Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 110/2ШШ2024/0026

 

 Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: К.К

              Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.С,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын хоорондын  нийгмийн даатгалын маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Бахытбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

              1. Нэхэмжлэгч К.К нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан, “К.К өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс  өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах“-аар маргасан байна.

            2. Нэхэмжлэгч нь   анх 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын Баяннуур сум хариуцсан нийгмийн даатгалын байцаагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор материалуудаа хүлээлгэн өгсөн боловч  түүнд  өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй тухайгаа тайлбарлаж, холбогдох бичиг баримтуудыг нь буцаан өгчээ.

            3. Улмаар нэхэмжлэгч нь  өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан шийдвэрийн талаар  Нийгмийн даатгалын газрын  дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргасан байх ба гомдлын шаардлагын зөвлөлийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 72 дугаар тогтоолоор “ ... К.К нь 2013-2019 онуудад хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авч байсан тул уг хугацааг малчнаар ажилласан хугацаанд тооцохгүй, малчнаар тэтгэвэр тогтоох боломжгүй” гэж  шийдвэрлэснээр нэхэмжлэгч нь 2024 оны 4 дүгээр  сарын 08-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

            4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

            4.1. Баяннуур сумын оршин суугч К.Күлиза би 50 настай, улсад 20-иас доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 12 жил 6 сараас доошгүй малчнаар ажилласан юм. Би 3 хүүхэдтэй. Малчдын журмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Баяннуур сумын нийгмийн даатгалын байцаагч А.Б 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өндөр насны тэтгэврийн материалуудыг хүлээлгэх өгөх гэсэн боловч тэрээр “Таны асуудлыг аймгийн Нийгмийн даатгалын газарт танилцуулахад танд тэтгэвэр тогтоож болохгүй, таны зарим жилүүдэд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байхад хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байсан гэж хариу өгсөн” гэж надад өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзаж миний бичиг баримтуудыг хүлээн аваагүй юм. К.К миний групп гарсан өвчин нь мал маллахад ямар ч саадгүй өвчин байсан юм.

            4.2. Малчин К.К би уг асуудлаар буюу надад 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож өгөх талаар Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 21 дугаартай тогтоолоор гомдлыг хангах боломжгүй гэсэн хариу өгснийг эс зөвшөөрч байна.

            4.3. Иймд миний өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

            4.4. К.К өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс  өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгаж өгнө үү гэжээ.

            5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1. Нэхэмжлэгч нь одоо 50 настай, улсад 20-оос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. Үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаанд малчнаар ажилласан, 3 хүүхэдтэй хүн байгаа. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-т “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй” гэж заасан.

5.2. Нэхэмжлэгч нь 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр холбогдох материалуудаа бүрдүүлж, Баяннуур сумын Нийгмийн даатгалын байцаагч Б материалаа өгөх гэтэл “таны зарим жилүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байхад хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байсан” гэж хариу өгч материалыг нь хүлээж аваагүй байна. 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд гомдол гаргасан. Тус зөвлөлөөс 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн гомдлыг хангах боломжгүй тухай хариу өгсөн.

5.3. Тиймээс шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэгчийн 50 насанд хүрсэн, нийт 21 жил ажилласан, үүнээс малчнаар 12 жил 6 сар ажилласан нь нотлогдож байгаа. 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шүүхийн 99 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийг Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 4 дүгээр багт 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мал маллаж байсныг тогтоосон байгаа. Нөхөн даатгалд 1990-1994 онд тогтоосон байгаа. Малчнаар нийт 14,15 жил ажилласан болох нь харагдаж байна. Нэхэмжлэгч нь хэдийгээр 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж авч байсан ч тухайн үед мал маллаж амьдарч байсан нь нөхөр болох Х.Б мал тооллогын баримт болон бусад холбогдох баримтуудаар тогтоогдож байна.

5.4. Иймд нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгаж өгөх тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэв.

           

            6. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

            6.1. Баяннуур сумын 4 дүгээр багийн оршин суугч К.К нь 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс  2014 оны 02 дугаар сар дуустал халамжийн сангаас, 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэвэр тогтоолгон авч байгаад 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр цуцлагдсан байна.

            6.2. Дээрх хугацаанд буюу 2013 оны 01 дүгээр сарын 01-ээс 2019 оны 12 дугаар сарын 31-ний хооронд, мөн 2021 оны 01 дүгээр сарын 01-ээс 2023 оны 12 дугаар сарын 31-ний хооронд тус тус сайн дурын даатгалаар нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан байна.

            6.3. Шимтгэл төлсөн хугацаанд малчин байсан байдлаа шүүхээр тогтоолгосон боловч Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар батлагдсан “Малчин даатгуулагчид тэтгэвэр тогтооход баримтлах заавар”-ын 7.2-т “малчин даатгуулагч тахир дутуугийн тэтгэвэр болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байсан хугацаандаа нийгмийн даатгалд сайн дурын үндсэн дээр хамрагдаж шимтгэл төлсөн тохиолдолд уг хугацааг малчнаар ажилласан хугацаанд тооцохгүй, харин нийт шимтгэл төлж ажилласан хугацаанд оруулан тооцно” гэж заасан байдаг тул өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичмэл нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан “К.К өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс  өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч нь анх 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баяннуур сумын нийгмийн даатгалын байцаагчид малчны хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг гаргасан байх ба  байцаагчаас “тахир дутуугийн тэтгэвэр авч байсан хугацаанд шимтгэл төлсөн бол уг хугацааг малчнаар ажилласан хугацаанд тооцохгүй” үндэслэлээр[1]  бичиг баримтыг нь хүлээн авахаас татгалзсаныг эс зөвшөөрч, аймгийн Нийгмийн  даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд гомдол гаргасан, салбар зөвлөл нь  2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор[2] “малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй” гэж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

3. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн /2023 он/ 5 дугаар зүйлийн 5.1-т “Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, 5.1.6-д “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй” гэж малчны хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгох асуудлыг зохицуулжээ.

4. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хууль /1997 оны/-ийн 51 -д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор баталсан “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам”-ын 3.1-т “Нийгмийн даатгалын байгууллага (байцаагч) даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг дараах баримт бичгийг үндэслэн тодорхойлно”, 3.1.1-т “ даатгуулагчийн 1995 оноос өмнө малчнаар ажилласан хугацааг хөдөлмөрийн дэвтэр болон хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, шимтгэл төлсөн лавлагаа (хөдөлмөрийн дэвтэр байхгүй, эсхүл бичилт нь шаардлага хангахгүй тохиолдолд архивын лавлагаа, шүүхийн шийдвэр)”,  “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг бүртгэх тооцооны хуудас”, тухайн орон нутагт мал маллаж оршин сууж байсан тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт”,  3.1.2-т “даатгуулагч 1991-1994 оны хооронд хувиараа мал малласан бол ... тухайн орон нутагт мал маллаж оршин сууж байсан тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт”, 3.1.5-т “даатгуулагч 1995 оноос хойшхи хугацаанд хувиараа мал маллаж, нийгмийн даатгалын шимтгэл сайн дураараа төлсөн, эсхүл ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлсөн бол шимтгэл төлснийг нотлох нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт хавсаргасан баталгаажилтын хуудас, (шаардлагатай тохиолдолд шимтгэл төлөлтийн  лавлагаа), Үндэсний статистикийн хорооноос баталсан “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тухайн оны тооллого”-ын жил бүрийн бүртгэл (цаашид “А” дансны лавлагаа гэх)” гэж тус тус заасан.

5. Нэхэмжлэгчийн хувьд  1973 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн нь түүний иргэний үнэмлэхийн хуулбараар[3], 1990-2000 он хүртэл малчнаар ажиллаж байсан нь Баяннуур сумын Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1/24, Баяннуур сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1/491 тодорхойлолтуудаар[4], 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоосон Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр[5], 2020-2023 онуудын Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тухайн оны тооллого буюу А дансны лавлагаагаа болон сумын Төрийн сангийн мэргэжилтний тодорхойлолтоор[6] тус тус тогтоогджээ. 

6.  Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд /2012 он/ заасан нөхцөл,болзлыг хангасан тул К.К   нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 10 жил 6 сараар  /1990 оны 7 дугаар сараас 2000 оныг дуустал / нөхөн тооцож баталгаажуулсан нь хэрэгт авагдсан НДД № дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн № дугаар баталгаажилтын хуудсаар[7], мөн 2013-2021 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураар төлж байсан нь НДД № дэвтрийн бичилтээр[8]    батлагдаж байна.

7. Нийгмийн  даатгалын Ерөнхий газрын даргын  2018  оны А/09 дүгээр   тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Малчин-даатгуулагчид өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах заавар”-ын 7.1-д “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн  тэтгэврийн даатгалын шимтгэлийг  нөхөн төлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2,4.3-т зааснаас гадна  малчин-даатгуулагчийн  малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд  дараах хугацааг хамааруулахгүй. Үүнд: 7.1.2-т “Хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас алдсаны улмаас нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авсан болон  халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байсан хугацаа зэрэг болно”, 7.2-т “Малчин-даатгуулагч тахир дутуугийн тэтгэвэр болон  хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байсан хугацаандаа нийгмийн даатгалд сайн дурын үндсэн дээр хамрагдаж, шимтгэл төлсөн тохиолдолд  уг хугацааг малчнаар ажилласан хугацаанд тооцохгүй, харин  нийт шимтгэл төлж ажилласан хугацаанд оруулан тооцно” гэж,  

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хууль /1997 оны/-ийн 51-д “Малчинд тэтгэвэр тогтоох болон  тэтгэврийн насыг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах журмыг Засгийн газар батална” гэж  зааснаар Засгийн газрын  2018 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам”-ын 3.9-д “... хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаны улмаас нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр, нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байсан хугацааг малчнаар ажилласан хугацаанд тооцохгүй. Харин ерөнхий боловсролын сургуульд суралцсан хугацаанаас бусад дээр дурдсан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн (эсхүл шимтгэл төлснөөр тооцогдох) бол тэтгэвэр тогтоолгоход баримтлах шимтгэл төлсөн нийт хугацаанд оруулан тооцно” гэж,

тус тус малчнаар ажиллаж байх хугацаанд хөдөлмөрийн чадвараа бүрэн, хагас алдсаны улмаас нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр, нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байсан тохиолдолд малчнаар ажилласан жилд тооцох эсэх талаар өөр өөрөөр зохицуулжээ.

8. Тодруулбал,, Нийгмийн  даатгалын ерөнхий газрын даргын  2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/09 дүгээр   тушаалд “... хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас алдсаны улмаас ...” гэсэн бол Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн  71 тогтоолд “... хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаны улмаас “ гэж  тус тус заажээ.

9. Энэ тохиолдолд, малчинд тэтгэвэр тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах журмыг батлах эрхийг  хуулиар олгогдсон этгээдээс гаргасан, уг харилцааг илүү нарийвчлан зохицуулсан, сүүлд хүчин төгөлдөр болсон Монгол Улсын Засгийн газраас баталсан тогтоолыг дагаж мөрдөх нь зүйтэй гэж үзлээ.

10. Нэхэмжлэгч нь 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвараа  60  хувиар алдсаны тэтгэврийг тогтоолгон  авч байсан нь хэрэгт авагдсан хариуцагчаас ирүүлсэн ..... регистрийн дугаартай нэхэмжлэгч К.К хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоолгосон лавлагаа[9], амбулаториор эмчлүүлэгсдийн 57 дугаартай картын бичилтээр[10] тус тус тогтоогдсон байх бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 448 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндийн зөвлөлийн дүрэм”-ийн  4.5-т “Даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтыг доор дурдсанаар ангилна”, 4.5.1-т “бүрэн буюу 70 ба түүнээс дээш хувиар алдсан”, 4.5.2-т “хагас (хэсэгчлэн) буюу 70 хүртэл хувиар алдсан” гэж ангилсан байх бөгөөд хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар алдсан чадварыг бүрэн алдсан гэж үзэх боломжгүй байна.

11. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд, нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 50 нас хүрсэн, малчнаар нийт 22 жил / 1990-2000, 2013-2020 он хүртэл, 2020-2023 оныг дуустал/ ажилласан, түүний малчнаар ажиллаж байхад нийгмийн даатгалын шимтгэл  төлсөн нийт хугацаа 20 жил 6 сар (1990 оны 7 дугаар сараас 2000 оныг дуустал баталгаажуулалтын хуудсаар 10 жил 6 сар,  шүүхээс малчнаар ажилласныг тогтоосон  2013 оны 01 дүгээр сарын 01 ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 7 жил, мөн нийгмийн даатгалын  шимтгэл төлсөн, малчнаар ажиллаж байсан 2020, 2021 онуудын 2 жил)    тогтоогдсон тул нэхэмжлэгч нь малчны хувиар  хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлага, болзлыг  хангасан  байна.

12. Иймээс хариуцагчийн түүнд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж  үзээд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг нийгмийн даатгалын байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сарыг дуустал олгоно” гэснийг үндэслэн нэхэмжлэгчийн анх  нийгмийн даатгалын байгууллагад өргөдөл гаргасан гэх хугацаанаас буюу 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн өндөр  насны тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

              1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн  5 дугаар зүйлийн 5.1.6, 10 дугаар зүйлийн 10.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж, К.К  өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын  татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2024 оны 02 дугаар сарын 19-ний  өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт  даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   З.ГҮЛБАРША

 

 

[1] Хэргийн 88 дугаар тал

[2] Хэргийн 6 дугаар тал

[3] Хэргийн 38 дугаар талын ар тал

[4] Хэргийн36,  37 дугаар тал

[5] Хэргийн 8-10 дугаар тал

[6] Хэргийн 76-87 дугаар тал

[7] Хэргийн 14 дүгээр тал

[8] Хэргийн 11-13 дугаар тал

[9] Хэргийн 18 дугаар тал

[10] Хэргийн 91 дүгээр тал