Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/934

 

 

 

 

 

 

 

 

Ц.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Алдар, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Энхбаатар,

шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Ж.Оюунболд, М.Дэлгэрнасан,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/603 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Ж.Оюунболд, М.Дэлгэрнасан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.О-д холбогдох 1902000000305 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

............ овгийн Ц.О, ..... оны  .... дугаар сарын .....-ний өдөр ...................... төрсөн, ...... настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийтийн хоолны технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт ........................... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ...................................../;

 

Ц.О нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар худалдаалахыг зохион байгуулж, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар сургуулийн баруун талд байрлах 38 дугаар байрны 1 дүгээр орцны 4 давхарт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай шавар нэршилтэй нийт 49.76 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдах зорилгоор хууль бусаар хадгалж, мөн өдрөө уг бодисоо Ё.Х гэгчид 5.000.0000 төгрөгөөр худалдаалж, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар сургуулийн орчмын гадна мөнгийг бэлнээр шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Ц.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ц.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар худалдаалахыг зохион байгуулж, дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” нэршилтэй нийт 49.76 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, худалдсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн хэргээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” нэршилтэй нийт 49.76 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, худалдсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оын цагдан хоригдсон нийт 80 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Ц.Од давхардуулан авсан хувийн баталгаа гаргах тухай, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Оаас 5.000.000 төгрөг гаргуулан улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Ц.Оыг шилжүүлэн авах ажиллагааны дүрс бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Оын Е-2233137 дугаартай гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Оын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 17.665.332 төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Миний бие олон жил Польш улсад ажиллаж, амьдарч байгаад 2015 онд эх орондоо ирж, охиндоо “Гуаша салон” нээж, төвхнөтөл нь хамт ажиллаж байгаад 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр буцах гээд тийзээ авсан байсан. Энэ тухай гадаадад байдаг танил мэдээд надтай холбогдсон. 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ярьж “Анхаа гэдэг хүнээс мөнгө авчирч өгөөч” гэсэн. Гуйлтын дагуу туслах зорилгоор зөвшөөрч ажиллаж буй салоныг зааж өгснөөр 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Анхаа гэх залуу ууттай мөнгө авчирч өгснийг үйлчлүүлэгч ихтэй, хүнд массаж хийж өгч байсан учраас үзэлгүй шууд авч ороод массажаа үргэлжлүүлэн хийсэн. 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гэнэт нохойтой цагдаа нар гэрт нэвтэрч үзлэг хийсэн. 7 сая төгрөгийн талаар тодруулахад нь болсон бүхнээ үнэн зөвөөр мэдүүлж, 5 сая төгрөгийг гадаадад байгаа хүний гуйлтаар Анхаа гэгч залуу дайхаар авчирсан, 2 сая төгрөг нь салоны орлого болох тухай тайлбар өгсөн. Тухайн үед юуны мөнгийг мэдэхгүй, туслах гэж дайсан мөнгийг авсан байтал гэмт хэрэгтэн болгож, ажил амьдралаар минь хохироосонд гомдолтой байна. Хэргийг шалгах явцад намайг гүтгэж, таван өөр мэдүүлэг өгсөн, үл таних Хулан гэх эрэгтэй надаас уучлал хүсэж байсан тул бодит байдал нь тогтоогдоно гэж бодож байтал гэм буруутай гэж үзсэнд гомдолтой байна. Шалгах үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны 38 дугаар байранд “Шавар” нэршилтэй зүйл тавьсан гэх мөрдлөгөөр тус газрын камерын үзлэгт намайг байсан гэх нотолгоо байхгүй. Хулан гэх эрэгтэй бид хоёрын гар утсыг шалгахад холбогдсон нотлох зүйл байхгүй байхад энэ хэрэгт намайг оролцоотой мэтээр дүгнэж, ял оногдуулсанд хяналт тавьж өгнө үү. Учир мэдэхгүй, хэрэгт холбогдсон, удаа дараа гэрчээр дуудагдаж байх үедээ дайвар авчрахыг гуйсан хүнээс тодруулахад “Анхаа гэдэг хүн надад өртэй байснаа өгье” гэсэн гэж тайлбарласан. Гэтэл энэ Хулан гэх эрэгтэй ямар учраас намайг гүтгэх болсон, энэ мөнгийг надад авчирч өгөх ёстой хүмүүсийн холбоо юу байсан зэргийг бүрэн тогтоолгүй шүүхээр эцэслэн шийдвэрлэж, ямар ч гэмт хэргийн санаа, сэдэл, зорилгогүй надад ял оноох болов гэдэгт дүгнэлт хийж, гэмт хэрэгтнүүдийг нь олж тогтоож, бодит байдлыг тал бүрээс нь нарийвчлан шалгаж, эрүү шүүлтийн хэлбэр болох худал мэдүүлгээр ял тулгаад, эрхийг минь зөрчөөд байгаад хяналт тавьж, шударга ёсны зарчимд нийцүүлэн иргэн бүр хуулийн өмнө эрх тэгш байхаар шийдвэрлэж, хийж үйлдээгүй хэргийг цагаатган, хувийн байдлыг минь дээрдүүлж өгнө үү. 2018 онд уг Хулан гэх эрэгтэй, Анхням гэх залуутай телеграм, WhatsUp-аар холбогдож, авснаа хүлээж, мэдүүлэг өгсөн тул би цагаадаж, хэрэгсэхгүй болгосон байсныг дахин сэргээж, “Интерпол”-оор зарлаж, нэр төрийг минь гутаан, яллагдагчаар татаж шүүхээс ял оноосон нь шударга бус, хуулийг гуйвуулан ашиглаж, яллах талыг баримталж байгаад хяналт хийж, алдагдсан эрхийг минь сэргээж, энэ хэргийн гэм буруутай хүнийг олж тогтоож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Ц.Оын өмгөөлөгч Ж.Оюунболд, М.Дэлгэрнасан нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Ж.Оюунболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байх тул энэхүү гомдлыг гаргаж байна.

