Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 151

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ц.Батзориг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: П.Адъяасүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Болормаа,

Шүүгдэгч: Д.Д  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гэндэндарги овогт Доржготовын Д д холбогдох 1726000680024 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Гэндэндарги овогт Д.Д  

Шүүгдэгч Д.Д  нь 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Овоотын ягаан” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал /алт/ олборлосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Д  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би алт гарч байна гэхээр нь тухайн газар очиж 2-3 хоносон. Тэгээд нэг орой ажиллаад маргааш орой нь ажиллах гэж байгаад баригдсан. Би 1 цэн 3 грамм алт олборлосон. Хувиараа алт олборлох хууль бус гэдгийг мэдэж байсан. Би гэм буруугаа хүлээж байна. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэв.

Хохирогч Б.Д  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Д.Д гийн ухаж сүйтгэсэн газрыг харсан. Мөн шинжээч томилсон үнэлгээтэй нь танилцсан бөгөөд 184497 төгрөгийн хохирол байгаль орчинд учруулсан байна. Энэ мөнгөн дүнгээ Д.Д гээс нэхэмжилнэ. Би 2017 оны 08 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд ээлжийн амралттай байхдаа хүртэл Д.Д гийн ашигт малтмал олборлосон газар шалгалт явуулсан. Тухайн шалгалтаар ямар нэг зөрчил илрээгүй. 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр баг “Овоотын ягаан” гэх газраас DAEWOO-55 маркийн улсын дугааргүй, жижиг оврын эксковатороор ганцаараа 9.99 метр куб талбайг ухаж 3 грамм алт олборлож тухайн алтаа нэлээд хэд хоногийн дараа төрсөн ах Батсүхдээ өгсөн ба ах Батсүх нь Баянхонгороос алт авч яваа гэх замын хүмүүст 207000 төгрөгөөр зарсан байдаг. Аймгийн мэргэжлийн хяналтын газрын явуулсан шалгалтын хүрээнд Д.Д  нь 2017 оны 08 дугаар сарын 19-ний шөнө мэргэжлийн хяналтын улсын байцаагч С.Жавхланд лацдуулсан байсан. Д.Д  нь ашигт малтмал олборлосноос газрын хэвлийд үүссэн хохирол болон нөхөн сэргээлтийн зардал болох экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон 231000 төгрөгийг Баруунбаян-Улаан сумын төрийн сангийн дансанд тушааж хохирлыг бүрэн барагдуулсан. Экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нугалж төлүүлэх энэ асуудал нь газар, газрын хэвлийд учруулсан хохиролд хамаарахгүй бөгөөд учирсан хохирлыг нугалж төлөхгүй. Зөвхөн мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэж л хохирлыг бодитойгоор төлүүлнэ. Нугалж төлүүлэх асуудал нь ан амьтан зөвшөөрөлгүйгээр агнах, ойд мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэрэг дээр учирсан хохирлыг 2-5 дахин нэмэгдүүлж нөхөн төлүүлдэг. Энэ нь байгаль орчныг хамгаалах тухай хууль, ойн тухай хууль, амьтны тухай хууль зэрэгт зохицуулалтыг нь зааж өгсөн байдаг. Д.Д  нь улсад учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан болохоор надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 28-31 хуудас/,

Гэрч С.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Д.Д  нь 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр баг “Овоотын ягаан” гэх газар хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан. Эвдэгдсэн талбайн хэмжээ солбицол нь Garmin etrex маркийн gps-ээр тракс хийж хэмжихэд 12 метр байсан. Гүн нь 1 метр 46 см байсан. /хх-ийн 32-33 хуудас/,

Гэрч Г.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Д.Д  нь 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Овоотын ягаан” гэх газар очсоны дараа 21 цагийн орчимд ирсэн. Хэдэн удаа үйл ажиллагаа явуулсныг нь мэдэхгүй. Орой үйл ажиллагаа явуулж байгаа харагдсан. /хх-ийн 36 хуудас/,

Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би Д.Д гийн төрсөн ах нь байгаа юм. Д.Д г яг ажиллаж байхад нь би бол ерөөсөө очоогүй. Ажиллаж байгаа талаар Д.Д гээс өөрөөс нь сонссон. 2017 оны 08 дугаар сарын 19-ний шөнө 00 цаг 05 минут хүртэл ажилласан гэж Д.Д  надад хэлж байсан. Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын хүмүүс очоод эксковаторыг нь лацадсан гэсэн. Тухайн газар хуурай аргаар алт ялгах төхөөрөмж 1 ширхэг, DAEWOO-55 маркийн эксковатороор үйл ажиллагаа явуулж 3 грамм л алт олборлосон байсан. Уг алтыг Баянхонгорын алт авч яваа гэсэн машинд өгсөн. Дугаарыг нь анзаараагүй, хар өнгийн Ланд-80 маркийн автомашин байсан. Алтыг би тушаасан. Хэн худалдаж авсныг нь мэдэхгүй. Уг алтыг тушаахад 207000 төгрөг болсон. DAEWOO-55 маркийн эксковаторыг 2012 оны 12 дугаар сард Улаанбаатар хотод байдаг Т.Майдаржав гэх хүнээс бэлэн 21000000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн үед Солонгос улсаас орж ирсэн гаалийн бичигтэй эксковатор байсан учир гаалийн бичгийг нь аваад улсын бүртгэлд бүртгүүлж улсын дугаар авч амжаагүй байсан. Одоо бол Т.Майдаржав бид хоёрын дунд ямар нэг төлбөр тооцоо байхгүй. Миний эзэмшлийн эксковатор юм. Надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 37-38, 41-42 хуудас/,

            Гэрч Т.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би Батсүхийг хальт мэднэ. Надаас эксковатор худалдаж авсан. Би Д.Д г танихгүй. Би 2012 онд Солонгос улсаас орж ирсэн Daewoo solar-55v gold маркийн улсын дугааргүй эксковаторыг 21000000 төгрөгөөр зарсан. Д.Батсүх бид хоёрын дунд ямар нэг төлбөр тооцоо байхгүй. Төлбөр бүрэн төлөгдсөн. Одоо тус эксковатор нь Д.Батсүхийн эзэмшлийнх болсон. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 39-40 хуудас/,

            “МОНСЛОВ” ХХК-ий 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 17/037 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Иргэн Д.Д гийн ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан талбайг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн зураг зүйн болон мэдээллийн санд шүүн үзэхэд хүчин төгөлдөр ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна. АМГТГ-ын 2017.09.11 өдрийн 8/6504 тоот албан бичгийг хавсаргав. Түүнчлэн уг газар нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй учир урьд өмнө нь ямар аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байсныг тогтоох боломжгүй байна. Иргэн Д.Д д холбогдох 75 дугаартай гомдолд хамаарах Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын нутагт орших тус иргэний эвдрэлд оруулсан 9.89м2 газрын солбицол бүхий талбай нь “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, Ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4.3-т заасан Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан /Засгийн газрын 2015 оны 289 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон/ Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газар, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус давхцалгүй байна. БОАЖЯ-ны 2017 оны 09-р сарын 12-ны өдрийн 066/5464 тоот лавлагааг хавсаргав. Иргэн Д.Д  нь 9.89м2 талбайд үйл ажиллагаа явуулсан нь "МОНСЛОВ" ХХК-ий 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хэмжилтээр тогтоогдсон. Уг талбайн байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг БОАЖ-ын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар баталсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох” аргачлалын дагуу тооцож үзэхэд 184497.61 төгрөг буюу 184.5 мянган төгрөг байна. Уг талбайг өөрийн хөрөнгөөр /өөрийн техник хэрэгслийг ашиглан/ нөхөн сэргээхэд гарах ажлын зардлыг тооцоолж үзэхэд 45268.93 төгрөг байна. Техникийн нөхөн сэргээлтийн зардал 24908.93 төгрөг, Биологийн нөхөн сэргээлтийн зардал 20360.0 төгрөг, нийт нөхөн сэргээлтийн зардлын хэмжээ 45268.93 төгрөг. Иргэн Д.Д гийн ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан талбай нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байгаа учир нийт 9.89м2 ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүй талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан байна. /хх-ийн 48-53 хуудас/,

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Д.Д гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 5-7, 64-65 хуудас/,

Шүүгдэгч Д.Д гийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 215 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 73, 82 хуудас/,

Шүүгдэгч Д.Д гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83 хуудас/ зэрэг болно.

            Шүүгдэгч Д.Д  нь 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Овоотын ягаан” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын /алт/ олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Даваадагвын Д.Д гийн ухаж сүйтгэсэн газрыг харсан. Мөн шинжээч томилсон үнэлгээтэй нь танилцсан бөгөөд 184497 төгрөгийн хохирол байгаль орчинд учруулсан байна. 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр баг “Овоотын ягаан” гэх газраас DAEWOO-55 маркийн улсын дугааргүй, жижиг оврын эксковатороор ганцаараа 9.99 метр куб талбайг ухаж 3 грамм алт олборлож тухайн алтаа нэлээд хэд хоногийн дараа төрсөн ах Батсүхдээ өгсөн ба ах Батсүх нь Баянхонгороос алт авч яваа гэх замын хүмүүст 207000 төгрөгөөр зарсан байдаг. Гэрч С.Ж-н Д.Д  нь 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр баг “Овоотын ягаан” гэх газар хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан. Гэрч Г.Ц-н Д.Д  нь 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Овоотын ягаан” гэх газар очсоны дараа 21 цагийн орчимд ирсэн. Орой үйл ажиллагаа явуулж байгаа харагдсан. Гэрч Д.Б-н Д.Д г ажиллаж байгаа талаар Д.Д гээс өөрөөс нь сонссон. 2017 оны 08 дугаар сарын 19-ний шөнө 00 цаг 05 минут хүртэл ажилласан гэж Д.Д  надад хэлж байсан. Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын хүмүүс очоод эксковаторыг нь лацадсан гэсэн. Тухайн газар хуурай аргаар алт ялгах төхөөрөмж 1 ширхэг, DAEWOO-55 маркийн эксковатороор үйл ажиллагаа явуулж 3 грамм л алт олборлосон байсан. Гэрч Т.М-н би Б-г мэднэ. Надаас эксковатор худалдаж авсан. Би Д.Д г танихгүй гэх мэдүүлгүүд, “МОНСЛОВ” ХХК-ий 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 17/037 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Д.Д гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

            Иймд шүүгдэгч Д.Д д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын /алт/ олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.           

Шүүгдэгч Д.Д  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Д д оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,

Шүүгдэгч Д.Д г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч Д.Д  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг,

Мөн шүүгдэгч Д.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид хохирол төлбөрт 438000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй,  хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Гэндэндарги овогт Д.Д г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын /алт/ олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гэндэндарги овогт Д.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Д д оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Д.Д г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мөн шүүгдэгч Д.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид хохирол төлбөрт 438000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй,  хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Х.ОТГОНЖАРГАЛ