Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 152

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Улсын яллагч Ц.Батзориг,

Хохирогч Ц.Ш ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа,

Шүүгдэгч Д.Б ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Арааш овогт Д.Б холбогдох эрүүгийн 1726000770026 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Арааш овогт Д.Б .

Шүүгдэгч Д.Б  нь БОЭТөвд хэвтэн эмчлүүлж байхдаа 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн дотрын тасагт хэвтэн эмчлүүлж байсан хохирогч Ц:Ш  Ц.Ц  нарын толгойн тус газар сандлаар цохиж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Б  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би шөнө 23 цагийн үед эмчилгээ хийлгэсэн. Тэгээд түүнээс хойш юу болсныг мэдээгүй гэв.

Хохирогч Ц.Ш  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний бөөр өвдсөн тул аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дотрын тасагт хэвтэн эмчлүүлж байсан юм. Хэрэг гардгийн орой 23 цагийн үед сувилагч эмчилгээгээ хийчихээд манай өрөөний хаалгыг дутуу хаагаад гарсан байсан тул сувилагчийн өрөөний гэрэл манай өрөөнд тусч байсан. Тэр гэрлээр хүн орж ирсэн байх. Тэгтэл их дуу чимээ гарахаар нь би “хүний бие муудаж дээ” гээд бодож байтал гэнэт эмнэлгийн том сандал барьсан хүн манай өрөөний унтаж байсан хөгшний толгой руу 2 удаа цохьсон. Тэгэхээр нь би орилоод босоод ирсэн. Тэгсэн чинь сандлых нь нэг хөндлөн мод уначихаж байгаа харагдсан. Гэтэл орны хажууд байсан сандлыг аваад над руу дайрсан. Тэгээд намайг нэг удаа цохьсон. Дахиад цохих гээд далайхад нь би толгойгоо бариад тонгойсон чинь гар дагаад цус гоожсон. Намайг газар унатал хойно байсан 3 хүн рүү очсон. Тэгсэн чинь сахиур гээд нэг залуу энэ хүнийг барьж аваад чирж гаргасан. Миний толгойноос их цус гарсан. Маргааш өдөр нь хатсан цус ч зөндөө байсан. Би амьд үлдсэндээ баярлаж байгаа. Эмчлүүлэх гэж хэвтсэн болохоос хүнд алуулах гэж хэвтсэн биш. Эмнэлэг чинь бас аюулгүй газар биш байна лээ. Хот руу явж шинжилгээ хийлгэсэн. Цаашид ч эмчлүүлнэ. Иймд хот руу явсан унааны зардал болон эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Энэ хүнийг шоронд явуулаад яах вээ дээ гэв.

Хохирогч Ц.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би эмнэлгийн дотрын тасгийн 207 тоот өрөөнд хэвтэн эмчлүүлж байгаа юм. Би унтах гээд орондоо ороод хэвтэж байсан. Яг унтах гээд байж байтал шөнийн 12 цаг болж байсан байх, өрөөний хаалга онгорхой, гэрлээ унтраачихсан, коридорын гэрэл өрөөнд тусаж байсан. Нэг хүн орж ирээд сандлаар миний толгой руу 2 удаа цохисон. Нэг газар 2 удаа цохисон. Би толгойгоо барьтал толгойноос цус гарсан гарын салаагаар урсаад байсан. Нөгөө хүн тэнд хэвтэж байсан нэг хүнийг мөн сандлаар цохиод байгаа харагдсан. Тэгтэл эмч, сувилагч нар орж ирээд тэр хүн бид хоёр дээр ирээд толгой боож цус тогтоож өгсөн. Толгойн орой хэсэгт язарч оёдол тавиулсан. Өөр гэмтэл байхгүй. Толгой дүүрээд, манараад, нүд бүрхээд харанхуйлаад байна. Би тэр хүнийг огт танихгүй. Нэг мэдэхэд л тэр хүнийг өрөөнөөс гаргачихсан байсан. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/,

 

Хохирогч Ц.Ш ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тухайн үед би эмнэлгийн дотрын тасгийн 207 тоот өрөөнд хэвтэн эмчлүүлж байгаа юм. Шөнө 12 цагийн тариа хийлгэчихээд унтах гээд хэвтэж байсан чинь үүдээр сандал барьчихсан нэг залуу орж ирээд үүдний орон дээр хэвтэж байсан нэг хөгшний толгой руу 2 удаа цохьсон чинь барьж байсан сандлых нь хөндөл нь салаад ойчсон чинь орны хажууд байсан модон сандлыг аваад шууд над руу дайраад миний толгой руу 2 удаа цохьсон чинь миний толгойноос их цус гоожсон. Түүнээс хойш болсон явдлыг бол санахгүй байна. Тэгээд өөрийнхөө нэг жижиг цагаан алчуураар цусаа тогтоох гээд дарсан боловч цус тогтохгүй байсан. Тэгээд л удалгүй эмч, сувилагч нар оёдол тавьж миний цусыг тогтоосон. Тэр хүн намайг ямар шалтгаанаар зодсныг мэдэхгүй, би тэр хүнийг танихгүй. Миний толгой өвдөж байна. Би гомдолтой байна. Толгойндоо цохиулсан болохоор айж байна. Одоохондоо гайгүй байгаа боловч цаашдаа ямар ч болохыг сайн мэдэхгүй байна. Толгойдоо цохиулснаас хойш сэтгэл санаа тайван биш хэцүү байна. Би одоо хот руу явж нарийн шинжилгээ өгмөөр байна. Цаашид эмчилгээтэй холбогдон гарах зардлыг нэхэмжлэх болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 хуудас/,

Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр яаралтай тусламжийн хүлээн авах дээр гарч байсан юм. 2017 оны 09 дүгээр сарын 01-ний 01 цагийн орчим хоёр давхарт эмэгтэй хүн орилохоор нь би гараад очтол тэнд байсан хүмүүс бужигналдаад цагдаа дуудаарай гээд орилохоор нь би нэг давхар руу бууж утсаа аваад цагдаа дуудсан. Тэгээд буцаад 2 давхар руу гарахад өрөөний номерийг нь сайн санахгүй байна дотрын тасгийн нэг өрөөнд хэвтэж байсан 5-6 хүний 2 настай хүний толгой нь хагараад нилээд их цус болчихсон мэс заслын тасгийн нэг сувилагч, дотрын тасгийн сувилагч нар цусыг нь тогтоогоод дарчихсан байсан. Тэгээд мэс заслын Д эмч, хагалгааны сувилагч Жаргал хоёрыг дуудаад оёдол тавиулсан. Тэгээд байж байтал цагдаа нар хүрээд ирэхээр нь би цагдаад зааж өгөхөд Д.Б ыг чих, хамар, хоолойн тасагт манай эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Мөнхнасан дараад байж байсан. Д.Б  нь дэмийрээд байгаа бололтой янз бүрийн юм яриад байсан. Тэгээд тэндээс шууд аваад Сэтгэцийн тасагт шилжүүлэн хэвтүүлсэн. Нарийн болсон явдлыг сайн мэдэхгүй байна. Ээлжинд гарч байсан дотрын тасгийн сувилагч нар л сайн харсан байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/,

Гэрч Д.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 31-нээс 2017 оны 09 дүгээр сарын 01-нийг шилжих шөнө би сэхээний тасагт жижүүртэй байсан юм. Тэгтэл 01 цагийн үед 2 давхарт хүмүүс орилолдоод байхаар нь би гараад очтол дотрын тасагт Д.Б  нь эмнэлгийн цагаан модон сандал барьчихсан түүнийг нь нэг хүн сахиж байсан сахиур залуу хорьчихсон зогсож байсан. Д.Б  нь 207 тоот өрөөнд хэвтэж байсан 2 хүний толгойг сандлаар цохиж хагалсан байсан. Би ээлжний сувилагч нарт толгойгоо хагалуулсан хүмүүст арга хэмжээ авахыг хэлээд Д.Б ын хэвтэн эмчлүүлж байсан нүүр, чих, хамар, хоолойн нүүрний мэс заслын тасагт авч ирж байлгасан. Тухайн үед Д.Б  нь манай талын бөө энэ тэр гээд дэмий яриад байсан. Удалгүй цагдаа нар ирэхээр нь Сэтгэцийн тасагт шилжүүлж унтуулах тарианууд хийж унтуулсан. Д.Б  нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр нүдний оношоор хэвтэн эмчлүүлж байсан. Нийт 4 хүнийг сандлаар цохиж зодсон байсан. Үүнээс хоёр хөгшний толгой хагарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/,

Гэрч Ч.Х-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би тухайн өдөр дотрын тасгийн жижүүрийн сувилагчийн ажилтай байсан ба 23 цаг 20 минутанд бүх өрөөнүүдээ эргэхэд бүгд унтаж байсан. Ингээд би 23 цаг 55 минутанд өвчтнүүддээ тариаг нь хийж эхэлсэн ба 207 дугаартай зодуулсан хүмүүсийн өрөөнд 00 цагийн үед орж тариаг нь мөн хийсэн. Эргэж гарч ирээд тарианыхаа өрөөнд ороод хог хаягдлаа устгасан. Энэ хооронд л хүмүүс орилоод эхэлсэн ба би гараад хартал 207 тоот өрөөнд хүмүүс орилоод байсан тул яваад очтол өрөөний шалан нилээд цус болчихсон тухайн өрөөнд хүн хэвтэж байсан ба хаалганы баруун талын орон дээр хэвтэж байсан Ц.Ц  гуайг эхлээд цохингуут Ц.Ш  гуай баруун талын хананы дэргэд байх орон дээрээсээ босч иртэл сандлаараа цохьсон юм байна лээ. Тэр хоёр босоод Ш  гуайн араар гүйгээд нэг их сүртэй цохиулаагүй юм шиг байсан. Ингээд тухайн өрөөнд Ц.Ц  эгч болон Ш  нарын толгойны орой хэсгээр нь хагарч оёо тавиулсан байсан. Ингээд би 201 дугаартай өрөөний сахиулыг дуудаад бариулж байтал Мөнхнасан эмч, жижүүр эмч нар орж ирээд тухайн хүнийг аваад явсан. Би тасагтаа үлдээд шалан дээр асгарсан цусыг цэвэрлэж гэмтсэн хүмүүст тусламж үзүүлсэн. Тухайн өдөр манай тасгийн иргэдтэй уулздаг, өвчтөнүүдээ оруулж гаргадаг хаалга цоожтой байсан. Харин чих, хамар, хоолой, нүдний тасаг манай тасаг хоёрын орж гардаг хаалга онгорхой байсан. Тухайн хаалгыг чих, хамар, хоолой, нүдний тасаг өөрсдөө хариуцаж цоожлох ёстой ба түлхүүр нь ч гэсэн тэдний тасгийнханд байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/,

Гэрч Б.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тухайн өдөр би 17 цагт ээлжээ хүлээж авсан. Ингээд нөгөө ээлжийн сувилагчтайгаа платаа /өрөө/ хүлээлцээд авж байтал 206 дугаартай өрөөнд өдөр 15 цагт хэвтсэн гэсэн Д.Б  гэж хүн өрөөндөө настай хүн 1, хүүхдээ харж байсан нэг залуу ингээд нийт 4-үүлээ хэвтэж байсан. 17 цагт орж ирээд дусаалгаа дусаалгасан. Дараа нь 22 цаг 40 минутын орчим орж ирээд нүдний дусаалгаа дусаалгаад үүнээс хойш 5 орчим минутын дараа тос нүдэнд нь хавчуулж өгсөн юм. Тэгээд өрөөндөө үлдсэн. Хаалга нь дэлгээтэй гэрэл нь унтраастай байсан болохоор унтаж байгаа юм байна гэж бодоод өрөөндөө байж байтал гэнэт 23 цаг 40 минутын орчим хүмүүс чанга чанга дуугараад байхаар нь өрөөнөөсөө гараад хартал 206 тоот өрөөнд хүмүүс яриад байх шиг байхаар нь үүдэнд нь яваад очтол өрөө нь онгорхой, гэрэл нь унтраастай, хэвээрээ байсан ба гэнэт өөдөөс тэр Д.Б  гэж хүн цагаан өнгийн сандал бариад миний араас хөөгөөд эхэлсэн. Тэгээд би зугтаад зүүн хойд талд байсан 208 дугаартай өрөөнд ороод цаагуураа дамжаад 209 дугаарын өрөөнд ороод тэнд хэвтэж байсан эмэгтэйн утсаар 103 руу залгатал утсаараа яриад байсан. Тэгэхээр нь би гараад иртэл хажуу талын дотрын тасагт хүмүүс орилолдоод газар нь бөөн цус нөж болчихсон, хоёр настай эмэгтэй хүний толгойг хагалчихсан байсан. Би тэр 209 дугаарын өрөөнд айгаад 2 минут орчим л байсан. Д.Б  нь нүдний эвэрлэгийн үрэвсэл өвчний оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан. Д.Б ын хэвтэж байсан өрөөнд гэрэл унтраахаар дотоод сүлжээний улаан гэрэл анивчдаг юм. Тэр гэрэл нь нөлөөлсөн байх, хэрэг болсны дараахан Д.Б тай Мөнхнасан эмч ярилцахад Д.Б  нь 4 бөө цонхоор орж ирсэн, морьтой хүн хана дээгүүр яваад байсан гээд өөрийнхөө ор руу заагаад манай тал энэ байгаа юм гээд хана руу заагаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 хуудас/,

