| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2109000000557 |
| Дугаар | 2022/ДШМ/946 |
| Огноо | 2022-09-28 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 2022/ДШМ/946
Б.Бт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Зориг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ш.Сувд-Эрдэнэ,
хохирогч С.Бгийн өмгөөлөгч С.Ариунцацрал,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч М.Хандармаа,
нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/593 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч М.Хандармаагийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Бт холбогдох 2109000000557 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
.......... овгийн Б.Б, ...... оны .... дүгээр сарын ......-ны өдөр .............................. төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад харилцааны менежмент мэргэжилтэй, “............................... захирал ажилтай, ам бүл 2, эхийн хамт ...................................тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........................................../;
Шүүгдэгч Б.Б нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Бд “С” групптэй эмнэлгийн тоног төхөөрөмж хөнгөлөлттэй үнээр оруулж ирэх гэрээтэй ажиллаж байгаа гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан “Planmeca РгоМах ЗD mid” /СТ/ гэх 1 ширхэг шүдний рентген аппарат захиалан нийлүүлнэ гэж хуурч 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 26.051.250 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 34.735.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 26.051.250 төгрөг тус тус шилжүүлэн авч, нийт 86.837.500 төгрөгийн хохирол,
мөн “В.Э.Д” ХХК нь Бүгд Найрамдах Хятад Ард улсын “С” ХХК-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар гэж “А” ХХК-ийн захирал Б.Гг хуурч, Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас эмнэлгийн тоног төхөөрөмж импортоор оруулж ирэх боломжгүй атлаа боломжтой мэтээр төөрөгдөлд оруулан 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 6.200 ам.долларыг, мөн оны 8 дугаар сарын 22-ны өдөр 6.200 ам.долларыг тус тус Хас банк дахь “В.Э.Д” ХХК-ийн 50013770** дугаар дансаар шилжүүлэн авч, нийт 33.057.718 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Бийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Бийг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн цагдан хоригдсон 19 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Боос нийт 124.498.218 төгрөг гаргуулж, хохирогч С.Бд 91.837.500 төгрөг, хохирогч Б.Гд 33.057.718 төгрөг тус тус олгож, хохирогч Б.Ггээс JINLING-850 Multifunctional Anesthesia Unit загварын SN85190503, SN851905201 гэсэн сериал дугаартай унтуулгын 2 ширхэг аппаратыг гаргуулан шүүгдэгч Б.Бт буцаан олгож, Б.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч М.Хандармаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүх талаас нь бүрэн дүүрэн хянаж үзээгүй. Учир нь, “А” ХХК-ийн хувьд захиалсан тоног төхөөрөмжийг үйлдвэрлэсэн улс нь зөрсөн, харин захиалсан тоног төхөөрөмжийг Б.Б нь захиалгын дагуу авчирч өгсөн байдаг. Мөн тухайн тоног төхөөрөмжүүдийн ажиллагааны тухай шинжээч Ж.Ганбат дүгнэлт гаргасан бөгөөд уг шинжээч нь “А” ХХК-ийн гэрээт ажилтан гэдгээ шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед мэдүүлсэн. Иймд гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь өөрийн ажиллаж буй байгууллагын тоног төхөөрөмжийн ажиллагааны тухай үнэн зөв дүгнэлт гаргасан гэдэгт эргэлзээтэй байна. “А” ХХК-ийн хувьд Б.Б нь хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй. Хэрэв нийлүүлсэн тоног төхөөрөмжийн талаар маргаантай байвал энэ нь гэрээний маргаан тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх үндэслэлтэй юм. Иймд Б.Бийн үйлдсэн гэмт хэргээс “А” ХХК-ийн захирал Б.Гг залилж 33.057.718 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнө өгсөн мэдүүлэгтэйгээ санал нэг байгаа. Мөн С.Бд учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж, уучлалт хүссэн. Өмгөөлөгчийнхөө гаргасан тайлбарыг дэмжиж байна” гэв.
Хохирогч С.Бгийн өмгөөлөгч С.Ариунцацрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Б нь С.Бг залилж 91.837.500 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ огт гэмшдэггүй бөгөөд нэг ч төгрөгийн ч хохирол төлбөр төлж барагдуулаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Прокурор Ш.Сувд-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн асуудалд дүгнэлт хийх ёстой гэж гомдол гаргажээ. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгчийн гэм буруугийн байдлыг дүгнэхдээ хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэж хууль зүйн дүгнэлтийг үндэслэлтэй хийсэн. Шийтгэх тогтоолд гэм буруугийн талаар ойлгомжтой дүгнэж бичсэн. Шинжээч Б.Ганбатын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1, 9.2 дугаар зүйлд тус тус заасан эрх, үүргийнхээ дагуу дүгнэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Бд “С” групптэй эмнэлгийн тоног төхөөрөмж хөнгөлөлттэй үнээр оруулж ирэх гэрээтэй ажиллаж байгаа гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан “Planmeca РгоМах ЗD mid” /СТ/ гэх 1 ширхэг шүдний рентген аппарат захиалан нийлүүлнэ гэж хуурч 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 26.051.250 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 34.735.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 26.051.250 төгрөг тус тус шилжүүлэн авч, 86.837.500 төгрөгийн хохирол,
мөн “В.Э.Д” ХХК нь Бүгд Найрамдах Хятад Ард улсын “С” ХХК-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар гэж “А” ХХК-ийн захирал Б.Гг хуурч, Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас эмнэлгийн тоног төхөөрөмж импортоор оруулж ирэх боломжгүй атлаа боломжтой мэтээр төөрөгдөлд оруулан 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 6.200 ам.долларыг, мөн оны 8 дугаар сарын 22-ны өдөр 6.200 ам.долларыг тус тус Хас банк дахь “В.Э.Д” ХХК-ийн 5001377053 дугаартай дансаар шилжүүлэн авч, 33.057.718 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч С.Бгийн “...Б.Б нь манай сургуульд “С” группийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “В.Э.Д” ХХК-ийн захирал ажилтай, тоног төхөөрөмж нийлүүлнэ гээд явдаг байсан. Манай сургуульд нэг удаа шүдний суудал ариутгалын машин зэргийг нийлүүлж байсан. Өөр тоног төхөөрөмж нийлүүлж байгаагүй. Б.Б хэлэхдээ “С” групп нь Монгол улсад хувийн хэвшлийн эмнэлгүүдийн өрсөлдөх чадварыг сайжруулна гэсэн төсөл хэрэгжиж байгаа. Уг төсөл нь тоног төхөөрөмжийг 50-60 хувийн хөнгөлөлттэй оруулж ирэх гэрээтэй байгаа гэж хэлж байсан. Тэр тоног төхөөрөмжийг оруулж ирэх зорилгоор захиалга авч байна гэж хэлсэн. Б.Б нь “Planmeca ProMax 3D mid CT” гэх нэртэй шүдний компьютер томографикийн рентген аппарат захиалах санал тавьсан. Уг төхөөрөмжийг МҮИС-ийн 24 тэрбум төгрөгийн захиалгын квотод хамт оруулаад захиална гэж хэлсэн. Үүний дагуу би “В.Э.Д” ХХК-ийн захирал Б.Бтой худалдах, худалдан авах гэрээг 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдөр АШУҮИС-ийн төв байранд хийсэн. Уг төхөөрөмжийг нийт 173.675.000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ хийсэн. Ингээд уг мөнгөний 50 хувийг нь өгч тоног төхөөрөмж ирсний дараа үлдэгдэл 50 хувийг өгөхөөр болсон байсан. Ингээд би 86.837.500 төгрөгийг 3 хувааж, Хас банкны 5001010572 дугаарын данс руу шилжүүлсэн. Хамгийн сүүлд 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Б.