Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 110/ШШ2024/0025

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж,  тус шүүхийн танхимд  хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: А.Ж,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг дарга,

              Гуравдагч этгээд: Ш.Б нарын хоорондын газрын маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Ж, хариуцагч Бугат сумын Засаг дарга Х.Е, гуравдагч этгээд Ш.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, орчуулагч М.Нурасыл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Бахытбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчээс Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/59 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргаж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1. Миний бие 1994 оноос эхэлж Баян-Өлгий аймаг, Бугат сумын 2 дугаар Улаантолгой багаас “Онгоцоо хуучин ЭТЦ өвөлжөө” хэмээх газрыг хууль журмын дагуу эзэмших болсон. Уг газрыг анх миний эцэг болох С.Авилмажим Цагааннуур, Ногооннуур сумын Партизан нэгдэл байхдаа эзэмшиж, ашиглаж байсан ба улмаар миний бие 1959 оноос эхлэн Бугат сумын Улаантолгой баг болсон үеэс үргэлжлүүлэн эзэмшиж, ашиглаж байсан юм.

1.2. Уг газрыг Бугат сумын Засаг даргын захирамжаар 2004 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр албан ёсоор 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Дараа нь Бугат сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/49 дугаартай захирамжаар уг газрыг эзэмших эрхийн хугацааг сунгуулж, маргаан бүхий газарт олон жилийн хугацаанд мал маллаж амьдарч ирсэн.

Тухайн үед маргаан бүхий газарт тэжээлийн цэг байсан бөгөөд Бугат сумын Засаг дарга н.Бугыбай газарт намайг суурьшуулж байсан.

Өөрөөр хэлбэл, тухайн газрыг миний бие 1988, 1989 онуудад хувьчилж авч байсан ба 1989 онд С.Х гэх хүн тэмээн сүрэг маллахаар миний өвөлжөөний газрын хажууд тэмээн хашаа барьж, бууж байсан. Гэхдээ миний эзэмшиж байсан өвөлжөө, хаваржааны газарт С.Х нь анхнаасаа хувьцаа оруулж байгаагүй, зөвхөн надад хуваарилж өгч байсан. Харин С.Х нь гэр бүлийн хамт Бугат сумын “Улаан толгой” багийн “Баруун хөндий Хөх нохойтын Гашуун худаг” хэмээх газарт 3 пүнз бүхий саравч бүхий хаваржааны зориулалттай хашаа хороог газрын хамт хувьцаагаар хувьчилж авч байсан.

1.3. Миний бие 1993 онд 5 жилийн хугацаатай Казахстан Улсад гэрээгээр нүүж 1999 онд буцаж ирсэн, анх нүүж байх үед С.Х гэдэг хүн "... би энэ газрыг түр эзэмшиж байгаад та ирэхээр нь танд буцааж өгнө ...” гэсэн тул түүний хүсэлтийн дагуу одоогийн маргаан бүхий газраа С.Хд үлдээсэн байсан.

Миний бие буцаж ирсний дараа С.Х гэх хүн газрын маргаан үүсгэсэн ба Бугат сумын Засаг дарга нар “эв найртай амьдраарай” гэж хэлсэн учир дарга нараа хүндлэн хамтран эв найртай амьдрахаар болсон. Гэвч тухайн үед С.Х тэмээний хашааг 2004 онд газрын хамт М гэх хүнд зарж, Казахстан руу нүүсэн байсан. Харин Мы хүү М.Б нь газрыг 2005 онд Ш.Бд худалдсан байсан ба газар болон хөрөнгийн гэрчилгээ байгаагүй юм. Өөрөөр хэлбэл, өмчлөх болон газар эзэмших эрхийн гэрчилгээгүй газрыг хууль бусаар худалдсан байсан.

1.4. Улмаар Ш.Берболд нь М.Баас газар шилжүүлэн авсан мэтээр 2016 онд Бугат сумын Засаг даргын А/59 дугаартай захирамж гаргуулан миний өвөлжөөний газрын хажуу талд 700 м.кв талбайг эзэмшсэн байна. Улмаар, Бугат сумын газрын даамлаас …… гэрчилгээний дугаартай, нэгж талбарын …….дугаартай гэрчилгээг Ш.Бд олгосон байна. Уг захирамж нь илт хууль бус болохыг тогтоолгохоор миний бие Бугат сумын Засаг даргад хандсан боловч 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн албан бичгээр шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөж, гомдлыг хангахаас татгалзсан билээ.

