Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2022/ДШМ/40

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        Б.Б-д холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, ерөнхий шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                        Прокурор                                                          А.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Ц.Б

Шүүгдэгч                                                         Б.Б

                        Нарийн бичгийн дарга                                    Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/230 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Бд холбогдох 2212000000203 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 2003 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, эх, дүүгийн хамт Архангай аймгийн ... оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б.Б

 

Шүүгдэгч Б.Б нь Архангай аймгийн ... гэх газраас 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр “Sanyа” загварын улсын дугааргүй мотоцикль ашиглан хохирогч Д.Б-ын эзэмшлийн 1 тооны хонийг хулгайлж, түүнд 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Архангай аймгийн Прокурорын газраас Б.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/230 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан машин механизм ашиглан, бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 63 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Саняа маркийн мотоциклийг эзэмшигч Б.Бат-Эрдэнэд олгож, мотоциклийн үнэ болох 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1/нэг/ ширхгийг устгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолж, Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдолд: Б.Б би ам бүл гурвуулаа бөгөөд ээж н.С, дүү н.О нарын хамт амьдардаг. Миний аав С.Б нь 2022 оны 01 дүгээр сард өвчний улмаас нас барсан. Би урьд өмнө хэрэгт холбогдож байгаагүй. Би хугацаат цэргийн алба хаагаагүй. Өөрийн үйлдсэн хэргийн талаар мөрдөн байцаагч болон шүүгчид худал мэдүүлсэн. Болсон үйл явдлыг үнэн зөв бичвээс 2022 оны цагаан сарын дараахан миний хулгай хийсэн гэх Д.Б ахын эргүү төлөг нийлсэн байсан. Би тухайн үед хэний хонийг нь мэдээгүй. Мөн манай хоёр төлөг эргүүтсэн байсан. Ийм учраас би өөрийн хонинд байгаа эргүүтсэн хоёр төлгийг муулахаар н.Биндэръяа ахын хамт өөрийн хониноос нэг эргүү төлгийг гэртээ авчирч төхөөрсөн. Би мотоцикл ашиглаж Д.Б ахын хониноос хулгай хийгээгүй. Д.Б ахын хонь манай хонинд нийлээд 2-3 сар болсныг ээж н.С, хөрш ах Ч.Б, Н.П нар сайн мэднэ. Би өөрөө хууль, дүрэм сайн мэдэхгүйн улмаас байцаагчид хулгай хийсэн гэж мэдүүлсэн. Хүний хонийг өөрийн хониндоо нийлээд 2-3 сар болсныг мэдсээр байж төхөөрсөн нь миний буруу юм. Эргүүтсэн хонь болохоор нь, мөн энд тэнд гүйгээд байхаар нь гаргачихсан юм. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралд оролцох хүсэлттэй байна гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Бын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний хувьд прокурорын зарим хэлсэн зүйлтэй санал нийлж байна. Энэ хэрэг дээр шүүгдэгчийг эрүүдэн шүүсэн болон дарамталсан зүйл байхгүй талаар прокурорын хэлсэнтэй санал нийлж байна. Гэхдээ Б.Бын хувьд өөрийнх нь эрх зүйн байдал дордоно гэдгийг мэдэхгүй байсан. Хулгай хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрвөл хөнгөн шийдүүлдэг гэдэг утга агуулгаар хулгай хийсэн гэж мэдүүлсэн байдаг.  Тийм учраас энэ байдлаар мэдүүлэг өгч 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн судлаад үзэхээр тэрээр өөрийнхөө хониноос авсан байдаг. Энэ нь тийм биш юм. Харин н.Б-ын бэлчиж байгаа хонины газар болон Б.Бын бэлчиж байгаа хонины  газрууд нь өөр юм байна лээ. Б.Б нь өөрийнхөө бэлчиж байгаа хониноос очиж авсан үйл явдал нь хэрэгт тодорхой тусгагдсан. Б.Бын хувьд өөрийнхөө хонь гэж бодоод андуураад авсан үйл явдал хэрэгт тодорхой байдаг. Энэ хэргийн гэмт хэргийн зүйчлэлийг анхаарч үзэхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Миний хувьд энэ хэрэг нь гэмт хэргийн өөр төрлийн бүрэлдэхүүнтэй буюу алдуул мал ашиглах гэмт хэргийн шинжтэй байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ алдуул мал ашиглах гэмт хэргийн хохирлын хэмжээнд хүрч байгаа эсэхийг анхаарах ёстой гэж үзэж байна. Хонины үнэлгээний хувьд 180.000 төгрөг болсон бөгөөд алдуул мал ашиглах гэмт хэргийн хохирлын хувьд багаас дээш хохирол учирсан байх гэмт хэргийн шинжтэй байдаг. Энэ нөхцөл байдлуудыг шүүх бүрэлдэхүүнд анхаарч үзэж шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

  Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ.

