Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2024/0378

 

 

      2024         04           29                                     128/ШШ2024/0378

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Сант-Улс медиа групп” ХХК /РД:5522668/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Гэрэлт-Од,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Болд-Эрдэнэ,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Мэргэндарь нарын хоорондын “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/532 дугаар газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гэрэлт-Од, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Болд-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мэргэндарь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Номин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/451 дугаар тушаалаар “Сант-Улс медиа групп” ХХК-д Хан-Уул дүүрэг, Арцатын аманд 31601 мкв газрыг аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар олгосон.

1.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/532 дугаар тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн “Сант-Улс медиа” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.

1.3. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/1270 тоот “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ, гэрчилгээг хураалгах тухай” албан бичгийг “Сант-Улс медиа групп” ХХК-д хүргүүлжээ.

1.4. “Сант-Улс медиа групп” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/532 дугаар газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч “Сант-Улс медиа групп” ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Сант улс медиа” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/451 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын амны хязгаарлалтын бүсэд 31616 м.кв газар ашиглах эрхийг олгосон. Манай компани нь дээрх газарт хэрэгжих аялал жуулчлалын “Эко амьдрал, эрүүл амьдрал” төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байсан боловч 2019 онд дэлхий нийтийн хамарсан цар тахал өвчин гарч эдийн засаг царцсан. 2022 оны дунд үеэс цар тахлын хөл хорио аажмаар цуцлагдаж, эдийн засгийн нөхцөл байдал сэргэж эхэлсэн. Монгол Улсын хэмжээнд дээрх хугацаанд гамшгийн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоосон байсан. Энэ үед манай компанийн зүгээс дээрх газарт төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан буюу биднээс үл хамаарах давагдашгүй хүчин зүйл байсан. 2022 оны дунд үеэс цар тахлын хөл хорио аажмаар цуцлагдаж, эдийн засгийн нөхцөл байдал сэргэж эхэлсэн тул 2022 оны 10 дугаар сард аялал жуулчлалын цогцолборын загвар зургийг хийлгэж, эдийн засгийн төслөө боловсруулан Архитектур төлөвлөлтийн даалгавар авахаар Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт хандсан. Гэсэн хэдий ч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж өгөөгүй тул манай байгууллага аялал жуулчлалын цогцолбор барих ажлаа эхлүүлж чадаагүй. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд улс даяар гамшгийн бэлэн байдал зарласан дээрх хугацааг давагдашгүй хүчин зүйлд тооцохгүйгээр, газраа 2 жил ашиглаагүй гэж үндэслэлгүйгээр манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүйд тооцсон байна. Мөн газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тул газар ашиглах эрхийг цуцалсан гэсэн байна. Энэ нь ямар ч үндэслэлгүй бөгөөд манай компани газрын төлбөрөө тогтоосон хугацаанд бүрэн төлж байсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/532 дугаар тушаалыг Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/1270 дугаар албан бичгээр манай компанид мэдэгдсэн. Иймд Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/532 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, газар ашиглах эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Болд-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/532 дугаартай газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийн хувьд хариуцагч байгууллагыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийгээгүй гэж үзэж байгаа, хариуцагч талаас сонсох ажиллагааг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны фейсбүүк хуудсаар хийсэнтэй холбоотой баримтыг гаргаж өгсөн. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-д зааснаар 21 буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол Захиргааны ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх эсвэл тухайн орон нутагт хүргэх боломжтой. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэж бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлнэ гэж заасантай нийцэхгүй байгаа. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно гэж заасан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны фейсбүүк хуудсыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үзэх боломжгүй. Фейсбүүк хуудсанд өдөр тутамд хийгдэж байгаа ажлууд харагдаж байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яам сонсох ажиллагаагаа хийдгийг харж, мэдэх боломжгүй. Сонсох ажиллагааг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хийсэн. Захиргааны ерөнхий хуулийн 11, 12 дугаар зүйлийг зөрчсөн. Захиргааны акт гаргах эрхтэй субъект Байгаль орчин, аялал жуулчлалын яам тул сонсох ажиллагаагаа хийх ёстой. 

Маргаан бүхий захиргааны актад үндэслэл болсон Газрын тухай хуулийн 2 заалтыг үндэслэл болгон 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар үндэслэл болгосон. Гэтэл хэрэгт цугларсан баримтаас харвал манай байгууллагын хувьд 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн төлбөр тооцоо нийлсэн актаар зөвхөн 4 дүгээр улирлын төлбөрийг төлөөгүй. Акт гаргахаас 14 хоногийн өмнө тооцоо нийлсэн уг актаар газрынхаа төлбөрийг тухай бүрд төлөөд явж байсан харагддаг. 4 дүгээр улирлын төлбөрийн хувьд Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д зааснаар газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлнө гэж заасан байгаа. Иймд 2023 оны 10 дугаар сарын 20-ны дотор 4 дэх улирлын төлбөрийг төлөх ёстой, төлбөр төлөөгүй гэдэг үндэслэлийг бүхэлд нь хууль зүйн үндэслэлгүй. Маргаан бүхий захиргааны актын үндэслэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үздэг. Нэхэмжлэгчийн хувьд 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хариуцагчийн газар ашиглах гэрээ байгуулсан 2 жил 7 сарын дараа уг гэрээг цуцалж байгаа. Нэхэмжлэгчийн хувьд коронавирус, цар тахлын улмаас газрыг зориулалтын дагуу аялал жуулчлалын чиглэлээр ашиглах боломжгүй байсан нь Худалдаа аж үйлдвэрийн танхимаас гэнэтийн, давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээр хар харагдаж байгаа. Гэрчилгээний агуулгаас харвал 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, зөвхөн 15 төрлийн үйл ажиллагааг зөвшөөрч ирсэн. 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт аялал жуулчлалын салбарын хувьд цагийн хуваарийн болон үйлчлүүлэгчдийн тоонд хязгаарлалттайгаар ажиллаж байсан.  Мөн 2020 оны 3 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хилийн авто зам, түүвэр төмөр зам, агаарын боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан нь тогтоогдож байгаа. Худалдаа аж үйлдвэрийн танхимын гэрчилгээнээс гадна Засгийн газрын арга хэмжээ авсан тогтоолууд нийтэд илэрхий үйл баримт гэж үзэх боломжтой баримтууд байгаа.

Монгол улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн тайлбараас харвал Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэнэтийн, давагдашгүй хүчний шинж байхгүй зүйлсийг тайлбарласан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна” гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мэргэндарь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/532 дугаар тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн гарсан. Мөн тус тушаалыг гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 922 дугаар албан бичгээр ирүүлсэн саналд дурдсанаар газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, газар ашиглах эрхтэй газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэдэг. Нэхэмжлэгч "Сант улс медиа” ХХК нь анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн А/451 дүгээр тушаалаар газар ашиглах эрхтэй болсон ба 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр газар ашиглах гэрчилгээ авч 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулсан. Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай тогтоолын 1.10.“Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан байдаг. Иймд нэхэмжлэгч нь гэрээ байгуулагдсанаас хойш газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/532 дугаар тушаал үндэслэлтэй байх тул “Сант улс медиа” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мэргэндарь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/532 дугаар тушаал бүхэлдээ үндэслэл бүхий тушаал. Тус тушаал Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус заасан нөхцөл байдлыг дурдсан. Мөн тушаал гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 922 дугаар албан бичигт ирүүлсэн саналыг үндэслээд цуцалсан. Нэхэмжлэгч компани газрыг зориулалтын дагуу ашигласан нь тогтоогддоггүй. Мөн газрын төлбөрийн үлдэгдэлтэй нь хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогддог. Нэхэмжлэгч талаас сонсох ажиллагааны мэдэгдэлд маргаантай байдаг, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасны дагуу 21 буюу түүнээс дээш тооны хэргийг сонсохоор бол тухайн адилд хүргэх боломжтой, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, боломжтойгоор хүргэх, хүргүүлэх гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар сонгох боломжийг зохицуулж өгсөн, захиргааны байгууллагад тодорхой асуудлыг шийдүүлэхдээ хуульд захиргааны хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хуулиудаас нэгийг хэрэглэх эсвэл хэрэглэхгүй байхыг сонгох боломжтой гэж заасан. Иймд манайх өөрийн албан ёсны цахим хуудас болон Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд ирүүлсэн албан ёсны цахим хуудсаар дамжуулан сонсох ажиллагааг явуулсан. Учир нь 21 буюу түүнээс доош тооны этгээдээр сонсгосон. Хүлээж аваагүй гэж маргаж байвал бусад компаниудын сонсох ажиллагааны мэдэгдлийг хүлээж, хариу тайлбар ирүүлсэн.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас сонсох ажиллагааны мэдэгдлийг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 541 дүгээр албан бичгийг “Сант улс медиа” ХХК-д хүргүүлсэн байдаг. Гэтэл “Сант улс медиа” ХХК-иас сонсох ажиллагаанд Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6-д заасан үндэслэлийг дурдаад хариулт ирүүлэх үүрэгтэй. “Сант улс медиа” ХХК тухайн сонсох ажиллагааны мэдэгдлийг аваагүйтэй холбоотой нэхэмжлэлд зааснаар маргадаггүй. Мөн сонсох ажиллагааны мэдэгдлийг Монгол шуудан хүргүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан. Иймд тухайн захиргааны акт үндэслэл бүхий гарсан, тухайн сонсох ажиллагааг явуулсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

            1. “Сант-Улс медиа групп” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/532 дугаар газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ,

- Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэх сонсох ажиллагаа хийгээгүй, фэйсбүүк хуудсаар мэдээлэл түгээсэн нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тооцох үндэслэлгүй,

- Байгаль орчин, аялал жуулчлалын яам өөрөө сонсох ажиллагаа хийгээгүй байдаг, Хамгаалалтын захиргаанаас мэдэгдэх сонсгох ажиллагааг хийсэн нь хуульд нийцэхгүй,

- 2023 оны 04 дүгээр улирлын төлбөр төлөөгүй байсан, газрын төлбөрийн төлөх хугацаа болоогүй байсан

- 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулсан, үүний тодорхой хугацаа нь ...Ковид, цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор газраа ашиглаж чадаагүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг харгалзаж үзээгүй” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/451 дугаар тушаалаар “Сант-Улс медиа групп” ХХК-д Хан-Уул дүүрэг, Арцатын аманд 31601 мкв газрыг аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар олгож , Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг даргаас 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” 2021/013 тоот гэрээ байгуулжээ.

4. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 541, 07 дугаар сарын 07-ны өдрийн 773 тоот албан бичгээр тус тус сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж, 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 922 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт дээрх газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг хэсэгчлэн болон бүхэлд нь цуцлах саналыг уламжилсан байна.  

5. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны А/532 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 40.4.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн “Сант-Улс медиа групп” ХХК-д ашиглуулахаар олгосон 31616 мкв газрын ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

6.  Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр” газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор тус тус заасан.  

7. Монгол улсын дээд шүүхийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” тухай 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-т ““... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, “… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан.

7. Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтыг хэрэглэх тохиолдолд хариуцагч нь хуульд заасан “газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” үндэслэл, нөхцөл бүрдсэн эсэхийг хөдөлбөргүйгээр тогтоож, үнэлж дүгнэсэн байх шаардлагатай.

8. Гэтэл тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох нөхцөл бүрдээгүй байсан гэж үзэхээр байхад хариуцагчаас маргаан бүхий А/532 дугаар шийдвэрийг гаргасан нь уг акт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны акт “бодит нөхцөлд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй шийдвэр болжээ. Тодруулбал, 

8.1. “Сант-Улс медиа групп” ХХК нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд газар ашиглах тухай” 2021/013 тоот гэрээг байгуулсан байх ба энэ хугацаанаас тооцвол дээрх тайлбарт хуульд заасан газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх 2 жилийн хугацаа өнгөрсөн байна. Харин,

8.1.1. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Сант улс медиа” ХХК-д олгосон 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02/479 тоот “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл/Force majeure/” гэрчилгээнд “газрын зориулалтын дагуу ашиглах гэрээний үүргээ гүйцэтгэхэд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна” гэжээ.

8.1.2. Шүүхээс хийсэн газрын үзлэгийн зургаас үзвэл, маргаан бүхий газар нь барилгажаагүй хоосон байх ба газар дээрээ аливаа үйл ажиллагаа явуулаагүй тухайдаа нэхэмжлэгч маргаагүй.

 8.1.3. Харин 2020, 2021 онуудад улсын хэмжээнд цар тахлын нөхцөл байдалтай, хорио цээрийн дэглэм үйлчилж байсан нь нийтэд илэрхийн зэрэгцээ Улсын дээд шүүхийн тайлбарт тайлбарласанчлан энэ нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарна.

8.1.4. Энэ тохиолдолд газар ашиглах гэрээ байгуулагдсанаас хойш хорио цээрийн дэглэм арилсан 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд газар ашиглагч нь газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч талын “2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулсан, үүний тодорхой хугацаа нь ...Ковид, цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор газраа ашиглаж чадаагүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг харгалзаж үзээгүй” гэсэн тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй.

8.1.5. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсан хугацаанаас тооцвол газар ашиглах эрхийг хүчингүй болгохоор хуульд заасан 2 жилийн хугацаа дуусаагүй байна.

8.2. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж, “Сант-Улс медиа групп” ХХК болон Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нарын хооронд 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ”-ний 2.3-т “Газрын төлбөрийн хэмжээ: Хан-Уул дүүргийн ИТХ-ын 2018 оны 11 дүгээр тогтоолоор тогтоосон” гэж, мөн зүйлийн “б” бүгд төлбөр 1 жилд 44,557,410 төгрөг гэж , “в” төлбөр хийх хугацаа “Газрын төлбөрийг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор нийслэлийн татварын газрын дансанд төлнө” гэж заажээ.

8.2.1. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар баталгаажилтын хувийн хэрэгт авагдсан газрын төлбөр тооцоо нийлсэн акт/№01122-2020/10062/-д “2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл газрын төлбөрийн үлдэгдэл 0 төгрөг байна”, 2023 оны 09 дүгээр сарын 15-ны байдлаарх тооцоо нийлсэн актад “2023 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл газрын төлбөрийн үлдэгдэл 11,381,760 төгрөг байна” гэжээ.

8.2.2. Мөн албанаас 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 10-17/214 тоот албан бичгээр ирүүлсэн маргаан бүхий газарт нэхэмжлэгчээс төлсөн төлбөрийн жагсаалтаас үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2023 оны 09 дүгээр сарын 7, 14-ний өдрүүдэд нийт 34,145,280 төгрөгийг газрын төлбөрт төлсөн байсан нь тогтоогдов.

8.2.3. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч хуулийн этгээд нь маргаан бүхий акт гарахаас өмнө ашиглалтад олгогдсон газрын 2023 оны 3 дугаар улирлын төлбөрийг төлсөн байсан байх тул нэхэмжлэгчийн “2023 оны 04 дүгээр улирлын төлбөр төлөөгүй байсан, газрын төлбөрийн төлөх хугацаа болоогүй байсан” гэх тайлбар мөн үндэслэлтэй байна.

9. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.2.1-д “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.2.1-т “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд  шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах” гэж заасан.

10. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч нь мэдэгдэх, сонсгох ажиллагааны мэдэгдлийг зохимжит хэлбэрээр хүргүүлэх үүрэгтэй байтал уг үүргээ зохих журмын дагуу хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдож байна.

11. Тодруулбал, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01/394 тоот албан бичгээр дээрх 4 дэх хэсэгт дурьдсан 773 тоот сонсох ажиллагааны мэдэгдлийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудаст нийтэлсэн талаарх баримтыг ирүүлсэн ба энэ нь хуулийн дээрх зохицуулалтад заасан шаардлагыг хангаагүй, сонсох ажиллагааны мэдэгдэл бус мэдээллийн шинжтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... мэдэгдэх сонсгох ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулсан” гэж тайлбарлах боловч Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасан нөхцөл бүрдээгүй тохиолдолд сонсох ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулсан нь үндэслэлгүй, энэ талаар нэхэмжлэгчийн “Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэх сонсох ажиллагаа хийгээгүй, фэйсбүүк хуудсаар мэдээлэл түгээсэн нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тооцох үндэслэлгүй” гэсэн тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй байна.

12. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/532 дугаартай “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан “Сант-Улс медиа групп” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/532 дугаар газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.МӨНХЗУЛ