1.5. Миний бие маргаан бүхий газрыг С.Хд түр эзэмшүүлж байсан болохоос Мд худалдан борлуулах эрх олгоогүй бөгөөд Мы хүү М.Б нь Ш.Бд худалдсан, Ш.Б нь Бугат сумын Засаг даргад хууль бус хүсэлт, өргөдөл гаргаж, газар эзэмших гэрчилгээ олж авсан байна.

Учир нь уг газар анхнаасаа миний эзэмшилд хувьцаагаар хувьчлагдан шилжсэн бөгөөд С.Х түр малаа маллаж амьдарч байсан юм.

1.6.  Бугат сумын Засаг даргын А/59 дугаартай захирамжаар газар эзэмших эрх олгосон захиргааны акт нь илт хууль бус захиргааны актын шинжтэй байна. Тодруулбал, уг захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;” нөхцөлд хамаарч байна.

Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт маргаан бүхий актад хуульд байхгүй үндэслэлээр бусдад давуу байдал олгосон, эсхүл огт хууль, эрх зүйн үндэслэлгүйгээр бусад хүний эрх, эрх чөлөөнд халдсан зэрэг захиргааны актын илэрхий ноцтой агуулгын /материаллаг эрх зүйн алдаа/ алдааг ойлгодог бөгөөд С.Х гэх хүн түр эзэмшиж байсан газарт Ш.Б хууль бус захирамж гаргуулан гэрчилгээ авсан нь илт хууль бус захиргааны актын шинжийг хангаж байна. Энэхүү нөхцөл байдал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т заасан захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна гэсэн тул Бугат сумын Засаг даргын захирамж бүхэлдээ илт хууль бус гэж үзэж байна гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. Иргэн М, гуравдагч этгээд Ш.Б болон өөр бусад этгээдэд эрх бүхий этгээдээс газар эзэмшүүлсэн шийдвэр байхгүй. Хавтаст хэрэгт 2004 онд газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлж байсан талаарх нотлох баримт авагдсан байгаа.

Тухайн газрыг 2016 онд М.Баас шилжүүлж авахын тулд М.Б нь газар эзэмших гэрчилгээтэй байх ёстой. М.Бд газар эзэмшүүлсэн эрхийн гэрчилгээ байхгүй байхад М.Баас газрыг шилжүүлж авсан гэж Засаг дарга эрх хэмжээгээ хэтрүүлж илт хууль бусаар газар эзэмших шийдвэр гаргаснаас болж өнөөдрийн маргаан үүсэж байгаа. Шүүхэд хандах хүртэл гуравдагч этгээдэд шийдвэр гарсан байсан гэдгийг мэдээгүй. Баян-Өлгий аймгийн Засаг даргад нэхэмжлэгч газартай холбоотой асуудлаар гомдол гаргасан, гомдлыг хариуцагч Засаг дарга шийдвэрлэж, хариу тайлбартаа гуравдагч этгээд 2016 онд газар эзэмшиж авсан гэдгийг мэдэгдсэн. Харин тэрнээс өмнө нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийг хууль бусаар сууж байсан газраасаа албадан чөлөөлүүлэх тухайн нэхэмжлэлийг удаа дараа шүүхэд гаргаж байсан.

Нэхэмжлэгч 2004 онд Казахстан Улсаас ирэхдээ С.Х гэх хүнд “...чи энэ газарт суух ёсгүй. Таны авч ирсэн М гэх хүн энэ газарт өвөлжихгүй” гэсэн байдлаар хандахад  С.Х нь “М миний байшинг худалдаж авсан хүн байгаа. Тэр хүнийг тус газарт суулгах болно.” гэх байдлаар хандсан байна. Өмнө нь шүүхээс гарч байсан 501 дугаартай шүүгчийн захирамжийн агуулга нь “чи ямар ч газаргүй, энэ өвөлдөө өвөлжөөд Харигазын байшинг нүүлгэж авч явна. Зөвхөн чамайг энэ жилд л суулгаж байгаа” гэх агуулгатай гарсан.

Гуравдагч этгээд нь Маас хашаа, байшин худалдаж авсан гэж байгаа, нэхэмжлэгчийн хувьд гуравдагч этгээдийн хашаа, байшинтай маргахгүй байна.

Нэхэмжлэгчийн хувьд гуравдагч этгээдэд тухайн байшингаа авч явбал яваарай эсхүл хашаа, байшинг 15 000 000 төгрөгөөр үнэлж авъя гэж байгаа. Өвөлжөөний зориулалттай газар тул газар эзэмших эрх байхгүй. Өвөлжөөний газарт нэг л айл малтайгаа оршин сууна, 2 айл нэг газар дээр хамтдаа суух ямар ч боломжгүй. Гуравдагч этгээдээс өмнөх М.Б, М, С.Х нарт ямар нэгэн газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй. Газрыг хэн түрүүлж эзэмшсэн тэр хүн тухайн газар дээрээ суух ёстой. Нэг газарт 2 эрхийн гэрчилгээ олгогдохгүй. Газрын маргаанаас болж гэмт хэрэг гарч байгаа гэдгийг бид удаа дараа тайлбарлаж байгаа.

Маргаан бүхий захирамжийг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй байхад захиргааны актыг гаргасан байгаа. Тиймээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж зааснаар уг шийдвэрийг илт хууль бусад тооцох үндэслэлтэй. М.Б гэх хүнд газар эзэмших гэрчилгээ байсан тохиолдолд газар гуравдагч этгээдэд шилжих ёстой. Харин М.Бд газар эзэмших гэрчилгээ байхгүй гэдэг нь тогтоогдсон, Засаг даргын 2016 оны А/59 дугаартай захирамж гарах эрх зүйн үндэслэл байгаагүй. Бугат сумын Засаг дарга илт  хууль бус захирамж гаргаснаас болж өнөөдөр 6 жилийн хугацаанд газрын маргаантай явж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

3. Хариуцагч гаргасан тайлбартаа:

3.1.  Бугат сумын Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/59 дүгээр захирамжаар олгосон нэгж талбарын 8305001850 дугаар бүхий 000633205 гэрчилгээний дугаартай өвөлжөө, хаваржааны газар нь Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй тул уг захирамжийг хүчингүй болгох боломжгүй байна.

3.2. Иймд иргэн А.Жн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг сумын Засаг даргын эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжгүй байна гэжээ.

 

4.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан тайлбартаа:

4.1. Иргэн Ш.Б тус аймгийн Бугат сумын 2 дугаар буюу Улаан толгой багийн нутаг дэвсгэр болох “Онгоцоо хуучин ЭТЦ өвөлжөө” гэх газарт 2012 оноос эхлэн оршин сууж мал маллаж амьдарч байна. Уг газарт 1993 оноос эхлэн С.Х, А.Ж нар хамтран амьдарч байсан ба А.Ж нь 1993 оны 5 дугаар сард Казахстан Улс руу нүүх үед нэгдлээс хувьчлалд авсан хашаа, хорооны ноогдох хэсгийг С.Хд худалдан явсан байна. Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулга гарч, 2002 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс хэрэгжиж эхэлснээр иргэдэд өөрийн оршин сууж буй газрыг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр эзэмшүүлэх захирамжилсан эрхийн акт гарсан байна.

4.2. Энэ хүрээнд тус аймгийн Бугат сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 51 дугаартай “Өвөлжөө эзэмшүүлэх тухай” захирамжаар сумын малчин иргэдийн өвөлжөөний газрыг өөрсдөд нь эзэмшүүлэх шийдвэр гаргасан байна.

4.3. Нэхэмжлэгч А.Ж нь Казахстан Улсаас ирсний дараа газар болон хашаа хорооны асуудлаар сумын удирдлагад маргаан гаргасан байна. Газрын маргааныг шийдвэрлүүлэх үүднээс С.Х нь 2004 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн шүүгчийн 2004 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 501 дугаартай захирамжаар нэхэмжлэгч С.Х, хариуцагч А.Ж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Б нар нь хоорондоо эвлэрэн тохиролцсон нь тэдний бичмэл тайлбараар батлагдаж байна гэж үзээд Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар зохигчид эвлэснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

4.4. Сумын Засаг даргын 2003 оны 51 дугаартай захирамж, 2004 оны шүүгчийн 501 дугаартай захирамжаар М.Б нь “Онгоцоо хуучин ЭТЦ өвөлжөө” гэх газрын эзэмшигч мөн болохыг тогтоосон байна. М.Б нь 2012 онд өөрийн эзэмшлийн өвөлжөөний газрыг хашаа, хорооны хамт иргэн Ш.Бд 2 500 000 төгрөгөөр худалдсан байна.

4.5. Ш.Б уг газар буюу хашаа хороог авсны дараа сумын эрх бүхий албан тушаалтнуудад хандсанаар 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” А/59 дугаартай захирамж гаргаж, Ш.Бд шилжүүлсэн байна. Уг захирамжийг үндэслэж сумын эрх бүхий албан тушаалтан Ш.Бд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх 000633205 дугаартай эрхийн гэрчилгээ олгож, кадастрын зураг зэргийг үйлдэж баталгаажуулсан байна.

4.6. Гуравдагч этгээд Ш.Б нь А.Жн нэхэмжлэлтэй маргаан бүхий газарт дур мэдэн очиж, оршин суугаагүй тухайн үеийн эрх бүхий албан тушаалтнуудын гаргасан захирамж, шийдвэр, эрхийн актын хүрээнд  эзэмшихээр болсон байна. Дээрх албан тушаалтнуудын гаргасан захирамж, олгосон гэрчилгээ, гаргасан эрхийн акт нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх заалтад нийцсэн гэж үзэж байна.

4.7. Нэхэмжлэгч А.Ж нь 2022 онд тус аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Баян-Өлгий аймгийн Бугат сумын Улаантолгой багийн “Онгоцоо хуучин ЭТЦ өвөлжөө” гэх газарт байршилтай, нэгж талбарын  …………. дугаар бүхий 700 м.кв талбайтай өвөлжөөний зориулалттай газрыг хариуцагч Ш.Бын хууль бус эзэмшлээс чөлөөлж, тухайн газарт байршилтай малын хашаанд малаа оруулахгүй байхыг болон нэхэмжлэгчийн эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг хүссэн нэхэмжлэл гаргажээ. Уг маргааныг сум 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 468 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн ба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, А.Жн эзэмшил бүхий газарт байсан Ш.Бын хашааг буулгуулан шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гаргаж дуусгавар болгосон байна.

4.8. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч А.Ж нь иргэний хэргийн шүүхэд нэг асуудлаар 2004, 2022 онуудад нэхэмжлэл гаргаж шийдвэр гаргуулан иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулсан байна. Гэвч нэхэмжлэгч А.Ж нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Бугат сумын Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/59 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгч А.Ж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, Бугат сумын Засаг даргын 2016 оны А/59 дугаартай захирамжаар М.Бы эзэмшлийн газрыг Ш.Бд шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байжээ.  Бугат сумын Засаг даргын 2016 оны А/59, 2019 оны А/49 дугаар захирамжууд гарснаар газрын давхцал үүсээгүй бөгөөд газрын даамал тухайн үед нөхцөл байдлыг буруугаар ойлгож надад буруу мэдээлэл өгсөн гэж үзэж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, Бугат сумын Засаг даргын 2016 оны А/59 дугаартай захирамж хуулийн хүрээнд олгогдсон болохыг ойлгосон байна. Баян-Өлгий аймаг дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 246 дугаартай захирамжаар  нэхэмжлэлийн бусад шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

4.9. Нэхэмжлэгчээс Бугат сумын Засаг даргын 2016 оны А/59 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж байгаа нь өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах ямар хуулийн хэд дэх заалт саад болсон тухай шаардлагад тодорхой бичээгүй байна.

Иймд Бугат сумын Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/59 дугаартай захирамж хуульд нийцсэн тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газрын маргаантай холбоотой дараах үйл баримтууд тогтоогдож байна.Үүнд:

            2.1. Баян-Өлгий аймгийн Бугат сумын “Жаргалын зам” нэгдэлд нэхэмжлэгч А. Ж, иргэн С.Х нар тус тус  малчнаар ажиллаж байсан үед  тус сумын Улаантолгой буюу 2 дугаар багийн нутаг дэвсгэрийн “Үнст” гэх газарт хамаарах  өвөлжөөний газарт /Онгоцоогийн хуучин эмчилгээ тэжээлийн цэгийн өвөлжөө гэх/ 1989 оноос өмнө нэхэмжлэгч А.Ж,  дараа нь 1989 оны үед иргэн С.Х нь нэхэмжлэгч А.Жн хамт нэг доор өвөлжиж, амьдарч байсан гэж үзэхээр байна.

            Энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...тус өвөлжөөний газрыг миний бие 1959 оноос эхлэн үргэлжлүүлэн эзэмшиж, ашиглаж байсан. 1989 онд С.Х гэх хүн тэмээн сүрэг маллахаар болж, миний өвөлжөөний хажууд тэмээний хашаа барьж бууж байсан.” гэж тайлбарлажээ.