 

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд биш хийгдсэн, дүгнэлтэд ноцтой нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Б.Б нь Архангай аймгийн ... гэх газраас 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн хонин сүрэг дотроос 1 тооны хонь авсан, уг хонь нь бусдын эзэмшлийн хонь болох нь тогтоогдсон.

 

Харин Б.Б нь уг хонийг машин механизм ашиглаж хулгайлсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй, хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээтэй байна.

 

 Тухайлбал:Б.Б нь өөрийн хонин сүрэг дотроос 1 тооны хонь тээврийн хэрэгслээр авсан болох нь гэрч Ш.Б-ийн... Б.Б гэх залуу орж ирээд надад хандаж “хамт яваад манай хониноос эргүүтсэн хоёр төлөг барьж аваад ирье” гэж гуйсан бөгөөд тухайн үед Б.Б манай хониноос 2 төлөг эргүүтчихлээ гэж ярьсан юм. Ингээд би Б.Бтай хамт 6 дугаар багийн төвийн зүүн талд байх хонин дээр нь очсон бөгөөд очих үед нэг эргүүтсэн хонь байсан гэтэл Б.Б нэг эргүүтсэн хонь байхгүй байна өдөр явж хайж олж ирж төхөөрөхөөс гэж ярьж байсан. Тэгээд Б.Б бид хоёр тэнд хонин дотор байсан нэг эргүү хонийг нь хөөж барьж аваад Б.Бын хашаанд аваачсан бөгөөд Б.Б гэрээсээ хутга гаргаж ирээд хашаандаа тухайн хонины голыг тастсан, Энэ үед нутгийн залуу болох Б.Д гэх залуу орж ирээд наад хонь чинь манай хонь байна гэхэд Б.Б танай хонь хэзээ ийм имтэй байсан юм гэхэд Б.Д манайд малаа харуулдаг эгчийн маань хонь мөн байна гэж хэлсэн. Тэгээд Б.Д тухайн хонийг аваад явсан,..гэх мэдүүлэг, гэрч Б.Д-ын...би чи яагаад манай хонийг алж байгаа юм бэ гэхэд энэ танай хонь биш биз дээ гэхээр нь би манай хонь мөн гэж хэлээд аваад гэртээ очсон гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд...Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/ , ...гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, ...гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг нотолно...гэж хуульчилжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтыг үзэхэд Б.Б нь Д.Б-ын 1 тооны хонийг хэзээ, хаанаас, яаж авсан, машин механизм ашигласан эсэхийг тогтоогоогүй, нотолж чадаагүй, энэ талаар ямар ч мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй атлаа түүнийг тээврийн хэрэгсэл ашиглан бусдын малыг хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдэж, улмаар анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Мөн гэрч Ш.Б...Б.Д манайд малаа харуулдаг эгчийн маань хонь мөн байна гэж хэлсэн...гэж мэдүүлдэг бөгөөд Б.Бын авсан хонины эзэмшигч нь хэн болохыг үнэн зөв бүрэн бодитоор тогтоогоогүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй байна.

 

Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх үндэслэлгүй, давж заалдах шатны шүүх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан ажиллагааг бүрэн хийж, нотолсон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцэх бөгөөд дээрх нөхцөл байдал үйл баримтаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эргэлзээ төрж байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Б.Бд холбогдох 2212000000203 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

 Б.Бын гомдлыг хүлээн авч хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Хэрэг давж заалдах шатны шүүхэд хянагдах явцад Б.Б нь 36 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдож байгаа шүүгдэгч Б.Быг шүүх хуралдааны танхимаас суллахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/230 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б-д холбогдох 2212000000203 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэрэг давж заалдах шатны шүүхэд хянагдах явцад Б.Б нь 36 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдож байгаа шүүгдэгч Б.Б-ыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

             

 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                 ШҮҮГЧИД                                      Т.ДАВААСҮРЭН

 

                                                                                     Н.ЭНХМАА