Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 118/ШШ2024/0020

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Тунгалаг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л.

Хариуцагч: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг дарга нарын хоорондын багийн Засаг даргын албан тушаалаас огцруулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. /онлайнаар/, хариуцагчийн өмгөөлөгч Л. /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/202 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Оргих багийн Засаг даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлэх гэжээ.

2. Хэргийн нөхцөл байдал:

2.1 Нэхэмжлэгч Л. нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 10-ний өдрийн Б/14 дүгээр захирамжаар тус сумын Оргих багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/19 дүгээр захирамжаар жинхлэн томилогдож,  2023 оны 10 дугаар сарын 18-ний өдрийг хүртэл ажилласан.

2.2 Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг дарга /Л./-ын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн захирамжаар Л.ыг Тосонцэнгэл сумын Оргих багийн Засаг даргын албан тушаалаас огцруулсан.

2.3 Дээрх захирамжийн дугаарыг нэхэмжлэгч Л.т гардуулсан хувьд “А/202” гэж, харин захирамжийн эх хувь болон бүртгэлд “Б/17” гэж зөрүүтэй дугаарласан ба захирамжийн агуулга адилхан болно.

3. Маргаж буй үндэслэл:

3.1 Нэхэмжлэгчээс “...Багийн Засаг даргын албан тушаалаас огцруулахаар захирамжид дурдсан үндэслэлүүд огт үндэслэлгүй бөгөөд ямар баримтыг үндэслэсэн нь тодорхойгүй...” гэж маргасан.

3.2 Хариуцагчаас ”... ажил тасалж, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, хууль тогтоомж удаа дараа зөрчсөн, хөдөлмөрийн харилцааны ноцтой зөрчил гаргасан нь албан тушаалаас огцруулах үндэслэл болсон ...” гэж тайлбарласан.

4. Нэхэмжлэгч нь Тосонцэнгэл сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/202 дугаартай захирамжийн талаар Завхан аймгийн Засаг даргад 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гомдол гаргасан боловч шийдвэрлэж хариу өгөөгүй тул 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5. Нэхэмжлэгч Л. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн Засаг даргаар 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн. Ажиллах хугацаандаа өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж ажиллаж ирсэн. Гэтэл Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/202 дугаартай захирамжаар “удаа дараа олон хоногоор ажил тасалж, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хөдөлмөрийн харилцааны ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хөдөөгийн багийн Засаг даргыг иргэдийн өвөлжөөний маргаан, бэлчээрийн маргаан гарах үед очих, мөн намар багийн иргэдийн хуц, ухна тарах үеэр эргэх, өвөлжилтийн бэлтгэлийг хангаж байгаа эсэх болон бусад хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн дагуу иргэд багийн айл өрхтэй уулзахаар аль болох ойр байхаар хөдөөгүүр их явдаг, үүнийг тэр бүрчлэн сумын Засаг даргад хэлээд яриад байх боломжгүй байдаг. Хөдөөгүүр ажилтай явах үеийг удаа дараа олон хоногоор ажил тасалсан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Ажлаа хийж гүйцэтгэж яваа хүнийг ажил тасалсан гэж үндэслэлгүй чөлөөлсөнд гомдолтой. Мөн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдэг нь ямар ч үндэслэлгүй. Би өгсөн болгоныг цаг тухайд нь биелүүлдэг, биелүүлээгүй удаа нэг ч байхгүй. Мөн орон нутгийн хөгжлийн сангийн ард иргэдээр бөглүүлэх хуудсыг багийн Засаг дарга нар нэгтгэж өгдөг. Үүнийг хугацаанд нь хийж өгсөн. Үүнийг үүрэг, даалгавар биелүүлээгүй гэж үзээд байх шиг байна. Хөдөлмөрийн харилцааны ноцтой зөрчил гаргасан гэх ба тийм зөрчил огт гаргаж байгаагүй. 2023 оны 10 сарын 24-нд ажил хүлээлцэхдээ захирамжийг надад өгсөн. Миний бие өмнө нь ажлаас халагдахдаа архинаас болж, халагдаж байсан нь үнэн. Онцгой байдлын үед ажил дээрээ архи үнэртүүлсэн гэх шалтгаанаар ажлаа өгөөд, дараагийн сонгуулиар дахин нэр дэвшиж, томилогдсон. Ажилд ороод 10 хоноогүй байхад прокурорын газраас дэвжээ тэмцээн зохион байгуулагдсан. Хүмүүсээ цуглуул гэсэн. Манай багийн иргэд 06 сарын 20-ны өдөр гэхэд хөдөө гараад явчихдаг. Оюутнууд хичээлээ тарж, сумдаа ирээгүй байсан. Манай багийнхнаас тухайн тэмцээнд оролцох хүн ирээгүй бөгөөд хамгийн анх удаа санууллаа шүү гэсэн. 2023 оны 09 сарын 08-ны өдөр архи уусан гэж ярьж байна. Би гайхаж байна. Намайг хөдөө ажлаар яваад ирэхэд чамайг хүмүүс гадуур архи ууж байна гэж ярьж байна. Цалингийн чинь 30 хувийг хасаж олгоно гэсэн. Намайг ёс зүйн хороогоор оруулалгүй, надад хэлээгүй. Засаг дарга дуудаад чамайг архи уугаад явж байсан яриа байна гэхэд нь та нотлох баримттай бол би маргахгүй гэсэн. Цалингийн чинь 30 хувийг хасаж олгоно гэсэн. Тухайн үед тийм үү? гээд гараад явсан. Ёс  зүйн хорооны хулаар огт ороогүй. Би өмнөх 4 жилд энэ байгууллагад ороод хөдөлмөрийн дотоод журамтай танилцаад, биелүүлээд, ажлын чиг үүргээ гүйцэтгээд явж ирсэн. Хөдөөгийн багийн Засаг даргыг заавал тамгын газар сууж ажиллах ёстой гэх шаардлага тавьдаггүй байсан. Хөдөөгийн багийн Засаг дарга нарыг та нар явж, ард иргэдтэйгээ ажилла. Энд болж байгаа бүх процесс, хууль захирамж, өвөлжөө бууцны асуудлыг та нар өөрсдөө яваад зохицуул гэх шаардлагыг тавьдаг байсан. Цаг бүртгэж байгаагүй. 2023 оны 06 сард ажлаа тасалж явж ирсний дараа акт өгсөн гэж байна. Акт дээр эмчийн тайлбар, гарын үсэг байгаа. Би садан төрөл, найз нөхөд танил хүнээрээ акт бичүүлсэн асуудал байхгүй. Ёс зүйн хорооны хурлаар оруулсан, ёс зүйн хороонд өргөдөл ирсэн гэж байна. Ёс зүйн хороо байдаг эсэхийг сайн мэдэхгүй байна. Намайг дуудаж хуралдсан асуудал байхгүй. Намайг байнга ерөөсөө чи архи уудаг, архи уусан явна гэх яриагаар дүгнэдэг. Үүнийг би ажлын байрны дарамт гэж ойлгож байна. 2023 оны 09 сарын 01-ний өдөр үдээс хойш ажил таслаагүй. Манай багийн нэг иргэний хадам аав нас барсан ажил явдал гарсан. Хэдэн үхэр алга болчихлоо яваад өгөөч гэхээр нь очиж тусалсан. Дараагийн удаа хаана очиж, хэрхэн бүртгүүлэх талаар тайлбарлаж өгсөн. 2023 оны 09 сарын 19-ний өдөр сумын тамгын газрын мотоциклыг аваад гарсан. Тухайн өдрийн үдээс хойш 4 өнгөрч байхад гараад ганц нэг айлаар орж, зарлан тараасан. 2023 оны 09 сарын 20, 21-ний өдрүүдэд зарлан тараасан. Өмнө нь цэргийн зарлан дуудах хуудсыг тараахад 5 хоногтоо цаг бүртгээд байдаггүй байсан. Би ажил үүргээ муу гүйцэтгэдэг байхад дараагийн сонгуульд ард иргэд итгэл хүлээлгэж сонгохгүй байсан байх. Сонгуульд би 54 хувийн саналаар гарч ирсэн. Төрийн ажил үүрэг гүйцэтгэж байгаа гэдэг утгаараа хөдөлмөрийн дотоод журамд захирагдах үүрэгтэй. Миний ойлгож буйгаар ард иргэд Засаг дарга ажлаа хийж чадахгүй байна, архи уугаад ажил үүргээ гүйцэтгэхгүй байна гэж үзвэл хуралдаад Оргих багийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэр гаргавал татгалзах зүйлгүй... Завхан аймгийн хэмжээнд анх удаагаа ажил тасалсан гэх шалтгаанаар багийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж байгаад харамсалтай байна. Гэрчээр асуусан хүмүүс нь нам талын дарамт шахалт гэж ойлгож байна... гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 51 дүгээр зүйлд  багийн Засаг дарга хууль тогтоомжоор ямар үүрэг даалгавар биелүүлэх талаар зааж өгсөн. Багийн Засаг дарга сонгуулийн үр дүнгээр сонгогддог. Дээрх хуульд зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 50-аас дээш хувийн иргэдийг итгэлийг авч, сонгогдсон албан тушаалтан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьснаар багийн иргэдийн итгэлийг сулруулсан, итгэл эвдсэн хүн гэж байгааг няцааж байна. Багийн иргэдийн итгэлийг эвдсэн бол багийн Засаг даргаар дахин сонгогдохгүй байсан. Тааралдах болгонд нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байдаг бол нэхэмжлэгчийг багийн Засаг даргаар дахин сонгохгүй байх. Багийн Засаг даргад 3 хүн дэвшсэн, 50 хувиас  дээш багийн иргэдийн саналыг  авч дахин сонгогдсон. Маргаан бүхий захиргааны акт дээр Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасан бүрэн эрхээ эдлэхийн тулд хууль тогтоомжид заасан үүргээ хүлээх ёстой. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч ямар хууль тогтоомжийг удаа дараа, ноцтой зөрчсөн талаар  яригдсангүй. Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн гэдэг нь хөдөлмөрийн харилцааг дуусгаж байгаа ойлголт. Ямар хууль тогтоомж зөрчөөд, багийн Засаг даргын албан тушаалаас огцруулах болсон талаар огт ярьсангүй. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 58 дугаар зүйлд заасан, бүх шатны Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд заасан хууль тогтоомж зөрчсөн талаар ямар нэгэн баримт байхгүй. Хууль тогтоогчоос багийн Засаг даргыг төрийн жинхэнэ албан тушаалтан, төрийн үйлчилгээний албан тушаалтан гэж үзээгүй. Яагаад гэвэл тухайлсан хуультай. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн нэгжийн удирдлага гэдэгт засаг дарга нар орсон байгаа. Удирдлага хийхээр сонгогдсон байгаа хүнийг сумын Засаг дарга хууль тогтоомжид нийцэж байвал батламжилдаг. Багийн Засаг дарга сумын Засаг даргад үүрэг даалгавраа тайлагнаад ажлын цагаа бүртгүүлээд, засаг даргын орлогчид нь загнуулаад, үүрэг даалгаврыг биелүүлээд явах боломжгүй. Багийн Засаг дарга сумын Засаг даргатай эн тэнцүү албан тушаал. Багийн Засаг дарга нь сумын Засаг даргын тамгын газрын бүтэц орон тоонд хамаарахгүй. Хэрвээ энэ хүрээнд багтах юм бол энэ хүний цагийг бүртгэх ёстой. Сумын төвийн багийн Засаг даргын ажлын цагийг бүртгэх боломжтой. Сумын төвөөс 20 км зайд байгаа багийн Засаг даргын цагийг бүртгэх боломжгүй. Нэхэмжлэгч өөрийн үүргээ Оргих багийн нутаг дэвсгэрийн хэмжээнд биелүүлэх ёстой. Нэхэмжлэгч 2016-2020 онд багийн Засаг дарга хийж байсан. Өмнөх сумын удирдлагууд бол багтаа ажилла, сумын төвд орж ирсэн тохиолдолд хариуцлага тооцно, иргэдтэйгээ ойрхон ажиллах ёстой гэх шаардлагыг тавьдаг байсан. Сумын сүүлийн үеийн удирдлагууд бол сумын Засаг даргын тамгын газрын ажилтан шиг өглөө, орой цагийг бүртгэж байгаа нь учир дутагдалтай. Багийн ард иргэдээс сонгогдсон бүрэн эрхийг хэзээ, хаана, хэрхэн хэрэгжүүлэх нь эргэлзээтэй. Багийн Засаг дарга Хөдөлмөрийн тухай хуулиар хариуцлага хүлээхгүй. Өөр нарийвчилсан хуулиар зохицуулагдах харилцаа юм. Багийн Засаг даргын хөдөлмөрийн харилцаа, гүйцэтгэх үүрэг, ард иргэдээс сонгогдсон амлалт, улс төрийн албан тушаалтнаар сонгогдсон эрх, үүргийг нэгжийн тухай хуулиар тусгайлан зохицуулсан. Хууль тогтоомжид заасан зөрчлийг удаа дараа гаргасан бол ажлаас чөлөөлөх боломжтой. Маргаан бүхий захиргааны актын агуулга дээр олон өдөр ажил тасалсан талаар яригдаж байна. Олон өдөр ажил тасалсан гэх шалтгаанаар багийн Засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх боломжгүй. Олон удаа ажил тасалсан нь хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил гэх юм бол болно. Гэхдээ нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Хөдөлмөрийн дотоод журмын 6.15-д заасан нөхцөл байдлыг аваад үзэх юм бол ноцтой зөрчил гэсэн үг байхгүй. Нэхэмжлэгчид хөдөлмөрийн дотоод журам хэзээ танилцуулсан нь тодорхойгүй. Хөдөлмөрийн дотоод журам баталсан өдрөөс хойно томилогдсон байгаа, ингэж шинээр ажил албан тушаалд томилогдсон бол хөдөлмөрийн дотоод журмыг зайлшгүй танилцуулах ёстой. Хөдөлмөрийн дотоод журмын хэрэгжилтийг сумын Тамгын газрын дарга хариуцна. Багийн Засаг даргын чөлөөг сумын Засаг дарга, түүний орлогч, иргэдийн Нийтийн Хурлын даргын аль нэгнээс аваагүй тохиолдолд хариуцлага хүлээлгэж байгаа нь нэхэмжлэгчийг ажлаа хийхэд саад учруулж байна. Нэхэмжлэгчийг ажлаас халах тушаалын агуулга дээр олон цагаар ажлаа тасалсан гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ажлын байран дээр, Оргих багийн нутаг дэвсгэр дээр байхад, ажлаа тасалсан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн байна. Нэгжийн тухай хуульд заасан. Дээд шатны Засаг дарга доод шатны Засаг даргыг ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд огцруулах бүрэн эрх байна. Үүнд ямар ажил үүргийг хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байгаа нь ойлгомжгүй. Багийн Засаг даргын ажлыг дүгнэсэн дүгнэлт байхгүй. Багийн Засаг дарга нь төрийн удирдлагыг анхан шатанд төлөөлж буй төрийн төлөөлөгч хүн бөгөөд маш олон хуулиар хүлээсэн үүрэгтэй. Манай улсын хэмжээнд мөрдөгдөж буй 400 гаруй хуулиас ихэнх нь багийн Засаг даргад үүрэг болгосон байдаг. Тэр хуулиудаас зөрчсөнийг заан нэрлэж, хангалтгүй биелүүлсэн ажил үүргийг тогтоосон бол үүрэгт ажлаас огцруулах бүрэн боломжтой. Нэхэмжлэгчийг архи уудаг гэж хэлдэг. Хэрвээ архи уусан бол түүнийг нь нотлох, архидан согтуурах хэмжээнд хүрсэн эсэхийг шалган тогтоох хэрэгтэй. Шүүх хуралдаан дээр ямар нэгэн нотлох баримтгүйгээр олон дахин архи уусан болгон ярьж байна. Сумын Засаг дарга багийн Засаг даргыг огцруулах үндэслэлд, удаа дараа хууль тогтоомж зөрчсөн байх ёстой, эсвэл дээд шатны үүрэг даалгавар биелүүлээгүй байх ёстой. Үүнийг хуульд яагаад тухайлан зааж байна вэ? гэхээр энэ нь багийн нийт иргэдийн Үндсэн хуулиар тусгайлан заасан сонгох эрхээр сонгогдсон албан тушаалтан. Бусад тохиолдолд энэ хүнийг халах боломжгүй. Тамгын газрын ажилтан шиг ажлыг нь дүгнээд халаад, чөлөөлөх ёсгүй. Ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн талаар нотлох баримт байх ёстой. Үүрэг даалгавар биелүүлээгүй гэдэг. Ямар нэгэн үүрэг даалгавар өгсөн бол хурлын тэмдэглэл зэргээр баталгаажиж байх ёстой. Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гээд огцруулж байгаа нь хуульд нийцэхгүй, хууль бус захиргааны акт байна. Сумын Засаг даргын энэ захирамж нь үр дагавар, хор уршигтай. Монгол төр өөрөө сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлж ажиллаж байгаа. Үндсэн хуульд зааснаар иргэн сонгох сонгогдох эрхтэй. Тусгайлан заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж буй албан тушаалтан. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар дээд шатны Засаг даргын үүрэг даалгавар биелүүлээгүй гэх үндэслэл байгаа. Харин хуульд ажлын цагтаа ажилдаа ирээгүй, ажил тасалсан гэх үндэслэл байхгүй. Завхан аймгийн зарим сумдад сумын төвөөс 250 километр алслагдсан багууд байгаа. Сумын төвөөс алслагдсан багийн Засаг дарга нар яаж ажил үүргээ гүйцэтгэх юм. Монгол төр захирах, захирагдах ёсыг баримтлах ёстой тамгын газрын албан өрөөнд хориод байх зохимжгүй. Тамгын газрын өрөөндөө ажлын цагт ирээгүй бол ажил тасалсан гэж үзээд ажлаас халж байгаа бол сонгууль хийх шаардлага байгаа юм уу? Хуулиар жилд 4 удаа багийн иргэд Нийтийн Хурлын ээлжит хурлыг зохион байгуулж хуралдуулах үүрэгтэй. 4 жилийн хугацаанд нийт 16 удаа хийх ёстой. Ээлжит бус хурлыг жилд хэдэн ч удаа хийх боломжтой. Оргих багийн Засаг даргыг ажлаа таслаад, гадуур яваад байна гэх үндэслэлээр огцруулах талаар багийн иргэд хурлаа хийх боломжтой. Сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчиж байгаа учраас Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд шууд өөрсдийн санаачилгаар огцруулах эрх нь багийн Иргэдийн Нийтийн хурлаас хамааралгүйгээр онцгой заалт орж ирсэн. Сонгох, сонгогдох эрхийг зөрчихгүйн тулд тухайлан зааж өгсөн. Хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, удаа зөрчсөн тохиолдолд багийн Засаг даргыг огцруулах арга хэмжээ авна. Ажлаа тасалсан гэх шалтгаанаар багийн Засаг даргыг ажлаас нь чөлөөлөөд байх юм бол, дуртай үедээ багийн Засаг даргыг чөлөөлөхөөр байна. Тухайлан зохицуулсан хууль нь тодорхой байна. Сумын нийт 6 багийн нэгээс хоёр нь сумын төвийн, бусад нь хөдөөгийн баг байгаа. Хөдөөгийн багийн Засаг даргын бүрэн эрх тухайн багийн нутаг дэвсгэрт хэрэгжинэ. Багийн нутаг дэвсгэрийн хил заагаар хязгаарлагдана. Багийн Засаг даргыг 4-5 удирдлагатай болгоод сумын Засаг даргын тамгын газрын удирдлага дор ажиллах ёстой. Сумын Засаг дарга, түүний орлогчоос чөлөө зөвшөөрөл авах ёстой гэж тайлбарлаж байна. Хариу тайлбар дээрээ *******г айл руу мотоциклтой авч яваагүй зөрчил гаргасан байна гэх байдлаар бичсэн байсан. Шүүх хуралдаан дээр би тийм үүрэг өгөөгүй гэж байна. Энэ нь цаагуураа хөдөлмөрийн мөлжлөг явагдаж байна. Багийн иргэдийн хүсэл зоригийн дагуу, иргэдийн итгэлийг авч, төрийн үйлчилгээг явуулах үүрэгтэй албан тушаалтан багийн Засаг дарга цагаа тамгын газраа бүртгүүлэх шаардлагагүй. Хууль тогтоомжийг буруу тайлбарлаж байна. Хууль тогтоомжийн тухай хуульд хууль тогтоомж гэж юуг хуульчилсан талаар тодорхой байгаа. Хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомж гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг гэж үзвэл, энэ хуульд заасан харилцан тохиролцсон үйл явц, ноцтой зөрчлийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд оруулсан байх ёстой боловч харилцан тохиролцсон зүйл байхгүй. Хөдөлмөрийн дотоод журам ажилтантай харилцан тохиролцсон эрх зүйн акт биш. Хөдөлмөрийн дотоод журмыг Л.т танилцуулж, гарын үсэг зурж, баталгаажуулсан зүйл байхгүй тул харилцан тохиролцсон дотоод журмыг зөрчсөн гэж үзэж ажлаас халах боломжгүй. Төрийн жинхэнэ албан хаагч, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан шиг хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ гэх хуульд заасан зохицуулалт байхгүй. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.2.4, 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан үндэслэлээр багийн Засаг даргыг огцруулахаар хуульчилсан... Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тосонцэнгэл сумын Оргих багийн Засаг даргаар ажиллаж байсан Л.ын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулж, сумын Засаг дарга итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр намайг томилсон. Л.ыг 8, 9 дүгээр сард ажилдаа ирэхгүй байна гэх гомдол олон удаа ирсэн... 2023 оны 9, 10 сард дарга нар ээлжийн амралттай байх үед ажил цалгардуулан ажил таслах, ажилдаа ирэхгүй байх, өглөө ирж цагаа бүртгүүлээд буцаж яваад гадуур ажлаар явуулсан үед хоног хугацаандаа ирэхгүй байх зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргаж байсан... Засаг дарга Тамгын газрын дарга, Засаг даргын орлогч бид нарыг өрөөндөө дуудаад удирдлагын хурал хийсэн. Хурал дээр сумын Засаг дарга ажлаа хийхгүй таслаад байна. Удаа дараа зөрчил гаргаж байна. Энэ талаар ямар тайлбар байна. Хэн, ямар хяналт тавьж байгаа талаар асууж ярилцсан. Л.ын 8, 9 сарын  ажлын цагийн тооцоог хянахад цагийн бүртгэл дутуу байсан. 2023 оны 06 сарын 13-аас 15-ны өдрийн хооронд ажилдаа ирэхгүй байж байгаад дараа нь ажилдаа ирэхдээ акт авчирч өгсөн. Тухайн үед хүмүүс гэртээ архи уугаад явж байсан гэдэг. Иймэрхүү байдал олон дахин давтагдсан. Хагас жилээс өмнө алдаа дутагдал гаргаад ёс зүйн хороогоор хэлэлцэж байсан...  Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг дэлгүүрт ороход ажлын өдөр ажлын цагаар согтуу зөрөөд гарч явсан зэрэг олон удаагийн үйлдэл байгаа учраас 9 сарын ажлын цаг бүртгэлийг шүүн үзэхэд 9 сарын 1-нд үдээс хойш, 9 сарын 05,06-нд мөн тус тус үдээс хойш, 09 сарын 07, 08-нд бүтэн 2 өдөр, 09 сарын 22-нд мөн бүтэн өдөр ажлаа шалтгаангүй тасалсан байсан. Жижүүрүүдээс дуудаж асуухад ямар нэгэн шалтгаан хэлээгүйгээр ажилдаа ирээгүй учир бүртгэл дутуу байгаа гэж хариулсан... Мөн энэ хугацаанд намайг ажилдаа орсноос хойш Оргих багийн иргэнээс Булган аймгийн отор хийж яваа айлын бог мал хөл нь тушаатай байгаад байна. Ирж үзээч гэх дуудлага мал эмнэлэгт ирсэн байсан. Мал эмнэлгийн байцаагч нь багийн Засаг даргатай хамт явмаар байна гэх саналыг гаргасан. Багийн дарга Л. байхгүй байсан учраас *******г Оргих багийн Засаг дарга Л. гэртээ байгаа байх очоод хамт явсан гэж хэлсэн. Удалгүй Л. хүрч ирээд явж чадахгүй гээд, тамгын газрын мотоциклийг цэргийн зарлан дуудах хуудас тараахаар авч явсан байснаа түлхүүрийг нь ширээн дээр шидээд явсан байсан. үлдээгээд гарсан. Энэ хугацаа нь 10 сарын 12,13-ны өдрүүд болно. Тамгын газрын удирдлагын хурал дээр Л.ыг дуудаад ажлаа тасалдаг  талаарх нөхцөл байдлуудыг хэлэхэд би 2 оюутан хүүхэдтэй, цалингийн зээлтэй нэг айлын амьдрал хэцүүдэх байх гэх тайлбарыг тавьсан. Ямар шалтгаанаар ажлаа тасалснаа хэлдэггүй. Дахиад алдаа зөрчил гаргахгүй байх талаар ямар нэгэн тайлбар хэлэхгүй гарч явсан. Тэгээд удаа дараа сахилгын зөрчил гаргаж байгаа учир ажлаас халах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан... Багийн Засаг дарга нь хөдөө болон гадуур ажилтай үед Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын аль нэгэнд мэдэгдэж чөлөө зөвшөөрөл авч явж байх ёстой бөгөөд дээрх хугацаанд ямар нэгэн албан ажлаар явуулаагүй болно. Мөн өгсөн үүрэг даалгаврын тухайд 2022 онд малчдад сумын аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвс тэжээлийг 50 хувь хямдруулан Багийн Засаг дарга нараар дамжуулан тараасан бөгөөд өвс тэжээлийн үнийг бүх Багийн Засаг дарга нар бүрэн тушааж дууссан байхад Оргих багийн Засаг дарга нь өвсний үнийг тушаагаагүй он дамнуулан байгууллагад тооцоо үүсгэсэн удаа дараа шаардахад төлж барагдуулаагүй 1 540 000 /нэг сая таван зуун дөчин мянган/ төгрөг төлөөгүй байгаа болно. Оргих багийн Засаг даргаар ажиллаж байсан Л. нь мөн 2021 онд өндөржүүлсэн бэлэн байдлын үед жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх үедээ архи ууж үүрэгт ажлаас чөлөөлөгдөж байсан, ажлын цагаар архи ууж 2022 оны 09 сарын 07-ны өдрийн Б/24 дугаар захирамжаар үндсэн цалинг 3 сар 20 хувь бууруулах сахилгын шийтгэлийг оногдуулж байсан бөгөөд удаа дараа зөрчил гаргасан, сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа болоогүй байсан, дахин итгэл хүлээлгэх буюу сахилгын шийтгэл ногдуулах боломжгүй байсан тул ажлаас чөлөөлсөн болно... Л.ыг багийн Засаг даргаас огцруулах тухай асуудлыг шийдвэрлэсэн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/202 дугаар захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийг авч хэрэглэсэн шалтгаан нь багийн Засаг дарга нь хэдийгээр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар сонгуулийн үр дүнгээр сонгогдож байгаа улс төрийн албан хаагч хэдий ч ажил үүрэг гүйцэтгэхээр томилогдоод хөдөлмөрийн харилцаанд орж ажил олгогч ажилтны харилцаа үүсэж байгаа бөгөөд одоо үйлчилж байгаа хуульд улс төрийн албан хаагчийн хувьд хөдөлмөрийн харилцааны зөрчлийг шийдвэрлэсэн заалт байхгүй, мөн багийн Засаг дарга нь төрийн улс төрийн албан хаагч тул Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулаагүй төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг энэ хуулиар зохицуулна гэж заасан байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэх хэсэгт авч, Хөдөлмөрийн хуулийн дагуу хамт олны хурлаар хэлэлцэн баталсан байгууллагын дотоод журмын заалтыг хэрэглэсэн болно... гэжээ.

8. Хариуцагчийн өмгөөлөгч Л. шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: ...Монгол төрийн чиг үүрэг гэж байгаа. Монгол төрийг төлөөлж байгаа хүн чиг үүргээ шударгаар гүйцэтгэх ёстой. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд дээд шатны Засаг дарга доод шатны засаг даргаа огцруулах, чөлөөлөх зохицуулалт байгаа. Хариуцлагын тогтолцоо байхгүй мэтээр нэхэмжлэгч Оргих багт ажил үүргээ гүйцэтгээд явах ёстой гэж тайлбарлаж байна. Дээд шатныхаа Засаг даргын үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой. Хөдөлмөрийн дотоод журмыг хүлээн зөвшөөрөөд, үүнийхээ дагуу ажил үүргээ зохицуулаад явж байгаа. Засаг даргын тамгын газрын хөдөлмөрийн дотоод харилцааг зохицуулахаар гаргасан хууль тогтоомж байна. Хууль гэдэг нь Улсын Их Хурлаас баталсан эрх зүйн баримт бичгийг хэлнэ. Хуульд нийцүүлэн гаргасан тодорхой хэм хэмжээ буюу аймаг, сум, тамгын газрын хэмжээнд мөрдөх ёстой баримт бичгээр тогтоосон хэм хэмжээг зөрчих юм бол хууль тогтоомж зөрчсөн гэж үзнэ. Хөдөлмөрийн дотоод журмын 6.15-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн сард 16 ба түүнээс дээш цагийн ажил тасалсан тохиолдолд ажлаас чөлөөлнө гэж тусгасан. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд доод шатны Засаг даргыг дээд шатны Засаг дарга огцруулах бүрэн эрхийг хуульчилж өгсөн. Төрийн албан хаагчийн ангиллаас үл хамааран бүх төрийн албан хаагч хөдөлмөрийн харилцаанд орж байгаа. Хоорондоо хийж буй гэрээгээрээ ялгаатай боловч хөдөлмөрийн харилцааны үр дүн үүсэж байна. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэг нэхэмжлэгчид үүссэн. Сумын Засаг даргын тамгын газарт харьяалагдан ажиллаж байж хөдөлмөрийн дотоод журмыг зөрчин ажил тасалсан. Нэхэмжлэгч хууль, журамд заасан үүргээ биелүүлээгүй, зөрчил гаргасан байна. Хууль тогтоомжид заасан ноцтой зөрчлийг гаргасан бол Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээнэ. Тосонцэнгэл сумын Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн ноцтой зөрчилд ямар хариуцлага хүлээлгэх талаар Хөдөлмөрийн тухай хуульд тусгасан. Тосонцэнгэл сумын Засаг даргын захирамж хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгч хөдөлмөрийн дотоод журамд зааснаар 2 ба түүнээс дээш хоног ажлаа тасалсан. Өмнө нь ажлын цагаар согтуу байсны улмаас хариуцлага хүлээж байсан. Төр засгийн төлөөлөгч өөрөө нутгийнхаа ард иргэдийн дунд ажлын цагаараа ажлаа хариуцлагатай хийж ард иргэдийнхээ итгэлийг дааж, баг болж ажиллах ёстой. Засаг даргын захирамжийн үндэслэлийн талаар тайлбарлая. Ажлаа тасалсан байдал нь ажлаас халах үндэслэл болсон тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Нэгдүгээрт, хариуцагчаар Тосонцэнгэл сумын Засаг даргыг төлөөлж О. гэх хүнийг татсан байна. Засаг даргыг төлөөлөөд овгийн үсгийг андуурсан байж болно. Хариуцагчаар Л. гэх иргэн хүнийг татсан байдаг. Засаг даргыг биш, түүнийг төлөөлүүлээд иргэн хүнийг татсан гэж үзэхээр нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх тайлбар гаргахад хүндрэлтэй. Талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх тэгш оролцох, хууль зүйн үндэслэлтэй байх шаардлага хангахгүй байх боломжтой. Өөрөөр хэлбэл, Засаг даргыг хариуцагчаар татаад байгаа юм уу? Түүнийг төлөөлөн иргэнийг татаад байгаа юм уу? тодорхойгүй. Хоёрдугаарт, нэхэмжлэгч өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж, Засаг даргын тамгын газрын хөдөлмөрийн дотоод журам удаа дараа зөрчсөн асуудлыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасныг үндэслэн шийдвэрлэсэн. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66.1 дэх хэсэгт зааснаар Б/17 тоот захирамж гаргаж, Тосонцэнгэл сумын Оргих багийн Засаг дарга Л.ыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй. Хариуцагч захирамжид дээрх хуулийн 66.1, 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2.1, 65 дугаар зүйлийн 65.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.9, 80.1.4 Засаг даргын тамгын газрын хөдөлмөрийн дотоод журмын 6.15-д заасныг зөв баримталсан. Хуульд заасан бүрэн эрхийн хэмжээнд, хууль болон хөдөлмөрийн дотоод журамд заасан нөхцөл байдал бий болсон учраас гаргасан. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64.2-т дээд шатны Засаг дарга дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна гэсэн. Сумын Засаг дарга энэ эрх мэдлээ хэтрүүлээгүй, өөрийн бүрэн эрхийн хүрээнд энэ шийдвэрийг гаргасан. Мөн хуулийн 64.2.2-т хууль тогтоомж удаа дараа зөрчсөн, эсвэл ноцтой зөрчсөн бол 64.2.5-т энэ хуулийн 65.1.3-т заасан үндэслэлээр халж болно гэж заасан. 65.1 дэх хэсгийн 65.1.3-т хууль тогтоомж, дээд шатны даргын өгсөн үүрэг даалгаврыг төрийн албыг хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн бол гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.9-д хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргаж болно гэдгийг зөв хэрэглэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно, 80.1.4-т ажилтан сахилгын зөрчил давтан буюу 2 ба түүнээс дээш гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн гэрээг шууд цуцлахаар ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож болно гэж заасныг баримталсан нь зөв. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх бөгөөд ямар чиг үүргийг хэрэгжүүлэхийг тодорхой заагаад хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн журамтай байх талаар мөн заасан. Засаг даргын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах, хууль тогтоомж, Засгийн газар, Засаг даргын шийдвэрийн холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгслийн зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнд тооцох, төрийн захиргааны ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн баталгаатай холбоотой ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах, аймаг, сум, нийслэл, дүүргийн тамгын газрын дарга нь Засгийн газраас тогтоосон бүтэц орон тооны хязгаарын дотор тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажиллах чиг үүрэгтэй. Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/06 тоот тушаалаар батлагдсан хөдөлмөрийн дотоод журмыг даган мөрдөж байдаг. Уг дотоод журмаар ажилтан ажлын цагаар гадуур зөвшөөрөлгүй явах, ажлаа тасалж, ажлаас хоцрох,  ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон. Мөн ямар тохиолдолд ажлаас чөлөөлөх, ноцтой зөрчил гэж үзэх тухай заасан. Журмын 6.14-т албан ажлаа гүйцэтгэж байх, мөн томилолтоор ажиллаж байх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд ажлаас чөлөөлөх, гэрээг цуцлах талаар, 6.15-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш цаг ажил тасалсан бол тамгын даргын тушаалаар ажлаас чөлөөлөх, дотоод журмыг чанд мөрдөх үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгч ажил тасалсан нь удаа дараа нотлогдсон. Удирдах ажилтны зөвлөлөөр Л.ыг Оргих багийн Засаг даргаас чөлөөлөх талаар хэлэлцэж байхад ямар шалтгаанаар ажлаа тасалсан талаараа тодорхой баримттай яриагүй. Шүүхийн үзлэгээр шүүхэд гаргаж өгсөн баримт нь өөр цаг хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж байсан баримт байдаг. Хуурамч бичиг баримт өгсөн байдаг. Нэхэмжлэгч ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн талаар ёс зүйн зөрчил гаргаж байсан. Олон хоногоор ажил тасалж, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан тухай дурдсан Засаг даргын 2023 оны 10 сарын 18-ны өдрийн Б/17 тоот захирамж хавтаст хэргийн 6 дугаар хуудаст, шүүхийн үзлэгийн тэмдэглэл хавтаст хэргийн 98, 99, 101, 102 дугаарт хуудаст авагдсан. Өөрөөр хэлбэл, ажил тасалсан асуудал удаа дараа яригдаж байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Л.ыг 2023 оны 06 сарын 13-15, мөн 09 сарын 05, 06, 07, 08, өдрүүдэд тус тус ажил тасалсан гэж мэдүүлдэг. Хямдралтай үнээр тараасан өвс, тэжээлийн үнийг төлөөгүй. Ажлаас халах үндэслэлд дурдаагүй боловч дээрх алдаа зөрчлийг гаргаж байсан нь тогтоогддог. 2023 оны Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын цагийн бүртгэлийн хуудаст ажлын цаг тасалсан, хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчил гаргасан нь тодорхой байгаа. Нэхэмжлэгч 2023 оны 09 сарын 20-ны өдөр ажил таслаагүй талаар тайлбар, баримт гаргаж өгсөн боловч тэр баримтууд 10 сарын 09, 13, 15, 17-ны өдөр авсан зураг болох нь шүүхийн үзлэгээр нотлогдсон, нэхэмжлэлийн үндэслэлээ дэмжиж шүүхэд гаргасан тэдгээр баримтууд нь бодит байдалтай нийцэхгүй байна. Гэрч , , *******, , нарын мэдүүлгээр ажлаа тасалсан нь нотлогдсон. Мөн ажил тасалсан талаар Ёс зүйн хороонд гаргаж байсан өргөдөл хавтаст хэргийн 68 дугаар хуудаст авагдсан. Эдгээр нотлох баримтууд нь нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэдгийг илтгэж байна. Хариуцагчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хариуцагч өөрт оногдсон бүрэн эрхийн хүрээнд, төрийн албаны тасралтгүй байдлыг хангах чиг үүргийнхээ хүрээнд захирамжийг гаргасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...  гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Л. нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/202 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Оргих багийн Засаг даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

2. Дээрх маргаан бүхий захирамжийг нэхэмжлэгчээс “А/202” гэх дугаартайгаар, хариуцагчаас “Б/17” гэх дугаартайгаар буюу өөр өөрөөр дугаарласан байдлаар шүүхэд ирүүлжээ.

 3. Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан уг захирамжийг дугаарлахдаа техникийн алдаа гаргаж, буруу дугаарлан нэхэмжлэгчид гардуулсны дараа дугаарыг зөвтгөн гаргасан болох нь хэрэгт авагдсан гэрч  Б., Б. нарын мэдүүлэг, шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл зэрэг  баримтуудаар тогтоогдож байна. /Хавтаст хэргийн 6, 25, 93-98 дугаар хуудсанд/

4. Тодруулбал, дээрх маргаан бүхий Тосонцэнгэл сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн захирамжийг 2023 оны захирамжийн эх хувь болон холбогдох бүртгэлд “Б/17” гэж бүртгэсэн байх боловч нэхэмжлэгчид уг захирамжийн хувийг “А/202” хэмээн андуурч бичсэн дугаартайгаар гардуулж өгсөн байна. Тийнхүү захирамжийг хоёр өөрөөр дугаарласан хэдий ч тэдгээрийн агуулга адил бөгөөд нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий захиргааны актын эх хувьд “Б/17” дугаартайгаар бүртгэгдсэнийг нэхэмжлэгч үгүйсгээгүй, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “А/202” гэх дугаартай захирамж нь хариуцагчаас гаргаж өгсөн “Б/17” дугаартай захирамж мөн гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй байна.

5. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар тогтоолоор санал болгосны дагуу тус сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/19 дүгээр захирамжаар Л.ыг Оргих багийн Засаг даргаар томилон ажиллуулсан байх ба “...удаа дараа олон хоногоор ажил тасалж, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хөдөлмөрийн харилцааны ноцтой зөрчил гаргасан...” гэх үндэслэлээр 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/17 дугаар захирамжаар түүнийг огцруулжээ.

6. Маргаан бүхий захиргааны акт буюу Тосонцэнгэл сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/17 дугаар захирамжид Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 64 дүгээр зүйлийн 64.2.2, 64.2.5, 65 дугаар зүйлийн 65.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.15 дахь заалтуудыг үндэслэсэн байна.

7. Шүүх хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогч, төлөөлөгч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбарт тулгуурлан дараах эрх зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Л.ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Багийн Засаг дарга нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр байх ба тухайлбал, хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах... зэрэг үүрэг бүхий улс төрийн албан тушаалтан  байна.

9. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д зааснаар бүх шатны Засаг дарга төрийн улс төрийн албан тушаалтанд хамаарч, сонгуулийн үр дүнд сонгогдож, томилолтын журмаар ажилладгаараа бусад төрийн албан хаагчаас ялгаатай бөгөөд уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох  бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө”, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-д “Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар тусгайлан зохицуулаагүй төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг энэ хуулиар зохицуулна”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна: ...64.2.2.хууль тогтоомж удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн; ...64.2.5.энэ хуулийн 65.1.3-т заасан үндэслэлээр”, 65 дугаар зүйлийн 65.1.Засаг даргад дараах үндэслэлээр хариуцлага тооцно: ...65.1.3.хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг  хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд үзсэн гэж тус тус заажээ.

10. Дээрх хуулиудын зохицуулалтаас үзвэл, төрийн жинхэнэ албан хаагчийн сахилгын шийтгэлийн харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай хууль болон төрийн үйлчилгээний албан хаагчийн сахилгын шийтгэлийн харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтуудын үйлчлэлд багийн Засаг дарга хамаарахгүй бөгөөд улс төрийн албан тушаалтан болох бүх шатны Засаг даргын эрх зүйн байдлыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тусгайлан тогтоож, Засаг даргыг огцруулах, хариуцлага хүлээлгэх эрх зүйн харилцааг уг хуулиар нарийвчлан зохицуулсан тул дээд шатны Засаг дарга нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгох, цуцлахтай холбоотой зохицуулалтыг хэрэглэж, доод шатны Засаг даргад сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас чөлөөлөх, огцруулах боломжгүй юм.

11. Энэ маргааны тухайд, хариуцагч Тосонцэнгэл сумын Засаг дарга нь “Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дараах үндэслэлээр дуусгавар болно: ...78.1.9.хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан, 80 дугаар зүйлийн 80.1.Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно: 80.1.4.ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасныг маргаан бүхий  2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/17 дугаар захирамжид баримталсан нь буруу байна.

12. Харин Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах, 64 дүгээр зүйлийн 64.2.2, 64.2.5, 65 дугаар зүйлийн 65.1.3-д зааснаар доод шатны багийн Засаг даргад “хариуцлага хүлээлгэх” эрх хэмжээ сумын Засаг даргад олгогдсон бөгөөд эдгээр зохицуулалтыг үндэслэн нэхэмжлэгч Л.ыг Оргих багийн Засаг даргын албан тушаалаас огцруулахаар маргаан бүхий дээрх захирамжаар шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

 13. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.Төрийн албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ: 37.1.1.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх; ...37.1.7.төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх; ...37.1.16.Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоолын 1-д “Дараах арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга нарт үүрэг болгосугай: ...1.7.төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ... согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, ...хэрэглэх, ашиглахыг ...хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох...”, Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/06 дугаар тушаалаар батлагдсан “Засаг даргын Тамгын газрын хөдөлмөрийн дотоод журам”-ын 6.14.Албан ажлаа гүйцэтгэж байх, мөн томилолтоор ажиллаж байх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн нь нотлогдсон тохиолдолд ажилтныг ажлаас шууд чөлөөлж гэрээг цуцална... 6.15.Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн сард хоёр өдрийн ажил буюу 16 болон түүнээс дээш цагийн ажил тасалбал Засаг дарга болон Тамгын газрын даргын тушаалаар ажлаас чөлөөлнө... 7.11.Ажлын цагийн ирцийг тамгын газрын даргын томилсон ажилтан бүртгэж... ажлын цаг ашиглалт,ажлын цагийн ирцийн бүртгэл, хөтлөлтийн байдалд ...тамгын газрын дарга хяналт тавина” гэж тус тус заажээ.

14. Үүнээс үзэхэд, төрийн албан хаагч нь холбогдох хууль тогтоомж болон төрийн албан хаагчийн үйл ажиллагаандаа баримталбал зохих журам, ёс зүйн дүрмийг сахин мөрдөх, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн дээдлэх үүрэгтэй, нөгөөтээгүүр, Засаг дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар доод шатны Засаг даргыг хууль тогтоомж зөрчсөн гэж үзсэн тохиолдолд өөрийн санаачилгаар огцруулах бүрэн эрхтэй байна.

15. Дээрх бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгч Л.ыг “өгсөн үүрэг, даалгавар биелүүлээгүй, удаа дараа олон хоногоор ажил тасалж, хөдөлмөрийн харилцааны ноцтой зөрчил гаргасан” гэж үзэж, Оргих багийн Засаг даргын албан тушаалаас  огцруулах асуудлыг шийдвэрлэсэн хариуцагч Тосонцэнгэл сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/17 дугаар захирамж хуульд нийцсэн байна.

16. Нэхэмжлэгч Л. Оргих багийн Засаг даргаар томилогдон ажиллаж байгаагийн тухайд дээд шатны албан тушаалтан болох Тосонцэнгэл сумын Засаг даргаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх, хууль тогтоомжийг сахин хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд төрийн албан хаагч түүний хувьд ажлын цагаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх нь хууль тогтоомжоор хориглогдсон байгаа  тул хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулаагүй гэх үндэслэлээр ажлын цаг тасалсан, ажлын цагаар архи, согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчилд хариуцлага хүлээлгэхгүй байх үндэслэл болохгүй бөгөөд хариуцагчаас уг зөрчлийг ноцтой гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүйг  дурдах нь зүйтэй. 

17. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар сумын Засаг дарга нь түүний  үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох гэх зэрэг чиг үүргийг гүйцэтгэх ажлын албатай байх ба уг ажлын алба нь тамгын газар байхаар заажээ.

18. Багийн Засаг даргын тухайд хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэр болон дээд шатны албан тушаалтан болох сумын Засаг дарга болон түүний ажлын албанаас тогтоосон дэг журмаас гадуур байх эрх зүйн үндэслэлгүй.

19. Нэхэмжлэгч Л. нь Тосонцэнгэл сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/19 дүгээр захирамжаар Оргих багийн Засаг даргаар томилогдон, тухайн багийн нутаг дэвсгэрт төрийн үйл ажиллагаа, төрийн үйлчилгээг хариуцан зохион байгуулах, хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх зэргээр хамтран ажиллахаар батламжийн гэрээ байгуулж, гарын үсгээр баталгаажуулжээ. /Хавтаст хэргийн 56-58 дугаар хуудсанд/

20. Эдгээр баримтын агуулгаас харахад багийн Засаг дарга нь хуулийг ёсчлон дагаж мөрдөх, багийн хэмжээнд төрийн үйл ажиллагааг зохион байгуулах үүргээ тасралтгүй биелүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаандаа төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, эрхэмлэх есөн зүйлийг хэрэгжүүлж ажиллахаар амлалт өгч баталгаажуулсан байна.

21. Оргих багийн Засаг даргаар томилогдсоноос хойш Л. нь “Батламжаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлын цагаар архи ууж, ёс зүйн зөрчил гаргасан” үндэслэлээр албан тушаалын үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 30 хувь бууруулах сахилгын шийтгэл хүлээж байсан нь Тосонцэнгэл сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/24 дүгээр захирамжаар тогтоогдож байх ба энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэстэй. /Хавтаст хэргийн 23 дугаар хуудсанд/

22. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг хуульчилж өгсөн. Тухайлбал, хуулийн 37.1.1.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;... 37.1.7.төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;... 37.1.16.Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах.. гэжээ.

 23. Эдгээр нийтлэг үүрэг нь төрийн улс төрийн албан хаагчид нэгэн адил хамааралтай тул нэхэмжлэгчийн тухайд дээрх нийтлэг үүргийг биелүүлж, сумын Засаг дарга болон түүний ажлын албанаас тогтоосон дэг журмыг сахиж, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглахаар байна.

24. Нэхэмжлэгч Л.т 2023 оны 9, 10 саруудад цалин хөлсийг зохих хугацаанд бүтэн ажилласнаар тооцож олгосон хэдий ч тэрээр 2023 оны 9 дүгээр сарын 5, 7, 8, 10 сарын 12, 13-ны өдрүүдэд ажил тасалсан, мөн ажлын цагаар архи уусан, малын өвчин гарсан болзошгүй дуудлагаар хөдөө явж ажиллах үүрэг, даалгаврыг биелүүлээгүй, нөөцийн өвсний тооцоог айл өрхүүдтэй бүрэн хийж дуусгаагүй зэрэг зөрчлүүдийг гаргасан болох нь хэрэгт авагдсан гэрч Б., С., Л., Г., Ч., М.*******, Т.*******, Б.******* нарын мэдүүлгээр тогтоогдож байна.  /Хавтаст хэргийн 69,  162, 188, 192, 207, 208 дугаар хуудсанд/

25. Харин нэхэмжлэгч 2023 оны 9 дүгээр сарын 01, 06-ны өдөр Оргих багийн иргэний мал алдагдсан асуудлаар хөдөө ажилласан болох нь гэрч Л.*******ын мэдүүлгээр тогтоогдож байна. /Хавтаст хэргийн 159 дүгээр хуудсанд/

26. Нэхэмжлэгч Л. “...2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өвөлжөөний газарт мал оруулсан асуудлаар хөдөө явж Ц.*******ынд очсон, тэр өдрөө үргэлжлүүлээд өвөлжөөний маргаантай айлуудаар орж маргааныг зохицуулсан...” хэмээн тайлбарлаж, уг үйл баримттай холбогдуулан өөрийн гар утсаар бэхжүүлэн авсан гэх зургуудыг шүүхэд гаргаж өгсөн.

27. Тэдгээр зургуудыг үндэслэн шүүхээс нэхэмжлэгчийн Самсунг-А23 маркийн гар утсанд хийсэн үзлэгээр дээрх зургууд 2023 оны 10 дугаар сарын 15-аас 17-ны өдрүүдэд дарж буулгасан болохыг тогтоосон тул  9 дүгээр сарын 07-ны өдөр хөдөө ажилласан гэх нэхэмжлэгчийн тайлбар болон гэрч Л.*******гийн мэдүүлэг тус тус үгүйсгэгдэж байгаа болно. /Хавтаст хэргийн 138, 169 дүгээр хуудсанд/

28. Нэхэмжлэгч нь 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ажил таслаагүй, 9 дүгээр сарын 08-ны өдөр нөөцөд зориулж хадсан өвсийг сумын төв рүү ачиж оруулсан хэмээн тайлбарласан боловч  дээрх өдрүүдэд өвс татах ажил хийгдээгүй, энэ ажил нь 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш хийгдсэн болох нь гэрч С., Б:*******, Л. нарын мэдүүлгээр  үгүйсгэгдэж байна. /Хавтаст хэргийн 162, 166, 178 дугаар хуудсанд/

29. Мөн нэхэмжлэгч 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ажил таслаагүй, цэргийн зарлан дуудах хуудас тараахаар гадуур ажилтай явсан хэмээн тайлбарлан гэрч асуулгасан боловч цэргийн зарлан дуудах хуудас хүлээж авсан авсан иргэдийн гарын үсгээр баталгаажсан тасалбар дотор 9 дүгээр сарын 22-ны өдөр зарлан дуудах хуудас хүлээлгэж өгсөн тасалбар огт байхгүй тул нэхэмжлэгчийн тайлбар болон гэрч З.*******, Д.******* нарын мэдүүлэг дээрх баримтаар үгүйсгэгдэж байгааг дурдах нь зүйтэй. / Хавтаст хэргийн 172, 182, 231-235 дугаар хуудсанд/

30. Энэ үйл баримттай холбогдуулан хариуцагчийн төлөөлөгчөөс “Хар толгойд тариалсан малын тэжээл тариалсан ажлын үр дүнгийн тайлан” гэх баримтыг гаргаж өгсөн боловч уг тайланг бичсэн гэх Д.*******ийн гарын үсгээр баталгаажуулаагүй баримт байх тул шүүх үнэлээгүй болно. /Хавтаст хэргийн 236 дугаар хуудсанд/

31. Гаргасан зөрчлүүдтэй нь холбогдуулан Л.ыг сонсох ажиллагааг явуулсан хэмээн хариуцагчийн төлөөлөгч тайлбарлаж, Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын удирдлагын хурлын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг шүүхэд гаргаж өгсөн боловч тэмдэглэлийг хөтөлсөн гэх тус Тамгын газрын ажилтан Б. нэхэмжлэгч Л.ыг хуралдаанд орж ирэхэд байгаагүй, түүний хэлсэн үгийг Тамгын газрын дарга Г.гийн хэлснээр тусгаж бичиж, тэмдэглэлд гарын үсэг зурсан...” тухай мэдүүлж байгаа тул дээрх хуралдааны тэмдэглэлийг үнэн зөв гэж үнэлэх үндэслэлгүй байна. /Хавтаст хэргийн 27 дугаар хуудсанд/

32. Нэхэмжлэгч Л. өөрт нь хамааралтай асуудлыг дээрх 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар хэлэлцээгүй, маргаан бүхий захиргааны актыг гарснаас хойш буюу 2023 оны 10 дугаар сарын 20-ны үеэр дуудаж уулзсан гэж тайлбарлаж, уг тайлбарынхаа үндэслэл болгон гаргаж өгсөн түүний гар утасны бичлэгт шүүхээс үзлэг хийхэд дүрс байхгүй, зөвхөн дуу хоолой /яриа/-ны бичлэг байх бөгөөд уг бичлэг нь тод биш, хэн хэний дуу хоолой бичигдсэн нь тодорхойгүй тул уг баримтыг шүүх мөн үнэлээгүй болно. /Хавтаст хэргийн 139 дүгээр хуудсанд/

33.  Хариуцагч Тосонцэнгэл сумын Засаг дарга нэхэмжлэгч Л.ыг Оргих багийн Засаг даргын албан тушаалаас “огцруулах”-аар шийдвэрлэхдээ түүнээс урьдчилан тайлбар аваагүй, санал гаргах боломж олгоогүйг хууль зөрчсөн гэж үзэхгүй, тухайн тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг хариуцагч сумын Засаг даргаас хэрэгжүүлэх үүрэггүй тул энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй.

 34. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгдсэн эсэхээс үл хамаарч нэхэмжлэгчийг огцруулах хуульд заасан үндэслэл бүрдсэн байх тул хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргаас маргаан бүхий захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дүгээр зүйлийн 4.2.6.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах;  26 дугаар зүйлийн 26.1.Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. 26.2.Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй, тухайн тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг хариуцагч Тосонцэнгэл сумын Засаг даргаас хэрэгжүүлэх үүрэггүй тул энэ үндэслэлээр нэхэмжлэгч талаас маргасан нь үндэслэлгүй байна.

35. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Засаг даргыг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө “огцруулах” үндэслэл, журам, шийдвэрлэх байдлыг тусгайлан зохицуулсан тул доод шатны Засаг даргыг “огцруулах” эсхүл “эс огцруулах”-аар шийдвэрлэх бүрэн эрхийг Засаг даргад ямар нэгэн шалгуургүйгээр олгосон бөгөөд доод шатны Засаг дарга хуулиар хүлээсэн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, хууль зөрчсөн гэх асуудал нь түүнд улс төрийн хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас нь огцруулах үндэслэл болно.

36. Иймд хариуцагч Тосонцэнгэл сумын Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2, 64.2.5, 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан үндэслэл бүрдсэн гэж үзэж хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгчийг Оргих багийн Засаг даргын үүрэгт ажлаас огцруулсан нь хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

37. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчийг “Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг дарга” гэж тодорхой нэрлэж дурдсан бөгөөд нэхэмжлэгчээс маргаж буй захиргааны акт болох 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/202 дугаар захирамжийг Тосонцэнгэл сумын Засаг даргаас батлан гаргаж, Засаг дарга Л. гарын үсэг зурсан байгаа тул нэхэмжлэгч хариуцагчийг эргэлзээ үүсгэхүйц байдлаар тодорхойлсон, иргэнд холбогдуулан нэхэмжлэлийг гаргасан, шүүх иргэнийг хариуцагчаар татаж нэхэмжлэлийг гардуулсан гэх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2, 64.2.5, 65 дугаар зүйлийн 65.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгүүдийг баримтлан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/202 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Тосонцэнгэл сумын Оргих багийн Засаг даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэгч Л.ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ТУНГАЛАГ