Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2024/03792

 

 

 

 

 

 

 

 

 

2024 10 10

181/ШШ2024/03792

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ......... давхарт байрлах, Ад ХК-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Б.Т г эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А.оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар эзгүйд хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Т г эрэн сурвалжлуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б.Т нь Сүхбаатар дүүрэг, ....... оршин сууж, Анунгоо ХХК-д ажиллаж байх хугацаандаа Худалдаа хөгжлийн банк-тай 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 2020/000375/0707 тоот Цалингийн зээлийн гэрээ байгуулж 5.000.000 төгрөгийг сарын 1,35 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан.

Хариуцагч 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 500.000 төгрөгийн төлөлт хийснээс хойш огт төлөлт хийгээгүй бөгөөд хариуцагчийн утасны дугаарт залгахад огт авахгүй, холбогдох боломжгүй, бүртгэлтэй хаягт тийм хүн байхгүй, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хорооноос тодруулахад тус хороонд бүртгэлтэй боловч амьдардаггүй байна.

Тиймээс хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй, хаана ажиллаж, амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул Б.Т г эрэн сурвалжилж өгнө үү.

2.Нэхэмжлэгчээс баримтаар: Сүхбаатар дүүрэг 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Цалингийн зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Зээлийн хүсэлт, Зээлийн дансны хуулга, 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 3/7190 тоот шаардах эрх шилжүүлэх тухай, Худалдаа хөгжлийн банкны 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ, 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн өр төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэх дэд гэрээ, Б.Т гийн иргэний үнэмлэхний хуулбар зэргийг ирүүлжээ. /хх 3-24/

Шүүхийн журмаар: хаяг шалгасан мэдэгдэх хуудас зэргийг бүрдүүлжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ад ХК нь Б.Т г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2.Ад ХК, Худалдаа хөгжлийн банк ХК нар цалингийн зээлийн эрсдэлийн гэрээг байгуулсан, Б.Т нь банктай 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр цалингийн зээлийн гэрээг байгуулсан, Банкнаас Ад ХК-д зээл шаардах эрхийг шилжүүлсэн байна.

3.Банктай байгуулсан зээлийн гэрээ болон иргэний үнэмлэхний хуулбарт Б.Т гийн хаягийг Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 8 дугаар гудамж 298 тоот гэж тусгажээ.

4.Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 8 дугаар гудамж 298 тоотод Б.Т бүртгэлтэй боловч хаягандаа амьдардаггүй болохыг Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооноос 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 817 тоот албан бичгээр тодорхойлжээ.

5.Шүүхээс дээрх хаягийн дагуу 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр дахин мэдэгдэх хуудас хүргүүлэхэд уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй талаар харьяалах хорооны Засаг даргаас тодорхойлж, мэдэгдэх хуудсыг буцаан ирүүлжээ.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Т гийн оршин суугаа газар тодорхойгүй болсон байх тул хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Б.Т н /Регистрийн дугаар: ../-ийг эрэн сурвалжилсугай.

2.Б.Т /сүүлийн хаяг: ........... 298 тоот/-г эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.З.л, холбоо барих утас:9./ талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