| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2018/0010/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/15 |
| Огноо | 2018-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2018/ШЦТ/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Улсын яллагч П.Итгэл,
Хохирогч Э.Б,
Шүүгдэгч Ч.Ц нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Цхолбогдох эрүүгийн 1738004410011 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ч.Ц нь 2017 оны 11 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн нутаг дэвсгэр Урд дөт гэх газарт иргэн Э.Бмаргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Ц нь 2017 оны 11 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн нутаг дэвсгэр Урд дөт гэх газарт иргэн Э.Бмаргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ч.Цийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2017 оны 11 дүгээр сарын 29-ний орой өөрийн машинаараа Мөрөнгөөс Бүрэнтогтох сумын сангийн далай баг руу хүмүүс аваад гарсан. Э.Б хамт явсан бөгөөд гэрт нь буулгах гэсэн боловч буухгүй байсан. Э.Б машины арын суудлаас чи машинаа журмын хашаанд оруулчихаад миний ахаар гаргуулсан гэхээр нь миний хэнээр машинаа гаргуулах нь ямар хамаатaй юм бэ гээд нүүр лүү нь хоёр удаа цохисон. Э.Б машинаас буугаад машины толийг хуга татчихаар нь түүнтэй барилцаж аваад 2-3 удаа гараараа цохисон...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Э.Бын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ”...Чулуун гэдэг айлын гадаа Ч.Ц манай аав, ээжийг гуйлгачин гэх мэтээр доромжлоод байхаар нь та юунд ингэж хүнийг муу хэлээд байдаг юм бэ нүүрэн дээр нь хэлж чаддаггүй байж гэтэл миний нүүрлүү гараараа шууд цохисон. Газар унасны дараа миний толгой болон нуруу руу өшиглөсөн...Ч.Ц ах миний эмчилгээний 40.000 төгрөгийг төлж барагдуулсан. Би цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,
Гэрч А.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр Доржсүрэн Ч.Цтай Мөрөнгөөс гарч ирсэн. Э.Б манайд орж ирэхдээ нилээд согтуу Ч.Цийг хэл амаар доромжлоод хэрүүл өдөх маягийн юм яриад байсан. Манайд бол зодоон цохион болоогүй. Маргааш өглөө нь Э.Б манайд ирээд Ч.Ц гуай намайг зодсон байна, очиж уулзна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-16 дугаар хуудас/,
Гэрч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай гадаа хэрэлдэж маргалдаж байх шиг байхаар нь гартал Ч.Ц машинаа асаагаад явсан. Удалгүй Э.Б орж ирсэн. Э.Б манайд чанга, чанга дуугарч агсам тавьж байгаад унтсан. Өглөө босож ирэхэд нь хацар ам цус болж хатсан байсан. Би ус хийж өгч угаалгасан. Тэгээд манай хүүгээр Ч.Цийнд хүргүүлнэ гээд явсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/,
Гэрч Б.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Э.Б нилээн согтуу байсан. Манайд ирээд Э.Б, Ч.Цтай маргалдаад байсан. Э.Б манайд агсам тавих гээд ширээ цохиж аваад акумльятор өргөж шидэх гээд байсан. Тэгээд гадаа гараад Ч.Цтай маргалдаад машиных нь толийг хугалчихлаа гэх яриа гарсан. Тэрнээс болж цохилцсон юм шиг байна лээ. Би тэр үед гэрээс гараагүй. Э.Б манайд орж ирэхдээ хацар ам нь цус болсон байсан. Манай эхнэр ус хийж өгч цусыг нь цэвэрлүүлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-21 дүгээр хуудас/,
Гэрч А.Э-йн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Э.Б согтуу машин дотор явж байхдаа үг яриа нь олшроод хэрүүл өдөөд явсан. Э.Б машинаас буугаад машины дунд хаалгыг өшиглөөд тойрч гүйж очоод жолоочийн талын хаалганы толийг гараараа хуга татаж хаясан. Тэгээд манай нөхөр буугаад Э.Быг 2-3 удаа цохисон. Тэгээд тэндээс шууд гэртээ ирсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-27 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 718 тоот
1. Э.Бын биед зүүн шанаа, зүүн хацар, хамрын зүүн хэсэг, дээд уруулд баруун шуу, зүүн алганд зулгаралт, баруун, зүүн чамархайн хуйханд няцралт, тархинд доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Э.Бын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /ХХ-ийн 30 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1738004410011 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Ч.Ц нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 49 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Ц нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нь хохирогч Э.Бын эмчилгээний зардалд 40.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ч.Цаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1738004410011 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Ц хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ц 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1738004410011 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ч.Цаас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР