Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/935

 

 

 

 

 

                       

Ц.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар  даргалж, шүүгч Б.Зориг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,

хохирогч П.Аын өмгөөлөгч Х.Даваахүү,

шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл, А.Кадирбек,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 2022/ШЦТ/706 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч А.Кадирбек нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ц.Б-д холбогдох 2108011780309  дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 22-ны  өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

.........овгийн Ц.Б, ....... оны .... дугаар сарын .....-ны өдөр ............................ төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ........................тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......../;

Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 13 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Товчооны замд “УТ” ХХК-ийн өмчлөлийн “Beiben north benz” загварын 57-07 УБЦ улсын дугаартай автомашинд “CIMC” маркийн 47-07 АЧ улсын дугаартай чиргүүл чирч замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 10.6-т “Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаан /ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт/-аар энэ дүрмийн 10.5-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Уулзвар, гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас П.А-ын жолоодож явсан Хаан банкны өмчлөлийн “Toyota Land Cruiser 200” загварын 99-22 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хажуу талаас мөргөж, жолооч П.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр, “Toyota Land Cruiser 200” загварын тээврийн хэрэгсэлд 76.411.000 төгрөгийн хохирол, хийдийн баруун талд байршилтай Р.Э-ийн эзэмшлийн хувийн хашаанд 2.360.200 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Быг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 4 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Боос 5.512.200 төгрөгийг гаргуулж, хохирогч П.А 3.150.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Р.Э 2.360.200 төгрөг тус тус олгож, иргэний хариуцагч “УТ” ХХК-иас 65.041.200 төгрөг гаргуулан хохирогч П.Ат олгож, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тэмдэглэж, хохирогчийн нэхэмжлэлээс 27.874.800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч А.Кадирбек нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч А.Кадирбек тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Шүүх шийтгэх тогтоолын 2-9 дэх талд нотлох баримтын үнэлгээний талаар дүгнэлт хийсэн. Энэхүү дүгнэлтэд анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 2-9 дэх тал хүртэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талууд шинжлэн судлуулсан нотлох баримтуудын агуулгыг хуулж бичээд нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийн талаар нэг ч дүгнэлт хийгээгүй болно. Өөрөөр хэлбэл, шүүх шийтгэх тогтоолын 9 дэх талд “шүүх дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм” гэх ганцхан өгүүлбэрийг бичсэн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараах зүйлийг тусгана” гээд уг зүйлийн 2.3-т “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ бичнэ” гэж заасныг ноцтой зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын зөрчил гэж үзнэ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийг цагаатгах байдлаар өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгөхийг хүсэж, гомдлын үндэслэлээ гаргаж байна. Тодруулбал, шүүх хэдий шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, шийтгэх тогтоол гаргасан боловч шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хангалттай тогтоож чадаагүй, өмгөөлөгчийн шүүгдэгчийг цагаатгах санал, түүний үндэслэл болгосон нотлох баримтуудын талаар няцаасан дүгнэлт хийгээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх гэм буруугүйд тооцох зарчимд үндэслэж шүүгдэгчийг цагаатгах үндэслэлтэй болно.

Шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Учир нь, шүүх шийтгэх тогтоолын 9 дэх талд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ “...шүүгдэгч Ц.Б нь анхаарал болгоомжгүйгээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 10.6-д заасан “Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ ..., Уулзвар, гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэснийг болон Замын тэмдгийн 4 дэх хэсгийн 4.2.а “Саадыг баруун гар талаар тойрч гарна. Тухайн саадыг зөвхөн сум заасан талаар тойрч гарахыг зөвшөөрнө” гэснийг тус тус зөрчин зүүн гар тийш буцах эргэх хөдөлгөөн хийхдээ “Land Cruiser 200” маркийн 99-22 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун хойд хэсгийг мөргөж, тухайн зам тээврийн ослыг гаргасан” гэжээ. Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Быг Замын хөдөлгөөний дүрмийн 10.6 дахь заалтын “зүүн гар тийш эргэх үйлдэл хийхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн гэх дүгнэлт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар няцаагдана. Замын хөдөлгөөний дүрмийн 10.6 дахь хэсэгт “...жолооч зүүн гар тийш эргэх үйлдэл хийхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж журамласан. Уг заалтын зэрэгцээ эгнээнд араас яваа тээрийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүргээ Ц.Б зөрчсөн үү, үгүй юу гэдэг нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой болно. Зэрэгцээ гэх үгийг Монгол хэлний их тайлбар тольд өндөр нам, их бага нь жигд зэргэлдээ оршихыг буюу зэргэлдээ байхыг хэлнэ гэж тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, Замын хөдөлгөөний дүрмийн 10.6 дахь хэсгийн зэрэгцээ ард яваа тээврийн хэрэгсэл нь нэг зүгийн 2, 3 эгнээ замын аль нэг эгнээгээр зэргэлдээ явж байхыг хэлж байгаа юм. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар “Land Cruiser 200” маркийн 99-22 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Ц.Бын “Beiben north benz” маркийн 57-07 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй зэрэгцээ эгнээнд явж байгаа юм. Угтаа бол “Beiben north benz” маркийн 57-07 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Б нь осол болсон гэх 3 эгнээтэй замын 2 дугаар эгнээнээс зүүн гар тийш эргэх үйлдэл хийж 3 дугаар эгнээ рүү орох үед осол гардаг. Энэ үед “Land Сruiser 200” маркийн 99-22 УНВ дугаартай тээврийн хэрэгсэл “Beiben north benz” маркийн 57-07 УБЦ улсын дугаартай тээврийг хэрэгсэлтэй зэрэгцээ 3 дугаар эгнээнд явж байгаагүй, харин ч 2 дугаар эгнээгээр буюу “Beiben north benz” маркийн 57-07 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ард явж байгаад урд яваа тээврийг хэрэгсэл зүүн гар тийш эргэх үйлдэл хийгээд уг машиныг эргэх үйлдэл хийхээс өмнө гүйцэх гэж 3 дугаар эгнээ рүү орж ирэхэд авто осол болсон байдаг. Өөрөөр хэлбэл, “Land Сruiser 200” маркийн тээврийн хэрэгсэл нь 3 дугаар эгнээ рүү эгнээ шилжиж гүйцэх үйлдэл хийхээс өмнө урд яваа тээврийн хэрэгсэл болох “Beiben north benz” маркийн 57-07 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зүүн гар тийш эргэх үйлдэл хийж аль хэдийнээ замын 3 дугаар эгнээ рүү толгой нь орсон байсан. Энэ нь 2 дугаар хавтаст хэргийн 103 дугаар талд авагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлд “...13:41:55 секундэд  ачааны автомашин зүүн гар тийш эргэх үйлдэл хийхэд хар өнгийн автомашин 3 дугаар эгнээгээр орж ирж, 13:41:56 секундэд мөргөлдөн жийп автомашин шарвалт хийж зорчих хэсгийн голын тэмдэглэл мөргөж, дэлгэцээс гарч байгааг үзлэгээр тогтоосон. Угтаа бол “Land Сruiser 200” маркийн тээврийн хэрэгсэл гүйцэх үйлдэл хийх гэж 2 дугаар эгнээнээс 3 дугаар эгнээ рүү орж ирээд урд яваа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн цаг хугацаа нь 1 секунд 37 /дойл/ гэдэг нь хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгт хийсэн үзлэгээр тогтоогдсон. Мөн 2 дугаар хавтаст хэргийн 148 дугаар талд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 857 дугаартай Г.