Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2022/ДШМ/39

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        С.Б-д холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

 

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, ерөнхий шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                        Прокурор                                                           А.А

                        Хохирогчийн өмгөөлөгч                                  Э.М

                        Яллагдагчийн өмгөөлөгч                                Ц.Б

                        Яллагдагч                                                        С.Б

                        Нарийн бичгийн дарга                                     Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЗ/724 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.А-ийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн С.Бд холбогдох 1912007400246 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1971 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн ... суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ... гэх газар оршин суух, урьд Архангай аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.2-т зааснаар 60.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, С.Б

Яллагдагч С.Б нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутаг дэвсгэрт хохирогч Д.Ц-ын маллуулахаар өөрт нь хүлээлгэн өгсөн 23 тооны адуунаас 2017-2019 оны хооронд 14 тооны адууг завшиж, нийт 17.650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас С.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЗ/724 дугаартай шүүгчийн захирамжаар: Яллагдагч С.Бд холбогдох 1912007400246 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж; Хэргийг прокурорт очтол яллагдагч С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж; Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдаж; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захирамжийг прокурор, яллагдагч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардсан авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор А.Агийн бичсэн эсэргүүцэлд: “Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А би эрүүгийн 1912007400246 дугаартай С.Бд холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргасан. Уг хэрэгт тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б прокурорын яллах дүгнэлт үйлдэн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд 2022/ЗШ/724 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хяналаа.

Шүүгч захирамждаа “Шүүхээс яллагдагч С.Бд холбогдох 1912007400246 дугаартай эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-д заасан хэргийн бодит байдлыг тогтоох, 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тухайлбал гэмт хэргийн гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн/ гэмт хэргийн сэдэл зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хангалттай шалгаж тогтоогоогүй, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 37 дугаартай магадлалын заалт бүрэн хангагдаагүй байна” гэж дүгнээд:

1. Яллагдагч С.Бд 2006 он болон түүнээс хойш хохирогч Д.Ц нь ямар зүсмийн, ямар насны, хэдэн тооны адууг хэдийд ямар журмаар хүлээлгэж өгсөн, мөн хугацаанд С.Б нь сар, жилд хэдэн төгрөгийн цалин хөлстэйгөөр тухайн адууг маллаж байсан, цалин бүрэн өгсөн эсэх, хохирлоос хасах боломжтой үгүйг шалгах. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 37 тоот магадлалд  “хохирогч Д.Ц нь 2008 онд 6 адууг яллагдагчид хүлээлгэж өгсөн талаар, харин яллагдагч С.Б нь хохирогч Д.Цаас С.Бд 2006 онд 6 тооны  адуу хүлээн авсан талаар тус тус зөрүүтэй мэдүүлдэг боловч Д.Ц, С.Б нарын хувьд 2006-2008 оны хооронд 6 тооны адууг хүлээлгэж өгсөн, хүлээн авсан талаар маргахгүй, мөн С.Б нь хохирогч Д.Цын малыг ямар нэгэн цалин хөлсгүйгээр маллаж байсан болох нь тогтоогдсон” гэж дүгнэсэн боловч анхан шатны шүүхээс нэмэлт ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай гэж үзэж байна.

Учир нь 2006 онд юм уу, 2008 он түүнээс хойш ямар зүсмийн, ямар насны адууг хүлээн авсан, хүлээлгэж өгснийг нарийн тогтоолгосноор яллагдагч С.Бын бусдад зарсан, завшсан адуунуудын нас зүсийг тогтооход ач холбогдолтой ба хохирогч Д.Ц нь сард 300.000-500.000 төгрөгийн цалин хөлстэйгөөр адуугаа маллуулдаг болох талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад тайлбар гаргаж өгсөн байдаг. /1-р хх-ийн 4-р хуудас/

2. Яллагдагч С.Б нь хохирогч Д.Цын итгэмжлэн хариуцуулж өгсөн хэдэн адуунаас хэдэн оны хэдэн сард хэн хэнд ямар зүсмийн, ямар насны адууг зарсан, үүнээс Д.Цаас хэдэн адуунд нь ямар журмаар зөвшөөрөл авч байсан, түүнийг зарсан мөнгийг худалдаж авсан хүнээр шууд болон өөрөө өгч байсан, С.Б нь өөртөө ямар насны, хэдэн адууг өгч, авч завшсан, мөн үхэж хорогдсон, хулгайд алдсан эсэхийг нарийвчлан тогтоож яллах дүгнэлтийг үндэслэлтэй үйлдэх. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад хэд хэдэн нөхцөл байдал тогтоогдсон байхад прокуророос 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн яллах дүгнэлтийг 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шууд үг үсгийн зөрүүгүй хуулбарлан дугаарыг өөрчилж шүүхэд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 37 тоот ялагдагчаас хойш хийсэн мөрдөн шалгах ажиллагааны нотлох баримтууд огт тусгагдаагүй байгааг анхаарах.

3. Хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлуудыг мэдэх гэрчүүдийг нэг бүрчлэн асуух.

4. Яллагдагч С.Бын завшсан гэх адууны нас, хүйс, зүсийг нарийн тогтоосны үндсэн дээр хохирлын үнэлгээг тухайн гэмт хэрэг гарсан үеийн ханшаар тодорхой гаргуулах.

5. Хохирогч Д.Ц нь хэдийд хэнд ямар зүсмийн, ямар насны адуу бэлэглэж байсан, заруулсан, бараа материалын өртөгт өгүүлсэн байсан болохыг тогтоох зэрэг гэсэн үндэслэлүүд зааж прокурорт буцаасан шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Яллагдагч С.Бд холбогдох хэргийг анхан шатны шүүхээс 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 2021/ШЗ/829 дугаартай захирамжаар:

1.1. 2006 онд хохирогч Д.Ц нь яллагдагч С.Бд ямар ямар зүсмийн, ямар насны, хэдэн тооны адуу хүлээлгэж өгсөн болохыг нотлох баримтаар тогтоох.

1.2. Хохирогч Д.Ц нь 2006 онд С.Бд адуу маллуулахаар өгснөөс хойш хулгайд алдагдсан, үхсэн, эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр зарж борлуулсан, бусдад бэлэглэсэн  гэх адууны тоо, зүсийг нарийвчлан шалгах, цагдаагийн байгууллагад тэмдэглүүлж байсан эсэх талаарх баримтад үзлэг хийх, гэрчүүдийг асуух, хохирогч, яллагдагч нараас тодруулах зэрэг ажиллагааг хийх.

1.3. С.Б нь сард, жилд ямар цалин хөлстэйгөөр Д.Цын малыг маллахаар тохирсон, цалин нь хохирлоос хасагдаж тооцогдсон эсэхийг тогтоох.

1.4. Яллагдагч С.Б нь хэргийн материалтай бүрэн танилцаагүй цаг хугацаанд прокурор яллах дүгнэлтийг гардуулж, түүний болон өмгөөлөгчийн хэргийн талаар гомдол, хүсэлт гаргах, шалгуулах эрхийг хязгаарлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн эсэхийг шалгах зэрэг гэсэн 4 үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл бичсэн боловч давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Гэхдээ “2006 онд хохирогч Д.Ц нь яллагдагч С.Бд ямар, ямар зүсмийн, ямар насны, хэдэн тооны адууг хүлээлгэж өгсөн болохыг нотлох баримтаар тогтоох болон С.Б нь сард, жилд ямар цалин хөлстэйгөөр Д.Цын малыг маллахаар тохирсон, цалин нь хохирлоос хасагдаж тооцогдсон эсэхийг тогтоох ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй байна гэж үзэв” гэж дүгнэсэн байна. /Захирамжийн 1, 3 дугаар заалт/

Харин яллагдагч С.Бын гаргасан хохирогч Д.Ц, гэрч Д.Ц, Д.Г нартай нүүрэлдэж мэдүүлэг өгөх хүсэлтийг хүлээн авч дээрх оролцогч нарын өгсөн мэдүүлгийн зөрүүг арилгах нь хэрэгт ач холбогдолтой байх тул гэрчүүдийг асуух, хохирогч, яллагдагчаас тодруулах зэрэг ажиллагааг хийлгэх нь зүйтэй гэж дүгнэсний дагуу 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Д.Цаас дахин мэдүүлэг авсан, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Д.Ц, яллагдагч С.Б нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан, мөн өдөр гэрч Д.Г, яллагдагч С.Б нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан, гэрч Д.Ц, яллагдагч С.Б нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан, 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрч Э.И-оос гэрчээр мэдүүлэг авсан, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрч Б.Х-аас дахин мэдүүлэг авах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж магадлалын заалтыг хангасан байна.

