Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 110/ШШ2024/0027

 

Баян-Өлгий аймаг дахь  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч З.Гүлбарша би  Ц_Г нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчид холбогдох “Улсын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох, бүртгэл түдгэлзүүлэх тухай” 838 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Ц.Г  шүүхэд гаргасан хүсэлтдээ:

“Тус газраас Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох, бүртгэл түдгэлзүүлэх тухай” 838 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан энэхүү нэхэмжлэлээсээ сайн дураар татгалзаж байна.

Нэхэмжлэлээсээ татгалзсаны үр дагаврыг сайн ойлгох байгаа бөгөөд дахин энэхүү асуудлаар шүүхэд хандахгүй болно.

Иймд манай байгууллагын нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.

Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч аймгийн Цахилгаан шугам сүлжээний газраас Улсын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн  “Бүртгэл хүчингүй болгох, бүртгэл түдгэлзүүлэх тухай” 838 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.      

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Ц.Г гаргасан  “Улсын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох, бүртгэл түдгэлзүүлэх тухай” 838 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Баян-Өлгий аймгийн Ц.Г нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчид  холбогдох  захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.      

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д  тус тус зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                          ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                              З.ГҮЛБАРША