Шүүхээс Ц.Оын гэм бурууг нотлох баримтад тооцсон баримтууд нь “хэрэгт ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэхэд, Ц.Оыг гэм буруутайд тооцоход хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлэх” тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг зөрчсөн. Үүнд; гэрч, сэжигтэн, яллагдагч нарын өгсөн мэдүүлгүүдийг үнэлсэн тухайд, гэрч S.P.J, Б.Б, Д.Д, Б.Ж нар болон сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг өгсөн Б.З, Б.Насанбуян, Н.Мөнхбаяр нар мэдүүлэгтээ Ц.Отай ямар нэгэн байдлаар харилцаа холбоо байхгүй, харж байгаагүй, таньдаггүй гэдгийг бүгд мэдүүлжээ. Харин Ё.Хгаас дельта-9 тетрагидрбканнабинолын агууламжтай “шавар” нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг авч хэрэглэсэн гэдгийг л нотолжээ. Ё.Хгийн үл мэдэгдэх хэн нэгнээс худалдаж авсан бодисыг хамт нийлж хэрэглэсэн гэх хүмүүсийн мэдүүлгүүдийг Ц.Оыг буруутгах гол нотлох баримт болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэсэн заалтыг шүүх зөрчсөн. Ё.Х гэгч сэжигтэн, яллагдагчаар хэд хэдэн удаа өөр өөр мэдүүлэг өгсний дотор хэн нэгэн эрэгтэй хүнтэй холбоо тогтоож, түүний хадгалсан гэх бодисыг заалгаж авсан гэсэн агуулга бүхий мэдүүлэг байсаар байтал анхаарахгүй орхигдуулж, Ц.Оыг гэм буруутайд тооцох нотолгоо болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн нь шийтгэх тогтоол хүчингүй болох нэг үндэслэл болно.

Ё.Хгийн мэдүүлгүүдийг дурдвал, 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Ё.Х сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “...Телеграм цэсээр нөгөө шавар зардаг хүний утасны дугаараар холбогдтол Ц.Оын байгаа газрыг зааж өгөөд, мөнгөө өгчих гэсэн. Ц.О надаас 5.000.000 төгрөг аваад орсон. Ямар нэгэн юм яриагүй. Буцаж явахдаа Телеграмм цэсээр нөгөө хүнд “өгчихлөө" гэхэд танихгүй дугаараас ... бодис байгаа газрыг зааж өгсөн. ...” гэсэн, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Ё.Х яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...Уг салоны гадаа Ц.Отай уулзаад 3.000.000 төгрөгийг задгайгаар, 2.000.000 төгрөгийг нь бор цаасан ууттай өгсөн. Ц.О юу ч хэлэлгүй аваад буцаад орсон. Тэгээд би тэндээс холдоод билүү телеграмм нөгөө дугаар руу мөнгөө өгчихлөө гэж хэлтэл 23 дугаар сургуулийн зүүн талын байрны ертөнцийн зүгээр хойд орцны 4 давхарт гараад шугаман хоолойноос очиж аваарай гэсэн зурвас ирсэн. ... Би гар утсан дээр WhatsUp гэх цэсээр шавар зардаг үл таних хүнтэй дам дамаа холбогдоод гар утасных нь дугаарыг олж авсан. Би бол утсан дээрээ уг хүний дугаарыг Анхням гэж тэмдэглэсэн. ... Ц.О гэх хүний байгаа газар буюу 5 дугаар сургуулийн урд байрлах Наран гуаша гэх салоныг зааж өгсөн. ... Ер нь бол тэр өдөр WhatsUp билүү Telegram цэсээр шавар зардаг утасны дугаарын эзнээс шавар гэх бодис байгаа талаар мэдээлэл авчихсан байсан. ...” гэсэн тус тус мэдүүлэг авагдсан байгааг онцгой анхаарч, болсон үйл явдал Ц.Од холбоогүй, цаана нь өөр этгээд байгаад үнэн зөв дүгнэлт хийхийг хүсч байна. Мөн Ё.Х сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө “Ц.Од өөрийн 93118093 дугаарыг өгсөн. ...” гэж мэдүүлсэн боловч Ц.О мэдүүлэхдээ огт дугаар үлдээгээгүй гэдэг ба Ё.Х болон Ц.Оын утсанд хийсэн үзлэгээр илрээгүй. Ц.О Ё.Хгаас мөнгө авснаа үнэн зөвөөр мэдүүлдэг бөгөөд салсан нөхөр Анужин урьд өдөр нь ярьж Анхаа гэдэг хүн мөнгө аваачиж өгнө, түүнийг аваад ирээрэй гэсэн гэдэг. Энэ талаар 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөгчийн нэгжлэг хийсэн тэмдэглэлд “Анхаа гэдэг хүн” гэж тэмдэглүүлсэн нь Ё.Хгийн “Анхням гэгч шавар зардаг хүнтэй дам дамаа холбогдсон” гэсэн мэдүүлэгтэй тохирч байгааг анхаарахгүй орхиж болохгүй болно. Ц.О мэдүүлэхдээ “...Ажил дээрээ байхад нэг хүн сурч ирсэн. Нөхөр чинь өгүүлж байна гээд мөнгө өгөхөөр нь аваад хоцорсон, надад тулгаад байгаа хэргийг үйлдээгүй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын талаар огт мэдэхгүй. ...Би ийм үйл ажиллагаа хийгээгүй” гэж мэдүүлдэг. Анхан шатны шүүхийн хуралдааны төгсгөлд хэлсэн үгийн агуулга олон зүйл илэрхийлж байгааг анхаарна уу. Ц.О нь Ё.Хгаас бусдад дамжуулахаар өгсөн мөнгийг авсан. Гэхдээ гэмт хэргийн замаар олсон мөнгө гэдгийг түүнд хэн ч хэлээгүй тул мэдээгүйгээр авсан үйл явдал болжээ. Энэ үйлдэлд гэмт хэргийн шинж байна уу гэдэгт хууль зүйн үүднээс дүгнэлт хийх нь хуульд нийцнэ гэж үзэж байгааг илэрхийлж байна. Шүүхээс Ц.Оыг дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” нэршилтэй нийт 49.76 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, худалдсан үйлдэл нотлогдсон гэж гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ё.Хгийн очиж авсан хаягт “шавар” нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хэн, хэзээ, хэрхэн аваачиж тавьсан талаар нотолж тогтоох ажиллагаа хийгдээгүй, Ц.Од хамааралтай ямар нэгэн ул мөр, баримт сэлт хэрэгт авагдаагүй байхад хийсвэр дүгнэлт хийн буруутгажээ. Ё.Х гэгч Ц.Отай уулзахаас өмнө хэн хэнтэй холбогдож, мөнгийг Ц.Од аваачиж өгөх үүрэг авсныг тогтоогоогүй нь хэргийн гол зангилаа асуудал болоод байна. Ё.Хд сэтгэцэд нөлөөт бодис байгаа газрыг зааж өгсөн гэх Телеграмм болон WhatsUp гэх зэсээр харьцаад байсан эрэгтэй хүнийг тогтоох ажиллагааг хийх боломжтой байхад хийгээгүй. Бодит байдлыг шалгах тийм ч хүнд биш байсан бөгөөд техник технологи хөгжсөн орчин үед утас, телеграммаар холбогдсон хэдхэн холбоосыг шалгаад тогтоож болох байсан. Хэргийг нарийвчилж шалгаагүй нь хуулийн байгууллагад жинхэнэ эздүүдийн нөлөө байгаа учраас нуугдаж чадсан байх, Ё.Х ч цаана нь хэн хэн байгааг маш сайн мэдэж байгаа ч нууж хоцроосон байх сэжиг бүхий байдал хэргээс харагдаж байгааг анхаарахгүй орхиж болохгүй юм. Тэр ч байтугай хэрэг шалгаж эхэлж байх шатанд Ё.Х Ц.Отай хуулийн байгууллага дээр тааралдаж “таныг хэрэгт холбогдуулсанд уучлаарай” гэж уучлал гуйж байсан байдаг. Гэрч Ж.Оюунбаяр нь Ц.Отай нэг дор ажиллаж байсан төрсөн ахынх нь эхнэр болно. Ц.О үл таних хүнтэй уулзсаныг харсан гэж мэдүүлсэн болохоос юу ярьж, юу өгч авсныг нь мэдэхгүй гэж мэдүүлсэн. Шүүгдэгч Ц.О ч гэсэн Ё.Хтай ажлынхаа гадаа уулзсанаа анхнаасаа үнэнээр мэдүүлсэн. Хэрэв Ц.О болон Ё.Х нар хоорондоо огт уулзаагүй гэж мэдүүлсэн бол гэрч Ж.Оюунбаярын мэдүүлсэн мэдүүлэг илүү үнэ цэнэтэй чухал нотлох баримт байх байсан. 2 хүн хоорондоо уулзсаныг харсан гэж мэдүүлж байгаа хүний мэдүүлгийг шүүгдэгчийг мансууруулах бодис хадгалсан, худалдсан гэж буруутгах нотолгоо болгох нь хэтэрхий өрөөсгөл болно.

Шийтгэх тогтоолд Ц.Оын гэм бурууг нотолж байгаа гэх түүнд хамааралгүй нотлох баримтууд дурдсан байна. Үүнд, 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 40 мянгат 52 дугаар байрны 5 тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, КН 6Е байрны 15 тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, Ё.Хгийн биед үзлэг хийж тест ашигласан тухай тэмдэглэл, эд зүйлд хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, хүчинтэйд тооцох тогтоол, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 52-5 тоотод 7 сая төгрөг, гар жин, шуудангийн хайрцаг, гэрч Ж.Оюунбаяраар таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэл яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай шүүгчийн захирамж, Нийслэлийн прокурорын газрын доод шатны прокурорын шийдвэрийг хүчингүй болгох тухай прокурорын 55 дугаартай тогтоолыг танилцуулсан. Улсын Ерөнхий прокурорын газрын 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн гэмт хэрэг үйлдсэн хүнийг шилжүүлэн авах тухай 2 дугаартай тогтоол, Цагдаагийн Ерөнхий газрын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/267 дугаартай тушаал, Ё.Хгийн гар утсанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Наран Гуаша салонд үзлэг хийсэн тэмдэглэл, эрүүгийн дугаартай хэрэгт яллагдагч нарын гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Хар тамхитай тэмцэх газраас хар тамхитай холбоотой илгээмж авч байгаагүй гэх баримт, Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгсэл бүртгэлгүй гэх албан тоот, Цагдаагийн Ерөнхий газарт гаргасан лавлагаа зэрэг нь Ц.О энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэх ул мөр илрээгүй болохыг илэрхийлсэн баримтууд байгааг онцгой анхаарч дүгнэхийг хүсч байна.

Шинжилгээний дүгнэлтүүдийн тухайд, хэрэгт нийт 5 шинжээчийн дүгнэлт авагдсан байдаг. Үүнээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 4613 дугаартай дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 462 болон 286 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд нь Ц.Од хамааралтай бөгөөд Ц.Оаас мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй, сэтгэцийн ямар нэгэн өвчингүй гэсэн дүгнэлт гарсан байдаг. Бусад шинжилгээний дүгнэлт нь мөн л Ц.Оыг гэмт хэрэг үйлдсэн гэж нотлох баримт биш байна. Энэ мэтчилэн баримтуудыг гэм бурууг нотолж байна гэж үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, ... хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэсэн заалтыг зөрчсөн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдож тогтоогдоогүй болохыг шүүхээс анхаарч үзээгүй болно. Ц.Оыг сэтгэцэт нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, худалдсан гэмт хэрэгт гэм буруутай гэж таамаглаж, шүүгдэгчид хамааралгүй баримтуудыг нотлох баримт болгон гэм буруутайд тооцохын оронд Ё.Хгийн мэдүүлсэнчлэн “интернэтээр холбогдсон хүн”-ийг олж тогтоон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Мөрдөн шалгах ажиллагаа хэт нэг талыг баримтлан дутуу дулимаг явуулсны улмаас хийгээгүй хэргийн төлөө түүнд ял оногдуулж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэсэн шударга ёсны зарчмыг ноцтой зөрчсөн шийдвэрийг анхан шатны шүүх гаргасан.

