Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 128/2017/0543/з |
Дугаар | 221/МА2018/0005 |
Огноо | 2017-12-27 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2018/0005
2017 оны 12 сарын 27 өдөр Дугаар 221/МА2018/0005 Улаанбаатар хот
“Ц ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн дарга С.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, Х.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/0767 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ц ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторид холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/0767 дугаар шийдвэрээр: Гаалийн тухай хуулийн 253 дугаар зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.2, 252 дугаар зүйлийн 252.1, 252.8-д заасныг тус тус баримтлан “Ц ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторид холбогдуулан гаргасан “Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0022571 дүгээр дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн шинжилгээ, туршилтын лабораторийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 198 тоот сорилтын дүнг үндэслэн дүгнэлт гаргахыг Гаалийн төв лабораторид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А давж заалдах гомдолдоо: “Ц ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторид холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/0767 дугаар шийдвэр /2017 оны 11 дүгээр сарын 15-нд гардан авсан/-ийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2017/0767 шийдвэр нь нэхэмжлэлийн зарим үндэслэлд хуулийн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй орхигдуулсан. Мөн түүнчлэн маргаагүй асуудлаар үндэслэл, дүгнэлт гаргаж шийдвэртээ тусгасны зэрэгцээ Гаалийн тухай хууль, Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоол болон холбогдох стандартыг буруу хэрэглэж тайлбарласан, зарим нотлох баримтыг зохих ёсоор үнэлсэнгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заагдсан үйл баримт нь нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох гаргалгаа болохгүй байхад ийнхүү холбоогүй, хамааралгүй үйл баримт дээр тулгуурлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон дүгнэлт нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Үүнд:
1. Шүүхийн шийдвэр бичилтийн зарим нэг алдаатай гарсан байна. Тодорхойлох хэсгийн нэгд “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг Д.А” гэж, шийдвэрийн үндэслэх хэсэгт дээжийн битүүмжлэлийн дугаарыг “...RS3161118” болон “...RS355112” гэж, холбогдох стандартын оноосон дугаарыг “...MNS 654-79 стандартын” гэж тус тус буруу бичигдсэн байна.
2. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “...дэгдэмхий бодисын гарц, хувиар 9-иас бага бол зөвшөөрөгдөх зөрүүгийн хязгаарлал 0.3%, 9-45 бол 0.5% 45-иас их бол 1.0% гэснийг зөрчөөгүй байна” гэж тэмдэглэсэн байна.
Нэхэмжлэгчийн зүгээс хоёр лабораторийн шинжилгээний дүнгийн зөрүү нь зөвшөөрөгдөх хэмжээнээс их бага байна гэж маргаагүй бөгөөд ийм үндэслэл гаргаагүй. Харин хоёр өөр дээжийг тусад нь шинжлээд улмаар нэг дүгнэлтийн үндэс болгосон нь хуулийн үндэсгүй гэж маргасан. Учир нь дагаж мөрдөгдөх стандартын дагуу бол өөр хооронд нь жишиж, харьцуулах боломжгүй, тохирцын үзүүлэлтийг илтгэж чадахгүй шинжилгээний материалууд болно гэж маргасан.
3. Шийдвэрийн үндэслэх хэсэгт Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын 2.2-ын 9 дэх заалт болох дэгдэмхий нь бүхэл тоогоор < 28 бол коксжих, дэгдэмхий нь >28 бол сул коксжих гэж хариуцагч тал зөв тайлбарласан гэж шүүх шийдвэрээ үндэслэсэн байна.
Засгийн газраас тогтоосон ангиллын дагуу 28-иас бага буюу тэнцүү, гэхдээ 28-иас их биш гэсэн асуудлаар талууд маргаагүй. Маргаж буй зүйл нь Засгийн газрын тогтоолоор шинжилгээний дүнгийн утгыг бүхэлдэж тооцох /хариуцагчийн тайлбар/ эсхүл шинжилгээний дүнгийн утгыг бүхэлдэж өөрчлөлгүйгээр Засгийн газраас өгөгдсөн утгатай харьцуулах асуудлаар маргаж байгаа. 4. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Гаалийн тухай хуулийн 252, 253, 254 болон 256 дугаар зүйлүүдийг зөрчөөгүй байна гэж үзсэн байна. Нэхэмжлэгч талын зүгээс хариуцагчийг Гаалийн тухай хууль тогтоомжийн тодорхой зүйл, заалтыг зөрчсөн, тэр дундаа дээр дурдсан зүйлүүдийг зөрчсөн буюу буруу хэрэглэсэн, эсхүл хэрэглээгүй байна гэж маргаагүй болно.
