Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2024/05102

 

2024 10 10

184/ШШ2024/05102

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, **** дүгээр хороо, **** дугаар гудамж, *** тоот хаягт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Орчлон-2 хороолол, *** дүгээр байр, 09 тоот хаягт оршин суух, ***** овогт ****ы **************** /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, ****************дугаар гудамж 11 тоот хаягт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, **** хороо, Ханбогд хотхон, ****** тоот хаягт оршин суух, *****овогтой ******ийн **************** /РД:******/-д холбогдох

 

Өмчлөх эрхийн гэрчилгээний нэр шилжүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.****************, түүний өмгөөлөгч Б.Мөнхтөр, хариуцагч Х.****************, түүний өмгөөлөгч Б.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэнд-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлдээ:

              ...Хариуцагч Х.**************** эгч хүүгийн хамт надтай ирж уулзаж, хашаа байшингаа зарахаар болж 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний дагуу урьдчилгаа мөнгө 10,000,000 төгрөгийг Х.**************** эгчийн данс руу шилжүүлсэн. 20 гаруй хоногийн дараа тухайн газар дээр юмнуудаа зөөгөөд эхэлсэн чинь Х.**************** эгчийн хүү нь над руу утсаар ярьж, манай хажуу талын айл 15,000,000 төгрөг нэмээд тухайн хашаа байшинг авна гэж байна, би танд зарахаа болилоо гэсэн тайлбарыг хэлсэн. Х.**************** эгчтэй уулзаж 5,000,000 төгрөг нэмж өгье гэж хэлсэн боловч хүлээж аваагүй. Гэрээний дагуу 6 дугаар сарын 20-ны өдөр үлдэгдэл мөнгөө шилжүүлэх байсан боловч Х.**************** эгч дансаа хаачихсан байсан. 10 сая төгрөгийг миний данс руу буцааж хийсэн байсан. Иймд гэрээнд заасны дагуу төлбөрийг төлсөн, үлдэгдлийг бүрэн төлөх боломжтой тул хариуцагчийг Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, ****************дугаар гудамж 11а тоот хаягт байрлах газар эзэмших эрхийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэхийг даалгаж өгнө үү. Анх тохиролцохдоо 2 газрыг авахаар ярьсан, хүүгийнх нь хурууны хээ болохгүй байсан тул 1 газар дээр гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн, газар дээрх байшин нь бид нарт хэрэггүй гэдгээ хэлж байсан гэжээ.

 

            2. Хариуцагч талаас тайлбартаа: ...О.**************** гэдэг залууд хашаа байшинг 80,000,000 төгрөгөөр худалдан авах саналыг тавьсан, энэ талаар бодож үзье гэж хэлээд 2-3 сар чимээгүй байсан. Үүний дараа О.**************** нь манай хүү рүү залгаж 80,000,000 төгрөгөөр авч чадахгүй юм байна, 65,000,000 төгрөгөөр авъя гэж хэлээд нотариат дээр очиж худалдах, худалдан авах гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийн урьдчилгаа хийж, нотариатч нь тухайн хашааг 65,000,000 төгрөгөөр гэрээ хийх боломжтой гэж хэлээд 45,000,000 төгрөгөөр гэрээ хийсэн. Тухайн үед энэ хүмүүст итгээд 10,000,000 төгрөгийн урьдчилгаа өгсөн юм чинь 55,000,000 төгрөгийг нь удахгүй өгөх байх гэж бодоод гэрээг хийсэн. Хэлсэн тохирсондоо байгаагүй, хүү маань зарах бодолгүй гэсэн тул гэрээнээс татгалзах талаараа түүнд хэлсэн, урьдчилгаа 10 сая төгрөгийг буцааж өгсөн хэдий ч газраа авна гээд байсан тул дансаа хаалгасан. Түүнчлэн газар дээр маань үл хөдлөх эд хөрөнгө байгаа, түүнийг бас үнэлж 2 газартай хамт худалдахаар тохиролцож байсан. Мөн үл хөдлөх эд хөрөнгийг орхигдуулж хийсэн гэрээ нь хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд.

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн нотлох баримт Улсын тэмдэгтийн хураамж 110,000 төгрөг төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, иргэнийн үнэмлэхийн хуулбар, газар эзэмших эрхийн гэрчилгээ, итгэмжлэл, Хаан банкны дансны хуулга.

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн нотлох баримт Хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, үл хөдлө эд хөрөнгүүдийн гэрэл зураг, Хаан банкны дансны хуулга, нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах тухай захирамж.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.****************гээс хариуцагч Х.****************д холбогдуулан гаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээг нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Тэрээр шаардлагын үндэслэлээ ...худалдах худалдан авах гэрээний үүрэг буюу газар эзэмших эрхийг худалдан авагчид шилжүүлэхийг даалгуулах гэх агуулгаар тайлбарладаг бөгөөд хариуцагч талаас ...гэрээнээс татгалзаж байгаа, мөн хэлцэл хүчин төгөлдөр бус гэх агуулга бүхий тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.

 

3. Хэрэгт авагдсан талуудын тайлбар болон худалдах худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, итгэмжлэл зэргээс үзэхэд:

 

3.1. Нэхэмжлэгч О.****************, хариуцагч Х.**************** нар нь 2024 оны 05 сарын 20-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо, Баганарангийн 42-р гудамж, 11 а тоот хаягт байрлах 700м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг 35,000,000 төгрөгөөр худалдаж авах, худалдахаар тохиролцож 1143 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улмаар гэрээнд заасны дагуу худалдан авагч буюу нэхэмжлэгч О.**************** урьдчилгаа 10,000,000 төгрөгийг худалдагч буюу хариуцагч Х.****************д 2024 оны 05 сарын 20-ний өдөр шилжүүлсэн ба Х.**************** нь 2024 оны 06 сарын 27-ны өдөр урьдчилгаа 10,000,000 төгрөгийг О.****************д буцаан шилжүүлсэн үйл баримт нотлогдох ба үйл баримтын талаар талууд маргадаггүй.

 

3.2. Харин маргааны зүйл бол худалдах худалдан авах гэрээний үүрэг биелүүлсэн эсэх, биелүүлэхийг даалгах эсэх, тухайн хэлцэл хүчин төгөлдөр эсэх асуудал байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр бол гэрээний үүргийг шаардах болон гэрээнээс татгалзах нь үндэслэлтэй эсэхэд шүүхээс дүгнэлт өгөх боломжтой болно.

 

3.3. Хариуцагч болон нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт болох 2024 оны 05 сарын 20-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо, ****************дугаар гудамж, 11/а тоот хаягт байрлах 700м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газрыг худалдах худалдан авах гэх гэрээнд талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн байх ба тухайн хаяг, газар дээр улсын бүртгэлийн ****************дугаартай 51м2 талбайтай хувийн сууц байрлаж байгаа нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, талуудын тайлбараар тогтоогддог.

3.3.1. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна, 85 дугаар зүйлийн 85.2-т Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж зааснаас үзэхэд газар өмчлөх эрх, хувийн сууц буюу байшин өмчлөх эрх салшгүй холбоотой ба байшин нь газрын үндсэн бүрдэл хэсэг тул газрыг дангаар бусдад худалдах асуудал нь хууль зөрчсөн буюу хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл болно.

 

3.3.2. Түүнчлэн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж зааснаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцэл нь улсын бүртгэлд бүртгүүлсэн байхыг зохицуулжээ.

 

3.3.3. Мөн талууд үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах хүсэл зориг нэгдээгүй, тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийн ...2 газрыг хоёуланг нь худалдан авахаар ярилцаж байсан гэх, хариуцагчийн ...2 газраа, байшинтай нь хамт худалдах хүсэлтэй байсан гэх тайлбаруудаас харагддаг.

 

4. Дээрх хуулийн зүйл, заалт, зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч О.****************, хариуцагч Х.**************** нарын хооронд байгуулагдсан гэх үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нэгдээгүй, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10 Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байна..., 56 дугаар зүйлийн 56.1.1 хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.8 хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 05 сарын 20-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо, ****************дугаар гудамж, 11/а тоот хаягт байрлах 700м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газрыг худалдах худалдан авах хэлцэл хүчин төгөлдөр бус болно.

 

5. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг талууд шаардах эрхийг хууль тогтоогч зохицуулсан байдаг ба нэхэмжлэгч тал нь худалдах худалдан авах гэрээний үүргийг шаардсан, тухайн гэрээ хүчин төгөлдөр бус тул гэрээний үүрэг шаардах нь үндэслэлгүй, энэ талаарх хариуцагч талын татгалзалыг үндэслэл бүхий гэж үзлээ.

 

6. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэж хариуцагч Х.****************д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч О.****************гийн худалдах худалдан авах гэрээний үүрэгт газар өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 110,000 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.****************д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч О.****************гийн Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо, ****************дугаар гудамж, 11/а тоот хаягт байрлах газрын өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 110,000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Э.АМИН-ЭРДЭНЭ