Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 153

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Б.Мөнгөншагай,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Болормаа,

Шүүгдэгч: Г.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төмөрбаатар овогт Гүнсэнхоролын Б д холбогдох 1726000000034 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Төмөрбаатар овогт Г.Б

Шүүгдэгч Г.Б  нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Цахиурын хад” гэх газраас гарал үүслийн гэрчилгээгүйгээр 1.35 шоо метр хэмжээтэй Заг мод бэлтгэж тээвэрлэн байгаль орчинд 121500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Б  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би 1.35 шоо метр хэмжээтэй Заг мод бэлтгэж тээвэрлэсэн. Хууль дүрэм мэдэхгүйгээсээ болж энэ хэргийг үйлдсэн. Гэмт хэргийн улмаас 121500 төгрөгийн хохирол учруулсан. Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.И  надад 364500 төгрөгийн торгууль тавьсан. Дахин ийм гэмт хэрэг хийхгүй. Гэм буруугаа хүлээж байна. Хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан гэв.

Хохирогч Б.И  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/269 дугаар тушаалаар Заг модыг түүж түлшинд хэрэглэхийг хориглосон. Г.Б-ы бэлтгэсэн Заг модонд үзлэг хийхэд шинэ залуу Заг мод биш, Загны өнгө хөх бөгөөд зарим нь унасан, зарим нь булгалаад авсан хөх өнгөтэй Заг мод байсан. Заг модыг хугалж гэмтээх, унасан Заг модыг  түүж түлшинд хэрэглэх нь хориотой. Г.Б-ы түүсэн заг модны экологи эдийн засгийн үнэлгээ 67500 төгрөгөөр тогтоогдсон байна. Хуульд уг үнэлгээгээр гарсан хохирлыг 3 нугалж төлүүлэхээр заасны дагуу төлүүлсэн. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 26-28 хуудас/,

Гэрч Г.Ч  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Намайг 2017 оны 10 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Богд сумын төв урд хорооллын шороон зам дээр шалгалт хийж байхад тус сумын 6 дугаар багийн иргэн Г.Б  ганцаараа 50-45 ӨВР улсын дугаартай, цэнхэр өнгийн Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгслээр Заг мод түлшинд хэрэглэх зорилгоор тээвэрлэн явсан тул түр саатуулж, хуульд заасан арга хэмжээ авахуулахаар илтгэх хуудсаар шилжүүлж өгсөн. /хх-ийн 2-3 хуудас/,

Гэрч Ю.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Би Г.Б  гэх хүнийг танихгүй. Би уг ойн инженерийн чиглэлээр 27 дахь жилдээ ажиллаж байна. Үүнээс ойн асуудал хариуцсан мэргэжилтэн, ойн нэгжийн даргаар Өвөрхангай аймгийн Байгаль орчны газарт 17 жил ажиллаж байна. Би уг дүгнэлтийг өөрийн мэдлэг ур чадвар, хуримтлуулсан туршлага, дотоод итгэл үнэмшлийнхээ дагуу хуульд нийцүүлэн гаргасан. Өвөрхангай аймгийн Богд сумын иргэн Г Б  нь зөвшөөрөлгүй ойгоос мод бэлтгэсэнд хамаарна. Учир нь Ойн тухай хуулийн 29.1.1-д Заг модыг огтолж, хугалж гэмтээхийг хориглосон байдаг. Мөн 47.2.4-т ойгоос зохих зөвшөөрөл, эрхийн бичиггүй мод бэлтгэсэн нь энэ хуулийн заалтуудаар иргэнийг Заг мод бэлтгэхийг хориглож байгаа. Ойн тухай хуулийн 3.1.10-т зааснаар ойн сангаас журам, стандартын дагуу ойн баялагын даацад тохируулан мод, ойн дагалт баялагыг бэлтгэх үйл ажиллагаа гэсэн нь ойн мод ашиглах гэсэн заалт боловч ашиглах бэлтгэх хоёр нэг утгатай үг юм. Ойн тухай хуулийн 29.1.1-д зааснаар Заг модыг бэлтгэх нь ойд хориглосон үйл ажиллагаанд хамаардаг учир Заг модонд мод бэлтгэх зөвшөөрөл олгодоггүй. Мөн Байгаль орчны сайдын 2011.08.05-ны өдрийн А-269 дугаар тушаалаар Заг бүхий төв суурин газрын айл өрхийн түлшний хэрэглээнд Загийг түүж ашиглахыг хориглосон байдаг. Заг модыг тайрах, булгалах, огтлохыг хуулиар бүрэн хориглосон. Заг модыг уначихсан байхад түүх зөвшөөрөл өгөхгүй. Заг модыг бэлтгэх зөвшөөрлийг улсын хэмжээнд олгодоггүй. Орон нутгийн зүгээс мөн түүж бэлтгэх зөвшөөрөл олгохгүй. Өвөрхангай аймгийн Богд сумын хэмжээнд 106600 га Заган ой байдаг. Тус сумын 5 дугаар багийн нутаг “Цахиурын хад” гэх газар ургадаг Заг нь ойн санд хамаарна. 3аг мод нь ойн санд ургаж байгаа бут, сөөг, навчит модны төрөлд хамаардаг. Мод ургамал гэж хуваагддаггүй. Ойн санд хамаарна. Би мод бэлтгэсэн газарт очоогүй тул бэлтгэсэн аргыг нь мэдэхгүй байна. Миний хувьд материалаар ирүүлсэн баримтанд тулгуурлаж дүгнэлт гаргасан. /хх-ийн 46-47 хуудас/,

Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1/12 дугаартай дүгнэлтэнд:… 2011 онд Өвөрхангай аймгийн заган ойд хийсэн ой зохион байгуулалтын материалаас үзэхэд Богд сумын нутаг Цахиурын хад гэх газар нь ойн сан бүхий газарт хамаарна. Ойн тухай хуулийн 8.1-д зааснаар заган ой хамгаалалтын бүсийн ойд хамаарна. Төлбөрийн муж тогтоох тухай БОНХөгжлийн Сайдын 2013.11.13-ны өдрийн 325 дугаар тушаалын хавсралтаар Монгол Улсын ойн сангийн хамгаалалтын бүсийн бүх ой нэгдүгээр мужид ордог. Ойн нөөцийн экологи эдийн засгийн үнэлгээг батлах тухай Байгаль орчин аялал жуулчлалын Сайдын 2009 оны 394 дүгээр тушаалыг үндэслэж дээрхи зөрчлийн улмаас учруулсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээг тооцоход 121500 төгрөг байна. Тухайн заг мод бэлтгэсэн газар нь улсын тусгай хамгаалалттай газарт хамаарахгүй. Үүнийг би тогтоох боломжгүй. Газар дээр нь зөрчлийг илрүүлж үзлэг хийсэн цагдаа, байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч нар тогтоох боломжтой. Аливаа мод, бут сөөг нь бүгд ургамлын төрөлд багтдаг бөгөөд заг нь луулийн овгийн ургамал бөгөөд загийн төрлөөс манай оронд зөвхөн Цагаан модот заг /Haloxylon ammodendron/ ургана. Аливаа мод, бут сөөгийг мод эсхүл ургамлын төрөл гэж ангилдаггүй. Шинжээчээр ажилласан Ю.Ганхуяг нь мод боловсруулах үйлдвэрийн инженер, механик мэргэжилтэй, дээд боловсролтой, ойн салбарт 27 жил ажилласнаас ойн асуудал хариуцсан мэргэжилтэн, ойн нэгжийн даргаар 2001 оноос хойш аймгийн БОАЖГазарт тасралтгүй ажиллаж байна. /хх-ийн 77-78 хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Г.Б ы яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 22-23, 32-33 хуудас/,

Шүүгдэгч Г.Б ы хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 31 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 65, 68 хуудас/,

Шүүгдэгч Г.Б ы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Г.Б  нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Цахиурын хад” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 1.35 шоо метр хэмжээтэй Заг мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б ы үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.И гийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/269 дугаар тушаалаар Заг модыг түүж түлшинд хэрэглэхийг хориглосон. Г.Б ы бэлтгэсэн Заг модонд үзлэг хийхэд шинэ залуу Заг мод биш, Загны өнгө хөх бөгөөд зарим нь унасан, зарим нь булгалаад авсан хөх өнгөтэй Заг мод байсан. Заг модыг хугалж гэмтээх, унасан Заг модыг түүж түлшинд хэрэглэх нь хориотой. Г.Б ы түүсэн заг модны экологи эдийн засгийн үнэлгээ 67500 төгрөгөөр тогтоогдсон байна. Гэрч Г.Ч ын 2017 оны 10 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Богд сумын төв урд хорооллын шороон зам дээр Г.Б  ганцаараа 50-45 ӨВР улсын дугаартай, цэнхэр өнгийн Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгслээр Заг мод түлшинд хэрэглэх зорилгоор тээвэрлэн явсан. Гэрч Ю.Г-н Өвөрхангай аймгийн Богд сумын иргэн Г Б  нь зөвшөөрөлгүй ойгоос мод бэлтгэсэнд хамаарна. Учир нь Ойн тухай хуулийн 29.1.1-д Заг модыг огтолж, хугалж гэмтээхийг хориглосон байдаг. Ойн тухай хуулийн 29.1.1-д зааснаар Заг модыг бэлтгэх нь ойд хориглосон үйл ажиллагаанд хамаардаг учир Заг модонд мод бэлтгэх зөвшөөрөл олгодоггүй. Мөн Байгаль орчны сайдын 2011.08.05-ны өдрийн А-269 дугаар тушаалаар Заг бүхий төв суурин газрын айл өрхийн түлшний хэрэглээнд Загийг түүж ашиглахыг хориглосон байдаг. Заг модыг уначихсан байхад түүх зөвшөөрөл өгөхгүй. Заг модыг бэлтгэх зөвшөөрлийг улсын хэмжээнд олгодоггүй. Орон нутгийн зүгээс мөн түүж бэлтгэх зөвшөөрөл олгохгүй гэх мэдүүлгүүд, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1/12 дугаартай дүгнэлт, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Г.Б ы яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Г.Б д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг зөвшөөрөлгүйгээр Заг мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх энэ хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заажээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар шүүгдэгч Г.Б гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн 1.35 шоо метр Заг модыг хурааж улсын орлого болгож, шүүгдэгч Г.Б ы эзэмшлийн 8000000 төгрөгийн үнэ бүхий, 50-45 ӨВР улсын дугаартай Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 09 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож,   

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шүүгдэгч Г.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хохирогчид хохирол төлбөрт 364500 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Төмөрбаатар овогт Гүнсэнхоролын Б г зөвшөөрөлгүйгээр Заг мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар шүүгдэгч Г.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн 1.35 шоо метр Заг модыг хурааж улсын орлого болгож, шүүгдэгч Г.Б ы эзэмшлийн 8000000 төгрөгийн үнэ бүхий, 50-45 ӨВР улсын дугаартай Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 09 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.   

4.Шүүгдэгч Г.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хохирогчид хохирол төлбөрт 364500 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                  Х.ОТГОНЖАРГАЛ