Гэрч Д.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Д.Б  нь эхээс долуулаа бөгөөд дээрээ 3 ах, 2 эгчтэй, 1 дүүтэй. Эхнэр, хүүхэдгүй, надтай л амьдарч байгаа. Амьдралын хувьд тааруу, ажилгүй, боловсролгүй, сэргэжилгүй. Сүүлийн 20 шахуу жил арх ууж байгаа бөгөөд архи уухаараа янз бүрийн зан араншин гаргаад байдаггүй юм. 4-5 жилийн өмнө гадаа өвөл гудманд хэвтэж байгаад хөлийнхөө хуруунуудыг хөлдөөсөн бөгөөд түүнээс хойш их ууртай болсон. Өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/,

Гэрч Ё.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Миний бие ходоод өвдөөд 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс БОЭТөвд хүргэгдэн ирж эмчлүүлж байсан бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 31-нээс 2017 оны 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 00 цагийн тариагаа хийлгэчихээд өрөөндөө байж байтал гаднаас нэг үл таних 40 орчим насны эрэгтэй хүн гэнэт цагаан өнгийн модон сандал барьж орилж орж ирээд эхлээд Ц.Ц  эгчийг толгойн тус газар нь 2 удаа сандлаараа цохьсон, үүний дараа Ш  гэж настай эгчийг 2-3 удаа мөн толгойн тус газар нь сандлаараа цохьсон юм. Цонхон талын орон дээр Хулан бид хоёр юм яриад сууж байтал нөгөө хүн бид хоёрыг сандлаараа нуруу хэсэг рүү хальт шүргэх шахуу л өнгөрсөн. Ц.Ц, Ц.Ш  эгч нарын толгойноос нилээд их цус гарч толгой нь хагарсан ба эмч нар ирээд оёдол тавьсан. ...Д.Б  нь Ц.Ц, Ц.Ш  нарыг сандлаар толгойн тус газар тус бүр 2-3 удаа цохьсон. Хулан бид хоёрыг нуруу хэсэг рүү сандлаараа хальт шүргээд гарсан. Тухайн үед бид нарын хэвтэн эмчлүүлж байсан өрөө нь дотрын тасгийн 206 дугаарай өрөө байсан. Бид нар өрөөндөө нийт 5-уулаа хэвтэн эмчлүүлж байсан ба нэг эмэгтэй нь тухайн үед гараад явчихсан байсан. Өрөөний хаалгаа цоожилдоггүй юм. ...Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ..Миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй, зовиур шаналал алга байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 хуудас/,

Гэрч С.Ж-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Миний бие тухайн өдөр 00 цагийн орчим хагалгааны тасгийн амралтын өрөөнд З.ДондолЦ  эмчийн хамт байж байтал намайг дотрын тасагт ороод ир гэж байна гээд мэс заслын үйлчлэгч дуудсан. Тэгтэл 103-аас ДондолЦ  эмчийг бас дотрын тасагт дуудаад бид хоёр хамт дотрын тасгийн хойд талын булангийн том орөөнд яваад очтол тус өрөөний шалаар нилээд цус гоожсон байдалтай, хүмүүс нь орилолдоод сандарчихсан байсан. Тэгээд өрөөний хаалгаар ороод баруун гар талд нь 70 орчим насны эмэгтэй хүний толгойны баруун дээд хэсэгтээ 5-6 см орчим хагарсан байсан ба 6 оёдол тавьсан. Нөгөө хүн нь 60 гаран насны хүн байсан ба өрөөний хаалгаар ороод чигээрээ байх орон дээр орилсон байдалтай толгой нь 3-4 см хэмжээтэй хагарчихсан байсныг 4 оёдол тавьсан. Тухайн үед баахан орилсон сандарсан хүмүүс л байсан. Тухайн өрөөнд 4-5 хүн хэвтэж байсан байх. Бусад хүмүүс нь бас бага зэрэг цохиулсан юм шиг байсан. Гэхдээ тийм сүртэй гэмтэл бэртэл авсан нь харагдаагүй. Тухайн үед Д.Б  гэж хүнийг сэтгэц рүү шилжүүлээд хэвтүүлсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/,

 Гэрч З.ДондолЦ гийн мөрдөн байцааланд өгсөн: “...Миний бие тухайн өдөр мэс засал, чих, нүд, хамар, хоолой, гэмтэл, хавдар, хөнгөвчлөх зэрэг нийт 5 тасгийг хариуцан жижүүрийн эмчээр хоносон. Гэмтэл, мэс, хөнгөвчлөх, хавдар зэрэг тасаг нь 4 давхарт нэг доор байдаг тул орой 18 цагийн орчим тойрч шалгачихаад нүд, чих, хамар, хоолойн тасгийн сувилагчаас нь асуутал манай тасаг гайгүй байгаа гэж хэлсэн. Ингээд хүлээн авах дээр байж байгаад дээшээ 3 давхар руу мэс заслын сувилагч Жаргалтай хамт хагалгааны тасгийн амрах өрөөнд унтах гээд байж байтал 00 цагийн орчим 103-аас утасдаад яаралтай дотрын тасаг руу буугаад ир гэхээр нь буугаад очтол 206 дугаартай платанд шалаар нь баахан цус болчихсон, энд тэнд айж сандарсан хүмүүс байсан ба нэг настай эмэгтэй платныхаа үүдний хажуу орон дээр суучихсан толгойноос нь цус гарсан байдалтай алчуураар дарчихсан, толгой нь 5-6 см зүсэгдсэн шархтай байсан. Үүний урд, өрөөний гол хэсэгт бас нэг настай эмэгтэй мөн л толгойныхоо баруун дээд хэсэгт нь 3-4 см хэмжээтэй хагарчихсан цус гоожиж байсан. Тухайн өрөөнд 4-5 хүн байсан. Яг хэдэн хүн байсан гэдгийг нь санахгүй байна. Бас хоёр охин ямар нэг сүйдтэй гэмтээгүй байсан ба дух нь жаахан хавдсан байх шиг байсан. Тэр хоёр настай эмэгтэйд толгойн хэсэгт нь оёдол тавьсан. Д.Б  2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн үдээс хойш нүдний эвэрлэгийн үрэвсэл гэсэн оноштойгоор ирж хэвтсэн байсан. Ингээд платных нь хүнээс асуухад Д.Б  нь орой гэрэл унтраасны дараа өрөөндөө янз бүрийн юм яриад, эд зүйл авч шидээд байсан гэж хэлсэн. Тухайн хүнийг хэрэг болдог шөнө 01 цагийн орчим “Сэтгэц нарколог”-ийн тасагт шилжүүлэн хэвтүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/,

Шинжээч Э.Оюунбатын мөрдөн бацйаалтанд өгсөн: “...Дээрх хоёр нь хоёулаа Д.Б ын хэрэг үйлдэх үедээ илэрсэн онош юм. Архины шалтгаант сэтгэц зан үйлийн эмгэгтэй /архины солиорол/ гэсэн онош юм. Архины шалтгаант хий үзэгдлийн хам шинж гэдэг нь хам шинжийн онош. Энэ хоёр онош нь хоёр төрлийн өвчин биш бөгөөд Д.Б ыг архины солиоролтой гэснийг л заасан онош юм. Нэг үгээр хэлбэл хам шинж нь үндсэн оношоо бүрдүүлдэг юм. Б  нь архинд донтох өвчний гурав дугаар зэрэгт хамаарах бөгөөд энэ нь хүнд өвчин юм. Д.Б  нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө сэтгэцийн эмчийн хяналтанд байгаагүй юм. ...Өвчин хөдөлсөн үедээ өөртөө болон бусдад ямар ч хэмжээний хор, аюул учруулж болно. Энэ өвчин хөдөлсөн үедээ Д.Б  нь ямар ч оюун чадамжгүй, өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байна. Д.Б  нь архи уухаа завсарлаад 3-5 хоногийн дотор энэ өвчин нь хөдлөл өгч өөртөө болон бусдад аюултай үйлдэл хийх боломжтой. Д.Б  нь 2017 оны 08 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд архи ууж байгаад 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр нүд нь өвдөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. ...Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх бүрэн боломжтой. Д.Б  нь сэтгэцийн эмчийн хяналтанд удаан хугацаагаар эмчлэгдэх шаардлагатай. Хэрэв эмчилгээ хийлгэхгүй бол дахин гэмт хэрэг үйлдэх өндөр магадлалтай юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 344 дугаартай шинжээчийн: “Ц.Ц-н биед толгойн баруун дээд хэсэгт мэс заслын оёдол бүхий шарх, гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 31/,

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 345 дугаартай шинжээчийн: “Ц.Ш ын биед толгойн зулайн дунд хэсэгт мэс заслын оёдол бүхий шарх, гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 35/,

Сэтгэцийн шинжээч эмчийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 21 дугаартай: “Үзүүлэгч Д.Б  нь хэрэг үйлдэхийн өмнө архины шалтаант хий үзэгдэл дэмийрлийн хам шинж өвчнөөр БОЭТөвийн сэтгэц наркологийн тасагт эмчлүүлж байсан. Одоогийн сэтгэцэд хурц сэтгэцийн эмгэг илрэлгүй байна. Үзүүлэгч Д.Б  нь гэмт хэрэг үйлдэгдэх үед архины шалтгаант сэтгэц зан үйлийн эмгэгтэй байсан ба хөдлөлтэй үедээ сэтгэц наркологийн тасагт эмчлэгдэж байсан. Үзүүлэгч Д.Б  нь одоогийн үзлэгт болсон зүйлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Үзүүлэгч Д.Б  нь архины шалтгаант сэтгэц зан үйлийн эмгэгтэй, хий үзэгдэлийн дэмийрлийн хам шинж хөдөлсөн үедээ өөрийгөө удирдах чадваргүй болох тул хэрэг хариуцах чадваргүй гэж дүгнэж байна. Цаашид сэтгэц наркологийн эмчийн хяналтан дор удаан хугацаагаар эмчлэгдэх шаардлагатай..” гэсэн дүгнэлт /хх-ийн 49/,

Шүүгдэгч Д.Б ын өвчний түүх /хх-ийн 62-72/,

Шүүгдэгч Д.Б ын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар /хх-82/, ял шалгуулах хуудас /хх-83/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-95/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-96/,

 

Хохирогч Ц.Ц гийн шүүхэд ирүүлсэн “Ц.Ц  миний бие Д.Б т холбогдох хэрэгт хохирогчоор тогтоогдсон. Хохиролд 455000 төгрөг авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул надгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт зэрэг болно.

Шүүгдэгч Д.Б  нь БОЭТөвд хэвтэн эмчлүүлж байхдаа 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн дотрын тасагт хэвтэн эмчлүүлж байсан хохирогч Ц.Ш  Ц.Ц  нарын толгойн тус газар сандлаар цохиж 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ц.Ц-н “...Нэг хүн орж ирээд сандлаар миний толгой руу 2 удаа цохисон. Нэг газар 2 удаа цохисон. Би толгойгоо барьтал толгойноос цус гарсан гарын салаагаар урсаад байсан. Нөгөө хүн тэнд хэвтэж байсан нэг хүнийг мөн сандлаар цохиод байгаа харагдсан. Тэгтэл эмч, сувилагч нар орж ирээд тэр хүн бид хоёр дээр ирээд толгой боож цус тогтоож өгсөн..” /хх-ийн 8-9/, хохирогч Ц.Ш ын “...Шөнө 12 цагийн тариа хийлгэчихээд унтах гээд хэвтэж байсан чинь үүдээр сандал барьчихсан нэг залуу орж ирээд үүдний орон дээр хэвтэж байсан нэг хөгшний толгой руу 2 удаа цохьсон чинь барьж байсан сандлых нь хөндөл нь салаад ойчсон чинь орны хажууд байсан модон сандлыг аваад шууд над руу дайраад миний толгой руу 2 удаа цохьсон. Миний толгойноос их цус гойжсон. Түүнээс хойш болсон явдлыг бол санахгүй байна. Тэгээд өөрийнхөө нэг жижиг цагаан алчуураар цусаа тогтоох гээд дарсан боловч цус тогтохгүй байсан. Тэгээд л удалгүй эмч, сувилагч нар оёдол тавьж миний цусыг тогтоосон...” /хх-ийн 12-13/, гэрч Б.Батдолгорын “...2 настай хүний толгой нь хагараад нилээд их цус болчихсон мэс заслын тасгийн нэг сувилагч, дотрын тасгийн сувилагч нар цусыг нь тогтоогоод дарчихсан байсан. Тэгээд мэс заслын ДондолЦ  эмч, хагалгааны сувилагч Жаргал хоёрыг дуудаад оёдол тавиулсан. Тэгээд байж байтал цагдаа нар хүрээд ирэхээр нь би цагдаад зааж өгөхөд Д.Б ыг чих, хамар, хоолойн тасагт манай эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Мөнхнасан дараад байж байсан. Д.Б  нь дэмийрээд байгаа бололтой янз бүрийн юм яриад байсан. Тэгээд тэндээс шууд аваад Сэтгэцийн тасагт шилжүүлэн хэвтүүлсэн...” /хх-ийн 14/, гэрч Д.Мөнхнасангийн “...Д.Б  нь эмнэлгийн цагаан модон сандал барьчихсан түүнийг нь нэг хүн сахиж байсан сахиур залуу хорьчихсон зогсож байсан. Д.Б  нь 207 тоот өрөөнд хэвтэж байсан 2 хүний толгойг сандлаар цохиж хагалсан байсан. Тухайн үед Д.Б  нь манай талын бөө энэ тэр гээд дэмий яриад байсан. Удалгүй цагдаа нар ирэхээр нь Сэтгэцийн тасагт шилжүүлж унтуулах тарианууд хийж унтуулсан...” /хх-ийн 15-16/, гэрч Б.Түмэннастын “...23 цаг 40 минутын орчим хүмүүс чанга чанга дуугараад байхаар нь өрөөнөөсөө гараад хартал 206 тоот өрөөнд хүүүс яриад байх шиг байхаар нь үүдэнд нь яваад очтол өрөө нь онгорхой, гэрэл нь унтраастай, хэвээрээ байсан ба гэнэт өөдөөс тэр .Д.Б  гэж хүн цагаан өнгийн сандал бариад миний араас хөөгөөд эхэлсэн. Тэгээд би зугтаад зүүн хойд талд байсан 208 дугаартай өрөөнд ороод цаагуураа дамжаад 209 дугаарын өрөөнд ороод тэнд хэвтэж байсан эмэгтэйн утсаар 103 руу залгатал утсаараа яриад байсан. Тэгэхээр нь би гараад иртэл хажуу талын дотрын тасагт хүмүүс орилолдоод газар нь бөөн цус нөж болчихсон, хоёр настай эмэгтэй хүний толгойг хагалчихсан байсан...” /хх-ийн 19-20/, гэрч Ё.Н-н “...2017 оны 08 дугаар сарын 31-нээс 2017 оны 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 00 цагийн тариагаа хийлгэчихээд өрөөндөө байж байтал гаднаас нэг үл таних 40 орчим насны эрэгтэй хүн гэнэт цагаан өнгийн модон сандал барьж орилж орж ирээд эхлээд Ц.Ц  эгчийг толгойн тус газар нь 2 удаа сандлаараа цохьсон, үүний дараа Ш  гэж настай эгчийг 2-3 удаа мөн толгойн тус газар нь сандлаараа цохьсон юм. Ц.Ц , Ц.Ш  эгч нарын толгойноос нилээд их цус гарч толгой нь хагарсан ба эмч нар ирээд оёдол тавьсан...” /хх-ийн 24-25/, гэрч С.Жаргалын “...Миний бие тухайн өдөр 00 цагийн орчим хагалгааны тасгийн амралтын өрөөнд З.Дондол Ц  эмчийн хамт байж байтал намайг дотрын тасагт ороод ир гэж байна гээд мэс заслын үйлчлэгч дуудсан. Тэгтэл 103-аас ДондолЦ  эмчийг бас дотрын тасагт дуудаад бид хоёр хамт дотрын тасгийн хойд талын булангийн том орөөнд яваад очтол тус өрөөний шалаар нилээд цус гоожсон байдалтай, хүмүүс нь орилолдоод сандарчихсан байсан. Тэгээд өрөөний хаалгаар ороод баруун гар талд нь 70 орчим насны эмэгтэй хүний толгойны баруун дээд хэсэгтээ 5-6 см орчим хагарсан байсан ба 6 оёдол тавьсан. Нөгөө хүн нь 60 гаран насны хүн байсан ба өрөөний хаалгаар ороод чигээрээ байх орон дээр орилсон байдалтай толгой нь 3-4 см хэмжээтэй хагарчихсан байсныг 4 оёдол тавьсан...” /хх-ийн 26/, гэрч З.ДондолЦ гийн “...00 цагийн орчим 103-аас утасдаад яаралтай дотрын тасаг руу буугаад ир гэхээр нь буугаад очтол 206 дугаартай платанд шалаар нь баахан цус болчихсон, энд тэнд айж сандарсан хүмүүс байсан ба нэг настай эмэгтэй платныхаа үүдний хажуу орон дээр суучихсан толгойноос нь цус гарсан байдалтай алчуураар дарчихсан, толгой нь 5-6 см зүсэгдсэн шархтай байсан. Үүний урд, өрөөний гол хэсэгт бас нэг настай эмэгтэй мөн л толгойныхоо баруун дээд хэсэгт нь 3-4 см хэмжээтэй хагарчихсан цус гоожиж байсан. Тэр хоёр настай эмэгтэйд толгойн хэсэгт нь оёдол тавьсан. Д.Б ын платных нь хүнээс асуухад Д.Б  нь орой гэрэл унтраасны дараа өрөөндөө янз бүрийн юм яриад, эд зүйл авч шидээд байсан гэж хэлсэн. Тухайн хүнийг хэрэг болдог шөнө 01 цагийн орчим “Сэтгэц нарколог”-ийн тасагт шилжүүлэн хэвтүүлсэн...” /хх-ийн 28-29/ гэсэн мэдүүлгүүд, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 344, 345 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 31, 35/, Сэтгэцийн шинжээч эмчийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 21 дугаартай дүгнэлт /хх-ийн 49/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Арааш овгийн Д.Б т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Б  нь хэрэг хариуцах чадваргүй болох нь Сэтгэцийн шинжээч эмчийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 21 дугаартай:дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Б т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар донтох зуршлын эсрэг эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б т авсан донтох зуршлын эсрэг эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Донтох эмгэгийн клиникт 6 сарын хугацаагаар хэрэглэхээр тогтоох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсны улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс уг албадлагын арга хэмэээг зогсоох тухай шийдвэр гаргах болохыг,

Шүүгдэгч Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Ц д 455000 төгрөг төлсөн, хохирогч Ц.Ц д төлөх төлбөргүй, хохирогч Ц.Ц  нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Б т авсан донтох зуршлын эсрэг эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн прокурорын газарт даалгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Н.Хүрэлбаатараас 520600 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Ш т олгож,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний хариуцагч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гарах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 6, 7, 8, 9, 19.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, 19.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Арааш овгийн Д.Б ыг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Арааш овгийн Д.Б т донтох зуршлын эсрэг эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б т хэрэглэсэн донтох зуршлын эсрэг эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Донтох эмгэгийн клиникт 6 сарын хугацаагаар хэрэглэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсны улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс уг албадлагын арга хэмэээг зогсоох тухай шийдвэр гаргах болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б т авсан донтох зуршлын эсрэг эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн прокурорын газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар иргэний хариуцагч Н.Х-с 520600 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Ш т олгосугай.

7. Шүүгдэгч Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Ц д 455000 төгрөг төлсөн, хохирогч Ц.Ц д төлөх төлбөргүй, хохирогч Ц.Ц  нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний хариуцагч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Д.ЦЭЦЭГЭЭ