Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2024/03828

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 10 14

181/ШШ2024/03828

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ....тоотод оршин суух, Э.Э /регистрийн дугаар:... /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............ байрлах, МК ХХК /регистрийн дугаар:.../-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 35.188.230 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхж.ар оролцов. Хариуцагчийн эзгүйд шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь МК ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 35.188.230 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Э.Э "МК " ХХК-тай 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр П2-0-01/9-85 тоот Орон сууц захиалгаар барих гэрээ"-г байгуулсан. Гэрээнд зааснаар Э.Э 2022 оны 5 дугаар сарын байдлаар гэрээний төлбөрт 36.468.000 төгрөг төлөх байснаас 34.856.000 төгрөг төлсөн. Гэтэл энэ үеэс хойш тус компанийн зугээс шинэчилсэн хөнгөлөлттэй нөхцлөөр нийт үнийн дүнгийн үлдэгдэл төлбөрийг 2022 онд багтаан төлөх болон дотор засал орохгүйгээр хулээлгэн өгөх гэсэн санал тавьсан тул төлөлтийг зогсоосон. Мөн барилгын явц удааширч гэрээний 3.2-д заасан 2022 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулна гэсэн заалт зөрчигдсөн. 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ирэхэд барилгын явц зогсонги байдалтай, анх 3 давхрын карказ цутгасан хэвээр байсан. Энэ нөхцөл байдлаас бид хугацаандаа ашиглалтанд орохгүйг мэдсэн. Бас тус компанийн ажилтнаас асууж лавлахад тус компанийн үйл ажиллагаа хүнд байгааг бидэнд зөвлөж цаашид төлөлт хийх хэрэггүй гэдэг зөвлөгөө өгсөн. Ийм учраас бид төлөлтөө зогсоосон. 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс хойш төлөлтөө зогсоосон. 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрээг цуцалсан. Гэрээ цуцалснаас хойш 180 хоногт төлбөрийг өгнө гэсэн боловч өгөөгүй 349 хоногоор хугацаа хэтэрсэн. Бид мөнгөө авч чадахгүй байх тул төлсөн 34.856.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Анх нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаа нэмж 35.188.230 төгрөг гэж бичсэн. Гэрээ цуцалсан протокол үйлдэхдээ гэрээний 6.2.3-т зааснаар торгууль 2,5 хувиар тооцож авна гэсэн. Тухайн үед мөнгөө хурдан авахын тулд аргагүйн эрхэнд торгуулийг зөвшөөрсөн ч одоо зөвшөөрөхгүй. Төлсөн мөнгөө бүхэлд нь авмаар байна гэв.

 

2.Хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

3.Нэхэмжлэгчээс баримтаар: шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээ хуулбараар, төлбөр төлсөн баримт, банкны дансны хуулгууд, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн гэрээ цуцалсан протокол, МК ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн мэдэгдэл зэргийг ирүүлжээ.

Хариуцагчаас: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч Э.Э.. нь МК ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 35.188.230 төгрөг гаргуулахаар шаардсан.

Шаардах эрхийн үндэслэлээ: 2021 онд гэрээ байгуулагдсан, талууд 2022 оны 12 дугаар сард харилцан тохирч гэрээг цуцалсан тул төлсөн мөнгийг буцаан гаргуулна гэж тайлбарласан.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гардан авч, 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаар ирүүлэх үүргээ биелүүлээгүй. Өнөөдрийн шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдэж баримтаар баталгаажуулсан боловч хариуцагч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Иймд нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

4.1.Нэг талаас захиалагч Э.Э , нөгөө талаас МК ХХК нар харилцан тохиролцож 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрээ цуцалсан протокол үйлджээ.

Уг баримтад: талууд 2021 оны 5 дугаар сарын 18ы өдөр П2-Д-01/9-85 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулсан, гэрээгээр Захиалагч .....дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Поларис апартмент-2 орон сууцны хотхоны Д блок, 1 дүгээр орц, 2 дугаар давхар 202 тоот 45,4 мкв талбайтай хоёр өрөө орон сууцыг захиалсан, гэрээний нийт үнэ 81.720.000 төгрөг, үүнээс гэрээ байгуулснаас хойш 34.856.000 төгрөгийг төлсөн хэмээн дурджээ. Мөн гэрээ цуцалснаас хойш 180 хоногийн дотор дээрх төлсөн мөнгөнөөс 2,5 хувийг суутгаж 33.984.600 төгрөг буцаан олгохоор тусгасан байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан, дээрх баримтаас үзвэл талуудын хооронд 2021 оны 5 дугаар сарын 18ы өдөр хүсэл зоригоо илэрхийлсэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байжээ.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж 226 дугаар зүйлийн 226.1.1-д ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй байхаар тус тус зохицуулсан. Зохигчид 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрээг цуцласан протокол үйлдснээр гэрээг дуусгавар болгосон, ийнхүү гэрээг цуцалж дуусгавар болгохоор тохиролцсон явдал хуульд харшлахгүй.

5.Хэрэгт авагдсан төлбөр шилжүүлсэн Хаан банкны дансны хуулга болоод гэрээ цуцалсан протоколд нэхэмжлэгчийн төлсөн мөнгөн дүнг 34.856.000 төгрөг болохыг тусгажээ. /хх 7-11,12/

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээг цуцалснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөх үүрэгтэй тул хариуцагч орон сууцны үнэд хүлээн авсан 34.856.000 төгрөгийг буцаан төлөх үүрэг хүлээнэ.

6.Дээрх гэрээ цуцалсан протоколд захиалагч тал гэрээний төлбөр төлөх хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлж чадалгүй дээрх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд, хуваарьт төлбөр хэтрүүлсэн алдангийг бүрэн төлөөгүй тохиолдолд гүйцэтгэгч тал гэрээг дангаар цуцалж, гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувийн торгуулийг захиалагч тал гүйцэтгэгч талд төлнө гэснийг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн мөнгөн дүнгээс 2,5 хувийг суутгахаар тусгажээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэж заасан. Хуульд зааснаар торгууль үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэмэлт үүрэгт хамаарна. Иймд төлсөн төлбөрөөс торгууль суутгах тухай энэ тохиролцоо Иргэний хуульд нийцэхгүй тул худалдан авагчийн төлсөн мөнгийг бүрэн гаргуулж олгоно.

Үүнээс гадна хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойшхи хугацаанд аливаа эсэргүүцлийг гаргаагүй болно.

7.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийн дүндээ нэмж тооцон нэхэмжилсэн байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгов.

8.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар МК ХХК-иас 34.856.000 /гучин дөрвөн сая найман зуун тавин зургаан мянган/ төгрөг гаргуулж, Э.Э д олгож, нэхэмжлэлээс үлдэх 332.230 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332.230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 332.230 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