Анхан шатны шүүхээс өмнө нь Ц.Од холбогдох хэргийг хоёр ч удаа прокурорт буцааж байсан билээ. Тухайлбал, 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021/ШЗ/1170 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжид “...Шүүх хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ц.Од холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа үйл баримттай тохирохгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв. ...Хэргээс дүгнэвэл прокурорын яллах дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй, Ё.Х гэгч нь удаа дараа энэ хэрэгт өөр дугаараас эрэгтэй хүн зааварчилгаа өгсөн, Ц.Оыг сайн танихгүй талаар мэдүүлсэн байтал, уг Анужин гэх этгээдийг олж тогтоох, хамтран оролцсон оролцоог мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоолгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй байна. ...” гэсэн,

мөн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022/ШЗ/578 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжид “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн/, гэмт хэргийг хэн үйлдсэнийг нотолж тогтоох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан үйлдэл, үйл баримтыг шалгаж эхлүүлсэн бол нотолбол зохих асуудлын хүрээнд тухайн асуудлыг бүрэн гүйцэд шалгаж, гэмт хэргийг хэн, хэрхэн яаж үйлдсэн, гэмт хэрэг мөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжийг шүүхэд бүрдүүлэн ирүүлэх нь зүйтэй байна. ...” гэж буцааж байсан нь зүгээр нэг зүйл биш, үнэхээр хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан хууль зүйн дүгнэлт хийж байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үздэг. Гэтэл хэргийн нотолгоонд ямар ч өөрчлөлт ороогүй байхад урьдах байр суурь нь эрс өөрчлөгдөж гэм буруутай нь нотлогдсон байна гэсэн дүгнэлт хийсэн.

2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022/ДШМ/521 дугаартай магадлалд “...Шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд үйл баримтыг дүгнэж, хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгчийн захирамжид заасан үндэслэлээ шийдвэрлэж, шүүгдэгч Ц.Оын гэм буруутай эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шүүх хуралдаанаар тодруулж хууль зүйн дүгнэлт хийж хэргийн бодит байдлыг тогтоон хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв. ...” гэж үзсэн нь анхан шатны шүүхийн захирамжийг хууль зүйн үндэслэл хийгээд хэргийн үйл баримт бодит байдалд нийцэхгүйгээр няцаан шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэр нь шууд гэм буруутайд ял өг гэсэн шийдвэр бас биш атал анхан шатны шүүх өөрийн өмнө 2 удаа шийдвэрлэсэн шийдвэрээс эрс өөр дүгнэлт хийж Ц.Оыг гэм буруутайд тооцож ял шийтгэсэн болно.

Түүнчлэн, Ц.Оыг анх 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр шүүхийн зөвшөөрөлгүйгээр сэжигтнээр баривчилж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 59 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 59а дугаартай захирамжаар сулласан. /Нийт 31 хоног/. Испани улсад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баривчлагдан саатуулагдаж 12 дугаар сарын 21-ний өдөр суллагдсан /1 хоног/. Испани улсын эмэгтэйчүүдийн хорих ангид 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүртэл нийт 68 хоног, Испани улсын эрх бүхий байгууллагаас шилжүүлэн авчирч, баривчлагдсан үеэс саатуулан 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт 51 хоног, бүгд нийт 151 хоног хоригдсон байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Ц.Оын өмгөөлөгч М.Дэлгэрнасан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс Ц.Оыг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулахдаа хуулийн олон заалтыг зөрчсөн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Нотлох баримтад тооцсон баримтууд нь хэрэгт ач холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэхэд Ц.Оыг гэм буруутайд тооцоход хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалт зөрчигдсөн. Өмгөөлөгч Ж.Оюунболдын ярьсан хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон гэх нотлох баримтуудад Ц.Оын энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн, түүнчлэн зохион байгуулсан тэр бодисыг хадгалсан, худалдсан гэх баримтууд энэ дотор байхгүй. Тодруулж хэлбэл, биеэс нь ямар нэгэн мансууруулах бодис илрээгүй, гэр орноос нь илрээгүй, ажиллаж байсан салоноос илрээгүй. Энэ бол ач холбогдол бүхий нотлох баримтуудыг яллах баримт болгож дурдсанд үнэхээр харамсаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 14 дэх “нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэсэн заалт зөрчигдсөн. Ноцтой асуудал бол сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэсэн заалтыг зөрчсөн. Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно гэж үзэж байна. Тухайлбал, энэ хэрэгт  2 гэрч байдаг. Нэг нь “Гуаша салон”-ны газарт Ё.Хг очсон гэдгийг Оюунбаяр хэлдэг. Нэг хүн ирээд уулзаад явсан гэдгийг гэрчилсэн. Тэр бол мөнгө өгөх гэж очсон үйл баримт. Мөнгө авсныг хэзээ ч үгүйсгэдэггүй, мөнгө авсан асуудлаа Анужин гэдэг хүн гаднаас ирэх гэж байгаа бол “Анхаа гэдэг хүнээс мөнгө авчирч өгөөч” гэсэн байдаг. Анхаа гэдэг хүн мөнгө аваачиж өгсөн гэж хэлсэн. Танихгүй хүн ирж мөнгө өгсөн, тэрийг нь аваачиж өгөх зорилгоор авсан асуудал байгаа. Ё.Х гэдэг хүн маш эргэлзээтэй, олон янзын мэдүүлэг өгдөг. Цаанаа телеграмм, WhatsUp цэсүүдээр эрэгтэй хүн надтай холбогдож, Ц.Оын байгаа газар, нөгөө бодис байгаа газрыг зааж өгч байсан гэдгийг мэдүүлдэг. Энэ асуудлыг цаг тухай бүрд шалгах нөхцөл боломж бүрэн байсан. Техник технологи, шинжлэх ухаан хөгжсөн энэ нөхцөлд утаснуудыг хурааж авсан, яагаад шалгадаггүй юм бэ гэсэн асуудлыг бид анхнаасаа тавьсан. Ц.Оын Анхаа гэдэг хүн аваачиж өгнө гэж хэлсэн гэдэг үгтэй Ё.Хгийн би надад зааж өгсөн хүний нэрийг Анхням гэж тэмдэглэсэн гэдэг үгтэй яг тохирч байгаа. Энэ зохион байгуулалттай, цаана нь байгаа хүмүүсийг яагаад шалгадаггүй вэ. Үүний цаана зохион байгуулалттай юм байгаа, эдгээр хүмүүсийн өмнөөс бие муутай, гоо сайханч хийж байсан эмэгтэйг золиослох гээд байна гэж үзэж байна. Энэ хэргийн хамгийн гол асуудал нь Ё.Хгийн очиж авсан хаягт “шавар” нэртэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэн, хэзээ, хэрхэн аваачиж тавьсныг олж нотолж чадаагүй. Ийм ажиллагааг цагдаагийн байгууллага санаатай хийгээгүй юм уу гэж харж байна. Тэндээс Ц.Од хамааралтай ямар нэгэн ул мөр, баримт, Ц.Оыг тэнд явсан гэх баримт хэрэгт авагдаагүй. Хийсвэр байдлаар энэ хүнийг шийтгэж байгаа нь харамсалтай. Өөрийнх нь хэлдгээр хэлмэгдүүлэлт болоод байгаа юм уу гэсэн байдал төрж байна. Нарийвчлан шалгахгүй байгаа явдал нь хуулийн байгууллага жинхэнэ этгээдүүдэд ямар нөлөөтэй гэсэн хардалт төрөөд байна. Ё.Х тухайн үед Ц.Отай Цагдан хорих төвд тааралдаад таныг энэ гэмт хэрэгт холбогдуулсанд уучлаарай гэж хэлсэн. Одоо шууд хуулийн байгууллагад үнэлэлт дүгнэлт өгчих тийм нотлох баримт Ё.Хгийн мэдүүлэгт хомс. Яагаад олон мэдүүлэг өгч байна гэдэг нь мөрдөн байцаалтын явцад Ё.Хгаар юу хэлүүлэх үү, яаж хэлүүлэх үү гэдэг дээр янз янзаар асуусан асуудлууд үүссэн гэдэг хардалт төрж байгаа. Ё.Х цаанаасаа эрэгтэй хүн байгаа газрыг зааж өгсөн, би ийм ийм апплейкшнуудаар харьцдаг гэдгийг тодорхой ярьсан. Энэ баримтууд хэрэгт авагдсан. Энэ хүнийг мөнгө авсан учраас гол гогцоог нь барьж авлаа гэдэг юм уу, хуулийн байгууллага мөрдөн байцаалтын шатанд хэт нэг талыг барьж Ц.О руу чиглүүлсэн нь байж болохгүй хууль тогтоомжийг зөрчсөн асуудал болсон. Ажил дээр нь очсон эмэгтэйг гол гэрч болгосон. Энэ асуудалд маргаагүй, мөнгө авчирч өгөхөөр нь авсан гэдэг. Энэ нь гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авсан бол Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж болно. Одоогийн хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаар хэн гэмт хэрэг үйлдэж, ямар гэмт хэргийн мөнгө авчирч өгч байгаа гэдгийг мэдсэн баримт хэрэгт авагдаагүй. Анхан шатны шүүх мэтгэлцээний үндсэн дээр хэргийг 3 удаа хурлаар оруулахдаа 2 удаа нотлогдож тогтоогдоогүй, гэмт хэргийг хэн, хэрхэн үйлдсэнийг нотол гэж буцаасан. Мөрдөн байцаалтаар ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй байхад ял шийтгэл оногдуулж, дүгнэлт хийж байгааг гайхаж байна. Нөгөө талаар давж заалдах шатны шүүх урьд нь юу гэж буцааж байсан гэхээр гэм буруутай эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулан нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар, шүүх хуралдаанаар бодит байдлыг тогтоож хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байсан. Гэтэл ял шийтгэл оногдуулахыг хэрэгжүүлж байгаа мэт харагдаж байгаа нь харамсалтай. Цагдан хоригдсон хоногууд байхгүй. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон Ц.Оыг цагаатгаж өгнө үү” гэв.