         Тус газарт нэгдлийн үед баригдсан хонины болон тэмээний гэх саравчтай малын чулуун 2 хашааг 1993 онд Бугат сумын “Жаргалын зам” нэгдлийн өмч хувьчлалаар нэгдлийн малчин байсан  А.Ж болон  С.Х нарын өрхөд нэг нэгээр хуваарилаж эзэмшүүлсэн нь хэрэгт авагдсан  Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 181 дугаартай албан бичгээр шүүхэд ирүүлсэн “Баян-Өлгий аймаг Бугат сумын “Жаргалын зам” нэгдлийн ХОЭБ-ийн цэнхэр тасалбарыг бүрэн баталгаажуулсан хөрөнгийн жагсаалт”, гэрч тухайн үед Бугат сумын өмч хувьчлалын комиссын даргаар ажилласан Х.Б, тоо бүртгэгчээр ажилласан сумын 2 дугаар багийн Засаг дарга Х.М нарын мэдүүлэг, 1993 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн огноотой  “Бугат сумын “Жаргалын зам” нэгдэл,  Улаантолгой бригадын их хувьцаанд өгсөн үндсэн хөрөнгийн хувиар” бүхий эх баримт /баримтын 57 дугаар хэсэг/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            2.2. Дээрх байдлаар нэхэмжлэгч А.Ж нь 1959 оны үеэс анх дээрх өвөлжөөний газрыг эзэмшиж ашигласан гэдэгт хэргийн бусад оролцогчдоос маргаагүй ба тус өвөлжөөний зориулалттай газарт нэхэмжлэгчээс гадна иргэн С.Х нь Газрын тухай хуульд заасан журмаар эрх бүхий этгээдийн шийдвэрээр мөн газар эзэмшиж, ашиглаж суусан нь хэрэгт авагдсан 1997 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 314 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Бугат сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 51 дугаартай “Өвөлжөө эзэмшүүлэх тухай” захирамж, 2004 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ….. дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2003 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн газар эзэмших гэрээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.  Үүнээс үзэхэд иргэн С.Х нь Бугат сумын “Үнст” гэх газар дахь өвөлжөөнд нэхэмжлэгчийн хамтаар  нэг доор мал маллан амьдарч, тухайн газрыг 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл эзэмших эрхтэй байжээ. Иймээс нэхэмжлэгчийн тухайн өвөлжөөний газрыг иргэн С.Х эзэмших эрхгүй, түр эзэмшин сууж байсан гэх маргаан нь үндэслэлгүй байна.

2.3. Иргэн С.Х нь уг өвөлжөөний газарт амьдарч байгаад Бүгд Найрамдах Казахстан Улс руу нүүх үедээ тус газарт байршилтай байшин, тэмээний чулуун хашаа зэрэг эд хөрөнгүүдийг иргэн С.Мадетханд худалдсан, С.М нь гэр бүлийн хамтаар тус газарт амьдарч байгаад хүү М.Б нь дээрх эд хөрөнгүүдээ 2012 онд гуравдагч этгээд Ш.Бд худалдсан зэрэг үйл баримтууд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбар, гэрч С.М мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.

2.4. Гуравдагч этгээд Ш.Бд нь дээрх байдлаар Бугат сумын 2 дугаар багийн “Үнст” гэх газарт байршилтай өвлийн сууц, тэмээний чулуун хашаа зэрэг эд хөрөнгүүдийг иргэн М.Баас худалдаж авснаар Бугат сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/59 дугаартай захирамжаар түүнд өвлийн сууц орших газраас маргаан бүхий 700 м2 газрыг эзэмшүүлж, тус сумын газрын даамлаас мөн өдөр газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 30 жилийн хугацаагаар  эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь маргаан бүхий захиргааны акт, гуравдагч этгээдийн тайлбар, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 000633205 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч С.М мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2.5. Бугат сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 51 дугаартай “Өвөлжөө эзэмшүүлэх тухай” захирамж, 2004 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 0005646 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2003 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн газар эзэмших гэрээ зэрэг нотлох баримтууд нь нэхэмжлэгчийн тус өвөлжөөний газраас мөн газар эзэмшиж ирснийг нотолсон шийдвэрүүд байх бөгөөд  Бугат сумын Засаг даргаас 2019 оны А/49 дугаартай захирамж гаргаж, газар эзэмших эрхийн 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 000102316 дугаартай гэрчилгээгээр тухайн өвөлжөөнөөс 700 м2 газрыг нэхэмжлэгчид 39 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байна.

2.6. Шүүхээс Бугат сумын 2 дугаар багийн “Үнст” гэх газарт оршдог өвөлжөөний тус газарт үзлэгт хийхэд нэхэмжлэгчийн өмчлөлийнх гэх хонины чулуун хашаа 1, гуравдагч этгээдийн өмчлөлийнх гэх тэмээний чулуун хашаа 1, өвлийн сууц 1 зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүд байршилтай байх ба Бугат сумын Засаг даргын 2016 оны А/59, 2019 оны А/49 дугаартай захирамжуудаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд тус тус эзэмшүүлсэн 700 м2 газар нь тус тусдаа байршилтай, хоорондоо давхцаагүй болох нь, нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт түүний өмчлөлийнх гэх хонины чулуун хашааны тодорхой хэсэг, гуравдагч этгээдийн эзэмшлийн газарт түүний өмчлөлийнх гэх өвлийн сууц бүхий байшингийн тодорхой хэсэг тус тус багтсан, кадастрын зургаар тодорхойлогдож буй нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшлийн газруудад  гуравдагч этгээдийн эзэмшлийх гэх тэмээний чулуун хашаа багтаагүй байна.

2.7. Хэргийн нотлох баримтууд болох гэрч С.М мэдүүлэг, Бугат сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 102, 103 дугаартай албан бичгүүдээс үзэхэд гуравдагч этгээд Ш.Боос өмнө маргаан бүхий газрыг эзэмшиж байсан иргэн С.Х нь иргэн С.М, түүний хүү М.Б нарт дээрх байдлаар өвөлжөөний газар дахь хашаа, байшингаа худалдах үед Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шилжүүлээгүй байна.

            3. Дээрх байдлаар маргаан бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг иргэн С.Х иргэн М.Бд шилжүүлсэн шийдвэрийг эрх бүхий этгээдээс гаргаагүй байхад Бугат сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/59 дугаартай захирамжаар маргаан бүхий газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана.” гэж заасныг баримтлан М.Бы газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн агуулгаар шийдвэр гаргасан нь   мөн зүйлд нийцээгүй байна.

            Гэвч гуравдагч этгээд Ш.Б нь тус газарт байршилтай, өвлийн сууц, тэмээний чулуун хашааг бусдаас худалдаж авсан байх бөгөөд  Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална: 4.1.7-д “газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх” гэж заасны дагуу өөрийн эзэмшил, өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байрлах газраас 700 м2 газрыг  Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна” гэж заасны дагуу  эзэмших эрхтэй гэж дүгнэв.

            Маргаан бүхий газрын өмнөх эзэмшигч С.Хн газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн С.М, М.Б нарт шилжүүлэх асуудлаар талууд хуульд заасан журмаар газар эзэмшүүлэх этгээдэд хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлээгүй байхад Засаг даргаас гуравдагч этгээдэд маргаан бүхий газрыг эзэмшүүлэхдээ дээрх байдлаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг баримталж М.Бы газар эзэмших эрхийн гэрчилгээг гуравдагч этгээдэд шилжүүлсэн агуулгаар А/59 дугаартай захирамжийг гаргасан нь гуравдагч этгээдийн буруутай үйл ажиллагаа биш байгаагаас гадна энэхүү нөхцөл байдал нь нэхэмжлэгч тус газраас Бугат сумын Засаг даргын 2019 оны А/49 дугаартай захирамжаар эзэмшсэн  700 м2 газраа өвөлжөөний зориулалтаар эзэмшиж, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй юм.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Бугат сумын 2 дугаар багийн “Үнст” гэх газарт орших өвөлжөөний газарт  нэхэмжлэгч А.Ж, гуравдагч этгээд Ш.Б нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд оршдог, тус газраас нэхэмжлэгчийн эзэмшдэг 700 м2 газар нь маргаан бүхий газартай давхцаагүй, түүнчлэн  Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн  52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно” гэж  заасан тул “Үнст” гэх газарт орших өвөлжөөний газрыг нэг л айл эзэмших эрхтэй гэх нэхэмжлэгч талын маргаан үндэслэлгүй, маргаан бүхий захирамжаар гуравдагч этгээдэд түүний өмчлөлийн эд хөрөнгө байрлах газрыг эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул  маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;” гэсэн үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 29 дүгээр зүйлийн 29.1, 52  дугаар зүйлийн 52.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Жн шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/59 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй тайлбарласугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.РИЗА