2. Яллагдагч С.Б нь хохирогч Д.Цын итгэмжлэн  хариуцуулж өгсөн хэдэн адуунаас хэдэн оны хэдэн сард хэн хэнд ямар зүсмийн, ямар насны адууг зарсан, үүнээс Д.Цаас хэдэн адуунд нь ямар журмаар зөвшөөрөл авч байсан, түүнийг зарсан мөнгийг худалдаж авсан хүнээр шууд болон өөрөө өгч байсан, С.Б нь өөртөө ямар насны хэдэн адууг өгч, авч завшсан, мөн үхэж хорогдсон, хулгайд алдсан эсэхийг нарийвчлан тогтоож, яллах дүгнэлтийг үндэслэлтэй үйлдэх гэсэн заалтын хувьд уг хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагааг хангалттай хийсэн, дээрх үйл баримт хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээр тогтоогдсон, мөн шүүгчийн захирамжид ямар мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нь тодорхойгүй байна.

3. Шүүгчийн захирамжид хэрэгт ач холбогдолтой гэрчүүдийг асуух гэсэн боловч хэн гэдэг гэрчийг асууж, хэрэгт ямар ач холбогдолтой, ямар нөхцөл байдлыг тогтоох талаар тодорхой тусгаагүй, захирамжийн энэ заалт ойлгомжгүй байна.

4. Яллагдагч С.Бын завшсан гэх 14 тооны адууны үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан бөгөөд уг дүгнэлтээр 4 тооны нас нийлсэн гүү, нэг бүрийн үнэ 900.000 төгрөг, нийт үнэ 3.600.000 төгрөг, 9 тооны нас нийлсэн морь, нэг бүрийн үнэ 950.000 төгрөг, нийт 9.550.000 төгрөг, 1 тооны хурдан морь 4.500.000 төгрөг, нийт 14 тооны адууг 17.650.000 төгрөгөөр үнэлэгдсэн байна.

Шинжээч нь адуунуудын үнэлгээг 2019 оны 11 дүгээр сарын байдлаар гаргасан, үнэлгээг гаргахдаа малын үнэ ханшийн судалгааг сумдаар болон аймгийн дунджаар гаргасан аймгийн Статистикийн хэлтсийн мэдээлэл, Эрдэнэбулган, Цэнхэр, Хашаат, Хотонт, Батцэнгэл сумдын тухайн үеийн малын зах зээлийн үнэ ханшийн мэдээлэл, өөрийн мэдээллийн санд байгаа хурдан морины үнэ ханшийн мэдээлэл, хурдан морь сонирхогчдын мэдээллийн санд байгаа үнийн санал, мэдээллийн сайтуудаар санал болгож байгаа хурдан морины үнийн санал, орон нутгийн иргэд, уяачдын санал, хурдан морины наймаа Home Face book хуудас, News.mn зэрэг мэдээллийн сайтуудаар санал болгож байгаа хурдан морины үнийн санал, орон нутгийн иргэд, уяачдын санал зэргийг судалж үнэлгээ хийв гэжээ.

Хэрэгт мөн шинжээч Э.Д гэсэн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 516 дугаартай 21 тооны адуу, 1 ширхэг гутал, 15 тооны хонь зэргийг үнэлсэн дүгнэлт авагдсан байх ба прокурор яллах дүгнэлтдээ энэ дүгнэлтийг бус 14  тооны адууны үнэлгээ тогтоосон шинжээч А.Б-ын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 38 дугаартай дүгнэлтийг үнэлсэн талаар дурдсан байна. Иймд шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй, дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзлээ.

5. Хохирогч, яллагдагч нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан боловч мэдүүлгийн зөрүү арилаагүй, хохирогч Д.Цаас мөрдөн шалгах ажиллагааны үед 10 удаа мэдүүлэг авсан, хохирогч Д.Ц нь хэдийд хэнд ямар зүсмийн, ямар насны адуу бэлэглэж байсан, заруулсан, бараа материалын өртөгт өгүүлсэн байсан зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд тогтоогдсон ба энэ зорилгоор дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтыг зөрчсөн, шүүгчийн захирамж нь ойлгомжгүй, ямар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байгааг тодорхой тусгаагүй, хэргийг үндэслэлгүйгээр прокурорт буцаасан байна.

