыг хийх шаардлагатай байна гэж үзээд буцаасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан. Прокурорын зүгээс Эт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг анхан шатны шүүх хуралдаанаар бүрэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч С.Бы гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч хангаж, анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.
1. Шүүгчийн захирамжийн 1 дэх үндэслэлийн тухайд: Анхан шатны шүүхээс урьд нь буюу яллагдагч Э.Эын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 110 кг дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын үртэй холбоотой асуудлаар хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр шүүгчийн захирамжаар прокурорт буцааж шийдвэрлэсэн байх ба захирамжид “...эд мөрийн баримтаас 60 хувь нь үетний овгийн ургамлын үр ба түүний гурил эзэлж байгааг шалган тогтоох шаардлагатай” гэжээ.
Шүүгчийн энэхүү захирамжийн дагуу мөрдөгчөөс хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 110 кг дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын үрийг, үетний овгийн ургамлаас ялгах ажиллагааг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журамд нийцүүлэн хийж гүйцэтгэсэн байх ба уг ялгах ажиллагааг хийж гүйцэтгэсний эцэст дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын үр дангаараа 19 кг болох нь эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 1/-ээр тогтоогдсон байх тул энэхүү эд мөрийн баримтын асуудлыг дахин тогтоолгохоор “хэргийг прокурорт буцаах” нь үндэслэлгүй юм.
2. Прокуророос яллагдагч Э.Эын 2018 оны 10 дугаар сард Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрлах Урт цагаанаас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолоор батлагдсан дэрвэгэр жиргэрүү ургамлын үр буюу 19,00 килограммыг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Баруун турууны 10 тоотод байрлах чингэлэгт хадгалж байгаад 2020 оны 04 дүгээр сард улсын номер дугаар нь тодорхойгүй “Стана” маркийн тээврийн хэрэгслийг хөлслөн ачиж, Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу тээвэрлэсэн гэмт үйлдлийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өөрөөр хэлбэл яллагдагч Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” буюу мөн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Зохих зөвшөөрөлгүйгээр...нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр...ийг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба харин Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлд заасан “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлтийг шүүхэд гаргаагүйн гадна энэхүү нөхцөл байдлын талаар яллах дүгнэлтэд дурдаагүй байна.
Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ.
Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд яллагдагч Э.Эт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд энэ үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хангаж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, анхан шатны шүүх хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЗ/187 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж, яллагдагчийн өмгөөлөгч С.Бы давж заалдсан гомдлыг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2 дүгээр зүйлд зааснаар яллагдагч Э.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.ТЭГШСУУРЬ
Н.БОЛОРМАА