Шүүх эдгээр зүйл заалтуудыг шийдвэртээ тусгахдаа буруу тайлбарласан болохыг энд тэмдэглэмээр байна. Тодруулбал, шинжилгээ хийх болон магадлан шинжилгээ хийх нь хоёр өөр харилцаа бөгөөд тус бүрийн зохицуулалттай байхад нэг ойлголт мэтээр тайлбарласан байна. Маргаж буй асуудал нь Гаалийн тухай хуулийн 256 дугаар зүйлээр зохицуулагддаг бөгөөд субьект нь хувь хүн бус тодорхой нэг институт байдаг /гаалийн итгэмжлэгдсэн лаборатори/. Уг субьектээс шинжилгээний дүн гардаг бөгөөд уг шинжилгээний дүнг үндэслэн Гаалийн төв лаборатори дүгнэлт гаргах ба ингэхдээ шинжилгээний дүнд заавал үндэслэх үүрэгтэй. Харин магадлан шинжилгээний тухайд субьект нь шинжээч хувь хүн бөгөөд түүнээс дүгнэлт гарна. Уг дүгнэлтийг гаалийн байгууллага нь 253.7-д заасны дагуу харгалзан үзнэ гэж хуульчилсан. Магадлан шинжилгээ хийх шийдвэрийг гаалийн удирдах ажилтан гаргана /252.7/, магадлан шинжилгээ хийх тухай гаалийн байгууллагын даргын тогтоол гаргах /252.5/ зэрэг онцлогтой. Гаалийн лаборатори магадлан шинжилгээ хийж болно гэж хуульчилсан боловч магадлан шинжилгээ хийх шийдвэр гаргана гэж хуульчлаагүй байна.
Магадлан шинжилгээг тодорхой нэг бараа бүтээгдэхүүн нь өгөгдсөн чанар, үзүүлэлттэй нийцэж байгаа эсэхийг шалган магадлахад орших бол шинжилгээний тухайд тодорхой нэг бараа бүтээгдэхүүн нь ямар шинжийг агуулж байгааг тогтооход оршино.
5. Шүүх “...MNS 654-79 стандартын 4.6-д заасны дагуу хоёр лабораторийн дэгдэмхий бодисын гарцыг тодорхойлох зөвшөөрөгдөх зөрүү 1%-иас илүүгүй байхаар зааснаар тооцсон нь зөв байна” гэж шүүх үндэслэсэн нь уг стандартыг буруу тайлбарлаж хэрэглэсэн болно. Уг стандартын зөв оноосон товъёо нь MNS 0654:1979 бөгөөд түүний 4.6-д нэг лабораторийн дээжийн ижлийн ерөөсөнг хоёр өөр лабораторид турших ёстой гэж заасныг шүүх үл анзаарлаа. Тэгвэл MNS 2920:1980 нэр томъёо, тодорхойлолт стандарт нүүрсний лабораторийн дээж гэж “анхдагч дээжийн 0-3 мм хэмжээтэй ширхгээс уг дээжийг төлөөлүүлж лабораторийн туршилтад авсан хэсэг” гэж тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл анхдагч дээжийг ийм хэмжээтэй болгон буталж ширхэглээд түүнээс төлөөлөл болгож авсан дээж нь лабораторийн дээж болно. Гэтэл маргаж буй асуудлын хувьд RS316111 болон RS316112 гэсэн хоёр өөр анхдагч дээжүүдийг өөр өөр лабораториудад шууд өгч шинжлүүлсэн тул өөр хооронд нь жиших, таарцыг нь тодорхойлох боломжгүй дээжүүд тул энд зөвшөөрөгдөх зөрүү байгаа эсэхийг тооцох боломжгүй юм.
Нөгөө талаас MNS 0654-1979 стандартын 4.7-д нэг аналитик сорьцоос зэрэгцээ хоёр туршилтаар тодорхойлсон үр дүнгийн хоорондох зөрүү 4.6-д заасан хэмжээнээс илүү байвал гурав дахь туршилт хийх шаардлагатай гэж заасан. Тэгвэл шүүхийн шийдвэрийн хуудас 11-ийн эхний догол мөрөнд заасанчлан RS316111 дугаар дээжийн Геологийн лабораторид хийсэн хоёр сорьцын зөрүү нь 0.5% буюу зөвшөөрөгдөх хэмжээнд байсан тул өөр шинжилгээг хийлгэх шаардлага анхнаасаа үгүйсгэгдсэн байсан бөгөөд уг шинжилгээний дүн нь дангаараа дүгнэлт гаргахад хангалттай байсан болно.