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЗ/724 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор биечлэн оролцох болно.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Хэрэгт шаардлагатай мөрдөн шалгах ажиллагааг хийсэн. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг үндэслэлгүйгээр прокурорт буцаасан гэж үзэж байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЗ/724 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 829 дугаартай шүүгчийн захирамж болон Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 37 дугаартай магадлал зэрэгт дурдсан нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааны журмаар хийгдвэл зохих ажиллагаанууд хийгдсэн байна. Сүүлд гарсан буюу Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 724 дугаартай шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд тус шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Одоог хүртэл хохирогчийн зүгээс 23, 27, 17, 21 тооны буюу яг хэдэн тооны адууг С.Бд хүлээлгэн өгсөн юм бэ гэдгийг нарийвчлан тогтоож чадаагүй. Тэдгээр адуунуудын хэдийг нь С.Б завшсан гэдгийг одоог хүртэл мөн тогтоож чадаагүй байгаа учраас тухайн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж байгаа Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 724 дугаартай шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Тус шүүгчийн захирамжид дурдагдсан ажиллагааг хийж байж энэ нь эрүүгийн хэрэг мөн үү, эсхүл иргэний хэргийн шинжтэй юм уу гэдэг асуудал тогтоогдоно. Ийм учраас анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхиж өгнө үү гэсэн хүсэлттэй байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор А.Агийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагааны 2, 3, 4, 5 дахь заалтад заасан ажиллагааг гүйцэтгүүлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Яллагдагч С.Бд холбогдох хэргийг урьд нь нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасны дагуу хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирогч Д.Цаас дахин мэдүүлэг авсан /2-р хх-ийн 130-132/, хохирогч Д.Ц, яллагдагч С.Б нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан /2-р хх-ийн 137-142/, гэрч Д.Г, яллагдагч С.Б нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан /2-р хх-ийн 147-148/, гэрч Д.Ц, яллагдагч С.Б нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан /2-р хх-ийн 153-154/, гэрч П.Н-ээс дахин мэдүүлэг авсан /2-р хх-ийн 158-159/, гэрч Э.И-оос мэдүүлэг авсан /2-р хх-ийн 162-163/, гэрч Б.Х-аас мэдүүлэг авсан /2-р хх-ийн 166-167/ атал энэ талаар яллах дүгнэлтэд тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2, 5.1-т заасныг зөрчсөн байна.

 

            Мөн яллагдагч С.Б хэргийн нөхцөл байдлын талаар зарим гэрч нарыг дутуу байцаасан, шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах хүсэлтийг прокурорын шатанд гаргасан бөгөөд хүсэлтийг хангахаас татгалзсан нь үндэслэлгүй бөгөөд яллах дүгнэлтийг хуульд нийцүүлэн үндэслэлтэй үйлдэх, хэрэгт ач холбогдолтой гэрчүүдээс мэдүүлэг авах, яллагдагч С.Бын завшсан гэх адууны нас, хүйс, зүсийг нарийн тогтоох, хохирлын үнэлгээг гэмт хэрэг гарсан тухайн үеийн үнэ ханшаар тогтоолгох, хохирогч Д.Цын зөвшөөрлөөр захиран зарцуулсан адуу байгаа эсэхийг тогтоох зэрэг ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

 

            Харин хохирогч Д.Ц, С.Б нарын анх хүлээлцсэн адууны тоо, зүс зөрүүгүй, Д.Ц С.Бд цалин хөлс өгдөггүй байсан талаар мэдүүлсэн /1-р хх-ийн 132-133/ тул шүүгчийн захирамжийн үндэслэх хэсгийн 1-т заасан ажиллагааг хийлгэх шаардлагагүй бөгөөд энэ талаар тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 37 дугаар магадлалд мөн дүгнэсэн болно.

 

            Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

           

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЗ/724 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

 

                             ШҮҮГЧИД                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                                                                     Н.ЭНХМАА