Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2024/0417

 

 

 

    2024           05           15                                     128/ШШ2024/0417

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Ш******* овогт Т*******ийн Н*******, РД:,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Т*******,

Хариуцагч: Хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ж нарын хоорондын “Улсын байцаагч Ж.Жгийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 010 дугаар шийтгэлийн хуудас ба эрх бүхий албан тушаалтны даалгавар №230-г хүчингүй болгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т*******, хариуцагч Ж.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. Хотын стандарт, хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ж.Ж хяналт шалгалт хийж, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 010 дугаартай шийтгэлийн хуудсаар Т.Н*******д Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300,000 төгрөгийн торгууль төлүүлэхээр шийтгэл ногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгавар бичжээ.

1.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШЗ2024/1795 дугаар захирамжаар гомдол гаргах хугацааг 5 хоногийн хугацаагаар сэргээж шийдвэрлэсэн байна.

1.3. Т.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т*******өөс Хотын стандарт, хяналтын газрын барилгын техник хяналтын улсын байцаагч Ж.Жд холбогдуулан 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр “Улсын байцаагч Ж.Жгийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 010 дугаар шийтгэлийн хуудас ба эрх бүхий албан тушаалтны даалгавар №230-г хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргасан.

 

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т*******өөс шүүхэд гаргасан гомдолдоо: “Иргэн С.Т******* миний охин Т.Нийн орон сууцанд (Гэрчилгээний хуулбарыг хавсаргав) 2022 онд 2 удаа хулгай орсон тул хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор С.Т******* би түүний “Х” сууц өмчлөгчдийн холбоонд түүний орон сууцны 3-р орцны 3-аас 4-р давхар руу гарах шатны талбайг хааж, т******* хаалга суулгахыг хүсэж оргодол гаргасан юм. Учир нь 4-р давхар нь эцсийн давхар бөгөөд тэнд зөвхөн манай охины орон сууцны хаалга ба дээвэрт гарах хаалга, бүгд 2 хаалга л байдаг юм. Сууц өмчлөгчдийн холбоо шинээр суулгах хаалга ба дээврийн хаалганы түлхүүрүүдийн нэг нэг хувийг сууц өмчлөгчдийн холбоонд өгөх болзолтойгоор бичгээр зөвшөөрөл олгосон юм. Зөвшөөрлийн дагуу С.Т******* би олон сая төгрөгийн зардал гаргаж дээшээ гарах шатыг т******* модоор үзэмжтэй хааж, шинээр т******* хаалга суулгасан юм. Тус хаалганы ба дээврийн хаалганы түлхүүрүүдийн хувийг сууц өмчлөгчдийн холбоонд өгсөн болно. Ингэснээр сууц өмчлөгчдийн холбоо хүссэн үедээ миний хаасан шатны талбайд нэвтэрч, дээвэрт гарах боломжтой болсон юм. Гэтэл манай охины байрны доод хөрш, иргэн П.Г нь үүнийг эсэргүүцэж, Хотын стандарт хяналтын газарт өргөдөл гаргасан юм. Тус газрын байцаагч Ж.Ж нь С.Т******* надад эхлээд бичгээр зөвлөмж өгсөн. Тус зөвлөмжийн 4-рт байцаагч нь: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.5 дахь (Холбооны дүрэмд заасан бол дундын өмчлөлийн эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр тодорхой нэг этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж болно) гэж заасныг үндэслэн миний хаасан шатны талбайг сууц өмчлөгчдийн холбооноос гэрээгээр эзэмшин ашиглахыг зөвлөсөн юм. Иймд түүний зөвлөснөөр тус талбайг бид гэрээгээр эзэмшин ашиглахаар сууц өмчлөгчдийн холбоотой гэрээ байгуулсан. Тус гэрээний нэг хувийг байцаагчийн хүсэлтээр түүнд өгсөн юм. Байцаагч гэрээг П.Гд үзүүлж маргааныг зогсоохоор болсон.

Гэтэл П.Г нь Ж.Жгийн ажил дээр нь өдөр болгон нөхөртэйгөө ирж дарамтлан, түүнийг Авлигатай тэмцэх газарт өгнө. С.Т******* надаас авлига авсан гэж гүжирдэн сүрдүүлж эхэлсэн байгаа юм. Аргаа барсан байцаагч нь П.Ггийн хүсэлтээр миний охин Т.Нийг 300,000 төгрөгөөр торгох Шийтгэлийн хуудас үйлдсэн ба миний шинээр хийсэн шатны хаалт, хаалгыг “....Шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэхийн (нураахыг) тухай “Эрх бүхий албан тушаалтны даалгавар” бичсэн байна.

С. Т******* миний бие:

1. Сууц өмчлөгчдийн холбооны зөвшөөрлөөр орцны дээд давхрын шатны талбайг шинээр хааж, хаалга суулгасан ба тус хаалганы ба дээврийн хаалганы нэг нэг түлхүүрүүдийг сууц өмчлөгчдийн холбоонд өгсөн. Иймд сууц өмчлөгчдийн холбоо нь дуртай үедээ дээвэрт гарах, хаасан шатны талбайд орох боломжтой болсон юм. Үүнийг П.Г ч ашиглаж, өнгөрсөн зун өөрийн дээврийн бүх хар цаасаа сольж бүрэн шинэчилж чадсан юм.

2. Байцаагч Ж.Жгийн зөвлөснөөр тус шатны талбайг бид сууц өмчлөгчдийн холбоотой байгуулсан гэрээгээр эзэмшин ашиглаж байгаа юм.

Мөн:

1. “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн 15.5 дахь зүйлд: “Дундын өмчлөлийн эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр тодорхой нэг этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж болно” гэж заасан.

2. Манай “Х” сууц өмчлөгчдийн холбооны дүрмийн 2.1-рт: “Сууц өмчлөгчдийн холбоо нь “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг дагаж мөрдөнө” гэж заасан байдаг. Үүнийг үндэслэн дээрх “Шийтгэлийн хуудас” ба “Эрх бүхий албан тушаалтны даалгавар”-ыг иргэд бидний сууц өмчлөгчдийн холбоотой байгуулсан гэрээгээр дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмшин ашиглах хууль ёсны эрхийг минь ноцтой зөрчсөн, иргэд биднийг ихээхэн хохироох гэж байгаа хууль бус шийдвэрүүд гэж бид үзэж байгаа тул хүчингүй болгож өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна.

-П.Г нь охины минь орон сууцыг хууль бус гэж үзэж гэрчилгээг нь хүртэл хүчингүй болгуулахаар Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргаж байсан нь гайхалтай. Тус хэлтсийн тодорхойлолтыг хавсаргав, П.Г нь хууль бусаар манай цонх руу хяналтын камер суурилуулан тусгаж, бидний хувийн амьдралыг хүртэл хянах гэж оролдсоор байгаа юм. П.Г нь шунахай зорилгоор биднээс мөнгө нэхэж, өгөхгүй болохоор нь олон газарт гомдол гаргаж биднийг ихээхэн чирэгдүүлж ирсэн танхай этгээд юм” гэжээ.

2.2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн гаргасан хүсэлт байна. Манай оршин суугчид шүүхэд хүсэлт гаргасан. Хан-Уул дүүргийн, 20 дугаар хороо, “Хы” бүрийн байрны онд 7 өрх айл амьдардаг. Манай орцны 4 дүгээр давхрын тоотод оршин суугч С.Т******* сууц өмчлөгчдийн холбооноос зөвшөөрөл авч хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор 3-аас 4 давхар луу гаргах шатад хаалт хийж бүргэд хаалга суулгасан. Хаалганы түлхүүр ба 4 давхарт байдаг хоёр хаалганы түлхүүрийн 1 хувийг сууц өмчлөгчдийн холбоонд түмэнд хүлээлгэн өгснөөр сууц өмчлөгчдийн холбоо хүссэн үедээ 4 дүгээр давхарт нэвтэрч гаргах бүрэн боломжтой. Үүний нэг жишээ нь манай орцны 3 дугаар давхрын 18 тоот оршин суугч П.Г сууц өмчлөгчдийн холбооноос тус түлхүүрүүдийг авч, өнгөрсөн зун дээвэрт гарган өөрийн дээврийн иж бүрэн засварыг хийсэн. С.Т******* тус шат ба 4 дүгээр давхрын шатны талбайг сууц өмчлөгчдийн холбоотой байгуулсан гэрээгээр эзэмшин ашиглаж байгаа. Иймд оршин суугч бидэнд ашигтай. С.Т*******ийн олон арван сая төгрөгийн хөрөнгөөр байгуулсан шатны хаалт ба хаалгыг нураах шийдвэр гаргахгүй байхыг хүсье. сууц өмчлөгчдийн холбооны үйлчлэгч, цэвэрлэгч байгаа. Талбайг өөрөө цэвэрлэчихдэг болохоор нэг давхар олон талбай цэвэрлэдэг, тэдэнд цэвэрлэхгүй байх ашигтай. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэмэлт нотлох баримт гаргаж өгсөн. Ж.Ж руу утасдаад асуусан, бичгээр зөвлөмж өгөхдөө яагаад 4 дүгээр давхрын шат ба шатны талбайд хаалт хийж хаалга суулгахдаа сууц өмчлөгчдийн холбоотой гэрээ байгуулан талбайд эзэмших, ашиглахыг зөвлөсөн бэ гэж асуухад Ж.Ж шатны талбай ба сууц өмчлөгчдийн холбоотой гэрээ байгуулан эзэмшин ашиглаж болохыг хуульд зааж зөвшөөрсөн байдаг гэж тодорхой хариу өгсөн.

Хан-Уул дүүргийн Э хотхоны сууц өмчлөгчдийн холбоотой олон орон сууцын орцуудад дээврийн эцсийн давхар луу гарах шатыг миний хийсэн хаалга шиг хаалт хийж хаалга суулгасан байдаг. Яагаад үүнийг нураахыг шаардахгүй, тэмцэхгүй байна гэж утсаар асуухад, оршин суугчдаас энэ тухай гомдол ирээгүй тул шаардахгүй гэж хариулсан.

Ж.Жгийн зөвлөснөөр сууц өмчлөгчдийн холбоотой гэрээ байгуулан тус шатны талбайг эзэмшин ашиглаж байхад Ж.Ж үүнийг мэдсээр байж 300,000 төгрөгөөр торгох торгуулийн хуудас бичиж, хаалгыг нураах тухай албан хаагчийн даалгавар гаргасныг гайхаж байна. Манай хаалга, хаалтыг Ж.Ж зөрчил гэж үзэж, торгож, хаалгыг нураах шийдвэрийг гаргасан ч бусад зөрчилдөө анхаарахгүй байна. Гэтэл гомдол ирсэн гэдгээр надтай тэмцээд, өөр зүйлд гомдол ирээгүй гэдгээр тэмцэхгүй гэж хариу өгсөн байна. Төрийн албан хаагч ийм зарчимгүй, туушгүй байх нь буруу гэж үзэж байна. Гэтэл П.Г сууц өмчлөгчдийн холбооноос их хэмжээний төгрөгийн хөрөнгийн хулгай хийсэн. П.Г өөрөө хууль зөрчсөн, шударга, зөв хүн биш. сууц өмчлөгчдийн холбооноос их хэмжээний мөнгө идсэн, уусан, хүүхдийнхээ данс руу мөнгө шилжүүлээд бичиг хэрэгсэл авна гэсэн ч аваагүй. сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүний хуралд хэлж байсан. Мөнгийг нь төлөхийг нь хүлээе, шаардъя гэсэн. Хулгай хийсэн, луйвар хийсэн хүн” гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Засгийн газрын өргөдөл гомдол хүлээн авах 11-11 төвөөр уламжлан Хотын стандарт, хяналтын газарт 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр иргэн П.Ггоос ирүүлсэн G23******* дугаар гомдлын дагуу Төрийн хяналт шалгалтын тухай, Барилгын тухай, Орон сууцны тухай, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ж.Ж би:

1.1. Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо “Х” сууц өмчлөгчдийн холбооны в байрны 18 тоотод шалгалт хийхэд иргэн С.Т******* 3-4 давхрын шатны хонгилд хаалт, хаалга хийсэн, ханыг реклэж засвар хийж дууссан байсан, өмнө нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж үүрэг чиглэл өгсөн байсанд Хотын стандарт, хяналтын газрын Барилгын ашиглалтын тухай “Барилгын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 01/309 дугаартай албан бичиг хүргүүлсэн бөгөөд Х сууц өмчлөгчдийн холбооноос 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хариу ирүүлсэн болно.

2. Нийслэлийн өргөдөл гомдол хүлээн авах нэгдсэн төвийн 1800-1200 дугаарын операторын утсаар уламжлан Хотын стандарт, хяналтын газарт 2023 оны 09 дүгээр сарын 15, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэн П.Ггоос G2*******, дугаар гомдлын дагуу Төрийн хяналт шалгалтын тухай, Барилгын тухай, Орон сууцны тухай, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу дахин хяналт шалгалт хийж, Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ж.Ж би:

2.1 Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4.1.7 дахь заалтыг үндэслэн, мөн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 479 дүгээр тогтоол “Хяналт шалгалт хийх журам”-ын 34.1-д (Улсын байцаагч нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа..... хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартыг таниулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор зөвлөмж үйлдэж болно) заалтын дагуу улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 02-13-******* дугаартай зөвлөмж хүргүүлсэн.

3. Засгийн газрын өргөдөл гомдол хүлээн авах 11-11 төвөөр уламжлан Хотын стандарт, хяналтын газарт 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэн П.Ггоос ирүүлсэн G23******* дугаар гомдлын дагуу Төрийн хяналт шалгалтын тухай, Барилгын тухай, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ж.Ж би:

3.1 Иргэн П.Ггоос ирүүлсэн гомдлын дагуу Төрийн хяналт шалгалтын тухай, Барилгын тухай, Орон сууцны тухай, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу өмнө өгсөн дутагдлууд арилаагүй иргэн П.Ггоос удаа дараа ирүүлсэн гомдлоор, мөн хэлтсийн удирдлагаас өгсөн (“Шалгаж, нэг мөр шийдэж хариуг өгөх”) үүргийн дагуу 230 дугаартай Зөрчлийн хэрэг нээж байгаа талаар Т.Н*******д, С.Т*******д харилцаа холбооны хэрэгслээр, шуудангаар сонсуулж хүргүүлсэн боловч холбогдогчийн мэдүүлэг өгөөгүй, торгууль төлөөгүй тул Нийслэл дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 01/99 дугаартай албан бичиг хүргүүлсэн болно.

230 хэргийн дугаар бүхий 35 хуудастай зөрчлийн хэрэг. Иймд Төрийн хяналт шалгалтын тухай, Барилгын тухай, Орон сууцны тухай, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, Барилгын ашиглалтын дүрэм, Зөрчлийн тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажилласан, тус иргэний 3-4 давхарт хийсэн хаалга, хаалт нь дээрх хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн нь нотлогдсон тул иргэн С.Т******* (Т.Нийн)-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагч Ж.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2023 оны 04 дүгээр сард иргэнээс гомдол ирсэн. Гомдлын дагуу газарт нь очиход сууц өмчлөгчдийн холбооны даргыг байцуулсан, н.П өөрөө байсан. н.Д гээд СӨХ-ийн байцаагч байсан. сууц өмчлөгчдийн холбооны дарга жирэмсэн, н.Т байсан. Гомдлын дагуу очиход 3 давхраас дээш, техникийн давхарт гарах хэсгийн дотор ханыг модон рек хийж 3-4 давхар техникийн давхар шатны хонгилын хэсгийг панерлаад хаалга хийсэн байсан. Түлхүүрээ хувилаад, гэрээ хийгээд, сууц өмчлөгчдийн холбоотой зөвшилцсөн байсан. Барилгын техникийн байцаагчийн дагуу бид барилга байгууламжийн ашиглалтыг шалгах үүднээс дээвэр дээр нь гарсан. Дээвэрт гарахад элс, цемент, барилгын хог их хэмжээний байсан. Барилгын даац хэтрэхэд нөлөөлөх, аюул нөхцөл учруулахаар байсан тул буулгуулах үүрэг, даалгаврыг албан бичгээр сууц өмчлөгчдийн холбоонд хүргүүлсэн. сууц өмчлөгчдийн холбооны дарга тайлбарлахдаа онцгой байдлаас ирээд шалгалт хийсэн, арга хэмжээ авхуулсан. Галын аюулгүйн дүрмээр хаалгыг онгорхой болгож, гарсан шаардлага галын байцаагч арга хэмжээ авсан талаар тайлбар хэлсэн. Дээвэр лүү ачуулсан хүнд ачаа, элс, цэвэр тоосго, мод чулуугаа бүгдийг нь доошоо буулгах албан бичгүүдийг техникийн аюулгүй байдлын үүднээс хүргүүлсэн.

Бид өргөдөл гомдлоо шийдээд ажлын төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байтал 09-11 дүгээр сарын 3 удаа гомдлууд ирээд хэлтсийн даргатай П.Гтой уулзаад ажлаа хийхгүй байна гэсэн гомдолд Засгийн газрын тогтоол, дүрмийн дагуу барьсан зүйлд зөвлөмж өгсөн. Бид сууц өмчлөгчдийн холбоотой ярилцаад зөвлөлдсөн. Зөвлөмж нь Засгийн газрын тогтоолыг иргэдэд хууль дүрмийг танилцуулах, зөвлөн туслах хандлагаар өгсөн. Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчид, захиргааны хүмүүс болон ахлах байцаагч дахиж гомдол гаргаад намайг амралттай байх үеэр очоод шалгалт хийсэн. Чиг, үүрэг өгөөд улсын ахлах байцаагч орж хяналт шалгалт хийсэн. Иргэдээс гомдол тасраагүй. С.Т******* ирээд гэрээ хийсэн, зөвлөмжийн дагуу гэрээ хийсэн гэсэн. Дуудаад ирдэггүй, гэрээгээ авчирч өгсөн. Өмнө нь хяналт, шалгалтад ирээд оролцдоггүй, утасдаад ирэхгүй байсан. С.Т*******ийг өмчлөгч, эзэмшигч гэж бодоод нотлогдохгүй, гомдол нь тасрахгүй явсаар П.Г 9,10 дугаар сард ирсэн гомдол, хэлтсийн даргын өгсөн үүрэг байгаа. Хүмүүсийн гомдлыг яагаад таслахгүй, барагдуулахгүй байна вэ? яагаад хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхгүй байна? гэсэн хэлтсийн даргаас цохолт хийгээд нэг мөр шийдэх үүрэг өгсөн. Өмчлөгч, эзэмшигч нь Т.Н******* гэдэг нь гэрээнд байсан. С.Т******* хэрэв шийтгэл ноогдуулсан бол буруу болох байсан. Өөрөө гэрээгээ авчирч үзүүлсэн. П.Г Улсын бүртгэлийн газраас Т.Нийн өмчлөлтэй гэсэн албан бичиг өгсөн.

Шахалтад биш хүмүүс хууль, журам, эрх зүйн хэмжээнд сонсгосон, үйл ажиллагааг тайлбарласан хуулийн эрх зүйд зөвлөсөн. Учир нь бид ажлаа хийж байгаа. Зөрчлийн хэрэгт Т.Н*******, С.Т*******т олон удаа утасдаж, шуудангаар зөрчлийн хэрэг нээж байгааг сонсгосон, хэлсэн, хэлж байгаад нээсэн, гэтэл хүрэлцэн ирээгүй. Хувь хүний зүгээс С.Т******* элдэв бусаар хэлж, хэл амны шахалтыг утсаар хэлсэн. Захиргааны байгууллагын дарга нар, хэлтсийн дарга нар цагдаа, шүүхэд өг гэж хэлэхэд яах вэ настай хүн гээд уучлаад, гомдохгүйгээр хэл амаар доромжлуулсан асуудлыг өнгөрөөсөн.

Хуулийн дагуу шийдвэр гаргаж, зөвлөгөөгөө өгөөд, хуулийн дагуу Монгол улсын хуулийг хэрэгжүүлэх хүрээнд явж байна. Төрийн захиргааны байгууллага, байцаагчдыг хүндэтгэж харьцах хэрэгтэй гэж үзэж байна. Манай ахлах байцаагчийг очиход хэрүүл, зодоон хийсэн. Миний сурагчид хуульч, цагдаагийн байгууллага, шүүхийн байгууллагад ажилладаг, намайг шүүхэд өгнө гэсэн. Би С.Т*******т хуулийн хэрэгжүүлэлтийн 300,000 төгрөг торгуулаа төлөхгүй бол шүүх рүү явуулдаг талаар сануулсан. С.Т******* хуульд хүндэтгэлгүй хандсан учраас хуулийн дагуу шүүх рүү явуулсан. Та өөрөө хуулийн байгууллагын хүн, бусдад үлгэр дуурайлал үзүүлэх хэрэгтэй. Хуулиа хэрэгжүүлье гээд хуульдаа дуулгавартай хандахгүй байна. Та багш, шүүгч, хуульч гэж яриад байгаа. Иймд С.Т******* үлгэр жишээ болоод, арга хэмжээ авмаар байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Т.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т*******өөс “Хотын стандарт, хяналтын газар/хуучин нэрээр/-ын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ж.Жд холбогдуулан “2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 010 тоот шийтгэлийн хуудас, 230 тоот эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг хүчингүй болгуулах” гомдол гаргаж, гомдлын үндэслэлээ “Орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг өөрийнх нь өгсөн зөвлөмжийг үндэслэн сууц өмчлөгчдийн холбоотой байгуулсан гэрээний дагуу ашиглаж байсан байхад хариуцлага хүлээлгэсэн нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

            2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр гомдлыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

            3. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад, Хан-уул дүүргийн *******, В байрны *** тоотын оршин суугч нь тус байрны 3-аас 4 давхар луу гарах шатны хэсгийг хааж хонгил үүсгэн хаалга хийж цоожилсон, тус шатны хэсэг нь хаалтгүй байхаар төлөвлөгдсөн болох нь Үндэсний төв архивын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 02/1229 тоот албан бичгээр ирүүлсэн зургаар тус тус тогтоогджээ.

4. Нийслэлийн хяналт шалгалтын газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ж.Жгаас 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 010 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Орон сууцны төлөвлөлт, барилгын үндсэн бүтэц, хийц, инженерийн шугам сүлжээг зөвшөөрөлгүйгээр анхны зураг төслөөс өөрчилсөн бол зөрчлийг арилгуулж, анхны зураг төсөлд нийцүүлж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, мөн өдрийн 230 тоот эрх бүхий албан тушаалтны даалгавраар “Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо орон сууцны В дугаартай барилгын 1 тоот байрныхаа өмнөх нийтийн эзэмшлийн анхны төлөвлөлтийг өөрчилсөн (шатны хонгил, коридорт мод, т******* материалаар хаалт хийж, хаалга гаргасан) байгааг барилгын анхны зураг төслийн байгууллагын гүйцэтгэсэн зургийн дагуу болгож ашиглалтын хэвийн нөхцөлийг хангуулах” шийдвэр гаргасан байна.

5. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т*******өөс өөрийн барьсан хаалт, хаалганы фото зургийг ирүүлж, “тус байрны 4 давхарт 2 хаалга байдаг, 1 нь манайх, нөгөө нь дээвэр лүү гардаг хаалга” гэж тайлбарласан ба охин Т.Нийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн 75,47 мкв талбайд террас хэлбэрийн тагтны зохион байгуулалттай дээврийн хэсэг хамаарахгүй тухайд маргаагүй.

6. Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Орон сууцны төлөвлөлт, барилгын үндсэн бүтэц, хийц, инженерийн шугам сүлжээг зөвшөөрөлгүйгээр анхны зураг төслөөс өөрчилсөн бол зөрчлийг арилгуулж, анхны зураг төсөлд нийцүүлж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаарна:”, 15.1.1-д “орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, ..., машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө” гэж, Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т “Өмчлөгч, эзэмшигч барилга байгууламжид ..., зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр ..., төлөвлөлт, зориулалтыг өөрчлөх, ...- ийг хориглоно” гэж тус тус заажээ.

7. Хуулийн дээрх зохицуулалт болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон дээрх байдлыг нэгтгэн үзвэл, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т******* нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.2-т “сууц, сууцны бус зориулалттай хэсгийг ашиглах, түүнд засвар өөрчлөлт, шинэчлэл хийхдээ хууль тогтоомж, норм, стандартад заасан шаардлагыг сахин биелүүлэх, бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх” гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгож хашсан байх тул маргаан бүхий актыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

8. Өөрөөр хэлбэл, гомдол гаргагч Т.Нийн өмчлөлийн 1 тоот орон сууц нь В байрны дээврийн хэсгээс дээш өргөгдсөн дээврийн голд нь байрлалтай болох нь гомдол гаргагчаас гаргаж ирүүлсэн фото зурагт тусгагдсан байх ба эргэн тойрондоо хүн явах талбай, суух сандалтай, энэ нь 3 дугаар давхрын айлуудын дээвэр болж байх тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу шат болон дээвэр нь дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахын зэрэгцээ, тухайн талбайд оршин суугчид чөлөөтэй гарах боломжтой байхаар төлөвлөгдсөн байх тул “СӨХ-д нэг түлхүүр өгсөн, П.Г нэг түлхүүр аваад засвараа хийсэн, энэ хаалга хэнд ч саад болоогүй” гэх агуулга бүхий гомдлоор маргаан бүхий актуудыг хүчингүй болгох үндэслэлгүй.

9. Хотын стандарт, хяналтын газрын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 02-13-******* тоот зөвлөмжид шалгалтаар 3 давхраас дээвэрт гарах нийтийн эзэмшлийн шатыг хааж битүүлэн хаалга хийсэн болон СӨХ-оос хаалт барих албан бичиг өгсөн гэх, ямар гэрээ хэлцэл хийж ямар хугацаанд тус хаалтыг зөвшөөрсөн эсэх нь нотлогдохгүй байгаа нь ... хуулийн холбогдох заалтуудад нийцэхгүй байгааг дурьдаад “Зөвлөмжийн дагуу барилга ашиглалтын үеийн хууль дүрмийг хэрэгжүүлэн иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, ашиглалтын хэвийн нөхцөлийг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, дээр дурьдсан дутагдлуудыг арилгах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна” гэсэн нь  нь гомдол гаргагчийн тайлбарлаж байгаа “Сууц өмчлөгчдийн холбоотойгоо гэрээ байгуулчихвал дундын өмчлөлийн эд хөрөнгийг дангаар эзэмшиж, ашиглаж болно” гэсэн агуулгагүй байх тул “Орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг өөрийнх нь өгсөн зөвлөмжийг үндэслэн ашиглаж байсан” гэж тайлбарыг мөн хүлээж авах үндэслэлгүй.

10. Түүнчлэн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03/59 тоот “Орон сууцны барилга байгууламжийн зөрчил арилгуулах тухай” мэдэгдэлд “... барилга байгууламж галын аюулгүй байдал БхбД21-2-02-ын 5.11, 6.32 дахь заалтуудыг зөрчиж шатны хонгилд 4 дүгээр давхарт хаалт хийж, зориулалтын бусаар ашигласан, Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-ын 7.2.2-р заалт галын аюулаас нүүлгэн шилжүүлэх зориулалтаар ашиглахаар тооцсон тагт буюу лоожоос аваарын гадна шат руу хүн саадгүй гарах нөхцөлийг хангаагүй байна” гэснээс үзвэл, гомдол гаргагчийн “... энэ хаалт хэнд ч саад болоогүй, СӨХ-д түлхүүр байгаа тул аваад онгойлгох боломжтой” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй, уг хаалт нь нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзнэ.

11. Хан-уул дүүргийн 20 дугаар хороо, в байрны 1 тоотын оршин суугч иргэн С.Т******* болон “Х” сууц өмчлөгчдийн холбоо/цаашид СӨХ гэх/-ны хооронд 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Нийтийн эзэмшлийн талбайг түр хугацаанд эзэмшүүлэн ашиглуулах тухай гэрээ”-ний 1.1-д “в байрны 3 дугаар давхраас 4 дүгээр давхар луу гарах шатны талбайг С.Т******* нь үнэ төлбөргүй эзэмшиж ашиглах”-аар зохицуулжээ. “Х” СӨХ-ны дүрмийн 2.1-д “Сууц өмчлөгчдийн холбоо нь сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал,, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг дагаж мөрдөнө. Тус хуулийн 5-д зааснаас гадна дараах эрх үүрэгтэй. Үүнд:”гэж заасан нь иргэн С.Т*******т нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дангаар эзэмшиж, ашиглах эрхийг мөн олгосон агуулгагүй байна.

12. Тодруулбал, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.5-д “дундын өмчлөлийн эд хөрөнгийг түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаарх гэрээг холбооны нэрийн өмнөөс байгуулах” эрхийг гүйцэтгэх захирал хэрэгжүүлэхээр, 15 дугаар зүйлийн 15.5-д “Холбооны дүрэмд заасан бол дундын өмчлөлийн эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр тодорхой нэг этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж болох”-оор заасан, мөн Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т “Дундаа өмчлөгч тус бүр бусад өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшлээс өмчлөлийн зүйлээ бүхэлд нь шаардах эрхтэй” гэсэн хуулийн зохицуулалтуудыг нэгтгэн авч үзвэл, “Х” СӨХ-ны дүрэмд дундын өмчлөлийн эд хөрөнгийн хэдий хэмжээний аль эд хөрөнгө, талбайг ямар зориулалтаар аль нэг оршин суугчид эзэмшүүлж, ашиглуулж болохыг тодорхой заасан байх, эсхүл холбооны бүх гишүүд, удирдах зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэсэн байх шаардлагатай гэж үзэхээр байна.

13. Өөрөөр хэлбэл, дундын өмчлөлийн эд хөрөнгийг тодорхой этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх тохиолдолд нийт өмчлөгчдийн зөвшөөрөл шаардлагатай гэж үзэх тул холбооны дүрэмд тусгайлан заагаагүй, бүх гишүүдийн хурлаар шийдвэрлээгүй эд хөрөнгийн эзэмшил, ашиглалтын тухайд зөвхөн холбооны гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээг үндэслэн гомдлыг хангах үндэслэлгүй, “СӨХ-тэй байгуулсан гэрээний дагуу ашигласан байхад хариуцлага хүлээлгэсэн” гэх гомдол мөн үндэслэлгүй гэж дүгнэв.

15. Иймд гомдол гаргагчийн нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ж.Жд холбогдуулан гаргасан “2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 010 дугаар шийтгэлийн хуудас ба эрх бүхий албан тушаалтны №230 даалгаврыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1, .3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1, Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т заасныг тус тус баримтлан Т.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т*******өөс Хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ж.Жд холбогдуулан гаргасан “2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 010 дугаар шийтгэлийн хуудас ба эрх бүхий албан тушаалтны №230 даалгаврыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.МӨНХЗУЛ