Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/20

 

 

 

 

 

  2022        10         13                                         2022/ДШМ/20

 

   Л.Дт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Л.Отгончимэг,

Нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШЗ/430 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Берикболын гаргасан эсэргүүцлээр Л.Дт холбогдох 2238000810057 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

М овогт Л-н Д, ..... оны ..... дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой,  .............................мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Б сумын Засаг дарга ажилтай, ам бүл 3, аав, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ........................./

Л.Д нь Хөвсгөл аймгийн Б сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаанд буюу 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн хооронд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор хийх ёсгүй үйлдлийг хийж, эрх мэдлээ хэтрүүлэн Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг тус тус зөрчиж Хөвсгөл аймгийн Б суманд 2020 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх 16,904,400 төгрөгийн төсөвт өртөг бүхий “Б сумын Засаг даргын тамгын газарт техник, тоног төхөөрөмж, тавилга” худалдан авах ажиллагаа зохион байгуулагдаагүй, тендер сонгон шалгаруулалтгүйгээр буюу ажил хийгдээгүй байхад Засаг даргын тамгын газрын алба хаагч нарт албан тушаалын байдлаараа нөлөөлж, өөрийн төрсөн дүү Л.Тын найз Л.Б, С.Бнарын “Т” ХХК-руу 16,566,312 төгрөгийн санхүүжилтийг шилжүүлүүлж давуу байдал бий болгосон, Улмаар С.Б, Л.Б нараар дамжуулан санхүүжилтийн хөрөнгөөс 10,666,550 төгрөгийг өөрийн төрсөн дүү Л.Тын Хаан банк дахь 5 дугаарын данс руу нь шилжүүлүүлж, тус хөрөнгөөс өөрийн төрсөн хүү Д.Бгийн сургалтын төлбөрийг төлүүлсэн, дүү Л.Т болон хүү Д.Б нарт давуу байдал бий болгосон. Мөн Засаг даргын Тамгын газарт хийгдсэн тавилга эд зүйлийг өөрийн төрсөн дүү Л.Агаар хийлгүүлж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШЗ/430 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Лын Дт холбогдох эрүүгийн 2138000810057 дугаартай хэргийг Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Л.Дт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор М.Берикбол эсэргүүцэлдээ: ... Шүүгчийн захирамжийн үндэслэлийн хувьд:

1.Шүүгч өөрийн санаачилгаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13-т заасан “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол” хэлэлцүүлэг хийх үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарласан. Гэтэл хэргийн оролцогч нараас энэ тухай гомдол, хүсэлт гаргаагүй ба шүүгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон захирамжид хуульд заасан журам зөрчигдсөн талаар үндэслэл бүхий тайлбар хийгээгүй.

2. ....Б сумын Засаг даргын Тамгын газарт худалдан авалт хийсэн техник, тоног төхөөрөмж, тавилга зэргийн үнэ 7,598,673 төгрөг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдал хэрэгт байхгүй ба хэрэв шүүх дээрх нөхцөл байдлыг эргэлзээтэй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шатанд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжилгээ хийлгэх бүрэн боломжтой байсан.

Энэ талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “шүүхийн шатанд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох санал” гаргасан боловч шүүгч шүүхийн шатанд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох боломжгүй талаар хэлэлцүүлэг болон захирамжид дурдаагүй, захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

Түүнчлэн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой...бичигдэх” шаардлагыг хангаагүй байна.

Учир нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явагдаж хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан атлаа шүүгчийн захирамжийн удиртгал хэсэгт “анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг, ...танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар” гэж шүүх хуралдаан явагдсан мэтээр дурдсан.

Мөн шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хэргийг прокурорт буцаасан байна.

...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “ ...эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” ...гэснийг тус тус зөрчсөн байна.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон...

Иймд ...магадлалыг хүчингүй болгуулахаар ...прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Эсэргүүцлээ дэмжиж байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаартай яллах дүгнэлтээр Л.Д нь Хөвсгөл аймгийн Б сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаанд буюу 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн хооронд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор хийх ёсгүй үйлдлийг хийж, эрх мэдлээ хэтрүүлэн Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг тус тус зөрчиж Хөвсгөл аймгийн Б суманд 2020 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх 16,904,400 төгрөгийн төсөвт өртөг бүхий “Б сумын Засаг даргын тамгын газарт техник, тоног төхөөрөмж, тавилга” худалдан авах ажиллагаа зохион байгуулагдаагүй, тендер сонгон шалгаруулалтгүйгээр буюу ажил хийгдээгүй байхад Засаг даргын тамгын газрын алба хаагч нарт албан тушаалын байдлаараа нөлөөлж, өөрийн төрсөн дүү Л.Тын найз Л.Б, С.Бнарын “Т” ХХК-руу 16,566,312 төгрөгийн санхүүжилтийг шилжүүлүүлж давуу байдал бий болгосон, Улмаар С.Б, Л.Б нараар дамжуулан санхүүжилтийн хөрөнгөөс 10,666,550 төгрөгийг өөрийн төрсөн дүү Л.Тын Хаан банк дахь 5 дугаарын данс руу шилжүүлүүлж, тус хөрөнгөөс өөрийн төрсөн хүү Д.Бгийн сургалтын төлбөрийг төлүүлсэн, дүү Л.Т болон хүү Д.Б нарт давуу байдал бий болгосон. Мөн Засаг даргын тамгын газарт хийгдсэн тавилга эд зүйлийг өөрийн төрсөн дүү Л.Агаар хийлгүүлж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасны дагуу “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлоогүй гэсэн дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжид материаллаг хохирол учирсан байхыг шаардсан эсэхээс үл хамааран гэмт хэргийн улмаас  хэдий  хэмжээний хохирол, хор уршиг учирсныг тогтоох шаардлагатай бөгөөд эдгээрийг нотлоогүй нь мөрдөн шалгах ажиллагааг гүйцэт биш хийсэн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэх үндэслэл болно.

Иймд шүүгчийн захирамжид дурдсан “Хөвсгөл аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газарт хэдэн төгрөгийн бодит хохирол учирсан, захиалагчаас  “төрийн албан хаагчдад техник, тоног төхөөрөмж, тавилга худалдан авах” тендерээр ямар, ямар ажлыг худалдан авахаар захиалсан, албан тушаалын байдлаараа нөлөөлж давуу байдал бий болгосон гэх “Т” ХХК-иар тендерт заасан ямар, ямар ажлыг хийлгүүлсэн, мөн ямар, ямар ажлыг хийлгээгүй, дээрх ажлыг бусад хүмүүсээр хийлгүүлсэн зэргийг эргэлзээгүй тодруулах” ажиллагааг явуулсны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шүүх хуралдаан хойшлуулах зохицуулалтыг шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл  нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх журам зөрчсөн болон оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан тухай гомдол гаргасан тохиолдолд баримтлахаар хуульчилсан тул дээрх зүйл, заалтыг баримтлаагүй гэж шүүхийг буруутгах үндэслэлгүй.

Шүүгчийн захирамжийн удиртгал хэсэгт “анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг, ...танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар” гэж тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан ноцтой зөрчилд хамаарахгүйн дээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх  үндэслэл тогтоогдсонгүй.

Мөн шүүгчийн захирамжид хэргийг прокурорт буцааж буй үндэслэлийн талаар тодорхой тусгасан байх тул шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой...бичигдэх” шаардлагыг хангаагүй гэх эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүх хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйл, 33.3 дугаар зүйл, 34.16 дугаар зүйл, 36 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээв.

Анхан шатны шүүхээс  хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж гаргасан атал прокурор “магадлалыг хүчингүй болгуулахаар” эсэргүүцэл бичсэн нь ойлгомжгүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШЗ/430 дугаартай захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАЯРХҮҮ

           ШҮҮГЧИД                                   Л.ЭРДЭНЭБАТ

                                                                          Б.СОСОРБАРАМ