 

Прокурор М.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс уг хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хамаарал бүхий нотлох баримтыг шийтгэх тогтоолд дурдаж, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэж байна. Ё.Х Ц.Отай уулзаж, мөнгө өгч  мансууруулах бодисыг авсан. Тухайн мансууруулах бодисыг цааш нь хэн, хэнд дамжуулж өгсөн, ямар хэмжээтэй өгсөн, тухайн бодис нь холбогдох хүмүүстээ очсон эсэх талаар  гэрч нар мэдүүлэг өгсөн. Мөн тухайн бодис хаанаас илэрсэн болох нь тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан. Тухайн бодис нь мансууруулах төрлийн бодис мөн эсэх талаар шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдсон. Ц.Оыг гэм буруутайд тооцоход ач холбогдол бүхий нотлох баримт биш гэж үзсэн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй. Хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг үндэслэж шүүх шийдвэрээ гаргасан нь зөв. Ц.Оын хувьд “Анхаа гэдэг хүн мөнгө өгнө, тэрийг аваад ир” гэсэн зүйл ярьдаг. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон бусад нөхцөл байдлуудаар тогтоогддоггүй. Анхаа гэдэг хүний хэлсний дагуу мөнгө авсан гэдэг нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Ё.Х мөнгөө дамжуулж өгсөн, дамжуулж өгсний дараа авах ёстой мансууруулах бодисоо авсан. Улмаар энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүст дамжуулж өгсөн. Гараас гарт дамжаад бүх нотлох баримтууд нь авагдсан. Тийм учраас худалдан борлуулсан гэх шинжийг хангасан. Хар тамхитай холбоотой гэмт хэргийг практикт шалгахад нууц, далд аргаар үйлдэгддэг, түүнийг бусдад дамжуулж өгөх, худалдан борлуулах аргууд нь мөн адил нууцаар явагддаг. Тухайн үед гар утсанд үзлэг хийхэд ямар нэг байдлаар гуравдагч этгээдийн асуудал тогтоогддоггүй. Хар тамхийг худалдан борлуулсан гэдэг үндэслэлээр яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд анхан шатны шүүх дүгнэлтээ гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй. Түүнчлэн, шийтгэх тогтоолд иргэний нэхэмжлэгч Цагдаагийн Ерөнхий газраас гаргасан 17.665.332 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны зардалд тооцогдохгүй гээд хэрэгсэхгүй болгосон. Гэтэл энэ зардал нь шүүгдэгчийг эрэн сурвалжлах ажиллагаатай холбоотой гарсан зардал биш, Ц.Оыг Испани улсаас зөөж тээвэрлэх үед гарсан зардал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “бусад зардал” гэдэгт хамаарна. Иймд иргэний нэхэмжлэлтэй холбоотой зардлыг гаргуулахаар шийтгэх тогтоолд тусгаж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

 

Нийслэлийн прокурорын газраас Ц.Оыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар худалдаалахыг зохион байгуулж, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар сургуулийн баруун талд байрлах 38 дугаар байрны 1 дүгээр орцны 4 давхарт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай шавар нэршилтэй нийт 49.76 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдах зорилгоор хууль бусаар хадгалж, мөн өдрөө уг бодисоо Ё.Х гэгчид 5.000.000 төгрөгөөр худалдаалж, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар сургуулийн орчим “NGS”-ын гадна мөнгийг бэлнээр шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Нэг. Шүүгдэгч Ц.Оыг дээрх гэмт хэрэгт буруутгасан нотлох баримтын талаар:

 

Яллах дүгнэлтэд, Ё.Хгийн сэжигтнээр өгсөн “... өчигдөр буюу 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүмүүсээс зүс мэдэх Ц.Од шавар гэх мансууруулах бодис байгаа гэх сураг дуулдсан юм. Тэгэхээр нь би танил болох Золбаяр, Мөнхбаяр, Насанбуян нарт шавар гэх мансууруулах бодистой хүн байна, гурвуулаа нийлээд худалдан авах уу гэхэд тэр 3 тэгье гээд Золбаяр надад 1 сая төгрөг бэлнээр, Мөнхбаяр 600.000 төгрөг бэлнээр, мөн 400.000 төгрөг зээлээр дансаар шилжүүлэн авсан. Насанбуянгаас 1 сая төгрөгийг бэлнээр аваад надад өөрт байсан 2 сая төгрөгөө нэмээд нийт 5 сая төгрөг бүрдүүлэн Ц.Оын ажиллаж байгаа гэх 5 дугаар сургуулийн урд талд байх гоо сайхны салон дээр очин уг салонд ороод дотор ажиллаж байсан хүмүүсээс Ц.О гэх хүн ажилладаг уу гэхэд Ц.О энд ажилладаг гээд цаанаас Ц.О гарч ирсэн юм. Тэгээд бид 2 салоноос гараад үүдэнд нь уулзан найз нөгөөдхөөс чинь авах санаатай байна гээд өөрт байсан 5 сая төгрөгөө Ц.Од өгөөд өөрийн 93118093 дугаарыг өгсөн. Тэгээд Ц.Оаас салаад явж байхад миний утсанд танихгүй дугаараас ирсэн мессеж уншихад 23 дугаар сургуулийн ертөнцийн зүгээр баруун талд байх 4 давхар хуучны байрны 4 дүгээр давхарын интернетийн шугаман хоолой дотор байгаа гэх мессеж ирсний дагуу би 23 дугаар сургуулийн баруун талд байх 4 давхар ягаан өнгийн 4 орцтой байрны 4 дүгээр орц буюу хамгийн хойд талд байх орцоор орон 4 давхарт гаран интернетийн шугамын гадна талын хамгаалалт бүхий хуванцарыг татахад дотор талд нь гялгар ууттай зүйл байхаар нь аваад гялгар уутнаас гаргаж үзэхэд 5 ширхэг зуйван хэлбэртэй шавар гэх мансууруулах бодис байсан юм. ...” гэсэн /4хх 120-121/,

мөн Ё.Хгийн яллагдагчаар өгсөн “...би ингээд 5 сая төгрөг цуглуулаад Telegram цэсээр нөгөө шавар зардаг гэх хүний утасны дугаараар холбогдтол 5 дугаар сургуулийн ертөнцийн зүгээр урд талд байдаг 3-4 давхар байшингийн дотор талд байх салон дээр очиж Ц.О байна уу гэж асуу гэсэн. Би заасан газар нь очиход дотор нь 3-4 хүн байсан бөгөөд Ц.О байна уу гэж асуутал байна гээд гарч ирсэн. Би Ц.О гэх эмэгтэйг бол зүс л мэддэг байсан. Тэгээд салоны гадаа Ц.Отай уулзаад 3 сая төгрөгийг задгайгаар, 2 сая төгрөгийг нь бор цаасан ууттай өгсөн. Ц.О юу ч хэлэлгүй аваад буцаад орсон. Тэндээс холдоод Telegram-аар нөгөө дугаар руу мөнгөө өгчихлөө гэж хэлтэл 23 дугаар сургуулийн зүүн талын байрны ертөнцийн зүгээр хойд орцны 4 давхарт гараад шугаман хоолойноос очиж аваарай гэсэн зурвас ирсэн, ... гаргаад үзтэл цагаан ягаан өнгийн гялгар уутанд боосон эрхий хурууны хэмжээтэй шавар гэх зүйл 5 ширхэг байсан. ...” гэсэн тус тус мэдүүлэг/4хх 160-168/-ийг шууд нотлох баримтаар үнэлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж,

 

мөн зүйлийн 8 дахь хэсэгт “Дараахь мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гээд 8.3“яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” гэж тус тус хуульчилжээ.

 

Аливаа эрүүгийн хэрэгт хийгдэх мөрдөн шалгах ажиллагаа нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэггүйгээр гэм бурууг нь нотлоход чиглэсэн байдаг нь ямар ч тохиолдолд тэдний зүгээс өөрийн гэм бурууг хүлээсэн мэдүүлэг нь дангаараа яллах нотолгоо болж чадахгүй, гагцхүү тухайн хэрэгт байгаа бусад нотлох баримтаар давхар нотлогдсон байдал нь гэм буруутайд тооцох үндэслэл болдогтой холбоотой.

 

Энэ нь төр иргэнийхээ өмнө хүлээсэн үүргийн үүднээс эрүүгийн хэрэгт аливаа этгээдийн гэм бурууг нотлох үүргийг төр дангаар хүлээх бөгөөд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь өөрийгөө хамгаалах гол хэрэгсэл болдог онцлогтой.

 

Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь хэрэгт холбогдсон этгээдийнхээ хувьд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэдүүлэг өгөхгүй байх эрх эдлэхийн зэрэгцээ өөрийгөө хамгаалах ашиг сонирхолын хүрээнд мэдүүлэг өгдөг байдлаас хамаарч тэдний мэдүүлэг нотолгооны чадамжгүй байдаг.   

 

Тухайн хэрэгт өөрийн холбогдсон хэргийн талаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, мөн хамтран гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, түүнчлэн тодорхой ашиг сонирхолд хөтлөгдөж хийсэн хүн бүрийн үйлдлүүд бие даасан гэмт хэрэг болсноос үүдэн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг нь аль ч шинж чанараараа өөрийгөө болон бусдыг гэм буруутайд тооцох үндэслэлийг бий болгохгүй бөгөөд гагцхүү бусад нотлох баримтаар давхар нотлогдсон тохиолдолд яллах нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх учиртай.

 

Иймд Ц.Од холбогдох хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдоогүй Ё.Хгийн өөрт холбогдох хэрэгт сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн зөрүүтэй мэдүүлгийг энэ хэргийн шүүгдэгч Ц.Оыг буруутгах нотлох баримтын хэмжээнд үнэлэх хууль зүйн үндэслэлгүй.

           

Хоёр. Хэргийн талаар нотолбол зохих байдлыг дутуу шалгасан талаар:

 

Ё.Хгийн яллагдагчаар “...би ингээд 5 сая төгрөг цуглуулаад Telegram цэсээр нөгөө шавар зардаг гэх хүний утасны дугаараар холбогдтол 5 дугаар сургуулийн ертөнцийн зүгээр урд талд байдаг 3-4 давхар байшингийн дотор талд байх салон дээр очиж Ц.О байна уу гэж асуу гэсэн. Би заасан газар нь очиход дотор нь 3-4 хүн байсан бөгөөд Ц.О байна уу гэж асуутал байна гээд гарч ирсэн. Би Ц.О гэх эмэгтэйг бол зүс л мэддэг байсан. Тэгээд салоны гадаа Ц.Отай уулзаад 3 сая төгрөгийг задгайгаар, 2 сая төгрөгийг нь бор цаасан ууттай өгсөн. Ц.О юу ч хэлэлгүй аваад буцаад орсон. Тэндээс холдоод Telegram-аар нөгөө дугаар руу мөнгөө өгчихлөө гэж хэлтэл 23 дугаар сургуулийн зүүн талын байрны ертөнцийн зүгээр хойд орцны 4 давхарт гараад шугаман хоолойноос очиж аваарай гэсэн зурвас ирсэн, ... гаргаад үзтэл цагаан ягаан өнгийн гялгар уутанд боосон эрхий хурууны хэмжээтэй шавар гэх зүйл 5 ширхэг байсан. ...” гэж /4хх 160-168/,

 

Шүүх хуралдааны тэмдэглэлд ... Улсын яллагч: Ё.Х таныг яах гэж дуудсан юм бэ? гэхэд Ц.О: Надад З.Анужинд өгөөрөй гээд ууттай мөнгө өгсөн. ... гэж /12 хх 169/ тус тус мэдүүлжээ.

 

Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэлд ... Ц.Оаас ... мөнгө хэнийх вэ?, ямар учиртай мөнгө вэ? гэж асуухад манай ах, эгч Польш улсад амьдардаг, хүн дамжуулж өгөөрөй гэсэн юм, Анхаа гэдэг хүн гэсэн. ... гэж /1 хх 8-11/ тайлбарлажээ.

 

Ё.Хгийн яллагдагчаар болон Ц.Оын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээс үзэхэд, Ё.Х 5 сая төгрөгийг Ц.Од өгсөн байдал тогтоогдсон байх боловч Ц.О нь уг мөнгийг мансууруулах бодис худалдсаны төлбөр болгон авсан байдлыг хөдөлбөргүй тогтоож чадаагүй байна.

 

Мөн Ё.Хгийн яллагдагчаар өгсөн ... Тэгээд салоны гадаа Ц.Отай уулзаад 3 сая төгрөгийг задгайгаар, 2 сая төгрөгийг нь бор цаасан ууттай өгсөн. Ц.О юу ч хэлэлгүй аваад буцаад орсон. Тэндээс холдоод Telegram-аар нөгөө дугаар руу мөнгөө өгчихлөө гэж хэлтэл 23 дугаар сургуулийн зүүн талын байрны ертөнцийн зүгээр хойд орцны 4 давхарт гараад шугаман хоолойноос очиж аваарай гэсэн зурвас ирсэн, ... гэсэн мэдүүлгээс үзэхэд, Ё.Х нь төлбөрийг хэнд өгөх, төлбөр өгсний дараа мансууруулах бодисыг хаанаас авах зэрэгт Telegram-аар дамжин гуравдагч этгээдтэй харилцаж байсан байж болох нөхцөл байдал авагджээ.

 

Шүүх хуралдааны тэмдэглэлд ... Улсын яллагч: Таны нөхрийг хэн гэдэг вэ? гэхэд Ц.О: Зоригтын Анужин ... /12 хх 169/ гэсэн,

 

Шүүх хуралдааны тэмдэглэлд ... Улсын яллагч: Анужин хэзээнээс ... Монголд байхгүй байгаа вэ? гэхэд Ц.О: 2008-2009 оноос эхлээд Монголоос явсан байгаа ... /12 хх 169/ гэсэн,

 

Шүүх хуралдааны тэмдэглэлд ... Улсын яллагч: Ё.Х таныг яах гэж дуудсан юм бэ? гэхэд Ц.О: Надад  З.Анужинд өгөөрөй гээд ууттай мөнгө өгсөн. ... /12 хх 169/ гэсэн,

 

Шүүх хуралдааны тэмдэглэлд ... Улсын яллагч: Та Анужинд өгөөрөө гэсэн мөнгийг хэзээ өгөх гэж байгаа юм бэ? гэхэд Ц.О: Би тухайн үед буюу 4 дүгээр сарын 28-ны өдөр Польш руу буцах гэж байсан. Мөнгө дайж өгч явуулж байгаа байх гээд тухайн мөнгийг авсан байгаа. ... /12 хх 169/ гэсэн тус тус мэдүүлэг өгснөөс үзэхэд, Ё.Х нь З.Анужинд өгөх мөнгөө Ц.Оаар дамжуулсан, харин З.Анужин нь Ё.Хгаас авах мөнгөө Ц.Оаар дамжуулсан нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор З.Анужиныг болон Ё.Хтай Telegram-аар холбогдож мансууруулах бодис худалдах ажиллагааг хэрэгжүүлсэн гуравдагч этгээдийг шалгах ажиллагааг явуулаагүйгээс хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа хязгаарлагдахад хүргэжээ.

 

Ё.Х нь 5 сая төгрөгийг Ц.Од өгсөн, Ц.О нь уг мөнгөний учир холбогдлыг мэдэхгүйгээр З.Анужинд өгөхөөр авсан, үүний дараа хэн нь тодорхойгүй хүний утсаар ярьсан зааварчилгааны дагуу Ё.Х нь 23 дугаар сургуулийн баруун талд байрлах 38 дугаар байрны 1 дүгээр орцны 4 давхараас мансууруулах бодис авсан үйл баримтад дүгнэлт хийхдээ шууд Ц.Оыг мансууруулах бодис худалдсан, худалдах ажиллагааг зохион байгуулсан хэрэгт буруутгасан нь таамаглалд үндэслэгджээ.   

 

Өөрөөр хэлбэл, Ц.О нь Ё.Хд мансууруулах бодис худалдсаны төлбөрт 5 сая төгрөг авсныг, эсхүл Ё.Хгаас З.Анужинд өгөх мөнгийг дамжуулан өгөх зорилгоор авсан, түүнчлэн З.Анужин Ё.Хгаас ямар нэг мөнгө авах ёсгүй байсныг хөдлөшгүй тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй учраас шүүхээс үйл баримтын талаар эргэлзээгүй дүгнэлт хийх боломжгүй байдалд хүргэж байна.

Ц.Од холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, түүний бусдын үйлдэж байгаа зохион байгуулалттай гэмт хэрэгт ашиглагдсан байж болзошгүй нөхцөл байдлыг буюу гэмт хэргийн шинжтэй үйлдэлд мэдсээр байж оролцсон эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн байхад уг нөхцөл байдлын талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй атлаа зөвхөн санаа сэдлийг нь тодорхойлж чадаагүй мөнгө авсан үйл баримтад яллах ажиллагааг хэрэгжүүлсэн нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцээгүй байна гэж үзэв.

  

Гурав. Ц.О нь мансууруулах бодис хууль бусаар худалдаалахыг зохион байгуулсан, гүйцэтгэгчээр оролцсон гэх үйл баримтын тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэж,

 

мөн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ” гэж тус тус заажээ.

 

Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсон байдалд тооцдог бөгөөд Ц.О нь мансууруулах бодис худалдаалах гэмт хэргийг хэнтэй санаа зорилгоо нэгтгэн хамтарсан, уг үйл ажиллагааг хэрхэн яаж зохион байгуулсан, түүнчлэн хэний зохион байгуулсан гэмт хэрэгт хэрхэн гүйцэтгэгчээр оролцсон гэж үзсэн талаар яллах дүгнэлтэд ямар ч тодорхой үйл баримтыг тусгаагүй, үйл баримтыг тодорхойлох нотлох баримт байхгүй байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Оыг мансууруулах бодис худалдаалах гэмт хэргийг зохион байгуулсан, гүйцэтгэгчээр оролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

 

Дөрөв. Шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нөхцөл байдлын талаар:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заажээ.

 

Тухайн нотлох баримтын нөлөөлөх чадвараас шалтгаалан хэрэгт хамааралтай байдал тодорхойлогддог.

 

Яллах дүгнэлтэд Ё.Хгийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгийг шууд нотлох баримтын хэмжээнд үнэлсэн байх боловч уг мэдүүлгүүдэд тусгагдсан үйл баримт нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдоогүй бөгөөд харин бусад нотлох баримтын хувьд Ё.Хгийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтад хамааралтай байна.

 

Шүүгдэгч Ц.Од холбогдох хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч түүний гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсч байх тул түүнд ашигтайгаар шийдвэрлэх нөхцөл байдал үүссэн болно.

 

 Тав. Хэргийг хэрэгсэхгүй болгож, хэрэг бүртгэлтэд буцаах талаар:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх дараахь үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гээд 1.1“гэмт хэргийн шинжгүй” гэж,

мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1.1-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана” гэж,

 

мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч Ц.Од холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд ашигтайгаар шийдвэрлэж байгаа нь мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарч байна.

 

Шүүгдэгч Ц.Оын мансууруулах бодис худалдсан байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй байх бөгөөд Ё.Хд мансууруулах бодис худалдсан гэмт хэрэгт Ц.Оын нөхөр З.Анужиныг болон Ё.Хтай Telegram-аар холбогдож мансууруулах бодис худалдах ажиллагааг хэрэгжүүлсэн этгээдийг шалгах ажиллагааг явуулах шаардлагатай байх тул хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Харин Ё.Хд мансууруулах бодис худалдсан гэмт хэрэгт Ц.Оын нөхөр З.Анужиныг болон Ё.Хтай Telegram-аар холбогдож мансууруулах бодис худалдах ажиллагааг хэрэгжүүлсэн этгээдийг олж тогтоох мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээс хамааран Ц.О уг хэрэгт оролцсон нөхцөл байдал үүсвэл уг байдал нь энэ магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлаар авч үзэх үндэслэл болохыг дурдаж байна. 

 

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Ц.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сидиг хэрэгт хавсаргаж, Ц.Оын эд хөрөнгийн эрхийг хязгаарласан тогтоолыг хүчингүй болгов.

 

Түүнчлэн, Ц.О нь энэ хэрэгтэй холбоотойгоор Монгол Улсад 158 хоног цагдан хоригдсон болохыг, Испани улсад цагдан хоригдсонтой холбоотой нотлох баримт тодорхойгүй байх тул цагаатгагдсан этгээд, түүний өмгөөлөгч нар эрх бүхий байгууллагад хандан тодруулах боломжтойг тус тус дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/603 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт, 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар Ц.О-д холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

 

3. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Ц.Оын эд хөрөнгийн эрхийг хязгаарласан тогтоолыг хүчингүй болгосугай.

 

4. Ц.О нь энэ хэрэгтэй холбоотойгоор Монгол Улсад 158 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР