| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2005004681892 |
| Дугаар | 2022/ДШМ/945 |
| Огноо | 2022-09-28 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | С.Бичинхүү |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 2022/ДШМ/945
Г.Б, Г.Д нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Зориг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Бичинхүү,
шүүгдэгч Г.Б, Г.Д,
нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/618 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б, Г.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудаар тэдэнд холбогдох 2005004681892 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. .............. овгийн Г.Б, ....... оны ... дүгээр сарын ......-ны өдөр ................................ төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт ................................... тоотод оршин суух, /РД: ........................./,
Сэлэнгэ аймгийн сум дундын 3 дугаар шүүхийн 2000 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 3/28 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2002 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 3/86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 228 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт тус тус зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 15 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 жил 7 сар 24 хоногийн хорих ялын зарим болох 7 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 15 жилийн хугацаагаар тогтоосон,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 488 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
2. ................................... овгийн Г.Д, .........оны ..... дугаар сарын ......-ний өдөр ....................... төрсөн, .... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .......................................... тоотод оршин суух, /РД: ......................................./;
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 439 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 542 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялын зарим болох 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,
Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 472 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 13 жилийн хугацаагаар хорих ял,
Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял,
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 825 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, /РД: ТЯ82053111/;
Шүүгдэгч Г.Б, Г.Д нар бүлэглэж 2020 оны 1 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Гүнгэрваа” ХХК-ийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай ажлын байранд нэвтэрч, дунд гарын цагаан хаш хөөрөг 5 ширхэг, чүнчигноров хөөрөг 5 ширхэг, мөнгөн хөөрөг 3 ширхэг, хуучны хийцтэй эмэгтэй шүрэн шигтгээтэй бага гарын хөөрөг 2 ширхэг, их гарын хар болор хөөрөг 1 ширхэг, дунд гарын шар болор хөөрөг 1 ширхэг, дунд гарын цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг, дунд гарын халтар манан хөөрөг 5 ширхэг, писү хөөрөг 2 ширхэг, ногоон хаш хөөрөг 1 ширхэг, гартааман хөөрөг 1 ширхэг, нийт 27 ширхэг хөөрөг болон 30 лан мөнгө, 2 ширхэг хөөрөгний шүрэн толгой, гаансны мөнгөн сэтгүүр 1 ширхэг, морины хонлойн тоног 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.Бд 82.384.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Г.Б, Г.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Б, Г.Д нарыг бүлэглэж “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Б, Г.Д нарыг тус бүр 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Г.Д нарт оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бгаас 41.192.250 төгрөг, шүүгдэгч Г.Даас 41.192.250 төгрөг тус тус гаргуулж, нийт 82.384.500 төгрөг хохирогч Б.Бд, мөн шүүгдэгч Г.Даас 500.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч П.Шд тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бгийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 41 /дөчин нэгэн/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Д цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг үнэн зөвөөр хүлээж ямар нэгэн саад учруулж байгаагүй. Хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээж, маргаагүй бол Эрүүгийн хуульд хөнгөрүүлж болно гэж заасан байдаг боловч намайг урьд өмнө 4 удаа ял шийтгэл эдэлж байсан гэж хүндрүүлж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулж болохгүй гэсэн заалтыг авч үзээгүйд гомдолтой байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулахын тулд ажил төрөл хийж, цалингаа цуглуулж хохирлоо заавал төлж барагдуулна. Мөн миний бие эхнэр, 5 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуут-Овоот багийн 14-54 тоотод оршин суудаг нь үнэн болно. Дунд 3 хүүхэд минь Ерөнхий боловсролын сургуульд сурдаг, нэг охин маань Багшийн их сургуульд оюутан, бага хүү маань 1 ой 6 сартай, эхнэр маань гэртээ ажилгүй, хүүхдүүдээ хардаг. Мөн 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөлийн хуульд хөнгөн болон хүндэвтэр хэргийг авч үзсэн байдаг. Иймд миний ар гэрийн байдал болон хувийн байдлыг харгалзан надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Г.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирлын хэмжээг маш өндөр гаргаж байгаа учир дахин шинээр хохирлоо үнэн бодитоор тогтоолгох хүсэлтэй байна. Миний бие тухайн авсан хөөрөгнүүдээ нэг ширхэгийг дээд тал нь 100.000 төгрөгөөр зарсан. Тэдгээр хөөрөгнүүд дан шинэ цагийн хөөрөгнүүд байсан. Миний бие үйлдсэн хэргээ анхнаасаа үнэн зөв хүлээж мэдүүлэг өгсөн. Үйлдсэн хэргийнхээ талаар огт маргаагүй байтал миний эрх зүйн байдлыг дордуулж, өмнө 6 удаагийн ял шийтгэлтэй гэж дахин яллаж байгаад гомдолтой байна. Миний бие ганц хүүтэй, хүү маань зам тээврийн осолд орж одоогоор явж чадахгүй хэвтэрт, хүний асаргаанд байдаг. Би хүүгээ асардаг байсан. Иймд надад оногдуулсан 6 жилийн хорих ялыг ар гэрийн байдал болон гэм буруугаа хүлээн ухамсарлаж байгаа зэргийг минь харгалзан үзэж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Прокурор С.Бичинхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй байдаг. Шүүхээс шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан ял оногдуулсан нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Шүүгдэгч Г.Б, Г.