Иймд өөр хооронд нь харьцуулж болохгүй хоёр өөр анхдагч дээжийн шинжилгээний дүнг нэг дүгнэлтээр хоёуланг нь оруулж бичсэн нь дагаж мөрдөх стандартыг зөрчсөн алдаатай дүгнэлт болсон. Яг ийм асуудлаар /хоёр өөр лабораторийн шинжилгээний дүн гэхдээ нэг дээжийг өөр газар дахин шинжилсэн/ Стандарт, хэмжил зүйн газраас 2017 оны 08 сарын 30-ны өдрийн 06/754 албан тоотоор чиглэл, зааварчилга өгч байсныг нотлох баримтаар хүргүүлсэн боловч шүүхээс зохих үнэлэлт өгсөнгүй. Уг зааварчилгаанд зөвшөөрөгдөх зөрүүгийн хэмжээнд байгаа бол MNS 0654-1979 стандартын 4.5-ыг удирдлага болгох нь зүйтэй гэж заасан бөгөөд энэ нь нэг дээжийн шинжилгээний дүнг эцсийн болгон ашиглах явдал юм.
6. Нэгэнт заавал дагаж мөрдөх MNS 0654-1979 стандартын 4.5-ын дагуу нэг л дээжийн дүнг үндэслэх нөхцөлд RS316111 болон RS316112 гэсэн хоёр өөр анхдагч дээжүүдийг өөр өөр лабораториудад шинжилсэн дүнгийн алийг нь ашиглах вэ? Хариуцагч талын бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон Шивээхүрэн дэх гаалийн газарт 2017 оны 03 сарын 14-ний өдрийн албан бичиг, нэхэмжлэгч талаас өөр гэрээ болон өөр дүгнэлттэй холбогдуулан гаргаж байсан гомдол зэргийг шинжлэн судлахад хариуцагч тал RS316111 болон RS316112 гэсэн хоёр тусдаа дугаар, битүүмжлэл бүхий дээж авахдаа нэхэмжлэгчийн №2017-TU-KINGHO-001 гэсэн гэрээний дагуу гаргасан гомдлын мөрөөр нэг дээж, №2017-TU-KINGHO-002 гэрээний дагуу хоёр дахь дээжийг авсан нь баримтаар тогтоогдож байна. Ийм нэхэмжлэгчийн зүгээс түрүүлж дугаарлагдсан RS316111 дээж нь өмнөх гэрээний хяналтын зорилгоор, харин удаах буюу RS316112 дээжийг маргаж буй дүгнэлтийн зорилгоор авсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа энэ дагуу өөрчилсөн болно.
7. Шүүхээс нэгэнт хүчингүй болсон захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэс алга гэж үзсэн байна. Энд Гаалийн лабораторийн дүгнэлтийн зорилгыг Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын хавсралтын 1.2 болон 2014 оны 220 тогтоолын 2 дугаар хавсралтын 5.1.9 болон түүний тайлбар, мөн түүнчлэн Бүрдүүлэлт хийх тухай ГЕГ-ын даргын 2015 оны 08 сарын 18-ны өдрийн А/201 тушаалаар тус тус тодорхойлсон бөгөөд энэ нь гагцхүү АМНАТ болон түүний өсөн нэмэгдэх төлбөрийг тооцох зорилгоор хийгддэг. Энэ зорилгоор дүгнэлтийг холбогдох татварын албанд хүргүүлэх үүрэгтэй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 47.10-д заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь олборлож худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүнд ногдох тухайн улирлын төлбөрийг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор төсөвт төлнө гэж заасан. Өөрөөр хэлбэл 110 хоногийн хугацааны дараа аливаа нэг дүгнэлт “бусад байдлаар биелэгдэн”. Эс бөгөөс энэ хугацаанд нүүрсээ борлуулсан хэрнээ эрх зүйн зөрчилтэй дүгнэлтийг шүүхээс хууль бус гэж тооцсон нөхцөлд нэгэнт борлуулсан АМНАТ-ын татвар тооцох боломжгүй болохыг шүүх анхаарсангүй. Дүгнэлт заавал гарах ёстой баримт бичиг тул хүчингүй болгож шинээр гаргах шаардлагатай.
8. Шүүхээс маргааны гол асуудал болох дэгдэмхий бодисын шинжилгээний дүн нь 28,4 гэж гарсан байхад түүнийг бүхэл тоо 28-нд шилжүүлж коксжих нүүрсний ангилалд оруулсан хариуцагчийн тайлбарыг “зөв байна” гэж үзэхдээ эргэлзээгүй, бодитой, хуульд үндэслэсэн зэрэг зарчмуудыг удирдлага болгоогүй, үндэсгүй дүгнэлт хийлээ. Үүгээрээ Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын холбогдох хэсгийг буруу тайлбарласан гэж үзэж байна.
Дэгдэмхий бодисын үзүүлэлтийг бүхэл орон, бутархай оронгоор илэрхийлэх асуудал нь тухайн шинжилгээний хэмжлийн үр дүнгийн жинхэнэ, бодит утга оршин байх итгэлт муж, хэмжлийн тодорхой бус байдал, хэмжлийн үр дүнгийн итгэлтэй байдлын зэргийг харуулдаг ойлголт. Улмаар маргаан бүхий дүгнэлтийн хувьд дэгдэмхий бодисын утгыг 28 гэж бүхэл тоогоор авсан нөхцөлд уг шинжилгээний үр дүнгийн эргэлзээ нь ±0.5 бөгөөд түүнд итгэх итгэлийн зэрэг нь 95%, харин 28.0 гэж авсан бол шинжилгээний хэмжлийн эргэлзээ нь ±0.05 бөгөөд уг шинжилгээний үр дүнд итгэх итгэл нь 99.95% байна.
Хэрэв Засгийн газраас 2011 оны 193 дугаар тогтоолд 2015 оны 102 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулж коксжих болон сул коксжих нүүрсний ангилал, шалгуурыг MNS 6457:2014 стандартад суурилан нэвтрүүлэхдээ дэгдэмхий бодисын шинжилгээний дүнг бүхэл тоонд шилжүүлэх, бүхэлчлэх зорилго агуулсан нь зөв гэж үзэх нөхцөлд дэгдэмхий бодисын гарцыг тодорхойлох, норматив шаардлагыг нь заавал дагаж мөрдөх MNS ISO 562:2001 стандартын 8 дахь хэсэг болон MNS 0654:1977 стандартуудын 4.4-ийн дагуу шинжилгээний эцсийн үр дүнг гаргахдаа аравны хувиар илэрхийлэх шаардлагатай нийцэхгүй болж байна. Улмаар Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 4.2.8 заасан хууль тогтоомжид харшилсан үзүүлэлт, шаардлагыг стандартад тусгахгүй гэсэн заалттай зөрчилдөхөөр харагдаж байна. Энд MNS 6457:2014 буюу нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал стандартад суурилж Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолд 2015 оны 102 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан тул дэгдэмхий бодисын шинжилгээний дүн, түүний итгэлтэй байдлын зэргийг Засгийн газраас давхардуулан илэрхийлсэн, ингэхдээ мөрдөгдөж байгаа стандарттай үл нийцэх байдлаар тогтоосон гэж үзэх үндэсгүй.
Засгийн газар дэгдэмхий бодисын утгыг тогтоохдоо холбогдох лабораторийн шинжилгээний үр дүн нь тогтоолд өгөгдсөн утгаас их, бага, тэнцүү бол коксжих нэг бол сул коксжих нүүрсний аль нэг ангилалд хамруулах зорилго агуулсан болно. Дэгдэмхий бодисын шинжилгээний дүнг бүхэл тоонд шилжүүлэх нь зөв тайлбар юм бол 2011 оны 193 дугаар тогтоолын 2.4-ийн 9 дэх хэсэг баяжуулсан нүүрсийг ангилах асуудал цоорхой үүсгэх болно. Тодруулбал, дэгдэмхий бодисын шинжилгээний дүн нь 27.5-аас 28.45-ын хооронд утга авсан нөхцөлд бүхэл оронд шилжүүлэн 28-тай тэнцүү болно. Гэвч ийм утга авсан үзүүлэлт Засгийн газрын тогтоолд тусгагдаагүй тул коксжих болон сул коксжих нүүрсний аль ч ангилалд багтахгүй тул ийм төрлийн нүүрсний борлуулалтаас АМНАТ авах боломжгүй болох болж байна.
Хэрэв дэгдэмхий бодисын шинжилгээний дүнг бүхэл тоонд шилжүүлэх нь зөв тайлбар байсан бол 2011 оны 193 дугаар тогтоолын 2.2-ын 9 дэх хэсэг баяжуулаагүй нүүрсийг нийт чийг нь <10.0 бол коксжих харин сул коксжих нүүрсэн нийт чийгийг аравтын таслалын ард бутархай байхгүй <10 гэж өгөгдсөн байгаа тул мөн нэг адил асуудал үүсгэх болж байна. Тодруулбал, дэгдэмхий бодисоос гадна нийт чийгийн үзүүлэлт нь аль ангилалд орохыг тодорхойлогч үзүүлэлт болгож байгаа нь олон улс болон Монгол улсын MNS 6457:2014 буюу нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилалтай зөрчилдөх болж байна. Нөгөө талаас нийт чийг нь аравтын бутархайгаар илэрхийлэгддэг тул уг бутархайг үлдээх /улмаар <10.0 буюу коксжих нүүрс/ эсхүл бүхэлдэх /улмаар <10 буюу сул коксжих нүүрс/ эсэхийг Гаалийн төв лабораторийн сонголтын асуудал болж байна. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулиар нүүрсэн бүтээгдэхүүний ангиллыг Засгийн газраас баталсан журмын хүрээнд Гаалийн төв лаборатори тогтооно гэсэн эрх хэмжээ олгогдоогүй.
Ижил нөхцөлд буюу дэгдэмхий бодисын үзүүлэлт нь 28.4% гарсан шинжилгээний дүнг бүхэлдэлгүйгээр сул коксжих нүүрсний ангилалд оруулсан хариуцагч талын 2017 оны 09 сарын 20-ны өдрийн №0025380 тоот дүгнэлтийн хувьд шүүхээс эрх зүйн ямар нэг үнэлгээ өгөөгүй орхисон.
9. Шүүх маргаан бүхий 0022571 тоот дүгнэлт нь огноо, дээжийг шинжилгээнд хамруулсан өдөр, дээжийн дугаар зэрэг нь таарахгүй, зөрж байгаа тухай нэхэмжлэгчийн шаардлагад эрх зүйн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй орхисон.
Гомдлын шаардлага:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх “Ц ө” ХХК-ийн “Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0022571 дүгээр дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн шинжилгээ, туршилтын лабораторийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 198 тоот сорилтын дүнг үндэслэн дүгнэлт гаргахыг Гаалийн төв лабораторид даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч “Ц ө” ХХК нь “гадаад худалдааны гэрээний дагуу Баруун Ноён Уул нүүрсний уурхайгаас экспортод гаргах 48235 тонн нүүрсэнд дүгнэлт гаргуулах” хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01/1385 дугаар албан бичгээр Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторид гаргажээ.
Дээрх хүсэлтийн дагуу “Ц ө” ХХК-ийн экспортлохоор 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1517L00039 бүртгэлийн дугаартай шинжилгээнд хамруулахаар мэдүүлсэн бараа буюу 48238 тонн нүүрснээс 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр дээж авч, RS310348 битүүмжлэлтэйгээр Гаалийн төв лабораторид хүргүүлсэн байна.
Гаалийн төв лабораторид уг RS310348 битүүмжлэлтэй нүүрсний дээжийг шилжүүлэхээр 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Геологийн төв лабораторид хүргүүлснээр тус Геологийн төв лабораторийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ХФ2017/0245 тоот шинжилгээний дүн гаргасныг нэхэмжлэгч “Цагаан өвөлжөө” ХХК зөвшөөрөөгүй тул Гаалийн тухай хуулийн 254 дүгээр зүйлийн 245.2-т “Шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, эргэлзээтэй байгаа бол гаалийн байгууллага өөр шинжээч томилж, давтан магадлан шинжилгээ хийлгэнэ” гэж зааснаар хариуцагч Гаалийн төв лабораторийн дарга “ААН-ийн экспортолж буй нүүрсний барааны ангиллын кодыг зөв тодорхойлох, гаалийн үнэ үнэлгээг үнэн зөв тогтоох зорилгоор холбогдох стандартын дагуу дахин дээж авч, протокол үйлдэж битүүмжилж ирүүлнэ үү” гэсэн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 07/332 тоот албан бичгийг Шивээхүрэн дэх гаалийн газарт хүргүүлжээ.
Гаалийн төв лабораторийн даргын хүргүүлсэн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 07/332 тоот албан бичгийн дагуу Шивээхүрэн дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ж.Т болон “Ц ө” ХХК-ийн ахлах зохицуулагч Э.С, ахлах геологич Б.О нарыг оролцуулан “Ц ө” ХХК-ийн экспортлохоор 1517L00039 бүртгэлийн дугаартай шинжилгээнд хамруулахаар мэдүүлсэн бараа буюу 48238 тонн нүүрснээс сонгон түүвэрлэн 10 кг бүхий 2 ширхэг уут RS316111-147330, RS316112-147331 дугаартай нүүрсний дээжийг авч, гаалийн лацаар битүүмжлэн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 23 цаг 30 минутад дээж авсан протокол үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ.
Улмаар Гаалийн төв лабораториос RS316111-147330, RS316112-147331 дугаартай нүүсний дээжийг хүлээн авч, уг дээжийг Геологийн төв лаборатори, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн шинжилгээ, туршилтын лабораториор шинжлүүлэхээр хүргүүлсний дагуу Геологийн төв лабораторийн 2017 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн шинжилгээний дүнгээр, мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн шинжилгээ, туршилтын лабораториор 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 198 дугаар сорилтын дүнгийн хуудсаар “Ц ө” ХХК-ийн экспортод гаргах нүүрсний дээжийн шинжилгээг хийсэн Гаалийн тухай хуулийн 254 дугаар зүйлийн 254.2-т “Шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, эргэлзээтэй байгаа бол гаалийн байгууллага өөр шинжээч томилж, давтан магадлан шинжилгээ хийлгэнэ” гэж заасныг зөрчөөгүй байна.
Шүүх Геологийн төв лабораторийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шинжилгээний дүн, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн шинжилгээ, туршилтын лабораториор 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 198 дугаар сорилтын дүнг зөв, буруу талаар дүгнэлт хийхгүй, харин уг дүгнэлтэд үндэслэн тухайн нүүрсний ангиллыг тодорхойлон гаргасан хариуцагчийн үйл ажиллагаа нь захиргааны актын шинжийг агуулж байгаа тул дүгнэлт өгсөн болно.
Учир нь шинжилгээний дүн гэдэг нь техникийн тусгай мэдлэгт тулгуурлан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр стандарт, аргачлалын дагуу хийсэн мэдээлэл бүхий баримт бичиг тул тэрхүү шинжилгээний талаар хууль зүйн хувьд дүгнэлт хийдэггүй.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102 дугаар тогтоолын 2.2-ын 9 дэх заалт, 2.4-ийн 9 дэх заалтад зааснаар хүснэгтийн “дэгдэмхий” бодисын хэмжээ буюу Vdaf нь 28-иас их эсхүл тэнцүү байсан тохиолдолд “Коксжих нүүрс”-ний ангилалд хамаарна гэж тогтоосон. Харин Геологийн төв лабораторийн 2017 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн шинжилгээний дүн, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн шинжилгээ, туршилтын лабораториор 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 198 дугаар сорилтын дүн зэргээр Гаалийн төв лабораториос хүргүүлсэн RS316111-147330, RS316112-147331 дугаартай нүүрсний дээжээс авсан шинжилгээний дүгнэлтээр уг нүүсний “дэгдэмхий” бодисын хэмжээ буюу Vdaf нь 28-иас их болох нь шинжилгээгээр тогтоогдсон байна.
Тиймээс Геологийн төв лабораторийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шинжилгээний дүн, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн шинжилгээ, туршилтын лабораториор 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 198 дугаар сорилтын дүн зэргийг үндэслэн гаргасан Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0022571 дүгээр дүгнэлт нь Гаалийн тухай хуулийн 254 дугаар зүйлийн 254.2-т “Шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, эргэлзээтэй байгаа бол гаалийн байгууллага өөр шинжээч томилж, давтан магадлан шинжилгээ хийлгэнэ” гэж заасныг зөрчөөгүй, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102 дугаар тогтоолд нийцсэн байх тул хууль бус гэж үзэхгүй.
Хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь хууль болон холбогдох журамд нийцсэн, хуулиар тогтоосон захиргааны хэм хэмжээг зөрчөөгүй тул маргаан бүхий Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0022571 дүгээр дүгнэлт нь нэхэмжлэгч “Ц ө” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж шүүх дүгнэв.
Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/0767 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Ц ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР