| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/03572/И |
| Дугаар | 181/ШШ2024/03827 |
| Огноо | 2024-10-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 181/ШШ2024/03827
| 2024 10 14 | 181/ШШ2024/03827 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: .............. оршин суух, П.Э /регистрийн дугаар: ./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 1..............давхарт байрлах МК ХХК /регистрийн дугаар:../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 51.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мя., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А.ар оролцов. Хариуцагчийн эзгүйд шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь МК ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 51.000.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
П.Эн.миний бие МК ХХК-тай ПЗ-Б-01/40-125 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-г 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан. Гэрээнд 53.20 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 мкв үнэ 1.490.000 төгрөгөөр тооцож нийт 79.268.000 төгрөгөөр гэрээ байгуулсан. 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл барилгын ажил үргэлжилнэ гэсэн боловч тухайн хугацаа хүртэл барилгын ажил явагдаагүй. Гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөрийг 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нөхөр С.Наранбаатарын Хаан банкны 5087030936 тоот дансаар 11.000.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 20.000.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 5.000.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 7.000.000, 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 7.000.000 төгрөг тус тус төлж нийт 51.000.000 төгрөг байрны урьдчилгаанд төлсөн байна. Тус компаниас удаа дараа барилга хэзээ ашиглалтанд орох талаар асууж сурагласан боловч танай захиалсан барилга одоо баригдахгүй, тиймээс энэ ашиглалтанд орох гэж байгаа барилгаас авч болно түр хүлээж бай гэж хэлсэн. Ингээд бид тэр барилгаас нь баригдвал авъя гэж бодож байсан боловч бас худлаа яриад байхаар нь үндсэн гэрээгээ цуцалсан. 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Гэрээ цуцалсан протокол үйлдэж хоёр тал гарын үсгээ зурсан. Энэ гэрээ цуцалсан протоколд 30 хоногийн дотор урьдчилгаа төлбөр болох 51.000.000 төгрөгийг өгнө гэж тохиролцсон боловч одоо хүртэл төлөөгүй байна. Иймд МК ХХК-иас гэрээний дагуу төлсөн урьдчилгаа төлбөр болох 51.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.
3.Нэхэмжлэгчээс баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын бүртгэлийн лавлагаа, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, дансны дэлгэрэнгүй хуулга, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээ цуцалсан протокол, 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ зэргийг ирүүлжээ. /хх 1-16/
Хариуцагчаас баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг ирүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч П.Э нь МК ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 51.000.000 төгрөг гаргуулахаар шаардсан.
Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: 2021 онд гэрээ байгуулагдсан, талууд 2024 оны 4 дүгээр сард харилцан тохирч гэрээг цуцалсан тул төлсөн мөнгийг буцаан гаргуулна гэж тайлбарлав.
4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:
4.1.Нэг талаас захиалагч П.Э , нөгөө талаас МК ХХК нар харилцан тохиролцож 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гэрээ цуцалсан протокол үйлджээ. /хх 12/
Уг баримтад: талууд 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ПЗ-Б-01/40-125 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулсан, гэрээгээр Захиалагч Баянзүрх дүүрэг, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Поларис апартмент-3 нэртэй орон сууцны хотхоны Б блок, 1 дүгээр орц, 10 дугаар давхар 1010 тоот 53,20 мкв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг захиалсан, гэрээний нийт үнэ 79.268.000 төгрөг, үүнээс гэрээ байгуулснаас хойш 51.000.000 төгрөг төлсөн хэмээн дурджээ. Мөн гэрээ цуцлах хүсэлтийг үндэслэн 30 хоногийн дотор төлсөн мөнгийг буцаан олгохоор тусгасан байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан, дээрх баримтаас үзвэл талуудын хооронд 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүсэл зоригоо илэрхийлсэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байжээ.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зохицуулсан, орон сууц ашиглалтад өгөх хугацааг хэтрүүлснээс дээрх эрхийн дагуу зохигчид 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гэрээг цуцласан протокол үйлдснээр гэрээг дуусгавар болгожээ. Ийнхүү гэрээг цуцалж дуусгавар болгохоор тохиролцсон явдал хуульд нийцнэ.
5.Хэрэгт авагдсан төлбөр шилжүүлсэн дансны хуулга, МК ХХК-ийн орлогын ордер болоод гэрээ цуцалсан протоколд нэхэмжлэгчийн төлсөн дүнг 51.000.000 төгрөг хэмээн тусгагдсан байхаас гадна хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойшхи хугацаанд аливаа эсэргүүцлийг гаргаагүй. /хх 7-11,12/
Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д ... гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч орон сууцны үнэд хүлээн авсан 51.000.000 төгрөгийг буцаан төлөх үүрэг хүлээнэ.
6.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар МК ХХК-иас 51.000.000 /тавин нэгэн сая/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Э т олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 442.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 442.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