Д нар бүлэглэж 2020 оны 1 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Гүнгэрваа” ХХК-ийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай ажлын байранд нэвтэрч, дунд гарын цагаан хаш хөөрөг 5 ширхэг, чүнчигноров хөөрөг 5 ширхэг, мөнгөн хөөрөг 3 ширхэг, хуучны хийцтэй эмэгтэй шүрэн шигтгээтэй бага гарын хөөрөг 2 ширхэг, их гарын хар болор хөөрөг 1 ширхэг, дунд гарын шар болор хөөрөг 1 ширхэг, дунд гарын цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг, дунд гарын халтар манан хөөрөг 5 ширхэг, писү хөөрөг 2 ширхэг, ногоон хаш хөөрөг 1 ширхэг, гартааман хөөрөг 1 ширхэг, нийт 27 ширхэг хөөрөг болон 30 лан мөнгө, 2 ширхэг хөөрөгний шүрэн толгой, гаансны мөнгөн сэтгүүр 1 ширхэг, морины хонлойн тоног 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.Бд 82.384.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Бы “...Миний бие Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах ТЭЦ-2 цахилгаан станцын өмнө талд байрлах “Гүнгэрваа” нэртэй бетон хийцийн үйлдвэрийг 1998 оноос хойш ажиллуулж байгаа. 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өглөө гэртээ байж байхад манай хүү Ариунболдоос “манай оффист хулгай орчихсон байна” гэж хэлсэн. Тэгээд очоод харахад оффисын 1 давхарын гал тогооны өрөөний цонхоор ороод дээшээ гараад миний өрөө болон манай хүү гүйцэтгэх захирал Ариунболдын өрөөний хаалгыг эвдэлж ороод миний сейфтэй эд зүйлийг авч гаргаад хашааны гадаа задалсан байсан. Миний сейфийг гал тогооны цонхоор гадагш шидэж унагаагаад арын хэсгийг ханзлаад дотор нь байсан хөөрөгнүүдийг авсан байсан. Дутсан хөөрөг нийт 27 ширхэг байсан. Сейфэнд өөр шулж авсан цул цагаан мөнгө 30 гаруй лан, шүрэн хөөрөгний толгой 2 ширхэг, морины хонлой мөнгөн тоног 1 ширхэг, гаансны мөнгөн сэтгүүр 1 ширхэг алдагдсан. ...” /1хх 36-38/,
иргэний нэхэмжлэгч П.Шгийн “...фэйсбүүк зар харж байтал “Чүнчигноров хөөрөг 500.000 төгрөгөөр зарна” гэсэн пост байхаар нь би залгаад, үзэхээр болсон бөгөөд мөнгийг нь шилжүүлээд Дэнжийн мянгаас нэг эмэгтэй хүнээс авсан. Надад нийт 500.000 төгрөгийн хохирол учирсан. ...” /1хх 41/,
гэрч Б.Отгонхүүгийн “...Давааням ах “харьчихаад ирье” гээд явсан. Орой 19 цаг өнгөрч байхад ганцаараа уучихсан орж ирээд хөөрөг гаргаж ирээд надад үзүүлсэн. Би “авахгүй” гэхэд “ах нь чамд бэлэглэчихье” гээд ярилцаж байгаад хоорондоо маргалдаад байж байсан чинь Мөнхзаяа дундуур орж ирээд “би авъя, надад өгчих” гэсэн. Миний санаж байгаагаар цагаан шар толгойтой маш том хэмжээтэй хөөрөг байсан. Мөнхзаяаг “100.000 төгрөг өгчих” гэж Давааням ах хэлсэн. “Мөнгийг нь маргааш өгье” гээд хөөргөө авсан. ...” /1хх 60-62/,
гэрч М.Мөнхзаяагийн “...Уг хөөргийг П.Ш гэх хүнд зарж борлуулсан. Би 2020 оны 12 дугаар сарын 20-нд найз Оюундарийн фейсбүүкт уг хөөргийг “зарна” гээд зар оруулсан. Тэгээд тухайн үед П.Ш сонирхож сэтгэгдэл бичихээр нь таньдаг болохоор мессенжерээр П.Ш руу чат бичсэн. Тэгээд тухайн үед би Улаанбаатар хотод хашаа байшин түрээсэлж амьдарч байсан болохоор тэр хаягт П.Шг хүрээд ир гээд хэлсэн. Тэгээд орой миний түрээсэлж байсан хашаанд ирээд хөөрөг үзээд худалдаж авахаар болж би өөрийн 5108246732 данс руугаа 500.000 төгрөг шилжүүлж авсан. Давааням “ах нь чамайг зарж үрэхгүй байх гэж итгээд чамд зарж байгаа шүү” гэж хэлээд надад зарсан. ...” /1хх 55-57/,
шүүгдэгч Г.Бгийн яллагдагчаар өгсөн “...2020 оны 1 дүгээр сарын эхээр би Эрдэнэтэд байж байгаад Улаанбаатар хотод орж ирсэн. Давааням над руу залгаад “ойрд уулзаагүй юм чинь уулзах уу” гэхээр нь би “тэгье” гээд бид хоёр хороололд уулзсан чинь Давааням “үхэх гээд байна, ганц юм уучихъя” гэхээр нь би мөнгө гаргаад нэг шил архи аваад Давааням ганцаараа уугаад, Давааням “миний таньдаг хүн 5 шард байдаг, тийшээ очъё” гэхээр нь цуг яваад 5 шарын призер гараад нэг айлд очсон. Давааням тэр айлд ороод удалгүй гарч ирээд “нөгөө айл байхгүй байна” гэж буцаж гарч ирсэн. Тэгээд Давааням “гайгүй юм хийчихмээр байна” гэхээр нь би “яах гээд байгаа юм бэ, явъя” гэтэл намайг “чи ямар сүртэй юм бэ” гээд үг хаяад байхаар нь би “тэгье” гэж хэлээд баруун урагшаа алхаж явж байгаад нэг оффисын хажууд очоод хартал хүн амьтан байхгүй байхаар нь Давааням бид хоёр хашаагаар давж ороод Давааням намайг өргөөд би цонхыг нь онгойлгож ортол Давааням миний ардаас ороод ирсэн. Тэгээд тэндээсээ дамжаад оффисын өрөөнд ороод дээгүүр явж байтал 2 модон хаалгатай өрөө, ... 2 сейф байхаар нь нэгийг нь дамнаж гаргаад цонхоор унагаасан чинь ар нь задарчихсан эд зүйл харагдаж байсан. Гараа хийх гэтэл гар орохгүй байхаар нь отвёркаар хөшиж онгойлгоод олон тооны хөөрөг байхаар нь хайрцагт хийсэн. Тэгтэл Давааням нөгөө сейфийг гаргаад ирэхээр нь уг сейфийг хулгай хийсэн газраасаа холдуулаад онгойлготол дотор нь баахан бичиг баримт байхаар нь тэр хавьдаа хаячихсан. Тэгээд бид хоёр хойшоо төв зав руу гараад такси бариад Саппоро руу яваад урагшаа 3 дугаар цахилгаан станц руу дунд голын эрэг дагаж явж байгаад нэг гүүр байхаар нь гүүрний чулуунуудын доор авсан бүх хөөргөө үлдээгээд салж явцгаасан. Тэгээд нилээд хэд хоногийн дараа би Давааням руу залгаад “энэ юмнуудаа яах юм бэ” гэтэл Давааням “за уулзъя” гээд бид хоёр уулзаад хөөрөгнүүд байгаа газраа очоод гаргаж ирээд хөөрөгнүүдээ тэнцүү хуваагаад салцгаасан. Тэгээд би авсан хөөрөгнүүдээ авч явахгүй буцааж нуугаад 2 сарын дараа хавар Нарантуул захын зүүн хойд талд эртний эдлэлийн юм зардаг 2 хүнтэй уулзаад 1 хөөргийг 250.000 төгрөгөөр өгөөд “дахиад хөөрөг авах уу” гэтэл “авна, хүрээд ир, үзье” гэхээр нь би буцаж нуусан газраа очиж аваад тэр хоёр ченжид нийлүүлээд 3.000.000 төгрөгөөр өгсөн. ...” /2хх 26-27/,
шүүгдэгч Г.Дын яллагдагчаар өгсөн “...2020 оны 1 дүгээр сарын эхээр санагдаж байна. Надтай хамт нэг шоронд ял эдэлж байхдаа танилцсан манай найз Г.Б хөдөөнөөс орж ирээд уулзъя гэсэн. Өмнө нь би 2 хоног уучихсан, шартчихсан байсан, тэгээд уулзсан. Намайг “битгий уу, болиоч, амьдралаа бодооч” гэхээр нь би найзаасаа байсан мөнгийг нь аваад ганц юм аваад ганцаараа уусан. Тэгээд цаг орой болохоор нь “манай найз нэг залуу байгаа, гэр нь 5 шарын цаана байдаг, тийшээ очиж хонох уу” гэхэд Бадмаа “тэгье” гэсэн. Тэгээд Булгаа гэдэг залуугийн гэр рүү очсон. Өмнө нь ганц 2 удаа очиж хонож байсан, халаасны нөхөр байгаа. Миний мэдэж байгаагаар 5 шар өнгөрөөд урагшаа 22 товчоо явахаар призер давахад замын урд талд байдаг цагаан 2 давхар байшингуудын нэгэнд нь очоод гэр рүү нь ороход “түрээсэлж байсан хүн нь явчихсан” гэж шинэ орсон хүмүүс хэлэхээр нь гарч ирээд Бадамзаяатай уулзсан. Хоорондоо ярилцаад “хоёулаа буудлын мөнгө багатай байна, ингэж байхаар ганц том юм хусчих уу” гэж Бадамзаяагаас асуусан. Бадмаа хэсэг бодоод дуугарахгүй байхаар нь би бага зэрэг гоморхсон чинь толгой дохисон. Тэгээд тэр хавьд зүүн тийшээ чигт явсан санаж байна, том том үйлдвэрүүдийн хашаа л байсан. Бадамзаяа энэ хавийг гайгүй мэдээд байсан. Төмөр хашаатай, хашаандаа 3 давхар барилгатай нэг барилгыг сонгоод хэсэг харсан хүн, нохой гээд байх зүйл байгаагүй. Тэгээд хашаа даваад орсон. Орой болчихсон л байсан. Шөнийн 00 цагаас л лав хойшоо орсон. Хашааг даваад ороход дотор нь 3 давхар барилга байсан. 1 давхарын вакум цонхыг нь манай найз хөшөөд онгойлгосон. Манай найз түрүүлж ороод доор нь би хүлээсэн, манай найз 2 давхарт нэг хаалга онгойлгож ороод тэндээ их удсан. Буцаж ирээд “хоёулаа дээшээ гаръя” гээд хамт дээшээ гарцгаасан. 3 давхарт гараад манай найз ямар ч байсан хаалгануудыг нь онгойлгоод намайг дуудсан. Тэгээд бид 2 нэг өрөөнд ороход манай найз “энэ нэг сейф байна, өргөчих" гээд бид 2 өргөөд доошоо нэг давхар луу буусан. 1 давхарын анх орсон цонхоороо шидээд унагаахад ар тал нь задарсан, тэгээд отвёркаар салгахад өөрөө урагдчихсан. Буцаж би ганцаараа ороод 3 давхрын бас нэг өрөөнд байсан жижиг сейфийг нь ганцаараа тэврээд гарч ирсэн. Эхний том сейф доторх юмнуудыг нь үзэхэд хайрцагтай хөөрөгнүүд байсан. Тухайн үедээ “авъя авъя” гээд авсан, бас нэг олон даалингууд байхаар нь бүгдийг нь аваад хашааны завсраар цааш нь гаргаад хашаагаа даваад очиж аваад бүгдийг нь энгэртээ хийгээд явсан. 2 дахь жижиг сейфээ хашааны гадаа гаргаж байгаад бас эвдлээд задлахад дотор нь хэрэг болохоор зүйл бараг байгаагүй, тэр хавьд нэг хашаа давуулаад хог руу шидсэн санаж байна, овоолоостой вагон дээр ачсан хог байсан байх. Тэндээсээ Заяа зам заагаад алхсан. 5-10 минут яваад зам дагуу төмөр зам дээр очсон. Тэндээсээ такси барих гээд хэсэг зогссон, бага зэрэг халамцуу байсан болохоор машинд ороод унтсан. Жолооч, машиныг нь санахгүй байна, хэсэг явж байгаад буусан. Буусан газраа сайн мэдэхгүй байна. Би тэр хавийг сайн мэдэхгүй. Ямар ч байсан нэг гүүр давж алхаад дахиад хэсэг явж байгаад вагоны зам руу орсон. Тэндээсээ зам дагаж алхаад хөлдсөн гол руу орчихсон. Тэндээ нууя гэж ярилцаад Бадамзаяа бид хоёр том том чулуунууд зөөгөөд хонхор газарт голын эрэг дагуу булж орхисон. Хот дотор л их ойрхон гол байсан санаж байна. Хэд хоног харж байгаад ярилцъя гээд тэндээсээ яваад би шууд автобусанд суугаад унтаад өгсөн. Хэсэг газар явж байгаад нэг газар сэрээд Хайлааст руу эгчийнх рүү явсан. 7 хоногийн дараа л байх Бадамзаяа залгаад “за нөгөөдхөө авъя, гайгүй юм шиг байна” гэсэн. Тэгээд нөгөө газар руугаа Заяаг дагаж яваад хоёулаа уулзаж байгаад хуваагаад авсан. Би лав тоолоход 14 билүү 15 хөөрөг авсан. Заяа бас яг тэнцүү авсан. Ганц нэг хөөрөгний толгой байсныг би авсан. Манай найз надад зараад үрчихэв, сайн далд хийгээрэй гэсэн. Тэгээд нэгэнт минийх болсноос хойш надад ямар далд хийх газар байхгүй юм чинь гээд тэр өдрөөс хойш өдөр болгон шахуу голдуу Нарантуул зах дээр эсхүл энд тэнд явж байгаад хөдөөний хүмүүст дээд талын хөөргийг нь 60.000 төгрөгөнд болон дандаа тэрнээс доошоо өгсөн. Сүүлийн нэг хөөрөг үлдэхээр нь хадгалсан. Тэр хөөргийг харин 2021 онд Дарханд хамт ял эдэлж байсан Отгонхүү гэгч залуу дээр очиж ууж байгаад Мөнхзаяа гэдэг Дарханы хүүхэнтэй хороололд нийтийн байранд нь танилцаад уух юмгүй болчихоор нь Мөнхзаяад сүүлд үлдсэн чүнчигноров хөөргийг 50.000 төгрөгөөр зараад эгч Үүрцайхын охин Бадамхандын дансаар авсан. Тэгээд тэр мөнгөө очиж аваад архи уусан. ...” /2хх 36-40/ гэсэн мэдүүлгүүд,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ-922/3940 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 103-108/,
камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 149-162/,
мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 170-179/,
эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /1хх 137-139/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх 142/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Г.Б, Г.Д нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Г.Б, Г.Д нарын “Гүнгэрваа” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг ажлын байрны цонхыг хөшиж онгойлгон нэвтэрч, 27 ширхэг хөөрөг, 30 лан мөнгө, 2 ширхэг хөөрөгний шүрэн толгой, гаансны мөнгөн сэтгүүр 1 ширхэг, морины хонлойн тоног 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.Бд 82.384.500 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Г.Б “...хэргээ үнэн зөвөөр хүлээж маргаагүй байхад шүүх урьд 4 удаа ял шийтгүүлж байсан гэж хүндрүүлж байгаа нь эрх зүйн байдлыг дордуулж байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, ажил эрхэлж, цалингаа цуглуулж хохирол төлбөрийг заавал төлж барагдуулна. Эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд дунд 3 хүүхэд минь Ерөнхий боловсролын сургуульд, 1 охин маань Багшийн их сургуульд оюутан, бага хүү маань 1 ой 6 сартай, эхнэр маань гэртээ ажилгүй хүүхдүүдээ хардаг. Мөн 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөлийн хуульд хөнгөн болон хүндэвтэр хэргийг авч үзсэн байдаг. Иймд миний ар гэрийн байдал болон хувийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү...” гэсэн,
шүүгдэгч Г.Д “...Хохирлын хэмжээг маш өндөр гаргаж байгаа учир дахин шинээр хохирлоо үнэн бодитоор тогтоолгох хүсэлтэй байна. Тухайн авсан хөөрөгнүүдээ нэг ширхэгийг дээд тал нь 100.000 төгрөгөөр зарсан. Тэдгээр хөөрөгнүүд дан шинэ цагийн хөөрөгнүүд байсан. Миний бие үйлдсэн хэргээ анхнаасаа үнэн зөв хүлээж мэдүүлэг өгсөн. Үйлдсэн хэргийнхээ талаар огт маргаагүй байтал эрх зүйн байдлыг минь дордуулж, өмнө 6 удаагийн ял шийтгэлтэй гэж дахин яллаж байгаад гомдолтой байна. Миний бие ганц хүүтэй, хүү маань зам тээврийн осолд орж одоогоор явж чадахгүй хэвтэрт, хүний асаргаанд байдаг. Би хүүгээ асардаг байсан. Иймд надад оногдуулсан 6 жилийн хорих ялыг ар гэрийн байдал болон гэм буруугаа хүлээн ухамсарлаж байгаа зэргийг минь харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж,
мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульд заасан байх бөгөөд анхан шатны шүүхээс энэ зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Г.Д нарыг тус бүр 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд нь тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, холбогдсон хэргийнх нь зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцжээ.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж,
мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна. ...” гэж тус тус заажээ.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих зохицуулалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь хамаарч байх боловч шүүгдэгч Г.Б, Г.Д нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байна.
Харин шүүгдэгч Г.Б, Г.Д нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх боловч тухайн илэрхийлсэн байдлаа бодит байдлаар нотлож чадаагүй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх нөхцөл нь шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тодорхой хугацаанд төлөх боломжтой байдлаа ажил хөдөлмөр байнга эрхэлдэг, тогтвортой орлоготой, тухайн орлого нь хохирлыг төлөх боломжтой зэргээр өөрийн санхүүгийн боломжтой байдлаа нотолсон баримтад үндэслэгдэн хэрэглэгдэх хууль зүйн шалгуураар дамжин хэрэгжих онцлогтой болно.
Шүүгдэгч Г.Б, Г.Д нарын хувьд, ажил хөдөлмөр байнга эрхэлдэг, тогтвортой орлоготой, тухайн орлого нь хохирлыг төлөх боломжтой зэргээр өөрсдийн санхүүгийн боломжтой байдлаа нотлох баримтаар нотлож чадаагүй байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих зохицуулалтад хамруулах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв.
Хохирогч Б.Б нь өөрийн өмчлөлд байсан хөөрөгнүүдийн хийгдсэн чулуу, хийц, шинж чанар, гарал үүсэл, эдэлсэн цаг хугацааны талаар мэдүүлж, түүнчлэн хөөрөгнүүдийн фото зургийг хэрэгт нотлох баримтаар гарган өгчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдсан, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэнэ” гэж зааснаар мөрдөн шалгах ажиллагааны үед шинжээч томилж, 27 ширхэг хөөргөнд үнэлгээ хийлгэснийг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу тавин сая төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно гэж заажээ.
Шүүгдэгч Г.Б, Г.Д нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад 82.384.500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан байхад мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан байх боловч шүүгдэгч нарын үйлдэлд их хэмжээний хохирол учруулсан шинж байгаа эсэхийг шалгуулах мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй байна.
Учир нь, Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлээр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгджээ.
Дээрх хуулийн зохицуулалтаар давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах заалтыг хүчингүй болгосон байх тул давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, процессын хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх, мөн прокурорт буцаах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй учраас энэхүү хууль хэрэглээний алдааг дурдаж байна.
Хохирол төлбөрийн тухайд, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Бд 1 ширхэг чүнчигноров хөөргийг буцааж өгсөн /1хх 142/ байх боловч анхан шатны шүүх уг хөөрөгний үнэлгээг хохирлын үнийн дүнгээс хасаагүй нь буруу байх тул “Ашид билгүүн” ХХК-иас хийсэн хөрөнгийн үнэлгээгээр чүнчигноров хөөргийг зах зээлийн үнэлгээгээр нэг ширхэгийг нь 1.800.000 төгрөгөөр тооцож /1хх 104/ гаргасныг үндэслэн шүүгдэгч тус бүрээс 41.192.250 төгрөг, нийт 82.384.500 төгрөг гаргуулан хохирогч Б.Бд олгох талаар заасан шийтгэх тогтоолын 4 дэх заалтад өөрчлөлт оруулж, шүүгдэгч тус бүрээс 40.292.250 төгрөг, нийт 80.584.500 төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор заав.
Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Г.Б, Г.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Г.Б, Г.Д нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 63 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/618 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бгаас 41.192.250 төгрөгийг, шүүгдэгч Г.Даас 41.192.250 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 82.384.500 төгрөгийг хохирогч Б.Бд, мөн шүүгдэгч Г.Даас 500.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч П.Шд тус тус олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бгаас 40.292.250 төгрөгийг, шүүгдэгч Г.Даас 40.292.250 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 80.584.500 төгрөгийг хохирогч Б.Бд, мөн шүүгдэгч Г.Даас 500.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч П.Шд тус тус олгосугай.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б, Г.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Г.Д нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 63 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР