| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2024/04773/И |
| Дугаар | 184/ШШ2024/04816 |
| Огноо | 2024-09-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 184/ШШ2024/04816
| 2024 09 26 | 184/ШШ2024/04816 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол ********* тоот хаягт оршин суух, ********* овгийн ********ы **************** /РД: **********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол ********* тоот хаят оршин суух, ******** овгийн *********ийн **************** /РД: **********/-т холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.**************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хавалхааны **************** миний бие 2004 онд Пүрвээгийн ****************тай танилцан 2005 оноос хамтран амьдарч 2008 оны 06 сарын 10-ны өдөр Дорноговь аймаг Сайншанд сумын Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ батлуулж, №0039324/95 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ авсан. Бид дундаасаа 4-н хүүхэдтэй, том хүү ****************2007.11.28-ны өдөр төрсөн одоо 16 настай МКТКоллежийн 2-р курст суралцдаг оюутан, охин ****************2009.04.06-ны өдөр төрсөн одоо 15 настай Ерөнхий боловсролын сургуульд ахлах ангид суралцдаг сурагч, хүү ****************2012.07.31-ний өдөр төрсөн одоо 11 настай Ерөнхий боловсролын сургуульд дунд ангид суралцдаг сурагч, бага хүү ****************2020.04.20-ны өдөр төрсөн одоо 4 настай. П.**************** бид хоёр хамт амьдараад 20 жил, гэрлэлтээ батлуулаад 16 жил болж байна. Энэ хугацааны сүүлийн 11 жилд гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртдөг, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үндэсний төвд 2009 оноос хойш байнга хандаж, сэтгэл зүйн болон хууль эрх зүйн зөвлөгөө авч, амьдралаа бүтэн байлгахын төлөө тэвчин амьдарсаар байсан юм. 2020 оноос хойш миний нөхөр **************** нь архи согтууруулах ундааг хэргэлэх нь улам ихсэж, согтуурсан үедээ агсам тавьж хэл амаар гутаан доромжилж, удаа дараа зодож цохин гар хүрдэг болсон, үүнээс үүдэн миний биед хөхрөлт, няцралт, гэмтэл үүсэж сэтгэл санаагаар ихээр унадаг болж салах тухай хэд хэдэн удаа бодсон боловч, дахиад надад гар хүрэхгүй байх, архи уухаа больчих байх, үр хүүхдүүдээ элэг бүтэн өсгөж хүмүүжүүлээд цаашдаа сайхан амьдрах байх гэсэн итгэлийг дотроо тээж олон жил явсаар одоо тэвчээр үнэхээр барагдаж байна. Үр хүүхдийн хүмүүжилд ч муугаар нөлөөлж байнгын хүчирхийлэл доромжлол, архидалтын дунд байлгахаас залхаж, тэвчээр минь дуусаж байна. Би ****************ыг согтуу ирэх бүрдээ намайг хэл амаар гутаан доромжилж, зодож цохих үед нь гэр бүлийнхнээсээ, ажлын хамт олноосоо нуудаг, цагдаагийн байгууллагад мэдэгддэгүй, би дараа нь яах бол гэхээс үнэхээр айдаг, сүүлийн үед намайг эрүүлдээ хүртэл зоддог болсон. Одоо хүүхдүүд минь хүртэл аав нь орой ирээд яах бол, гэхээс байнгын айдас түгшүүр дунд амьдарч байна. Иймд би өөрийн хүүхдүүдийг эрүүл аюулгүй орчинд өсөж хүмүүжиж, өөрийн гэр орондоо эрх дураараа айх аюулгүй байгаасай, ирээдүй нь гэрэл гэгээтэй байгаасай, миний туулсан зовлонг өсөх насандаа битгий үзээсэй гэсэн үүднээс гэрлэлт цуцлуулах хүсэлт гаргаж байна.
Намайг гэрлэлтээ цуцлуулна гэснийг **************** сонсчихоод, манай ажлынхан болон найз нөхдийн дунд; **************** хятадуудтай явалддаг бие үнэлдэг гэх яриа гаргаж тарааж эхэлсэн, мөн албаны мөнгө иддэг чамайг цагдаад өгчихсөн байгаа шалгуулаад шоронд ор гэх зэргээр дарамталж эхэлсэн. Энэ худал цуу яриа нь тархасанаас болж, ажил дээрээ очихоос хүртэл санаа зовдог боллоо. Би Ерөнхий боловсролын сургуульд нярав ажил эрхэлдэг, надад төрийн мөнгийг захиран зарцуулах эрх мэдэл байхгүй. Манай бага хүүхэд одоо 4 нас хүрч байна надад өөрийнх нь ярьсан шиг ****************ыг хуурч бусадтай явалдах, биеэ үнэлэх ухамсаргүй бодол байхгүй, аяллын компани ажлуулдаг найз маань Манжуур хотруу ажилд минь туслаад хамт явчихаад ирэх үү? гэхээр нь ажилд нь туслангаа гурав хоног үнэгүй аялаад ирсэн, тэрнээс болж л **************** ажил дээр очоод тийм худал цуурхал тараачихсан. Одоо энэ харанхуй бараан бүхнийг үнэхээр дуусгамаар байна, үр хүүхдийнхээ төлөө шинээр амьдрахад минь туслаач хэмээн гуйж байна.
Миний дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлаж, 4 хүүхдээ өөрийн асрамжид авах, хуульд заасны дагуу хүүхдүүддээ сар бүр тэтгэлэг тогтоолгох, бидний дундын өмчлөлийн эд хөрөнгө болох, доор дурьдсан зүйлээс надад болон 4 хүүхдэд минь ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна" гэжээ.
Хариуцагч П.**************** гаргасан тайлбартаа : ...Бид харилцан ярилцаж амьдралын төлөө хамтдаа зүтгэж байгаа учраас маргалдах зүйл гарахгүй тайван амгалан байна. Бид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж үр хүүхдүүдийн төлөө өөрсдийнхөө төлөө сайн сайхан амьдрах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.**************** нь хариуцагч П.****************т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн тус шүүхэд гаргасан.
Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШЗ2024/15368 дугаар захирамжаар ...нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
Талууд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээгээр. Эвлэрүүлэн зуучлалын хамтарсан уулзалтын явцад гэрлэгчид харилцан ярилцаж хэн аль алдаа дутагдалаа ойлгон ухамсарлаж хамтын амьдралаа хэвийн үргэлжлүүлэхээр эвлэрсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3-т Гэрлэгчид эвлэрвэл шүүгч эвлэрлийг баталсан захирамж гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан. Мөн шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авахаар хуульд зохицуулсны дагуу шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрүүлэх арга хэмжээг авахуулахаар хэргийг түдгэлзүүлж улмаар талууд эвлэрсэн нь хуульд нийцэж байна.
Дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гэрлэгсэд болон хүүхдийн эрх ашигт нийцэж байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн маргаан бүхий нэхэмжлэлийг хэн аль нь шүүхэд гаргахад энэ захирамж саад болохгүй болохыг тэмдэглэж байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 132 дугаар зүйлийн 132.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х.****************гийн нэхэмжлэлтэй хариуцагч П.****************т холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэрэгт Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан гэрлэгчид харилцан ярилцаж хэн аль нь алдаа дутагдлаа ойлгон ухамсарлаж хамтын амьдралаа хэвийн үргэлжлүүлэхээр эвлэрэв гэх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,418,150 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Х.****************д олгосугай.
3. Зохигч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй бөгөөд гэр бүлийн маргаанд талууд харилцан тохиролцож, эвлэрсэн нь энэ асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