Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 572

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийж, иргэн Ш.С*******гийн нэхэмжлэлтэй “нийслэлийн Засаг даргын А/375 тоот захирамжийг хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/228 тоот захирамжийн 1.15 дахь хэсгийн ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрийн Ш.С*******гийн эзэмшил газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Гудамж төслийн захиалж хийлгэсэн автозамын зураг төсөл, ажлын даалгаврын Ш.С*******гийн эзэмшил газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Гудамж төсөлд тус тус холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.С*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, Ц.Ц, Л.Ц*******, н.******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Гэрэлтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Иргэн Ш.С******* нийслэлийн Засаг даргын А/375 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай талаар нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргасан ба миний хүсэлтийн дагуу шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл гэсэн 2015.06.22-ны өдрийн 5/3906 тоот хариу гаргасныг 2015.06.30-ны өдөр хүлээн авсны дагуу нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд өмнө нь хандан нэхэмжлэл гаргасан билээ. Иймд хариуцагч байгууллагаас энэ тухай баримтыг аваад нэхэмжлэлдээ хавсарган нэхэмжлэлээ гаргаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/37 дугаар захирамжаар үйлчилгээний барилгын зориулалтаар ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт “Мандах” дээд сургуулийн хойд талд байрших 968 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмших болж, нийслэлийн Газрын албатай газар эзэмших гэрээ байгуулан, газар эзэмших эрхийн 0348997 тоот гэрчилгээ авч газар эзэмшигчийн үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн юм.

Улмаар өөрийн эзэмшил газар дээр контор, авто засварын үйлчилгээний зориулалтаар 27.0х17.0 хэмжээтэй 5 давхар барилга барихаар төлөвлөж, Архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний Газрын дарга Н.Н*******оор батлуулан авч улмаар барилгын эскиз зургаа мэргэжлийн байгууллагаар хийлгүүлэн, батлуулсан болно.

2013 онд Нийслэлийн газрын албанаас нийслэлийн Засаг даргын 2013 оны А/309 тоот захирамжийн дагуу газар эзэмших гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ болох 15,331,120,00 төгрөгийг төл гэсэн нэхэмжлэл ирсэний дагуу уг мөнгийг төлсөн болно.

Улмаар барилгын зургаа батлуулсаны дагуу техникийн нөхцөлөө авахын тулд 2013 оны 06 дугаар сард холбогдох байгууллагуудад хандсан ба 2014 оны 03 дугаар сард цахилгаан, дулаан, холбоо, устай холбоотой шаардлагатай бүх нөхцөлүүдээ авч дууссан юм.

Иргэн миний хувьд өөрийн эзэмшил газартаа төлөвлөсөн 5 давхар барилгаа барих зорилгоор маш их хөдөлмөр, хөрөнгө, цаг хугацаа зарцуулж ирсэн ба энэ их цаг хугацаа, нөр их хөдөлмөрийн дараа гэнэт миний эрх ашгийг хохироосон ийм хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Нийслэлийн Засаг дарга миний газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо “Хот, суурины Ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хуулийн 17 дугаар зүйлийн 17.7 Хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна, 17.14 Бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно гэсэн заалтуудыг баримталж уг газрыг бохир усны шугам болон үерийн далан, түүний хамгаалалтын бүсэд байрласан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний эзэмшил газар бохир усны шугам болон үерийн далан, түүний хамгаалалтын бүсэд байрлаагүй, бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд байх хуулийн заалтыг зөрчөөгүй учраас энэхүү хууль бус шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсч байгаа болно.

Мөн төлөвлөсөн барилгаа барихад шаардлагатай техникийн нөхцөлүүдийг олгодог холбогдох төрийн байгууллага болох УСУГ, Улаанбаатар дулааны сүлжээ ХК, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК зэрэг байгууллагууд хуулийн дагуу ажиллаж, надад холбогдох зөвшөөрлийг өгсөн тул Нийслэлийн  Засаг дарга миний  газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна.

Миний хувьд өөрийн эзэмшил газартаа олгогдсон зөвшөөрлийн дагуу төлөвлөсөн 5 давхар барилгаа барих зорилгоор маш их хөдөлмөр, хөрөнгө, цаг хугацаа зарцуулж ирсэн ба эцсийн үр дүнгээ үзэж, хүссэн барилга объектоо цаг хугацаа алдалгүйгээр барьж босгомоор байна. 

Иймд  иргэн Ш.С******* миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын А/375 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Ш.С*******гийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нийслэлийн Засаг даргын 2015 оны А/375 дугаар захирамжийг хүчингүй болгох шаардлага бүхий холбогдох нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Иргэн Ш.С*******д ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт ******* ХК-ийн хойно нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/37 дугаар захирамжаар 968 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7-д Хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир усны ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар үйлчилгээ хийх хамгаалалтын  зурвас газартай байна, мөн хуулийн 17.14-т Бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно гэж заасан байхад Нийслэлийн Засаг дарга холбогдох хууль тогтоомжийг зөрчин газар эзэмшүүлсэн тул Газрын тухай хуулийн 61 дугаар зүйлийн 61.1-д заасан Засаг даргын хууль тогтоомжид нийцээгүй, хууль зөрчсөн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ийг өөрөө буюу дээд шатны засаг дарга хүчингүй болгох эрх хэмжээний хүрээнд тус маргаан бүхий 2015 оны 04 дүгээр сарын 30-ны А/375 дугаар захирамжийг гаргасан.

Тус хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлсэн талаар ******* хувьцаат  компаниас хүсэлт ирүүлж байсан ба тус үерийн далангийн хамгаалалтын зурвасын тухай Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 02-04-131-1340 тоот дүгнэлт гарсан байх тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв. 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/228 тоот захирамжийн 1.15 дахь хэсгийн ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрийн Ш.С*******гийн эзэмшил газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Гудамж төслийн захиалж хийлгэсэн автозамын зураг төсөл, ажлын даалгаврын Ш.С*******гийн эзэмшил газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай. 

Иргэн Ш.С******* миний бие нь Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/37 дугаар захирамжаар үйлчилгээний барилгын зориулалтаар ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт “Мандах” дээд сургуулийн хойд талд байршуулан  0,0968 га газрыг эзэмших болсон юм.

Өөрийн эзэмшил газар дээр контор, авто засварын үйлчилгээний зориулалтаар 27.0х17.0 хэмжээтэй 5 давхар барилга барихаар төлөвлөж, Архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний Газрын дарга Н.Н*******оор батлуулан авч улмаар барилгын эскиз зургаа мэргэжлийн байгууллагаар хийлгүүлэн, батлуулсан болно.

2013 онд Нийслэлийн Газрын албанаас Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/309 тоот захирамжийн дагуу газар эзэмших гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ болох 15,331,120,00 төгрөгийг төл гэсэн нэхэмжлэл ирсэний дагуу уг мөнгийг төлсөн болно.

Улмаар барилгын зургаа батлуулсаны дагуу техникийн нөхцөлөө авахын тулд 2013 оны 06 дугаар сард холбогдох байгууллагуудад хандсан ба 2014 оны 03 дугаар сард цахилгаан, дулаан, холбоо, устай холбоотой шаардлагатай бүх нөхцөлүүдээ авч дууссан юм.

Төлөвлөсөн барилгын ажлаа эхлэхийн тулд банкнаас зээл хөөцөлдөн авч, барилгын зураг төслөө хийлгүүлэхээр очтол миний эзэмшил газрын 70 хувийг оруулан Эдийн засаг, хөгжлийн яамны Гудамж төсөл хэрэгжүүлэх газраас авто замын барилгын ажлын зургийн даалгавар батлуулсан тухай мэдээллийг олж мэдсэний дагуу шүүхэд хандаж байна.

Иргэн миний хувьд өөрийн эзэмшил газартаа төлөвлөсөн 5 давхар барилгаа барих зорилгоор маш их хөдөлмөр, хөрөнгө, цаг хугацаа зарцуулж ирсэн ба гэнэт миний эрх ашгийг хохироосон ийм хууль бус шийдвэр гарч ирнэ гэж огт бодож явсангүй.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас миний хүсэлтийг хүлээн авч Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу миний эзэмшил газар дээр барилга барихыг зөвшөөрч холбогдох бүх зөвшөөрлийг олгосон атлаа газар эзэмшигч надад мэдэгдэлгүйгээр газар эзэмших, барилга барих эрхийг минь ноцтой зөрчиж, миний эзэмшил газартай давхцуулан, миний эзэмшил газрыг дайруулан гудамж төслийн зургийг Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газар батлаж, улмаар энэ төслийг хэрэгжүүлэх шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргасныг хууль бус гэж үзэж, энэхүү хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Мөн тухайн үед Гудамж төсөл хэрэгжүүлэхээр үүрэг хүлээсэн Эдийн засгийн хөгжлийн яам ажлын зураг төсөл хийхдээ газар эзэмшигч иргэн надад мэдэгдэх ёстой байсан, миний эрх ашгийг хөндөхгүйгээр үйл ажиллагаагаа явуулж, зураг төслөө хийх ёстой байсан гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/228 тоот захирамжийн 1.15 дахь хэсгийн ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрийн Ш.С******* миний эзэмшил газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Гудамж төслийн захиалж хийлгэсэн автозамын зураг төсөл , ажлын даалгаврын миний эзэмшил газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсч байна” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Ш.С*******гаас Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/228 тоот захирамжийн 1.15 дахь хэсгийн ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрийн Ш.С******* миний эзэмшил газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй захиргааны хэрэгтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

Иргэн Ш.С*******д нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №СХД-11/220/07 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар” өгөгдөж байсан байна. Тус архитектур төлөвлөлтийн даалгаварт Автомашины засвар, үйлчилгээний зориулалтаар 26.6м х 12.9м хэмжээтэй нэг блок, 7.5м х 9.6м хэмжээтэй нэг блок угсармар металл цутгамал төмөр бетон хийцлэлтэй, 1-2 давхар барилга барихаар архитектур төлөвлөлтийн даалгавар өгөгдсөн.

Иргэн Ш.С******* нь тус газарт 2013 оны 04 дүгээр сарын *******-ны өдөр СХД-11/220/07 дугаартай батлагдсан Архитектур төлөвлөлтийн даалгаврын барилгын зориулалтыг орон сууц болгон хэмжээг томруулан, давхрыг 5 давхар болгон өөрчлөх талаар хүсэлт өгсөн ба хүсэлтийг судлаж, 2013 оны 04 дүгээр сарын 26-ны “Техникийн зөвлөлийн хурал”-аар хүсэлтийг шийдвэрлэхдээ орон сууцны зориулалт тохиромжгүй, 5 давхар болгох тохиолдолд барилгын хэмжээг багасгах, 7.5 х 9.6 метр хэмжээтэй барилгыг хасаж баталгаажуулах нөхцөлтэйгөөр архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчлөх хүсэлтийг дэмжсэн.

Техникийн зөвлөлийн хурлын дүгнэлийг үндэслэн иргэн Ш.С*******д 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №ТЗХ-07/303 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар өгөгдсөн бөгөөд тус даалгаварт Контор, авто засвар үйлчилгээний 1 барилга, 27м х 17.0 м хэмжээтэй 5 давхар төмөр бетон каркасан хийцтэй барилга барихаар албан даалгавар өгөгдсөн байна. Иргэн Ш.С******* нь батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу эскиз зургаа боловсруулан ирж батлуулсан байна.

Эдийн засгийн хөгжлийн яамны Гудамж төслийн нэгжээс Монгол Улсын Их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-д тусгагдан батлагдсан авто замын трассыг хэлэлцүүлэхээр 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Техникийн комиссын хурлын жагсаалтад авто замын байгууламжийн зориулалтаар ******* дүүргийн 23 дугаар хороо, Өнөр хорооллын 33 дугаар байрны арын замыг Москва хорооллын арын далангаар явуулж, Толгойтын замтай нийлүүлэх 2.16 км авто замын трассыг хэлэлцүүлэн “Тухайн авто зам нь авто машины хэт нягтаршил, бөглөрлийг багасгах зорилгоор тооцоо судалгааны үндсэн дээр хийгдсэн бөгөөд нийтийн эрх ашгийн хүрээнд хийгдэх чухал ач холбогдол бүхий ажил тул тухайн замын трасст орж байгаа иргэн, хуулийн этгээдтэй зөвшилцөх замаар газрыг чөлөөлж авто замын барилга байгууламжийг барих талаар “Техникийн зөвлөлийн хурал”-ын дүгнэлт гарч дэмжигдсэн.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/375 дугаартай захирамжаар иргэн Ш.С*******гийн эзэмшил газар нь бохир усны шугам болон үерийн далан, түүний хамгаалалтын бүсэд байрласан тул Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/37 дугаар захирамжийн иргэн Ш.С*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/37 дугаар захирамжаар иргэн Ш.С*******д газар олгосон шийдвэр нь манай газраас архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зураг батлах үндэслэл болсон бөгөөд уг захирамжийн Ш.С*******д холбогдох хэсгийг хүчингүй болгосноор архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зураг хүчингүй болох үндэслэл болж байна. Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх  загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 3 дугаар бүлгийн 3.12 дахь зүйлд “Барилга байгууламжийн эх загвар зураг батлагдсанаас хойш 2 жилийн хугацаанд барилга угсралтын ажил эхлээгүй бол уг барилга байгууламжийн эх загвар зургийг хүчингүй эсэх асуудлыг Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ” гэж заасан тул иргэн Ш.С*******гийн барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эх загвар зургийг хүчинтэй эсэх талаар “Газар барилгажилтын хурлаар хэлэлцүүлэх шаардлагатай.

Иймд нийтийн эрх ашгийг хамгаалах, авто замын түгжрэлтийг бууруулах, бохир усны шугам болон үерийн далан, түүний хамгаалалтын бүс, ундны усны шугамын хамгаалалтын бүсийг хамгаалалтад авах ач холбогдолтой тул Ш.С*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв

Хариуцагч нийслэлийн Засаг даргын дэргэдэх Гудамж төслийн нэгжийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Ш.С*******гийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Гудамж төслөөс дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 46 дугаар тогтоолоор Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг цогц байдлаар шийдвэрлэх зорилго бүхий “Гудамж төсөл”-ийг батлаж, хэрэгжиж байна.

Төсөл хэрэгжүүлэх нэгж нь 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Өнөр хорооллын 33 дугаар байрны арын замыг Москва хорооллын далангаар явуулж, Толгойтын замтай холбох авто замын барилгын ажлын инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах 47/14 дугаар зургын даалгаврыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектур бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын даргаар баталгаажуулж, Нийслэлийн Засаг даргын зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч даргаас зөвшөөрөл олгогдсон.

Нийслэлийн засаг даргын 2014 оны  04 дүгээр сарын 03-ны өдрийн А/228 дугаар захирамжаар дээрх зам барилгын газрын захирамж гарсан.

Үүний дагуу уг авто замын инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ”-г  2014 онд Г******* ХХК-тай байгуулан, зураг төслийг боловсруулан, эрх бүхий төрийн байгууллагуудтай зөвшилцөж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга батлаж, 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Барилга хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвөөр магадлал  хийгдэж баталгаажсан байна.

Зураг төслийн дагуу уг авто зам барилгын ажил гүйцэтгэх С-ГТ-Б/2016-17  дугаартай гэрээг Цүүрдэн ХХК, Хомын тал ХХК-ийн түншлэлтэй 2016 оны 01 дүгээр 25-ны өдөр байгуулсан.

Дээрх авто замын барилгын ажил нь Үйлдвэрчний гудамжийг Москва хорооллын арын далангаар явуулж Өнөр хорооллын 33 дугаар байрны арын замтай холбох 1 км авто зам, Т хэлбэрийн дам нуруутай төмөр бетон 2 гүүр бүхий автозам буюу Улаанбаатар хотын баруун чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх, Энхтайваны өргөн чөлөөний автозамын ачааллыг бууруулах, нийтийн эрх ашигт нийцсэн чухал ач холбогдолтой, үр өгөөжтэй зам болно.

Хэрэв нэхэмжлэгч Ш.С*******гийн шаардсанаар нэхэмжлэгч талын эзэмшлийн газарт холбогдох хэсгийн зургийн даалгавар, зургийг өөрчлөх, хүчингүй болгох нөхцөлд уг авто замыг барих ажил бүхэлдээ хэрэгжих боломжгүй болох бөгөөд илүү их газар чөлөөлөлт гарах юм. 

Иймд нэхэмжлэгч талын эзэмшлийн газарт холбогдох хэсгийн  зургийн даалгавар, зураг төслийг өөрчлөх боломжгүй тул иргэн Ш.С*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“Нийслэлийн Засаг даргад холбогдуулан контор, авто засварын үйлчилгээний зориулалтаар ашигла боломжтой газрыг миний урьд эзэмшиж байсан газрын хэмжээгээр өөр газар олгож өгөхийг даалгах, мөн нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан шинээр олгох газарт барилгын зураг баталж өгөийг даалгах, эсвэл ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшиж байсан газрын байршилд тохирсон барилгын зургийг баталж өгөхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч Ш.С******* нь шүүх хуралдаанд “нийслэлийн Засаг даргад  холбогдуулан контор, авто засварын үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжтой газрыг миний урьд эзэмшиж байсан газрын хэмжээгээр өөр газар олгож өгөхийг даалгах, мөн нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан шинээр олгох газарт барилгын зураг баталж өгөхийг даалгах, эсвэл ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшиж байсан газрын байршилд тохирсон барилгын зургийг баталж өгөхийг даалгах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсанаа бичгээр илэрийлсэн тул татгалзлыг баталж, нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Гудамж төсөлд тус тус холбогдуулан гаргасан “нийслэлийн Засаг даргын А/375 тоот захирамжийг хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/228 тоот захирамжийн 1.15 дахь хэсгийн ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрийн Ш.С*******гийн эзэмшил газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Гудамж төслийн захиалж хийлгэсэн автозамын зураг төсөл, ажлын даалгаврын Ш.С*******гийн эзэмшил газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” үлдсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүх хуралдаанаараа шийдвэр гаргалаа. 

Ш.С*******гийн нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэлээ.

Нэг. 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/375 дугаар захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын талаар: 

Анх иргэн Г.Батбаярт ******* дүүргийн ******* дугаар хороонд 968 м.кв газрыг нийслэлийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 476 дугаар захирамжаар эзэмшүүлсэн бөгөөд нэхэмжлэгч Ш.С******* Г.Батбаяртай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж захиргаанд зохих хүсэлт гаргасны дагуу нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/37 дугаар захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмших эрхийг шилжүүлсэн байна. 

Нийслэлийн Газрын алба нь Ш.С*******тай нэгж талбарын ************** дугаартай 968 м.кв газар эзэмших гэрээ байгуулж, 0348997 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ. Нэхэмжлэгч нь эзэмшил газартаа 256 м.кв хэмжээ бүхий контор, автозасвар үйлчилгээний 5 давхар барилга барих “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-г  нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраар 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр батлуулж, “Улааанбаатар дулааны сүлжээ” ХК, Ус сувгийн удирдах газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК зэргээс барилга барихад шаардлагатай техникийн нөхцлүүдийг авсан байна.

Гэвч нийслэлийн Засаг дарга маргаан бүхий захиргааны акт болох 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/375 дугаар захирамжаараа Ш.С*******гийн эзэмшил газар бохир усны шугам болон үерийн далан, түүний хамгаалалтын бүсэд  байрласан нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7, 17.14, Газрын туай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдийг зөрчсөн гэж үндэслэн 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/37 дугаар захирамжийн Ш.С*******д холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.

Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7-д “Хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна”, 17.14-т “Бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно” гэж заасны дагуу бохирын ус татан зайлуулах шугамын ойролцоо барилга байгууламж барьж болохгүй талаар хуульчилсан бөгөөд харин газар эзэмших эрхийг хязгаарлаагүй байна.  

Хэдийгээр Ш.С*******гийн эзэмшил газар нь бохирын шугамын хоолой байгаа газартай давхцалтай хэдий ч барихаар төлөвлөгдсөн барилга нь уг бохирын шугамнаас зайтай төлөвлөгдсөн нь нийслэлийн ерөнхий Төлөвлөгөөний газрын Хот байгуулалтын мэдээллийн менежментийн системын зургаар тогтоогдож байна. 

Түүнчлэн Ус сувгийн удирдах газраас Ш.С*******гийн барихаар төлөвлөсөн барилгад техникийн нөхцөл олгосон нь маргаан бүхий захиргааны актыг үндэслэлгүй болохыг мөн харуулж байна. 

Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар” эзэмшигч” гэж газрыг  гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасан газар эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ирсэн нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдсоноос гадна хариуцагч нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгчийг эзэмшил газраа өөрийн мэдэлд байхдаа хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байсан эсэх тал дээр маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй юм. 

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт газар эзэмших эрхийг хүчингүй болгох тохиолдлуудыг тодорхой зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийг хүчингүй болгох нөхцөлийг үүсгээгүй байх тул хариуцагч эрхийн доголдолгүй, хууль ёсны дагуу газар эзэмшиж байгаа иргэний эрхийг хүчингүй болгосон нь хууль бус байна. 

Хоёр. “2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/228 тоот захирамжийн 1.15 дахь хэсгийн ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрийн Ш.С*******гийн эзэмшил газарт холбогдох хэсэг болон автозамын зураг төсөл, ажлын даалгаврын Ш.С*******гийн эзэмшил газарт холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын талаар:

2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нийслэлийн Засаг даргын дэргэдэх Гудамж төслөөс хэрэгжүүлэх “Өнөр” хорооллын 33-р байрны арын замыг Москва хорооллын арын далангаар явуулж толгойтын авто замтай нийлүүлэх авто замын барилгын ажлын инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулан зургийн даалгавар”-ыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан байна.  Улмаар 2014 оны 04 дүгээр сард “Г*******” ХХК Гудамж төслийн захиалгаар авто замын инженерийн нарийвчилсан зураг төслийг боловсруулж нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга баталсан байна. Төсөл ёсоор Ш.С*******гийн эзэмшил газартай давхцуулан  шинээр тавигдах авто замыг төлөвлөжээ. 

Харин нийслэлийн Засаг дарга 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/228 дугаар захирамжийн 1.15 дахь заалтаараа Гудамж төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай газрыг Ш.С*******гийн эзэмшил газартай давцуулан газар олгосон байна.  

Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т “Энэ хуулийн 42..2-т заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна” гэж заасны дагуу нийслэлийн Засаг дарга бусдын эзэмшил газрыг зайлшгүй тусгай хэрэгцээгээр буцаан авч байгаа тохиолдолд газар эзэмшигч талд нөхцөл байдлыг дордуулалгүйгээр газрыг нөхөн олгох үүрэгтэй байна. Энэхүү хуулийн заалтын дагуу Гудамж төслөөс 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1032, 1030 дугаар албан бичгүүдээр нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт автозамын трасст иргэн Ш.С*******гийн 968 м.кв эзэмшил газар орсонтой холбогдуулан түүнд газар нөхөн олгох хүсэлт гаргаж байжээ. Гэтэл нийслэлийн Засаг дарга энэхүү үүргээ хэрэгжүүлэлгүй маргаан бүхий захиргааны акт болох 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/228 дугаар захирамжийг гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн байна. Зүй нь нийслэлийн Засаг дарга газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжтэй нөхөн олговортой эзэмшил газрыг солих гэрээ байгуулж, газрыг чөлөөлсний дараа шинээр тавигдах авто замын зураг төслийг боловсруулж нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулах ёстой юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ш.С******* нь хариуцагч эзэмшиж байгаа газрын нөхцөл байдлыг дордуулахгүйгээр өөр эзэмшил газраар солих боломжтой талаар мэдүүлж байсан болно. 

Дээрх нөхцөл байдлуудаас нэгтгэн дүгнэхэд, хариуцагч нар нь ямар нэгэн эрхийн зөрчилгүй газар эзэмшиж байгаа иргэний эрхийг хязгаарлаж, зохицуулт бүхий хуулийн зүйл заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн нь тогтоогдсон тул шүүх Ш.Судаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага ТОГТООХ нь:

 

1. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7. 17.14, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 35 дугаар зүйлийн 35.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.3-т заасныг тус тус баримтлан Ш.С*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын А/375 тоот захирамж, нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/228 тоот захирамжийн 1.15 дахь хэсгийн ******* дүүргийн ******* дугаар хорооны Ш.С*******гийн эзэмшил газарт холбогдох хэсэг болон нийслэлийн Засаг даргын дэргэдэх Гудамж төслийн захиалж, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан ******* дүүргийн ******* дугаар хороог дайруулан хийгдсэн автозамын зураг төсөл, ажлын даалгаврын Ш.С*******гийн эзэмшил газарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “нийслэлийн Засаг даргад  холбогдуулан контор, авто засварын үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжтой газрыг миний урьд эзэмшиж байсан газрын хэмжээгээр өөр газар олгож өгөхийг даалгах, мөн нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан шинээр олгох газарт барилгын зураг баталж өгөхийг даалгах, эсвэл ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшиж байсан газрын байршилд тохирсон барилгын зургийг баталж өгөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 23400 төгрөг  гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ТӨМӨРБАТ