Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 159/ШШ2024/0027

 

НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 159/2024/0002/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг дарга, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь Засгийн газрын тогтоолын дагуу төрийн захиргааны албан хаагчдын орон нутгийн нэмэгдэл олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, хууль тогтоомжийн дагуу олгох ёстой нэмэгдлийг олгохыг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч *******аас Монгол улсын Засгийн газар 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаартай тогтоолын 6 дугаар хавсралтаар “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам”-ын дагуу орон нутгийн нэмэгдлийг зөвхөн орон нутгийн төсөвт байгууллагын төрийн захиргааны албан хаагчдад олгож улсын төсвийн байгууллагын төрийн захиргааны албан хаагчдад олгоогүй нь илтэд хуулийн заалтыг зөрчиж ялгаварлан гадуурхаж эс үйлдэхүй гаргаж байна гэж үзэн шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч ******* шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Монгол улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам”-д нэмэлт оруулсан Монгол улсын Засгийн газрын 2023 оны 242, 272 дугаар тогтоолуудыг биелүүлээгүй нь Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8-д заасан “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчиж байна.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь Монгол улсын Засгийн газрын 2023 оны 242, 272 дугаар тогтоолуудыг биелүүлээгүй Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зуйлийн 60.1.1-д заасан “хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг хариуцан зохион байгуулж, үр дүнг хариуцах” үүргээ хэрэгжүүлээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д “Цалин хөлсний хэмжээг тогтооход дараах зарчим баримтална.” гэсэн заалт, үүнд... 102 дугаар зүйлийн 102.1.4-т “хүйсээр болон бусад үндэслэлээр ялгаварлан гадуурхахгүй байх” гэсэн заалтуудыг зөрчиж Монгол улсын Засгийн газрын 2018 оны төрийн захиргаа болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журмын 5 дахь заалтыг үндэслэж 30 хувийн нэмэгдлийг зөвхөн орон нутгийн төсөвт байгууллагын төрийн захиргааны албан хаагчдад олгож улсын төсвийн байгууллагын төрийн захиргааны албан хаагчдад олгоогүй нь илтэд хуулийн заалтыг зөрчиж ялгаварлан гадуурхсан гэж үзэж байна.

Монгол улсын Засгийн газрын 2018 оны төрийн захиргаа болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журмын 5 дахь заалтыг үндэслэж 30 хувийн нэмэгдлээ олгуулах талаар 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газарт гомдол гаргахад Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2024 оны 01/190 тоот албан бичгээр Монгол улсын Засгийн газрын 2023 оны 242 дугаар тогтоолыг аймгийн орлогын биелэлттэй холбоотойгоор шийдвэрлэсэнн.

Эхний ээлжинд орон нутгийн төсвөөс цалинждаг төрийн захиргааны албан хаагчдад 2023 онд орон нутгийн нэмэгдлийг 30 хувиар олгосон, 2024 онд орон нутгийн төсөвт, улсын төсвийн байгууллагуудын төрийн захиргааны албан хаагчдад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 142 дугаар тогтоолоор орон нутгийн нэмэгдлийг 30 хувиар тооцож 04 дүгээр сарын 01-ний өдрөөс олгохоор батлуулсан. Энэхүү нэмэгдлийг аймгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлттэй уялдуулан шат дараатайгаар олгох болно гэсэн хэдий ч миний бие болон улсын төсөвт байгууллагын 344 албан хаагчид өдийг хүртэл аймгаас олгож буй орон нутагт ажилласны 30 хувийн нэмэгдлээ огт аваагүй. Харин орон нутгийн төсөвт байгууллагын ажилчид нэмэгдлээ авсаар байгаа нь цалин хөлсөөр ялгаварлаж байна.

Иймд Монгол улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам”-ын 5 дахь заалт болон 2023 оны 242, 272 дугаар тогтоолын дагуу орон нутгийн нэмэгдлийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс цалингийн 30 хувиар тооцож улсын төсөвт байгууллагын 344 төрийн захиргааны албан хаагчдад олгуулж өгнө үү.” гэжээ.

Аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Монгол улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 489 дүгээр тогтоолын 5-д “Орон нутагт ажилласны нэмэгдлийг захиргааны албан тушаал эрхэлдэг орон нутгийн захиргааны байгууллагын төрийн захиргааны албан хаагчид 80 хүртэл хувиар нэмж олгох асуудлыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал  тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болно” гэж заасны дагуу аймгийн орлогын биелэлттэй холбоотойгоор сумд, аймгийн төсвөөс санхүүждэг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Орон нутгийн өмчийн газар, СХААлбадууд орон нутгийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 142 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2024 оны төсвийн сар улирлын хуваарь батлах тухай 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/639 тоот захирамжаар Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний улсын төсвийн байгууллагуудын төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдлийг 2024 оны 04 дүгээр сарын 01-нээс 30 хувиар тооцож олгохоор шийдвэрлэсэн.” гэжээ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хариуцагчаар татагдсан иргэн *******ын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт дараах тайлбарыг хүргүүлж байна. Иргэн ******* нэхэмжлэлдээ аймгийн Засаг даргыг Засгийн газрын 2023 оны 242, 272 дугаар тогтоолуудыг зөрчиж байна гэжээ. Гэтэл хууль, тогтоомж, шийдвэрүүдийг нийтэлдэг албан ёсны цахим сан болох Legalinfo.mn сайт дээр нийтлэгдсэн Засгийн газрын 2023 оны 242, 272 дугаар тогтоолуудын хуулийн заалтуудыг /2018 оныг 2019 гэж бичсэн/ хүчин төгөлдөр заалт гэж үзэхэд эргэлзээтэй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргахад болон хэрэг үүсгэх үндэслэл, нотлох баримт болох боломжгүй гэж үзэж байна.

2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.9, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд аймгийн Засаг даргаас өргөн мэдүүлснээр аймгийн 2023, 2024 онуудын төсвийг хэлэлцэн батлахдаа холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзэж байна. Үүнд:

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргаас 2023 оны төсвийг боловсруулан хэлэлцэн батлахдаа Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоол болон түүний 6 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам”-д нэмэлт өөрчлөлт оруулсан Засгийн газрын 2022 оны 489 дүгээр тогтоолын орон нутагт ажилласны нэмэгдлийг захиргааны албан тушаал эрхэлдэг орон нутгийн захиргааны байгууллагын төрийн захиргааны албан хаагчид 80 хүртэл хувиар нэмж олгох асуудлыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болно гэсэн заалтыг хэрэгжүүлэн орон нутгийн төсвийн байгууллагуудын төрийн захиргааны албан хаагчдад үндсэн цалингийн 30 хувьтай, төрийн үйлчилгээний албан хаагчдад үндсэн цалингийн 40 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл олгохоор тооцсон бөгөөд аймгийн 2023 оны төсөв батлагдах үед дээрх журамд “улсын төсвийн байгууллагын” албан хаагчдад орон нутгийн төсвөөс нэмэгдэл олгох талаар тусгагдаагүй байсан болно.

Гэтэл 2023 оны 06, 07 дугаар саруудад буюу төсвийн жилийн дундуур Засгийн газрын 242, 272 дугаар тогтоолууд батлагдаж 2018 оны 382 дугаар тогтоолын 6-р хавсралтад нэмэлт оруулж орон нутгийн төсвөөс “улсын төсвийн” байгууллагын албан хаагчдад нэмэгдэл олгох зохицуулалтыг тусгасны зэрэгцээ тус заалтын хэрэгжиж эхлэх хугацааг заасан бөгөөд дээрх тогтоолуудыг хэрэгжүүлэхэд тухайн үеийн аймгийн төсөв нэмэгдүүлэх боломжгүй хүндрэлтэй нөхцөл байдалд байсан бөгөөд аймгийн төсөвт тодотгол хийх хуульд заасан нөхцөл шаардлага үүсээгүй байсан тул 2023 онд улсын төсвийн байгууллагын албан хаагчдад орон нутгийн төсвөөс нэмэгдэл олгогдоогүй. Харин аймгийн 2024 оны төсвийн хувьд аймгийн татварын орлогын 1-р улирлын нөхцөл байдлыг харгалзан орон нутгийн төсвийн болон улсын төсвийн бйгууллагуудын албан хаагчдад 2-р улирлаас буюу 04 дүгээр сарын 01-ний өдрөөс орон нутгийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн бөгөөд аймгийн төвийн орон нутгийн төсвийн байгууллагуудын албан хаагчдад үндсэн цалингийн 20 хувьтайг орон нутгийн төсвөөс цалин авдаг сумдын төрийн албан хаагчдад үндсэн цалингийн 40 хувьтай, улсын төсвийн байгууллагын албан хаагчдад үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл олгохоор тооцон олгож эхлээд байна.

Үүнээс гадна Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолд Засгийн газрын 2022 оны 489 дүгээр тогтоол болон 2023 оны 242 дугаар тогтоолоор оруулсан нэмэлтээр Орон нутагт ажилласны нэмэгдлийг захиргааны албан тушаал эрхэлдэг орон нутгийн захиргааны болон улсын төсвийн байгууллагын төрийн захиргааны албан хаагчид 80 хуртэл хувиар нэмж олгох асуудлыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болно гэж заасан нь аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг энэхүү заалтыг заавал хэрэгжүүлэхийг үүрэгжүүлсэн заалт биш харин төсвийн нөхцөл боломжийг харгалзан тухайн шатны төсөвт хамаарах албан хаагчдад орон нутагт ажилласны нэмэгдлийг олгож болох эрхийг олгосон зохицуулалт гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл орон нутгийн нэмэгдлийг хэрхэн олгох асуудал нь тухайн шатны хурлын бүрэн эрхийн асуудал байна.

3.Мөн дээрх журмын дагуу улсын төсвөөс байгууллагуудын албан хаагчдад орон нутгийн төсвөөс нэмэгдэл олгох нь Төсвийн тухай хуультай зөрчилдөж байна. Тухайлбал тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.6-д “тухайн шатны төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүүргийг зөвхөн тухайн шатны төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлэх.” гэсэн бол мөн хуулийн 4.1.27-д “орон нутгийн төсөв” гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан, тухайн шатны төсөвт харьяалагдах ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг” 4.1.36-д “төсвийн ерөнхийлөн захирагч” гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, тайлагнах эрх бүхий этгээдийг” гэж тус тус заажээ.

            Иймд орон нутгийн нэмэгдэл олгох асуудал нь орон нутагт ажиллаж байгаа албан хаагч аль шатны төсөвт хамаарч байгаагаас шалтгаалж тухайн шатны төсвийн ерөнхийлөн захирагч нь хариуцаж буй төсвийн цалин хөлс урамшууллын зардалдаа орон нутгийн салбарынхаа албан хаагчдын орон нутагт ажилласны нэмэгдлийг тооцож тусган төлөвлөх Төсвийн тухай хуулиар хүлээсэн бөгөөд цалин хөлс гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж заажээ. Эдгээрээс үзвэл Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 6-р хавсралтад 2023 оны 242 дугаар топоолоор оруулсан улсын төсвийн байгууллагын гэсэн нэмэлтийг хэрэгжүүлэх нь Төсвийн тухай хуультай зөрчилдөж хуулиас давсан журам болсон байна гэж үзэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ******* шүүхэд Сэлэнгэ аймгийн Засаг дарга ******* нь Засгийн газрын тогтоолын дагуу Төрийн захиргааны албан хаагчдын орон нутгийн нэмэгдэл олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, хууль тогтоомжийн дагуу олгох ёстой нэмэгдлийг олгохыг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 159 дугаартай захирамжаар Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хамтран хариуцагчаар татжээ.

            1. Монгол улсын Засгийн газар 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаартай тогтоолын 6 дугаар хавсралтаар “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам”-ыг баталжээ.

            2. Дээрх 2018 оны 382 дугаартай тогтоолоор баталсан журмын 5 дахь заалтад Засгийн газрын 2022 оны 489 дүгээр тогтоолоор “Орон нутагт ажилласны нэмэгдлийг захиргааны албан тушаал эрхэлдэг орон нутгийн захиргааны болон улсын төсвийн байгууллагын төрийн захиргааны албан хаагчид 80 хүртэл хувиар нэмж олгох асуудлыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болно” гэсэн нэмэлт орсон бөгөөд тухайн заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хугацааг заажээ.

            3. Дээрх 2018 оны 382 дугаартай журмын 5 дахь заалтад Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 242 дугаартай тогтоолоор “орон нутгийн захиргааны”  гэсний дараа “болон улсын төсвийн” гэж нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд мөн Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 272 дугаартай тогтоолоор 382 дугаартай журмын 5 дахь заалтад орсон нэмэлт өөрчлөлтийг цаг хугацааны хувьд 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хугацааг заажээ.

            4. Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2018 оны 382 дугаартай “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам”-ын 5 дахь заалтад орсон нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх зорилгоор 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 118 дугаартай “Сэлэнгэ аймгийн 2023 оны тодотгосон төсөв батлах тухай” тогтоол, гарч аймгийн орлогын биелэлттэй холбоотойгоор сумд, аймгийн төсвөөс санхүүждэг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Орон нутгийн өмчит газар, Санхүүгийн хяналт аудитын албадуудад 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс олгохоор шийдвэрлэж олгосон байна.

            5. Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Сэлэнгэ аймгийн 2024 оны төсөв батлах тухай” 142 дугаартай тогтоол, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн “Аймгийн 2024 оны төсвийн сар, улирлын хуваарь батлах тухай” А/102 дугаартай захирамжаар улсын төсвийн байгууллагуудын төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдлийг 2024 оны 04 дүгээр сарын 01-нээс 30 хувиар тооцож олгохоор шийдвэрлэжээ.

            6. Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8-д “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй”, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Засаг дарга дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголыг боловсруулж тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ”, 34.2.1-т “дээд шатны төсөвт тодотгол хийсний улмаас тухайн шатны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага бий болсон” гэж зааснаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга дээд шатны /Засгийн газрын/ төсөвт тодотгол хийсэн үндэслэлээр төсвийн тодотголыг боловсруулж Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд /цаашид ИТХ/ өргөн мэдүүлэх, Сэлэнгэ аймгийн ИТХ төсвийн тодотголыг хэлэлцэж шийдвэрлэн тогтоол гаргаж Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байна.

            7. Гэтэл Сэлэнгэ аймгийн ИТХ, Засаг даргаас Засгийн газрын 2018 оны 382 дугаартай тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам”-ын 5 дахь заалт буюу “Орон нутагт ажилласны нэмэгдлийг захиргааны албан тушаал эрхэлдэг орон нутгийн захиргааны болон улсын төсвийн байгууллагын төрийн захиргааны албан хаагчид 80 хүртэл хувиар нэмж олгох асуудлыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болно” заалтыг хэрэгжүүлэхдээ орон нутгийн төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдлийг 30 хувиар олгож, орон нутагт ажиллаж байгаа улсын төсвийн төрийн захиргааны албан хаагчдад 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс олгохоор шийдвэрлэжээ.

            8. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.12-т “Төрийн захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуульд заасан нэмэгдэл хөлс олгоно”, Хөдөлмөрийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д “Цалин хөлсний хэмжээг тогтооход дараах зарчим баримтална”, 102.1.1-д “ижил үнэлэмжтэй ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтны цалин хөлсний хэмжээ адил байх”, 102.1.4-т “хүйсээр болон бусад үндэслэлээр ялгаварлан гадуурхахгүй байх” гэж заасан байна.

            9. Сэлэнгэ аймгийн ИТХ болон Засаг дарга орон нутгийн 30 хувийн нэмэгдлийг олгохдоо 1/ орон нутгийн төрийн захиргааны албан хаагч, 2/ улсын төсвийн төрийн захиргааны албан хаагч гэж ялгаварлан нэмэгдлийг ялгамжтайгаар олгосон нь дээрх хуульд заасан зарчмыг баримтлаагүй, хууль зөрчсөн гэж дүгнэхээр байна.

            10. Засгийн газрын 2018 оны 382 дугаартай тогтоолоор баталсан журмын 5-д зааснаар Сэлэнгэ аймгийн ИТХ орон нутагт ажилласны нэмэгдлийг захиргааны албан тушаал эрхэлдэг орон нутгийн захиргааны болон улсын төсвийн байгууллагын төрийн захиргааны албан хаагчид 80 хүртэл хувиар нэмж олгох асуудлыг тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болно гэх агуулга нь Сэлэнгэ аймгийн орлогын биелэлт төсөвтэй холбоотойгоор нэмэгдэл олгох асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхийг аймгийн ИТХ-д олгосон болохоос уг асуудлыг шийдвэрлэхдээ хууль зөрчиж болно гэсэн ойлголт биш юм.

            11. Зүй нь орон нутагт ажилласны 30 хувийн нэмэгдлийг олгохоор бол орон нутгийн захиргааны албан хаагч, улсын төсвийн захиргааны албан хаагч гэж ялгаварлахгүйгээр бүгдэд нь олгох, төсвийн орлого хүрэлцэхгүй тохиолдолд бүгдэд нь олгохгүй байхаар шийдвэрлэх нь хууль болон зарчимд нийцнэ.

            12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмаар хэрэгт цуглуулсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үнэлээд  нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж түүний 2023 оны 07 дугаар сарын 01-нээс 2024 оны 04 дүгээр сарын 01-нийг өдрийг хүртэлх хугацааны орон нутагт ажилласны 30 хувийн нэмэгдлийн зөрүү 3.564.000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            13. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ орон нутагт ажилласны нэмэгдлийг улсын төсвийн байгууллагын 344 төрийн захиргааны албан хаагчдад олгуулж өгнө үү гэж дурдсан бөгөөд энэ талаар нэхэмжлэгч нь тухайн төрийн захиргааны албан хаагч нарыг шүүхэд төлөөлөх бүрэн эрхтэйг нотолсон хууль ёсны нотариатаар баталгаажуулсан итгэмжлэлийг шүүхэд ирүүлээгүй байх тул тэдгээр 344 төрийн захиргааны албан хаагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэх талаарх асуудлыг шүүхээр шийдвэрлэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1, 102.1.4, Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаартай тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам”-ын 5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч нарын улсын төсвийн төрийн захиргааны албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч *******ад 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх төрийн захиргааны албан хаагчид орон нутагт ажилласны 30 хувийн нэмэгдлийн зөрүү 3.564.000 төгрөгийг нөхөж олгохыг хариуцагч нарт даалгасугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөгийг тэнцүү хэмжээгээр хуваан гаргуулж нэхэмжлэгч *******ад олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар 14 хоногийн дотор давж заалдаах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.ОДБААТАР