Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 155

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ц.Батзориг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Хандмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Болормаа,

Шүүгдэгч: Т.А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Т.А од холбогдох 1726000060041 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигон овогт Т. А  

Шүүгдэгч Т.А  нь 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 05 цаг 48 минутаас 05 цаг 51 минутын орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Оюу” худалдааны төвийн 1 давхарт байрлах “Капитал” нэртэй банкны АТМ-ээс /автомат мөнгөний машин/ иргэн Б.Б-н эзэмшлийн “Хаан” банкны картаар 900000 төгрөгийг гарган авч 901000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Т.А  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Б.Б  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би хэсэг хүмүүсийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг Онцгой байдлын хашаанд баригдаж байгаа орон сууцны барилга дээр ажиллаж байгаа бөгөөд бид нар Арвайхээр сумын дөчин айлын орон сууцны подвальд байрлан амьдарч байсан. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын 15-ны орой тэндээ бүгд унтаад өглөө сэрэхэд миний утсанд миний данснаас эхлээд 500500 төгрөг, дараа нь 400500 төгрөг уншуулсан талаар мессеж ирсэн байхаар нь би хүнд мөнгө өгөөгүй байхад яахаараа мөнгө хасагддаг билээ гэж бодоод Хаан банк дээр очиж өөрийнхөө дансны хуулгыг авч үзэхэд 2017 оны 06 дугаар сарын 16-ны өглөө 05 цаг 48 минутад 500500 төгрөг, 05 цаг 51 минутад 400500 төгрөгийг Капитал банкны АТМ-с миний картнаас уншуулж манай эхнэрийн ах Т.А  авсан байсан. Миний виза карт өмдний халаасанд байсан. Барилга дээр ажиллаж байхдаа нууц кодоо хүмүүст хэлээд дэлгүүр явуулчихдаг байсан. Тэгээд миний картны нууц кодыг мэдэж байсан байх. Тухайн үед Т.А ын авсан 900000 төгрөгийг ажлын хөлс болгож өгөхөөр болсон тул одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 11-12 хуудас/,

Гэрч Б.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Т.А  нь миний нөхөр бөгөөд 1983 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Зуун мод сумд төрсөн. Бид анх 2007 онд танилцаж гэр бүл болсон. Одоо 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг Цайз 14а-407 тоотод байх хамаатныхаа хашаанд амьдарч байгаа. Т.А  нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөлийн ерөнхий боловсролын сургуулийг 1990-2000 онд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшиж төгсөөд Улаанбаатар хотод ШУТИС-ийн Барилгын инженерийн ангид 4 жил сураад төгсөх үедээ чөлөө аваад гарчихсан. Т.А  нь 165 орчим см өндөртэй, бордуу махлаг царайтай, халимаган үстэй, айлын хамгийн том хүүхэд, доороо нэг эмэгтэй дүүтэй, зан араншингийн хувьд эелдэг даруухан, хөгжилтэй, бусдад их тусархуу, ажилсаг, эхнэр, хүүхдүүддээ түшиг тулгуур нь болсон хүн. Одоо бол хувиараа барилгын бүх л төрлийн ажил хийж амьдралаа авч явдаг. Хааяа найз нөхөдтэйгөө болон баяр ёслолын үеэр л архи хэрэглэдэг. Байнга архи дарс ууж амьдралаа алддаг хүн биш. Т.А  өөрийн гэх эзэмшлийн газар болон машин тэрэг байхгүй. Айлын хашаанд гэрт амьдардаг. Дүүгийнх нь нөхөр нь мөнгө хэлэлгүй авчихсан байна гээд цагдаад өгчихсөн байсан. Хохирогчтой хамаатан садангийн холбоотой. Манай нөхөрт хулгай хийе гэсэн санаа бодол байгаагүй. /хх-ийн 14-15 хуудас/,

Гэрч Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Т.А  нь миний төрсөн хүүхэд. Т.А  нь 1983 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Зуун мод сумд төрсөн. Манай хамгийн том хүүхэд, доороо 1 эмэгтэй дүүтэй. Одоо эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг Цайз 14а-407 тоотод хамаатныхаа хашаанд амьдарч байгаа. Айлын хамгийн том хүүхэд болохоор дүүдээ үлгэр дуурайлал үзүүлсэн их сайн хүүхэд. Зан араншингийн хувьд эелдэг даруухан, бусдад их тусархуу, ажилсаг хүүхэд. Одоо бол хувиараа барилгын бүх л төрлийн ажил хийж амьдралаа авч явдаг биеэ даасан хүүхэд юм. Т.А  нь урьд 2010 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 6 capын хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан. Энэ гэмт хэрэгт барилгын ажил хийгээд хийсэн ажлын хөлснөөсөө болж хоорондоо маргалдсаны улмаас ийм асуудалд орж байсан. Өөрөө ял шийтгэл хүлээж байгаагүй. Өөрийн гэх эзэмшлийн машин тэрэг, газар гээд байх зүйл байхгүй. Т.А ын төрсөн дүү Оюунтуулын нөхөр Б той жаахан юмнаас болж хоорондоо маргалдаад виза картнаас нь мөнгө аваад ирсэн нь хулгайн гэмт хэрэг болчихсон. Хамаатан садан хүмүүс болохоор манай хүүхэд хулгай хийж байна гэж бодоогүй ийм байдалд хүрчихсэн. /хх-ийн 16-17 хуудас/,

2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хохирогч Б.Б ын 5019606946 дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч Т.А ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Б ын хүсэлт /хх-ийн 13, 22-23, 53 хуудас/,

Шүүгдэгч Т.А ын хувийн байдлыг тогтоосон Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 24, 26 хуудас/,

Шүүгдэгч Т.А ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Т.А  нь 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 05 цаг 48 минутаас 05 цаг 51 минутын орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Оюу” худалдааны төвийн 1 давхарт байрлах Капитал банкны АТМ-с /автомат мөнгөний машин/ хохирогч Б.Б ын эзэмшлийн Хаан банкны картнаас 900000 төгрөгийг гаргаж авч 901000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Б ын 2017 оны 06 дугаар сарын 16-ны өглөө миний утсанд миний данснаас эхлээд 500500 төгрөг, дараа нь 400500 төгрөг уншуулсан талаар мессеж ирсэн байхаар нь би хүнд мөнгө өгөөгүй байхад яахаараа мөнгө хасагддаг билээ гэж бодоод Хаан банк дээр очиж өөрийнхөө дансны хуулгыг авч үзэхэд 2017 оны 06 дугаар сарын 16-ны өглөө 05 цаг 48 минутад 500500 төгрөг, 05 цаг 51 минутад 400500 төгрөгийг Капитал банкны АТМ-с миний картнаас уншуулж манай эхнэрийн ах Т.А  авсан байсан. Гэрч Б.Ундралын манай нөхөр Т.А ыг дүүгийнх нь нөхөр нь мөнгө хэлэлгүй авчихсан байна гээд цагдаад өгчихсөн байсан. Гэрч Тунгалагийн миний төрсөн хүү Т.А  нь төрсөн дүү Оюунтуулын нөхөр Б той жаахан юмнаас болж хоорондоо маргалдаад виза картнаас нь мөнгө аваад ирсэн нь хулгайн гэмт хэрэг болчихсон гэх мэдүүлгүүд, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хохирогч Б.Б ын 5019606946 дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогч Б.Б ын хүсэлт, шүүгдэгч Т.А ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж зааснаар шүүгдэгч Т.А ын эрх зүйн байдал дээрдэж байх тул Өвөрхангай аймгийн прокуророос түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 болгон нийцүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

   Иймд шүүхээс шүүгдэгч Т.А ыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч Т. А од холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Т.А  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.А од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйлийн 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Боржигон овогт Тунгалагийн А од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 болгон нийцүүлэн өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч Боржигон овогт Т.А ыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Т.А од холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4.Шүүгдэгч Т.А  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.А од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.А од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                  Х.ОТГОНЖАРГАЛ