Ганзоригийн камерын бичлэгт үндэслэн тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоосон шинжээчийн дүгнэлт байгаа. Уг шинжээчийн дүгнэлтэд 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн камерын дүрс бичлэгт дүрслэгдсэн хар өнгийн “Land Сruiser 200” маркийн 99-22 УНВ улсын дугаартай автомашин нь авто замын зорчих хэсгийн 1-10 тэмдэглэгдсэн цэгийн хооронд 37 метр зайг 76,104 км цагийн хурдтайгаар туулж өнгөрсөн байна гэж дүгнэсэн. Энэ авто замын зорчих хэсгийн 1-10 гээд тэмдэглэсэн байгаа тэмдэглэгээ нь “Land Сruiser 200” маркийн машин 2 дугаар эгнээгээс 3 дугаар эгнээ рүү шилжиж, гүйцэх үйлдэл хийх хоорондын зай, цаг хугацааг тогтоосон дүгнэлт байгаа. Өөрөөр хэлбэл, шинжээчийн энэ дүгнэлтээр хохирогч П.А нь өөрийнхөө мэдүүлэгт өгсөнчлөн замын зорчих хэсгийн 3 дугаар эгнээд явж байгаагүй, тэрээр камерын бичлэгт ч тэр, шинжээчийн дүгнэлтэд ч тэр ердөө 2 дугаар эгнээгээр явж байгаад урд яваа тээврийн хэрэгслийг гүйцэх үйлдэл хийх гээд 3 дугаар эгнээ рүү орж, гүйцэх үйлдэл хийхдээ хурд хэтрүүлснээс энэ аваар осол гарсан байгаа нь хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтууд болон гэрч Б.Ганчимэгийн мэдүүлгээр нотлогддог. Гэтэл анхан шатны шүүх хавтаст хэрэгт зам тээврийн осол болсон газрын хяналтын камерын бичлэг, уг камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, камерын бичлэгт үндэслэн хурд тогтоосон шинжээчийн дүгнэлт, осол болсон үед машинуудын эгнээ байр сольсон цаг хугацаа, туулсан замын урт зэрэг бүх нөхцөл байдлуудыг нарийн тогтоосон баримтууд байсаар байхад уг нотлох баримтуудад үндэслэж дүгнэлт хийхгүйгээр шүүгдэгч Ц.Б нь зэрэгцээ ард яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзнэ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “Land Сruiser 200” маркийн 99-22 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болох үед урд яваа “Beiben north benz” маркийн 57-07 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй зэрэгцээ нэг эгнээнд явж байгаагүй, энэ талаар нэг ч баримт байхгүй, харин ч 1 дүгээр хавтаст хэргийн 83 дугаар талд П.Аын 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгт “...гэтэл замын хоёрдугаар эгнээгээр явж байсан “Beiben north benz” маркийн том оврын автомашин явдал дундаа буцаж эргэх үйлдэл хийсэн, би тухайн автомашины чиргүүл хэсэг рүү орж иртэл толгой хэсэг нь зүүн гар тийш эргэсэн, би машинаа зогсоох арга хэмжээ авах боломжгүй байсан, тэгээд очоод эргэх үйлдэл хийж байсан машиныг мөргөсөн...” гэх мэдүүлэг байгааг давж заалдах шатны шүүх онцгойлон анхаарч үзэхийг хүсч байна. Анхан шатны шүүх жолооч Ц.Б нь Замын тэмдгийн 4 дэх хэсгийн 4.2а “Саадыг баруун гар талаар тойрч гарна, тухайн саадыг зөвхөн сум заасан талаар тойрч гарахыг зөвшөөрнө гэсэн заалтыг зөрчсөн гэх дүгнэлтийг хийсэн. Гэтэл энэ талаар хэрэгт ямар ч шинжээчийн дүгнэлт гараагүй, хавтаст хэрэгт авагдсан 2 удаагийн техникийн шинжээчийн дүгнэлтэд Ц.Быг Замын тэмдгийн 4 дэх хэсгийн 4.2а заалтыг зөрчсөн гэх дүгнэлт гараагүй, эсхүл хэргийн газрын үзлэг болон схем зураг зэрэг хэрэгт авагдсан үйл баримтуудаар тухайн осол болсон газрын Замын тэмдгийг харуулсан, замын тэмдгийн талаар тусгасан зүйл байхгүй, энэ талаар анхан шатны шүүхээр хэлэлцээгүй байхад шүүх чухам хэрэгт авагдсан ямар баримтыг үндэслэн ийм дүгнэлт хийсэн нь илт ойлгомжгүй болжээ.

Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гомдлын тухайд, шүүх Замын хөдөлгөөний дүрмийн 10.6 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Замын хөдөлгөөний дүрмийн 10.6-д “Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаан /ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт/”-аар энэ дүрмийн 10.5-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Харин уулзвар, гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэж журамласан байдаг. Энэхүү Замын хөдөлгөөний дүрмийн 10.6 дахь заалтаар жолооч Ц.Бод хамааралтай үүрэг болгосон зүйл бол баруун болон зүүн гар тийш эргэх үйлдэл хийхдээ өөдөөс яваа тээврийн хэрэгсэл байгааг харах, 2 дугаарт зэрэгцээ эгнээнд ард яваа тээврийн хэрэгсэл явж байгааг харах, хэрвээ өөдөөс эсхүл зэрэгцээ ард яваа тээврийн хэрэгсэл үгүй бол тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрсөн. Жолооч Ц.Б нь энэхүү зүүн гар тийш эргэх үйлдэл хийхэд зэрэгцээ эгнээнд ард яваа машин байгаагүй, мөн зүүн гар тийш эргэх дохио өгч эргэх үйлдэл хийсний дараа “Land Сruiser 200” маркийн тээврийн хэрэгсэл зүүн гар талаас нь гүйцэх үйлдэл хийх үед аваар осол гарсан. Энэ тохиолдолд жолооч Ц.Быг Замын хөдөлгөөний дүрмийн 10.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд харин ч зүүн гар тийш эргэх дохио өгч, зүүн гар тийш эргэж байсан машины зүүн талаас гүйцэх үйлдэл хийсэн “Land Сruiser 200” маркийн тээврийн хэрэгслийн жолооч П.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 13.6-д “нэг эгнээнд урд яваа тээврийн хэрэгсэл зүүн гар тийш дохио өгч байгаа үед түүний зүүн гар талаар, баруун гар тийш дохио өгч байгаа үед түүний баруун гар талаар орж гүйцэхийг хориглоно”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүх Ц.Бод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй, хохирогчийн буруутай үйлдлээс осол гарсан тул шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү.

Мөн шүүх хохирлын хэмжээг 1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дугаар талд авагдсан “Арвижих эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэж 92.916.000 төгрөг гэж шийдвэрлэж, хохирлын 70 хувийг шүүгдэгч, 30 хувийг хохирогч хариуцах байдлаар дүгнэсэн. Өмгөөлөгчийн зүгээс хохирол 100 хувь хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан гэж үзэж байх тул хохирлыг шүүгдэгч хариуцах үндэслэлгүй” гэв.

Шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх тайлбаргүй” гэв.

Хохирогч П.Аын өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, фото зураг, камерын бичлэг зэргээс Ц.Б нь шийтгэх тогтоолд дурдсанаар Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон. Шүүх өмнө нь шүүгдэгчийн өмгөөлөгчтэйгөө гаргасан хүсэлтийг хүлээн авч хэргийг буцаан, хэргийн газрын үзлэг хийлгэсэн байдаг. Хэргийн газрын үзлэгийг нөхөн хийхэд 2 автомашин мөргөлдсөн гэх А цэг нь аль эгнээнд байсан, түүнийг тогтоолгохоор захирамжид дурдсан. Тухайн үед өмгөөлөгчөөр оролцоход “А” цэг нь замын 3 дугаар эгнээнд байсан. Хажуугаар гүйцэх үйлдэл хийж өнгөрч явсны дараа Баатарцогт тээврийн хэрэгслийн баруун хойд талыг мөргөсөн. Үйлдлээ дуусгасан байхад араас нь зогсоох арга хэмжээ аваагүй гэж ярьж байгаа боловч энэ нь гүйцэж түрүүлэх биш. П.А гүйцэх үйлдэл хийгээд хажуугаар нь бүтэн гарах гэж байхад Ц.Б хажуу тийш дарснаар автомашины тэнцвэр алдагдаж цаашаа явж хашаа мөргөж зогссон байдаг. Үүний улмаас хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан. Хурдыг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж маргаж байсан. Нэгэнт Замын хөдөлгөөний дүрмийн заалтад хурд хэтрүүлж явсныг тогтоосон. Гэвч хурд хэтрүүлсэн нь зам тээврийн ослын гол шалтгаан биш гэж үзэж байгаа. Хэрэгт хоёр удаа үнэлгээ гарч, сүүлийн үнэлгээгээр нь үнэлсэн. Хэргийн газрын нөхөн үзлэгээр замын хөдөлгөөний мэдээлэх тэмдгээр цаанаас ирж байгаа тээврийн хэрэгсэл буцаж эргэж болно, харин наанаас ирж байгаа тээврийн хэрэгсэл буцаж эргэхийг заасан тэмдэг байгаагүй. Буцаж эргэхийг хориглосон газар ард талаас ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрөөгөөгүй,  мөн урдаас ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрөөнө гэсэн заалтыг зөрчсөнөөс энэ хэрэг гарсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаа шиг 3 дугаар эгнээгээр үйлдлээ хийсэн байхад хойноос давхиж орж ирээд хажуу талаас нь мөргөсөн бол асуудал өөрөөр яригдана. Автомашинд учирсан эвдрэл гэмтэл болон хэрэгт авагдсан камерын бичлэгээс харахад гүйцэх үйлдэл хийж өнгөрсний дараа Ц.Б ар талаас нь мөргөж осол гарган, П.Аын жолоодон явсан тээврийн хэрэгслийн тэнцвэр алдагдаж хашаа мөргөсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Тухайн гэмт хэрэг 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гарсан. Хэргийн газрын нөхөн үзлэгийг 3 удаа хийсэн. Анхан шатны шүүхээс А, Б цэгийг буруу тогтоосон, дахин хий гэдэг үндэслэлээр хэргийг прокурорт буцаасны дагуу прокуророос хэргийн газрын үзлэгийг 2 талын жолооч, тэдгээрийн өмгөөлөгч нарыг оролцуулан хийсэн. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад баримтыг үндэслэн 2 удаа техникийн шинжээчийн дүгнэлт гаргасан. Энэ 2 дүгнэлтээр жолооч Ц.Быг Замын хөдөлгөөний дүрмийн 10.6 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн. Камерын бичлэгээс үзэхэд жолооч Ц.Б буцаж эргэх үйлдэл хийхдээ араас зэрэгцээ эгнээнд яваа тээврийн хэрэгслийг ирж байгааг толиндоо хараад зогсоох арга хэмжээ авсан бол П.А хажуугаар нь гүйцэх үйлдлээ хийгээд тухайн зам тээврийн осол гарахгүй байх нөхцөл харагддаг. Мөн энэ талаар гэрчүүд ч тодорхой мэдүүлдэг. Хохирол төлбөрийн тухайд, “Арвижих эстимейт” компанийн үнэлгээгээр тогтоосон Ц.Бын жолоодон явсан тээврийн хэрэгсэлд мөргүүлж, улмаар айлын хашаа мөргөсөн П.Аын тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 13 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Товчооны замд “УТ” ХХК-ийн өмчлөлийн “Beiben north benz” загварын 57-07 УБЦ улсын дугаартай автомашинд “CIMC” маркийн 47-07 АЧ улсын дугаартай чиргүүл чирч замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 10.6-т “Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаан /ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт/-аар энэ дүрмийн 10.5-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Уулзвар, гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас П.Аын жолоодож явсан Хаан банкны өмчлөлийн “Toyota Land Cruiser 200” загварын 99-22 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хажуу талаас мөргөж, жолооч П.Аын эрүүл мэндэд хүндэвтэр, “Toyota Land Cruiser 200” загварын тээврийн хэрэгсэлд 76.411.000 төгрөгийн хохирол, хийдийн баруун талд байршилтай Р.Эгийн эзэмшлийн хувийн хашаанд 2.360.200 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч П.Аын “...2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 13 цагийн үед “Toyota Land Cruiser 200” маркийн 99-22 УНВ улсын дугаартай автомашиныг жолоодон ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зорчих хэсгийн 3  дугаар эгнээнд явж байгаад хуучин 22-н товчооны цаана” Мон суль” ШТС-ын баруун урд том оврын автомашинтай мөргөлдсөн. Би 60-70 километр цагийн хурдтай явсан. Би автомашинаа Хаан банкны лизингээр авсан. Миний унаж явсан машины урд нүүр, гуфер хагарсан, баруун урд их гэрэл хагарсан, баруун урд хойд хаалганууд нь цөмөрч шил нь хагарсан, баруун урд хойд крыло, хойд гуфер гэмтсэн, 3 ширхэг дугуй, обуд хагарсан, урд шил цууралттай, баруун толь эвдрэлтэй. ...” /1хх 31-32/,

иргэний нэхэмжлэгч Р.Эгийн “... Манай хашаа Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хийдийн баруун тал гэж бичигдсэн байдаг, гэрчилгээтэй, миний нэр дээр 6995 м.кв аж ахуйн зориулалтаар авсан. Одоогоор ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй. 2 долоо хоногийн өмнө шинэчилж барьсан юм. Манайх хашаандаа үнэлгээ хийлгэхэд нийт 2.360.000 төгрөгийн хохирол болсон. Хоёр машин мөргөлдөөд нэг нь манай хашаа руу орсон. ...” /1хх 46-47/,

гэрч Ч.Бадарчийн “...2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Хархорин захын урд байдаг үйлдвэрээсээ төв аймгийн Баянцогт сум руу захирлын хамт 15-16 цагийн орчим байх явж байсан, тэгээд хуучин 22-н товчооны тэнд нэг шланз машины хажуугаар гарах гэтэл гэнэт урдуур дарахад нь түүнтэй мөргөлдөж, цаашаа яваад айлын хашаа мөргөөд зогссон. ...” /1хх 65-66/,

... 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн товчооны замд явж байтал зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд том оврын “Норд Бенз” маркийн машин явж байсан. Тэгэхэд машин жолоодож явсан захирал П.А гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд гуравдугаар эгнээгээр “Норд бенз” маркийн машины чиргүүл өнгөрөөд талд нь ороод явж байтал нөгөө машин яваан дундаа зүүн дараад ороод ирсэн, тэгээд “Toyota Land Cruiser 200” маркийн машины баруун талын шанаа хэсгээр “Норд бенз” маркийн машинтай мөргөлдөөд цааш гараад төмөр хайсан хашаа мөргөөд боржууран дээр нь машин гараад зогссон. ...” /1хх 91/,

иргэний хариуцагчийн төлөөлөгч Г.Мягмардоржийн “...2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гарсан осол хэрхэн гарсан талаар мэдэх зүйл байхгүй. Ослын дараа цагдаагаас албан бичиг ирснээр мэдсэн. “Бейбен” маркийн 57-07 УБЦ улсын дугаартай автомашин нь манай байгууллагын нэр дээр боловч яг манай байгууллагын автомашин биш юм. Манай байгууллага нь Зам тээврийн яам болон АТҮТ-с олгогдсон тусгай зөвшөөрлийн дагуу Өмнөговь аймагт “Эрдэнэс таван толгой”-оос нүүрс тээвэрлэдэг юм. Үйл ажиллагаа явуулахад хувь хүн өөрийн автомашинаар тээвэрлэлт хийх боломжгүй байдаг учир хувьдаа өөрийн хүнд даацын автомашинтай иргэд манай байгууллагатай гэрээ байгуулан байгууллагын зарчмын дагуу Баатарцогт нь өөрийн автомашинаа манай байгууллагын нэр дээр бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байсан. Осол гарах үед манай кампанийн ажил зогссон байсан учир манай ажилд яваагүй. Хувийнхаа ажлыг хийгээд явж байсан. ... Автомашины эвдрэл гэмтэлтэй холбоотой нэхэмжлэх зүйлгүй. Энэ автомашин нь Баатарцогтын өөрийнх нь автомашин юм. ...” /2хх 108/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 7207 дугаартай “...П.Аын биед зүүн өвдөгний урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал, зүүн өвдөг, шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /1хх 145-146/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 744 дугаартай “П.Аын биед тухайн үед буюу 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн зүүн өвдөгний үений соронзон үелзүүрт томографийн хариунаас харахад зүүн өвдөгний урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал няцрал гэмтэл учирчээ. Зүүн өвдөгний урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал гэмтэл авсан хүн алхаж гишгэж явах боломжтой ба өвдөгний үеэр хавдах, өвдөх, хөдөлгөөний далайц хязгаарлагдах шинж тэмдгүүд илэрнэ. Харин урд чагтан холбоос бүрэн урагдсан үед дээрх зовиурууд нэмэгдэж, алхахад бэрхшээлтэй болно. П.Аын биед учирсан зүүн өвдөгний урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал, зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар дөрвөн долоо хоногоос дээш буюу эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах шалгуур шинжээрээ гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд буюу 2021 оны 5 дугаар сарын 16-нд үүссэн байх боломжтой. 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7207 дугаартай дүгнэлтийн зүүн өвдөг шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2021 оны 5 дугаар сарын 16-нд үүссэн гэмтэлтэй шалтгаант холбоогүй, сүүлд нь үүссэн гэмтэл байх боломжтой байна. ...” /1хх 161-163/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 0857 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “2021.5.16 шланз.mр4” дүрс бичлэг шинжилгээнд тэнцэнэ. “Toyota Land Cruiser 200” маркийн 99-22 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2021.05.16 шланз” гэсэн нэртэй бичлэгийн 13:41:54 цагт улаан өнгийн ачааны автомашины 16.9 метр урттай харьцуулан хурдыг тогтоох боломжгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн 2021.5.16 шланз.mр4 дүрс бичлэгт дүрслэгдсэн хар өнгийн “Toyota Land Cruiser 200” маркийн 99-22 УНВ улсын дугаартай автомашин нь авто замын зорчих хэсгийн “1”-“10” тэмдэглэгдсэн цэгийн хоорондох 37 метр зайг 76.104 км/цагийн дундаж хурдтайгаар туулж өнгөрсөн байна. ...” /2хх 148-150/,

“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-н 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 22/05 дугаартай “Бейбен” маркийн 57-07 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.6 “... Уулзвар, гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн хошууч Г.Ганзоригийн 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 0857 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Тоёота Ланд круйзер 200” маркийн 99-22 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.А нь 37 метр зайг 76.104 км/цагийн хурдтай туулж өнгөрсөн байна гэж дүгнэлт гаргасан байх тул жолооч П.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 “тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, ...ээс хэтрүүлэхийг хориглоно’’ гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. “Бейбен” маркийн 57-07 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.6-д заасныг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. “Тоёота Ланд круйзер 200” маркийн 99-22 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.А нь хурд хэтрүүлж явсан нь уг ослоос үүдэн гарах хохирлын хэмжээг ихэсгэх байдлаар хамаарна гэж үзэх үндэслэлтэй байна. Уг осол гарахад зам орчны байдал нөлөөлөөгүй байна. ...“Бейбен” маркийн 57-07 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.6-д заасныг баримталж замын хөдөлгөөнд оролцсон бол уг осол гарахгүй байх үндэслэлтэй байна. ...” /2хх 159-162/ гэсэн дүгнэлтүүд,

“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 36 дугаартай хөрөнгийн үнэлгээний /1хх 52-56/,

“Арвижих эстимейт” ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний /1хх 44-45/ тайлангууд,

зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 10-22/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Ц.Б болон түүний өмгөөлөгч А.Кадирбек нар “... шүүх Ц.Б нь Замын тэмдгийн 4 дэх хэсгийн 4.2а “Саадыг баруун гар талаар тойрч гарна, тухайн саадыг зөвхөн сум заасан талаар тойрч гарахыг зөвшөөрнө гэсэн заалтыг зөрчсөн гэх дүгнэлтийг хийсэн. Гэтэл энэ талаар хэрэгт ямар ч шинжээчийн дүгнэлт гараагүй, ... Замын хөдөлгөөний дүрмийн 10.6 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Уг  заалтаар жолооч Ц.Б нь баруун болон зүүн гар тийш эргэх үйлдэл хийхдээ өөдөөс яваа тээврийн хэрэгсэл байгааг харах, 2 дугаарт зэрэгцээ эгнээнд ард яваа тээврийн хэрэгсэл явж байгааг харах, хэрвээ өөдөөс эсхүл зэрэгцээ ард яваа тээврийн хэрэгсэл үгүй бол тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрсөн. Жолооч Ц.Б нь энэхүү зүүн гар тийш эргэх үйлдэл хийхэд зэрэгцээ эгнээнд ард яваа машин байгаагүй, мөн зүүн гар тийш эргэх дохио өгч эргэх үйлдэл хийсний дараа “Land Сruiser 200” маркийн тээврийн хэрэгсэл зүүн гар талаас нь гүйцэх үйлдэл хийх үед осол гарсан. Энэ тохиолдолд жолооч П.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 13.6-д “нэг эгнээнд урд яваа тээврийн хэрэгсэл зүүн гар тийш дохио өгч байгаа үед түүний зүүн гар талаар, баруун гар тийш дохио өгч байгаа үед түүний баруун гар талаар орж гүйцэхийг хориглоно”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдсон бөгөөд хохирогчийн буруутай үйлдлээс болж хохирол учирсан байх тул шүүгдэгч хариуцах үндэслэлгүй, ... ” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана” гэж заасан байх бөгөөд анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй, харин шүүгдэгчийн гэм буруутай байдал дээр нэмж эрх зүйн дүгнэлт хийжээ.

Шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийдэг бөгөөд хууль хэрэглээний талаарх дүгнэлт нь хууль тайлбарлах арга зүйд үндэслэгдсэн байдаг тул өмгөөлөгчийн шинжээчийн дүгнэлтэд тусгаагүй асуудлаар шүүх дүгнэлт хийсэн нь хууль зөрчсөн гэсэн үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.  

Замын хөдөлгөөний дүрмийн 10.6-т “Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаан /ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт/-аар энэ дүрмийн 10.5-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Уулзвар, гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заажээ.

Нэг чигийн хэд хэдэн урсгал нь зэрэгцээ эгнээ гэсэн ойлголтыг бий болгох бөгөөд өөр эгнээнээс баруун буюу зүүн гар тийш эргэхдээ зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр гүйцэтгэхийг Замын хөдөлгөөний дүрмээр зөвшөөрсөн байх боловч шүүгдэгч Ц.Б нь “Бейбен” маркийн 57-07 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийхдээ зэрэгцээ гуравдугаар эгнээгээр араас гүйцэж түрүүлэх хөдөлгөөн хийж байгаа “Toyota Land Cruiser 200” маркийн машины баруун талын урд хажуу /өнцөг/ хэсгийг өөрийн жолоодож явсан автомашины зүүн урд /өнцөг/ хажуу хэсгээр мөргөсөн нөхцөл байдал нь дээрх Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэхэд хүргэсэн талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Нөгөөтэйгүүр “Тоёота Ланд круйзер 200” маркийн 99-22 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, ...ээс хэтрүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчсөн байх боловч зам тээврийн осол гаргах суурь нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэхгүй, харин хурд хэтрүүлсэн үйлдэл нь уг ослоос үүдэн гарах хохирлын хэмжээг ихэсгэсэн хамааралтай байгаа талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Быг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Бод тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Харин анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас өршөөн хэлтрүүлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэхээр заасан нь агуулгын хувьд зөрчилтэй болсон байх тул зөвтгөн өөрчлөв.

Хохирол төлбөрийн тухайд, шүүгдэгч Ц.Бын үйлдлийн улмаас хохирогч П.Аын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсны эмчилгээтэй холбоотой зардлын 3.150.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Р.Эгийн эд хөрөнгөд учирсан хохирлын 2.360.000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулахаар тогтоосон нь үндэслэлтэй.

Шүүгдэгч Ц.Бын жолоодон явсан “Бейбен” маркийн 57-07 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “УТ” ХХК-ийн эзэмшлийнх байх /1хх 199-200/ бөгөөд анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан ...бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч, эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохиргчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болногэж тус тус зааснаар тээврийн хэрэгсэл ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдийг болон гаргах хохирлын хэмжээг багасгасан үндэслэлээ зааж, иргэний хариуцагчаар тогтоогдсон “УТ” ХХК-иас 65.041.200 төгрөгийг гаргуулан хохирогч П.Ат олгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх дээрх үндэслэлийг зохицуулсан хэм хэмжээг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ баримтлаагүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч А.Кадирбек нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 2022/ШЦТ/706 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

3 дахь заалтын “2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсүгэй.” гэснийг “2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.” гэж,

5 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Боос 5.512.200 төгрөгийг гаргуулж хохирогч П.А 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянга/, иргэний нэхэмжлэгч Р.Э 2.360.200 /хоёр сая гурван зуун жаран мянга хоёр зуу/ төгрөгийг олгож, иргэний хариуцагч “УТ” ХХК-иас 65.041.200 /жаран таван сая дөчин нэгэн мянга хоер зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч П.Ат олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Боос 5.510.200 /таван сая таван зуун арван мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг хохирогч П.Ат, 2.360.200 /хоёр сая гурван зуун жаран мянга хоёр зуу/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Р.Эд, иргэний хариуцагч “УТ” ХХК-иас 65.041.200 /жаран таван сая дөчин нэгэн мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан хохирогч П.Ат тус тус олгосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч А.Кадирбек нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          М.АЛДАР                         

 

 

                        ШҮҮГЧ                                                                 Б.ЗОРИГ

 

 

                       ШҮҮГЧ                                                                  Т.ӨСӨХБАЯР