Б тоног төхөөрөмж Монголд ирчихсэн байгаа, үлдэгдэл 26.051.250 төгрөгийг шилжүүл гэсний дагуу шилжүүлсэн. Тэгээд Б.Бтой холбогдож тоног төхөөрөмж Монголд ирчихсэн бол авъя гэхэд МҮИС-ийн квотод байгаа учраас сургуулийн тоног төхөөрөмжтэй хамт байгаа. Иймээс нэгдсэн журмаар задална гэж хэлсэн. Үүнээс хойш удаа дараа залгахад МҮИС нь 24 тэрбум төгрөгөөс 4 тэрбум төгрөг өгсөн байгаа. Үлдэгдэл мөнгөө өгөөгүй учраас задлах боломжгүй байгаа, МҮИС-тэй арбитрын шүүхээр орж шүүхдэлцэж байна гэж хэлдэг байсан. Ингээд 2020 оны 7 дугаар сард шүүхийн шийдвэр гараад МҮИС мөнгөө төлөөгүй учраас бүх тоног төхөөрөмжийг буцаахаар болсон, тоног төхөөрөмжүүд нь Худалдаа аж үйлдвэрийн танхим дээр хураагдсан байгаа гэж 2020 оны 9 дүгээр сар хүртэл ингэж хэлдэг байсан. Б.Б нь тоног төхөөрөмж Хятад улс руу буцаад очсон, хүлээж авч байгаа. Мөнгийг нь буцааж өгнө гэсэн. Олон улсын гүйлгээ учраас удна гэж хэлдэг. 2020 оны 11 дүгээр сараас хойш мөнгөө шилжүүлэхийг хүлээж байна. Хятадын дотоод яамнаас зөвшөөрөл хүлээж байна гээд компанийн дансанд 468.000.000 төгрөг орж ирсэн. Одоо ингээд шилжүүлнэ гэсэн. Тэрнээс хойш одоог хүртэл тоног төхөөрөмж, мөнгө байхгүй, сураггүй болсон. ...” /1хх 10-11/,
хохирогч Б.Ггийн “...2019 оны 4 дүгээр сард Б.Б над руу хэд хэдэн удаа ярьж, эмнэлгийн тоног төхөөрөмж зардаг, уулзах хүсэлттэй байгаагаа хэлээд ““А” эмнэлэг дээр ирж надтай уулзсан. Б.Б нь өөрийгөө Хятад улсын “С” группийн албан ёсны Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал гэж танилцуулж, энэ талаарх танилцуулгыг миний М[email protected] хаягаар явуулсан. Танилцуулгыг үзэхэд эмнэлгийн тоног төхөөрөмжийг Монголын олон эмнэлгүүдэд нийлүүлсэн, сүүлд 2 дугаар эмнэлэгт, Анагаахын сургуулийн эмнэлэгт нийлүүлсэн гэж надад итгүүлсэн. Яг тэр үед “Гранд мед” эмнэлгийн захирал Гансүхтэй уулзахад Синофарм группийн хүмүүс надтай ирээд уулзаад явсан гэж хэлэхээр нь итгэл төрж байтал мөн Пройланс компанийн захирал Баярмаа гэх хүн надад “С” компанийн хүн гээд энэ залуу явж байсан гэж хэлсэн. Мөн тус компани нь Хятад улсын эмнэлгийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг, Монголын эмч нарыг гадаад улс руу сургалтад тогтмол явуулдаг гэх зэргээр ярьсан. Би Б.Бт итгэж Герман улсын эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компани болох Sternmed компанийн SternM850 маркын унтуулгын аппарат 2 ширхэг, Италийн Celfa Dental группийн шүдний эмнэлгийн суурин эмчилгээний иж бүрдэл /сандал 1ш, 18 литрийн авто клав 1ш, 2.5 литрийн ултра соник ариутгагч 1ш, 2 төхөөрөмжийн гаралттай компрессор 1ш/-ийг худалдан авах боломжтой талаараа хүний үзүүлсэн зүйлүүдийг харж байгаад захиалахаар болсон. Б.Б хэлэхдээ “В.Э.Д” ХХК-ийн Хас банкны 5001377053 тоот харилцах данс руу мөнгөө шилжүүлчих гэхээр нь 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 6.200 ам.доллар, 5001010572 тоот данс руу 35.000 юань, 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 6.200 ам.долларыг тус тус шилжүүлсэн. Б.Б захиалсан тоног төхөөрөмжийг 1 сарын дараагаар буюу 2019 оны 9 дүгээр сард бэлэн авчирсан байна гэх зүйлийг хэлж байгаад үүнээс хойш утсаа авахгүй, авахаараа янз бүрийн олон шалтгаан тоочиж эхэлсэн.
... 2019 оны 12 дугаар сарын үед байх “манай эмнэлэг дээр унтуулгын аппарат ирлээ” гэж эмнэлгийн жижүүр хэлээд “хаашаа оруулах вэ” гэхээр нь “5 давхарт гаргачих” гэтэл 2 хүн 5 давхарын коридорт тавьчихаад яваад өгсөн. Тэгээд 2-3 хоногийн дараагаар манай эмнэлгийн эмч, ажилчид харчихаад “энэ чинь Хятад аппарат байна, бидний захиалсан аппарат биш байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь Б.Б руу яриад түүнийг хэд хэдэн удаа дуудаад над дээр ирээд уулзахаар нь түүнд хандаад “энэ чинь Хятад унтуулгын аппарат байна, бидний Герман аппарат биш байна” гэж хэлтэл өөрөө надад хэлэхдээ “тийм байна, андуурагдсан байна, Азербайжан руу ачигдсан аппарат андуурагдаад ирсэн юм шиг байна” гэхээр нь “энэ аппаратаа сольж өг” гэж хэлтэл “за даруйхан солиод өгье” гэж хэлээд явснаас хойш ингээд хэдэн сар болохоор нь “одоо больё, мөнгөө авмаар байна” гэхэд “за тэгье, дараагийн 7 хоногт мөнгийг чинь өгчихье” гэж хэлээд түүнээс хойш дахин утсаа авахаа байсан. Энэ хугацаанд шүдний аппаратны сетийг авчирч өгсөн. Тэр шүдний аппаратны сет төхөөрөмжийн дагалдах хэрэгсэл болох ариутгалын төхөөрөмж өгөөгүй байсан. Тэр шүдний аппаратыг манай эмнэлэг хүлээгээд авсан. Сүүлд манай эмнэлэг дээр үлдээсэн Хятад 2 унтуулгын аппарат авчираад одоо хүртэл авч яваагүй, манай эмнэлэг дээр байгаа. ... 12.400 ам.доллараар Герман улсын унтуулгын 2 ширхэг аппаратыг худалдан авах гэж байсан. Харин 35.000 юаниар шүдний комыг худалдан авахаар өгсөн. Шүдний ком ирсэн бөгөөд түүний дагалдах хэрэгсэл болох ариутгалын төхөөрөмж ирээгүй. ...” /1хх 112-117/,
шүүгдэгч Б.Бийн яллагдагчаар өгсөн “...”В.Э.Д” ХХК-ийн захирлаар ажилладаг. Манай компани нь гадаад, дотоод худалдаа, түр сургалтууд, гадаад, дотоодын харилцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2015 оноос хойш “Бээжин кангдашида фарма ситикал” ХХК-тай хамтран ажиллаж, Монгол дахь төлөөлөгчөөр Олон улсын эрүүл мэндийн салбарын сургалт, хурал цуглаан, үзэсгэлэн худалдаа, өвчтөн эмч солилцоо, тоног төхөөрөмж, тусламжууд гэсэн чиглэлээр ажиллаж байна. С.Б нь анх шүдний эмнэлэгтээ тоног төхөөрөмж аваад эхэлсэн. Одоо шүдний СТ багаж авах гэж байгаа, гайгүй СТ багаж байвал мэдэж байгаарай гэж хэлсэн. СТ багаж нь их үнэ өндөртэй төхөөрөмж бөгөөд тухайн үед “Бээжин кангдашида фарма ситикал” ХХК-иас хөнгөлөлттэй үнээр авах квотын жагсаалтад дээрх багаж багтсан. Энэ талаар Болормаад хэлэхэд тэр худалдаж авъя гэж тохирсон. Тэр СТ багаж нь 50 хувийн хөнгөлөлттэй 173.000.000 төгрөгөөр худалдан авах боломжтой байсан. Тэгээд Болормаатай гэрээ хийж, төлбөрийг багажийн тээвэрлэлт бэлэн болтол 20 хувийг, төхөөрөмжийг Монголд ирсний дараа 20 хувийг тус тус төлөх талаар гэрээ хийсэн. Түүнээс эхлээд 86.000.000 орчим төгрөгийг өөрийнхөө компанийн Хас банк дахь 5001010572 тоот дансаар 3 хувааж төлбөрийг авсан” /1хх 79-81/,
мөн түүний яллагдагчаар өгсөн “...төхөөрөмж хоорондоо солигдсон асуудал гарсан. Хил нээгдвэл инженер нь ирж шалгаж аваад мөнгийг нь буцааж өгөх асуудал үлдсэн байгаа...” /2хх 3/ гэсэн мэдүүлгүүд,
““А” эмнэлэгт хадгалагдаж буй JINLING-850 загварын унтуулгын аппарат дээр хийсэн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн техникийн үзлэг шалгалтын “...Эхний SN851905103 дугаартай аппаратын ажиллагаа хэвийн бус бөгөөд Tidal volume буруу заалттай, хийн алдагдалтай, манометрийн заалт унаж байгаа тул ашиглахад эрсдэлтэй. Хоёр дахь нь SN851905201 дугаартай аппаратад техникийн үзлэг хийхэд мөн ажиллагаа хэвийн бус бөгөөд эхний аппаратаас муу, график гарахгүй, манометрийн заалт хэт өндөр заадаг, ажиллагаа явагдахгүй Tidal volume заалт буруу байна. Мөн автомат болон гар ажиллагаа аль аль дээр заалтууд буруу зааж байна. Хүнд өвчтөн хянах мониторын ажиллагаа хэвийн байсан. Энэ JINLING-850 загварын аппаратыг урьд нь харж байгаагүй бөгөөд Монгол улсад анхны удаа ““А” эмнэлэгт харж байна. Унтуулгын аппарат нь хүний эрүүл мэндтэй холбоотой эмнэлгийн тусламж үйлчилгээний нарийн бүтэц зохион байгуулалттай тоног төхөөрөмж бөгөөд энэхүү техникийн үзлэг шалгалтаар шаардлага хангахгүй байна. Иймд эдгээр хоёр аппаратыг ашиглах боломжгүй” гэсэн дүгнэлт /3хх 8/,
“Дамно” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн СБ1-22-314 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх 230-235/,
Монголын Үндэсний Их Сургуулийн гүйцэтгэх захирал Б.Дашдолгорын 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 02/62 дугаартай “С” групп, “В.Э.Д” ХХК-тай ямар нэгэн гэрээ хэлцэл хийж байгаагүй болно” /1хх 60/,
“Их Монгол Кредит ББСБ” ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 21/02 дугаартай “Иргэн Б.Б нь манай банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан дараах юанийн шилжүүлгийг шилжүүлсэн болох нь үнэн болно” /1хх 66/,
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 01/1193 дугаартай “...Эмийн бүртгэл, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийн “Licemed” сангийн мэдээллийг шалгахад “В.Э.Д” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл байхгүй байна” /2хх 131/,
Гаалийн Ерөнхий газрын 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 01-2/138 дугаартай “...Б.Б болон “В.Э.Д” ХХК-ийн нэрээр 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн мэдээлэл гаалийн мэдүүлгийн санд бүртгэгдээгүй байна” /2хх 223/ гэсэн албан бичгүүд,
2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “В.Э.Д” ХХК-ийг төлөөлж Б.Б, “Глориа диос” ХХК-ийг төлөөлж С.Б нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1хх 21-25/,
“А” ХХК-иас “В.Э.Д” ХХК руу мөнгө шилжүүлсэн шилжүүлгийн баримтууд /1хх 108-109/,
С.Бгаас “В.Э.Д” ХХК-ийн /Б.Бийн/ 5001010572 данс руу 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 26.051.250 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 34.735.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 26.051.250 төгрөг тус тус шилжүүлсэн талаарх дансны хуулгууд /1хх 26-28/,
“В.Э.Д” ХХК-ийн 5001010572 тоот дансны хуулга /1хх 62-64/,
Б.Б, С.Б нарын хооронд /1хх 31-57/ болон Б.Б, Б.Г нарын хооронд харилцсан /1хх 103-107/ баримтууд,
“В.Э.Д” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 210/,
эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 224-228/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Бийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бийн бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч М.Хандармаа “...”А” ХХК-ийн хувьд захиалсан тоног төхөөрөмжийг үйлдвэрлэсэн улс нь зөрсөн, харин захиалсан тоног төхөөрөмжийг Б.Б нь захиалгын дагуу авчирч өгсөн. Тухайн тоног төхөөрөмжүүдийн ажиллагааны талаар дүгнэлт гаргасан шинжээч Ж.Ганбат нь “А” ХХК-ийн гэрээт ажилтан гэж мэдүүлсэн тул өөрийн ажиллаж буй байгууллагын тоног төхөөрөмжийн ажиллагааны тухай үнэн зөв дүгнэлт гаргасан гэдэгт эргэлзээтэй байна. “А” ХХК-ийн хувьд Б.Б нь хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй. Хэрэв нийлүүлсэн тоног төхөөрөмжийн талаар маргаантай байвал энэ нь гэрээний маргаан тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх үндэслэлтэй. Иймд Б.Бийн үйлдсэн гэмт хэргээс “А” ХХК-ийн захирал Б.Гг залилж 33.057.718 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хуурч мэхлэх нь бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсэн байдаг.
Бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субъектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа залилан мэхлэх гэмт хэрэг нь гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгагддаг.
Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл, гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй.
Харин гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Залилан мэхлэх гэмт хэргийн халхавч болсон гэрээ хэлцэл нь хуурч мэхлэх, итгэл эвдэх арга дээр үндэслэгдсэн, шунахай сэдэлтээр, дан ганцаар ашиг олох, гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох зорилгоор хийгдсэн байдаг бол иргэний эрх зүйн гэрээний харилцаа нь талуудын чөлөөт байдал, тэгш эрх, харилцан тодорхой үр дүнд хүрэхийн тулд хийгддэг учир гэрээ анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй байсан нь тогтоогдсон, үүнийгээ гэрээний нэг тал урьдчилан мэдсээр байж байгуулсан, нөгөө тал /хохирогч/ нь мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан бол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үздэг.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага нь эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, экспортлоход эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ...-аас лиценз авна” гэж,
мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.5-т “эмнэлгийн хэрэгсэл” гэж “хүний болон мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх, сувилах болон бие махбодийн бүтэц, үйл ажиллагааг дэмжих зорилгоор ашигладаг туслах зориулалтын эд зүйлийг” гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 01/1193 дугаартай “...Эмийн бүртгэл, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийн “Licemed” сангийн мэдээллийг шалгахад “В.Э.Д” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл байхгүй байна” /2хх 131/,
Гаалийн Ерөнхий газрын 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 01-2/138 дугаартай “...Б.Б болон “В.Э.Д” ХХК-ийн нэрээр 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн мэдээлэл гаалийн мэдүүлгийн санд бүртгэгдээгүй байна” /2хх 223/ гэсэн албан бичгүүд,
“В.Э.Д” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 210/ зэрэг нотлох баримтаас үзэхэд, “В.Э.Д” ХХК нь эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлгүй, хохирогч нарын захиалсан тоног төхөөрөмжийг гадаад улсаас оруулж ирсэн талаар баримтгүй буюу гаалийн бүрдүүлэлт хийж байгаагүй болох нь тогтоогджээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт “Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлогч нь гадаад улсын эмийн үйлдвэр, эсхүл түүний албан ёсны гэрээт борлуулагчтай, экспортлогч нь худалдан авагч байгууллагатай худалдааны гэрээ байгуулсан байна” гэж,
мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.9 дэх хэсгийн 15.9.3-т “тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох-ыг хориглоно” гэж тус тус заасан бөгөөд “В.Э.Д” ХХК нь Бүгд Найрамдах Хятад Ард улсын “С” ХХК-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар мөн болохыг нотолсон баримтгүй байна.
Дээрх нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Б нь “В.Э.Д” ХХК Бүгд Найрамдах Хятад Ард улсын “С” ХХК-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар биш болохыг, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлгүй болохыг тус тус мэдсээр байж хохирогч С.Бгаас ““С” групп нь Монгол улсад хувийн хэвшлийн эмнэлгүүдийн өрсөлдөх чадварыг сайжруулна гэсэн төсөл хэрэгжиж байгаа, уг төсөл нь тоног төхөөрөмжийг 50-60 хувийн хөнгөлөлттэй оруулж ирэх гэрээтэй байгаа, тоног төхөөрөмжийг оруулж ирэх зорилгоор захиалга авч байна, уг төхөөрөмжийг МҮИС-ийн 24 тэрбум төгрөгийн захиалгын квотод хамт оруулаад захиална” гэж хэлж, улмаар “Planmeca РгоМах ЗD mid” /СТ/ гэх 1 ширхэг шүдний рентген аппарат захиалан нийлүүлэх гэрээ байгуулан 86.837.500 төгрөг,
хохирогч Б.Ггээс “Хятад улсын “С” группийн албан ёсны Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал гэж танилцуулж, уг танилцуулгыг хохирогчийн [email protected] хаягаар явуулж, танилцуулгандаа эмнэлгийн тоног төхөөрөмжийг Монголын олон эмнэлгүүдэд нийлүүлсэн, сүүлд 2 дугаар эмнэлэгт, Анагаахын сургуулийн эмнэлэгт нийлүүлсэн гэсэн мэдээлэл оруулж, улмаар Холбооны Бүгд Найрамдах Герман улсын унтуулгын аппарат нийлүүлэх гэрээ байгуулан 33.057.718 төгрөг тус тус авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч М.Хандармаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Анхан шатны шүүх хохирогч С.Бгийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан үйлчилгээний төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг баталсан ба тус журмын 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцно” гэж заажээ.
Хохирогч С.Б нь хууль зүйн туслалцаа авах эрхийнхээ хүрээнд өөрийн сонгож авсан өмгөөлөгчтэй харилцан тохирч төлсөн 5.000.000 төгрөгийн өмгөөллийн хөлс нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол биш бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй.
Өөрөөр хэлбэл, хохирогч С.Б нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцогдох хууль зүйн үндэслэлгүй.
Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчээс 119.895.218 төгрөг гаргуулж, хохирогч С.Бд 86.837.500 төгрөг, хохирогч Б.Гд 33.057.718 төгрөг тус тус олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Бийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 114 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/593 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Боос нийт 124.498.218 төгрөг гаргуулж, хохирогч С.Бд 91.837.500 төгрөг, хохирогч Б.Гд 33.057.718 төгрөг тус тус олгож, хохирогч Б.Ггээс JINLING-850 Multifunctional Anesthesia Unit загварын SN 85190503, SN 851905201 гэсэн сериал дугаартай унталгын 2 ширхэг аппаратыг гаргуулан шүүгдэгч Б.Бт буцаан олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Боос нийт 119.895.218 төгрөг гаргуулж, хохирогч С.Бд 86.837.500 төгрөг, хохирогч Б.Гд 33.057.718 төгрөг тус тус олгож, хохирогч Б.Ггээс JINLING-850 Multifunctional Anesthesia Unit загварын SN85190503, SN851905201 гэсэн сериал дугаартай унтуулгын 2 ширхэг аппаратыг гаргуулан шүүгдэгч Б.Бт буцаан олгосугай.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч М.Хандармаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 114 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР