Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зукарын Гүлбарша |
Хэргийн индекс | 110/2024/0009/З |
Дугаар | 110/ШШ2024/0024 |
Огноо | 2024-05-13 |
Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 110/ШШ2024/0024
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.П
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга С.Х нарын хоорондын тэтгэмж олгох талаарх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Айгерим нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч С.П нь Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт холбогдуулан анх “аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/57 дугаартай “Тэтгэмж олгох тухай” тушаалын хавсралтын 7 дах хэсэгт өөрчлөлт оруулж, 3,057,011 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан байна.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Нэг удаагийн тэтгэмжийн үлдэгдэл 1,334,000 төгрөгийг олгохыг Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт даалгах” гэж өөрчлөн багасгасан.
3. Нэхэмжлэгчээс дээрх асуудлаар Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдад 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гомдол гаргасан байх ба Боловсрол, шинжлэх ухааны сайдаас хариу ирүүлээгүй тул шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргажээ.
4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
4.1. Миний бие Өлгий сумын 2 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байгаад 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэрт гарсан. Улсад 41 жил 10 сар, үүнээс төрийн байгууллага буюу Өлгий сумын 2 дугаар цэцэрлэгт 2006 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 17 жил 9 сар, 17 хоног, 1990-1994 оны нөхөн даатгалд 5 жил, нийт төрд 22 жил, 9 сар, 17 хоног ажилласан.
4.2. Өлгий сумын 2 дугаар цэцэрлэгийн санхүүгээс анх миний 3 жилийн дундаж цалинг 802, 373 төгрөг, ажилласан нийт жил 22 жилд ноогдох нэг удаагийн тэтгэмж гэж 17, 652,206 төгрөгийг гэж тодорхойлсноор миний бие аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр холбогдох бичиг баримтуудыг хавсарган өргөдөл гаргасан. Уг баримтуудыг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, миний ХААН банкны ........ дугаартай дансанд өндөр насны тэтгэвэрт гарахад олгогдох нэг удаагийн тэтгэмж гэж 14, 595, 195 төгрөгийг шилжүүлсэн.
4.3. Ингээд би ямар үндэслэлээр дутуу олгосон тухайгаа тухайн үед холбогдох албан тушаалтнуудаас асуухад нь тодорхой хариуг өгөөгүй. Тэгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан.
4.4. Засгийн газрын 2019 оны 472 дугаартай, 2022 оны 107 дугаартай тогтоолуудаар миний 2020 оны 12 дугаар сараас 2023 оны 6 дугаар сарыг дуустал хугацааны буюу 31 сард сар бүрийн үндсэн цалингийн хэмжээ 663,418 төгрөг, Засгийн газрын 2023 оны 201 дугаартай тогтоолоор 2023 оны 7 дугаар сараас 2023 оны 11 дүгээр сарыг дуустал 6 сард сар бүрийн үндсэн цалингийн хэмжээ 1,100,000 төгрөг байна.
Иймд 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 01-нийг хүртэл миний нэг сарын үндсэн цалингийн хэмжээ 724,054 төгрөг ба нийт 36 сард ноогдох үндсэн цалингийн хэмжээ нь 26,065,958 төгрөг байна. Миний бие төрд нийт 22 жил ажилласан. Төрд ажилласан 22 жилд ноогдох нэг удаагийн тэтгэмж нь 15,929,196 төгрөг бөгөөд урьд нь хариуцагчаас бэлэн бусаар олгосон тэтгэмжийн мөнгө 14,495,195 төгрөг байгаа ба надад дээрх тооцооллоор 1,334,000 төгрөгийн тэтгэмжийг дутуу олгосон зөрүү гарч байна.
4.5. Иймд нэг удаагийн тэтгэмжийн үлдэгдэл 1,334,000 төгрөгийг олгохыг Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт даалгаж өгнө үү.
5. Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа:
5.1. Иргэн С.П гаргасан өргөдөлтэй холбоотой дараах тайлбарыг гаргаж байна. Өлгий сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байсан С.П нь 2023 оны 12 дугаар сараас өндөр насны тэтгэвэрт гарсан ба түүнд өндөр насны тэтгэвэрт гарахад төрөөс олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг тооцоход, 2020 оны 12 дугаар сараас 2023 оны 11 дүгээр сарыг дуустал хугацааны буюу сүүлийн 36 сарын үндсэн цалингийн дунджаас тооцож олгох ёстой боловч Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.2 дахь заалтад: "төсвийн төвлөрүүлэн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагчид харьяалагддаггүй төсвийн шууд захирагч жил бүрийн 07 дугаар сарын 20-ны дотор жилийн төсвийн төслөө харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх” гэж, 8.4.3 дахь заалтад: “төсвийн ерөнхийлөн захирагч жилийн төсвийн саналаа жил бүрийн 07 дугаар сарын 25-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн аудитын байгууллага, Улсын Их Хуралд хүргүүлж, нийтэд ил тод мэдээлэх” гэж зааснаар С.П тэтгэмжийн захиалгыг өгөхөд 2023 оны 6 дугаар сар хүртэл авч байсан үндсэн цалингаар тооцож 2023 оны 7 дугаар сарын эхэнд захиалгаа явуулсан байна. 2023 оны жилийн эцэст түүний тэтгэмж Сангийн яамнаас хянагдан батлагдаж ирсэн байна.
5.2. Харин 2023 оны 7 дугаар сараас эхэлж С.П цалин 1.100. 000 төгрөг болж нэмэгдсэн ба 6 сарын зөрүүд 1 334 000 төгрөг гарч байгаа хэдий ч Төсвийн тухай хуулийн 16 оны дугаар зүйлийн 16.5.2-т зааснаар төсвийн шууд захирагч нь “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих”; 16.5.3 г/ “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох”, 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 41 дүгээр зүйлийн 41.2-т “Бүх шатны төсвийн захирагч төсвийн хэрэгжилтийн талаар дараах үүрэг хүлээнэ”, 41.2.2-т “батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах” гэж тус тус заасан тул батлагдаж ирсэн тэтгэмжийн хэмжээг төсвийн шууд захирагчийн зүгээс нэмж олгох боломжгүй юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичмэл нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2006 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаар тушаалын 2 дах хэсгээр дунд бүлгийн туслах багшаар томилогдож, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/24 дүгээр тушаалаар “... өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан” үндэслэлээр ажлаас нь чөлөөлөгдөж, тухайн цэцэрлэгт нийт 17 жил 9 сар 17 хоног ажилласан нь хэрэгт авагдсан эрх бүхий этгээдийн ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн шийдвэрүүдээр[1] тогтоогдож байна.
3. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 7 дугаар “Журам батлах тухай” тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох” журмын 3.1.2-т “нийгмийн шилжилтийн явцад ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний 1990-1995 оны хооронд ажилласан жил тасарсан иргэнд аймгийн нийгмийн даатгалын байгууллагаас зохих журмын дагуу олгосон баталгаажилтын хуудсыг үндэслэн ажилласнаар нөхөн тооцуулсан хугацаа”-г төрийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцохоор журамласан байх ба нэхэмжлэгч С.П нь 1990-1994 оныг дуустал 5 жилийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан нь түүний 0299003249 дугаартай баталгаажуулалтын хуудсаар[2] тогтоогдож, нийт төрийн алба хаасан хугацаа нь 22 жил 9 сар 17 хоног байна.
4. Нэхэмжлэгчээс анх 2019 оны 07 дугаар сарын 04, дараа нь 2022 оны 06 дугаар сарын 03, улмаар 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрүүдэд өндөр насны тэтгэвэрт гарах талаар хүсэлтийг ажил олгогчид гаргаж байсан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 01 ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хариуцагчид нэг удаагийн буцалтгүй тусламж 16,652,206 төгрөг олгох өргөдлийг[3] гаргасан, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын нягтлан бодогч нэхэмжлэгчийн 2021, 2022, 2023 оны цалингийн дунджийг 663,418 төгрөгөөр, ажилласан жилийг 22 жилээр тооцож, нийт 14,595,196 төгрөгөөр олгох төсвийн төслийг гаргасан[4], улмаар хариуцагчаас 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/57 дугаартай “Тэтгэмж олгох тухай” тушаалын хавсралтаар[5] нэхэмжлэгчид 14.595.196 төгрөг олгогджээ.
5. Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.4-т “төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтанд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход Төрийн албаны тухай хуульд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгох”, Төрийн албан тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж хуулиар эрх олгосны дагуу дээрх Монгол Улсын Засгийн газраас “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох” журмыг баталсан байх ба уг журмын Хоёрын 2.1-т “ Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцно” гэж заажээ.
6. Нэхэмжлэгчийн хувьд 2023 оны 12 дугар сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарч ажлаас чөлөөлөгдсөн, түүний сүүлийн 3 жилийн буюу 2021, 2022, 2023 оны дундаж цалинг тухайн үед үйлчилж байсан Монгол Улсын Засгийн газраас баталсан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаар “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын 5 дугаар хавсралтад зааснаар 663418 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 107 дугаар тогтоолоор баталсан “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалингийн доод хэмжээг тогтоох тухай” тогтоолын 3 дугаар хавсралтад зааснаар мөн 663418 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 241 дүгээр “Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын хавсралтад зааснаар 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1,100,000 төгрөгөөр тогтоосныг хариуцагч байгууллага харгалзан үзэхгүйгээр нэхэмжлэгчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохдоо 2023 оны дундаж цалинг дутуу тооцож олгосныг буруу гэж дүгнэлээ.
8. Тодруулбал, журамд заасан сүүлийн 3 жилийн дундаж цалинг 36 сар гэж ойлгон тооцож, 31 сарын дундаж цалинг 663.418 төгрөгөөр, үлдсэн 5 сарын дундаж цалинг 1.100.000 төгрөгөөр тооцоход, нэхэмжлэгчийн сүүлийн 3 жилд авч байсан дундаж цалин 724.054 төгрөг /31x663.418+ 5х1.100.000=26.065.958:36=724.054 / байх бөгөөд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын нягтлан бодогч 2021-2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх дундаж цалинг 663.418 төгрөгөөр тооцсон нь зөв боловч 2023 оны 7,8,9,10,11 дүгээр сарын үндсэн цалинг 1.100.000 төгрөгөөр тооцолгүй, тэтгэмжийн хэмжээг багасган тооцоолжээ.
9. Журмын 2.2-т “Энэ журмын 1.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн албан хаагчид 2.1-д зааснаар тогтоосон үндсэн цалингийн дунджийг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн 36 сарын албан тушаалын үндсэн цалингийн дунджаас ихгүй байна” гэсний дагуу нэхэмжлэгчийн ажилласан 22 жилтэй дээрх дундаж цалин 724.054 төгрөгтэй үржүүлэхэд, нэхэмжлэгчийн нийт авах ёстой тэтгэмж 15.929.188 төгрөг байх ба үүнээс нэхэмжлэгч 14.595.196 төгрөг авсан нь тогтоогдсон, үлдсэн 1.333.992 төгрөгийг дутуу авснаар түүний тэтгэмжийн мөнгийг бүрэн авах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигджээ.
10. Хариуцагчаас “Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.2 дахь заалтад "төсвийн төвлөрүүлэн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагчид харьяалагддаггүй төсвийн шууд захирагч жил бүрийн 07 дугаар сарын 20-ны дотор жилийн төсвийн төслөө харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх” гэж, 8.4.3 дахь заалтад “төсвийн ерөнхийлөн захирагч жилийн төсвийн саналаа жил бүрийн 07 дугаар сарын 25-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн аудитын байгууллага, Улсын Их Хуралд хүргүүлж, нийтэд ил тод мэдээлэх” гэсний дагуу 2023 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс амна захиалга хүргүүлсэн” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй боловч, төсвийн төслөө хуулийн хугацаанд хүргүүлсний дараа төсвийн саналд өөрчлөлт орсон нөхцөл байдал бий болсон энэ тохиолдолд Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-т заасан “төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх” гэснээр дараагийн жилийн төсөвт тусгуулан нэхэмжлэгчид олгох боломжтой гэж шүүх үзээд, нэхэмжлэгчид нэг удаагийн буцалтгүй тусламжийн үлдсэн 1.333.992 төгрөгийг олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.4, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.П нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэг удаагийн тэтгэмжийн үлдэгдэл 1,334,000 төгрөг олгох шийдвэр гаргахыг Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША