| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2024/00435/И |
| Дугаар | 129/ШШ2024/00473 |
| Огноо | 2024-10-28 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 129/ШШ2024/00473
| 2024 оны 10 сарын 28 өдөр | Дугаар 129/ШШ2024/00473 | Архангай аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Ч.Жаргалан, шүүгч Ц.Дагиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А аймгийн П газар
Хариуцагч: Б овогт Б.У
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 2,697,220 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М
Хариуцагч Б.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх хүсэлт ирүүлсэн, хариуцагч Б.У, иргэдийн төлөөлөгч О.Н нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3, 100.8-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагч Б.У, иргэдийн төлөөлөгч О.Н нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А аймгийн П газар нь хариуцагч Б.Ут холбогдуулан 2,697,220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч А аймгийн П газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.У нь 2021 оны 10 сарын 21-ний өдөр А аймгийн Э сумын нутаг дэвсгэрт .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж иргэн Б.Б, А.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн ба хохирогч Б.Б, А.Э нар нь гэмт хэргийн улмаас 2021 оны 10 сарын 21-ний өдрөөс А аймгийн Н эмнэлэгт үзүүлж оношилгоо эмчилгээ хийлгэсний улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ авсан болох нь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байна. Эрүүгийн ........... дугаартай дээрх хэрэгт А аймгийн П газрын х-ын п-р Ж.У 2022 оны 5 сарын 27-ны өдөр ........ дугаартай яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн бөгөөд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 6 сарын 17-ны өдрийн ........... дугаар шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн, харин хохирогч Б.Б-гийн Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр 1,348,610 төгрөг, хохирогч А.Э-ын Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр 1,348,610 төгрөгийг буруутай этгээдээс нөхөн төлүүлэх талаар шийдвэрлэгдээгүй Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол төлөгдөөгүй байна. Иргэн Б.У-ын гэм хорын хохирол 2,697,220 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн ........... тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.
3. Зохигч эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Б.У нь төрд учруулсан гэм хорын хохирол болох гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр, нийт 2,697,220 төгрөгийг 2025 оны 6 сарын 20-ны өдрийн дотор багтаан нэхэмжлэгчид төлөхөөр, уг төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангийн ................... тоот дансанд шилжүүлэхээр, харилцан тохиролцож зохигчид эвлэрэв гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар, эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А аймгийн П газар хариуцагч Б.Ут холбогдуулан гэм хорын хохирол 2,697,220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачлагаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэргийн өмнөөс оролцоно”, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачлагаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, 20.4-т “Прокурор өөрийн санаачлагаар төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах ажиллагааг хэрэгжүүлж байгаа тохиолдолд итгэмжлэлгүйгээр оролцоно”, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн 21.1.12-т “Прокурор шүүхэд нэхэмжлэл, тайлбар, хүсэлт, гомдол гаргах” эрхтэй гэж заасан тул Прокурор Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Мөн Прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүрэг хүлээхээр дээр дурьдсан хуульд заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.У нь нэхэмжлэгч А аймгийн П газрын нэхэмжилсэн төрд учруулсан гэм хорын хохирол болох гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр нийт 2,697,220 төгрөгийг 2025 оны 6 сарын 20-ны өдрийн дотор багтаан эрүүл мэндийн даатгалын сангийн ........... тоот дансанд шилжүүлэхээр, зохигч үүрэг гүйцэтгэх хугацааны талаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчийн эвлэрэл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх талаар зохигч тайлбар гаргаагүй тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч Б.У нь А аймгийн П-ын газрын нэхэмжилсэн төрд учруулсан гэм хорын хохирол болох гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр нийт 2,697,220 төгрөгийг 2025 оны 6 сарын 20-ны өдрийн дотор багтаан эрүүл мэндийн даатгалын сангийн ............. тоот дансанд төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч А аймгийн П-ын газрын нэхэмжилсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр нийт 2,697,220 (хоёр сая зургаан зуун ерэн долоон мянга хоёр зуун хорь) төгрөгийг 2025 оны 6 сарын 20-ны өдрийн дотор багтааж эрүүл мэндийн даатгалын сангийн ............. тоот дансанд төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Энэ тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ тогтоолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД Ч.ЖАРГАЛАН
Ц.ДАГИЙМАА