| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2017/00149/Э |
| Дугаар | 156 |
| Огноо | 2017-11-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ж.Очирбат |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 156
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Ж.Очирбат,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Болормаа,
Шүүгдэгч: Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэдэн овогт Эрдэнэтогтохын Б д холбогдох 1726000610027 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, , улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Цэдэн овогт Э.Б
Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 4 дүгээр багийн нутагт улсын дугааргүй “Чансаа” маркийн мотоцикль жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож, зам тээврийн осол гарган О.Б ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би Б тай найз бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр бид хоёр улсын дугааргүй “Чансаа” маркийн мотоцикльтой хүнд бензин хүргэж өгчихөөд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт сумын төв рүү явж байгаад мотоциклиосоо ойчсон. Мотоциклийг би жолоодож явсан. Миний буруутай үйл ажиллагаанаас болж хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Надад мотоцикль жолоодох “А” ангилалын эрхийн үнэмлэх байхгүй. Би Б 6 хонь, 14 ямаа буюу нийт 20 тооны мал болон 438000 төгрөг өгсөн. Одоо хохирогчид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2017 оны 08 дугаар сарын 15-ны орой 19 цагийн орчимд манай ээж Ц.Одонтунгалаг над руу утсаар залгаад Б мотоцикльтой явж байгаад унаад ухаангүй байна гэж хэлсэн. Намайг очиход Б ухаангүй, таталт өгчихсөн байсан. Манай дүү Б их хүнд бэртэл гэмтэл авч сэтгэц мэдрэлийн өвчтэй болсон. Гомдолтой байна, эмчилгээний зардалд 3500000 төгрөг нэхэмжилнэ. /хх-ийн 14-15, 17-18 хуудас/,
Гэрч М.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумаас Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум орох ажилтай эхнэртэйгээ явж байтал Баруунбаян-Улаан сумын төвөөс 4 км орчим зайд миний мотоциклийн бензин дууссан. Тэгээд манай эхнэр Нэргүй Баруунбаян-Улаан сумын хүнтэй утсаар ярьсан. Яг хэнтэй ярьсныг нь мэдээгүй. Мотоцикль дээр сундалсан хоёр залуу давхиж ирээд өөрсдийнхөө мотоциклийн банкны бензинээс жижиг ундааны саваар миний мотоциклийн банк руу 300 грамм орчмыг хийсэн. Тэгээд тэр мотоцикльтой хоёр залуу түрүүлээд давхисан. Араас нь эхнэр бид 2 удаагүй хөдлөөд явж байтал бензин өгсөн мотоцикльтой 2 залуу жаахан хонхордуу газар онхолдчихсон байсан. Тэгээд эхнэр бид хоёр хажууд нь очиход нэг нь ухаангүй байсан. Ухаангүй байсан хүнийг нь мотоциклийн сүүдэрт өндийлгөөд түргэн дуудахад түргэн ирэхгүй 3-4 минут болохоор нь яараад мотоцикль дээр дундаа сундалж яваад эмнэлэгт очсон. Тэгээд би ажилтай байсан тул эмнэлгээс явсан. Улаан өнгийн Чансаа маркийн мотоцикль байсан. Улсын дугаарыг нь анзаараагүй. Тухайн осол болсон газар нь бага зэрэг хонхор байсан болохоор харагдах бололцоо байгаагүй. Цаанаас уруудаад гараад ирэхэд өмнө онхолдчихсон байсан. Ухаангүй болчихсон байсан залуугийн уруул хэгзэрчихсэн уруулаас нь жаахан цус гарч байсан. Өөр шарх сорви харагдаагүй. Тухайн мотоциклийг Э.Б гэдэг залуу нь жолоодож явсан. /хх-ийн 21-22 хуудас/,
Гэрч П.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Э.Б гэдэг залуу манай аавын хамар хашааны хүүхэд бөгөөд манай дүүтэй нэг анги юм. 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өөрийн дүү болох Жавзантай яриад миний мотоциклийн бензин дуусчихлаа, над руу хүн явуулаач гэхэд удалгүй Э.Б мотоцикльтой бас нэг залуутай сундлаад ирсэн. Э.Б ирээд мотоцикльд бензин хийж өгчихөөд түрүүлээд явсан. Нөхөр Намхайдорж бид хоёр Э.Бямбын араас удалгүй хөдөлсөн. Тэгээд бид хоёрыг сум руу ирж байхад Э.Б хамт явсан хүнтэйгээ мотоцикльтой онхолдчихсон байсан. Осол болсон газар очоод би сумын төвийн эмнэлэг рүү ярихад өмнөөс хэний хэн юм бэ? Ойчсон хүүхдийг нь таних юм уу? гэж асуугаад байсан. Миний утасны сүлжээ унаад ярьж болоогүй. Тэгээд нөхөр бид хоёр очоод ухаангүй байсан залууг нь дүүрээд сумын төвийн эмнэлэг рүү явсан. Тэгээд би өөрийнхөө мотоциклио унаад араас нь яваад эмнэлэг дээр очоод өөр өөрсдийнхөө ажлыг бодоод явцгаасан. Тухайн мотоциклийг Э.Б жолоодож явсан. Ойролцоогоор 60 км цагийн хурдтай л явсан байх. /хх-ийн 23-24 хуудас/,
Шинжээч Э.Хүрэлсүх мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Одонтунгалаг овогтой Б ын биед гэмтлийн зэрэг тогтоохдоо биеийн бодит үзлэг 2017.08.16-ны өдрийн №6614 дугаартай БОЭТ-ийн компьютер томографийн шинжилгээний хариу болон өвчтөний түүх эмчлэгч эмч Батсайхан нарын клиникийн үндсэн онош зэргийг үндэслэн гэмтлийн хүнд зэрэг тогтоосон байгаа. Тархины эд дэх цус хуралт, тархины няцрал гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаардаг бөгөөд зүүн эгэмний хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах боловч тухайн үзүүлэгчид үүссэн бүх гэмтлүүдийн хамгийн хүнд гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох үндэслэл болдог. Ийм учраас дээрх баримт бичгүүдийг үндэслэн гэмтлийн хүнд зэргийг тогтоосон байгаа. Тархины няцрал гэмтэл нь өөрөө хүнд гэмтэл мөн. Тийм ч учраас шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаэр гэмтлийн хүнд зэрэгт хамааруулсан. /хх-ийн 47-48 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №313 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... О.Б ын биед тархины няцрал, тархины эд дахь цус хуралт, зүүн эгэмэнд хугарал, цээжний дээд хэсэг, зүүн чихний ар хэсэг, баруун хөлны шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна./хх-ийн 37-38 хуудас/,
Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн №22 дугаартай сэтгэцийн шинжээчийн дүгнэлтэнд:... Үзүүлэгч О.Б нь тархины гэмтлийн шалтгаант танин мэдэхүйн хөнгөн алдалт олдмол сэтгэцийн эмгэгтэй. Үзүүлэгч О.Б нь тархины гэмтлийн шалтгаант танин мэдэхүйн хөнгөн алдалт олдмол сэтгэцийн эмгэгтэй. Үзүүлэгч О.Б болсон үйл явдлыг зөвөөр тусгаж авах, зөвөөр илэрхийлэх мэдүүлэг өгөх чадваргүй. Үзүүлэгч О.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй. /хх-ийн 42 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №08 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэнд:... Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Зам тээврийн осол” зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал гэсэн байх тул уг хэрэг нь зам тээврийн осол мөн байх үндэслэлтэй байна. Улсын дугааргүй улаан өнгийн Чансаа маркийн мотоцикль жолоод явсан Э. Б нь замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.2-А заалт “Монгол улсын нутаг дэвсгэр дээр замын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь замын хөдөлгөөний тухай олон улсын конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”, 2.3-В заалт “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 9-р бүлгийн 9-2 заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ aвна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Э.Б-н замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлээс болж зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. Осол гарахад замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлгийн 9.2 заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй байна. Уг тээврийн хэрэгсэл нь бүрэн бүтэн байдлын хувьд зохих шаардлагыг хангаж хөдөлгөөнд оролцсон эсэхийг хэргийн материалд тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл авагдаагүй байх тул тогтоох боломжгүй. Замын цагдаагийн зохицуулагч, Цагдаагийн ахлах дэслэгч Э.Батцэрэнгийн гаргасан ослын акт үндэслэлтэй байна гэж үзэж дүгнэлт гаргав. /хх-ийн 52-53 хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, хохирогч Э.А-с гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт /хх 5-6, 9-12 хуудас/,
Шүүгдэгч Э.Б-н хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 67, 69 хуудас/,
Шүүгдэгч Э.Б-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 4 дүгээр багийн нутагт улсын дугааргүй “Чансаа” маркийн мотоцикль жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч О.Б ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Бямбын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.-н 2017 оны 08 дугаар сарын 15-ны орой 19 цагийн орчимд манай ээж Ц.О над руу утсаар залгаад Б мотоцикльтой явж байгаад унаад ухаангүй байна гэж хэлсэн. Намайг очиход Б ухаангүй, таталт өгчихсөн байсан. Манай дүү Б их хүнд бэртэл гэмтэл авч сэтгэц мэдрэлийн өвчтэй болсон. Гэрч М.Н-н 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумаас Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум орох ажилтай эхнэртэйгээ явж байтал Баруунбаян-Улаан сумын төвөөс 4 км орчим зайд миний мотоциклийн бензин дууссан. Тэгээд манай эхнэр Нэргүй Баруунбаян-Улаан сумын хүнтэй утсаар ярьсан. Яг хэнтэй ярьсныг нь мэдээгүй. Мотоцикль дээр сундалсан хоёр залуу давхиж ирээд өөрсдийнхөө мотоциклийн банкны бензинээс жижиг ундааны саваар миний мотоциклийн банк руу 300 грамм орчмыг хийчихээд тэр хоёр залуу түрүүлээд давхисан. Араас нь эхнэр бид 2 удаагүй хөдлөөд явж байтал бензин өгсөн мотоцикльтой 2 залуу жаахан хонхордуу газар онхолдчихсон байсан. Тэгээд эхнэр бид хоёр хажууд нь очиход нэг нь ухаангүй байсан. Тухайн мотоциклийг Э.Б гээд байгаа залуу нь жолоодож явсан. Гэрч П.Н 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өөрийн дүү болох Жавзантай яриад миний мотоциклийн бензин дуусчихлаа, над руу хүн явуулаач гэхэд удалгүй Э.Б мотоцикльтой бас нэг залуутай сундлаад ирсэн. Э.Б ирээд мотоцикльд бензин хийж өгчихөөд түрүүлээд явсан. Нөхөр Намхайдорж бид хоёр Э.Бямбын араас удалгүй хөдөлсөн. Тэгээд бид хоёрыг сум руу ирж байхад Э.Б хамт явсан хүнтэйгээ мотоцикльтой онхолдчихсон байсан. Тухайн мотоциклийг Э.Б жолоодож явсан. Шинжээч Э.Хүрэлсүхийн Одонтунгалаг овогтой Б ын биед гэмтлийн зэрэг тогтоохдоо биеийн бодит үзлэг 2017.08.16-ны өдрийн №6614 дугаартай БОЭТ-ийн компьютер томографийн шинжилгээний хариу болон өвчтөний түүх эмчлэгч эмч Батсайхан нарын клиникийн үндсэн онош зэргийг үндэслэн гэмтлийн хүнд зэрэг тогтоосон байгаа. Тархины эд дэх цус хуралт, тархины няцрал гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаардаг гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №313 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн №22 дугаартай сэтгэцийн шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №08 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, хохирогч Э.Алтанчимэгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Иймд шүүгдэгч Э.Б д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.Б д оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,
Шүүгдэгч Э.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдав.
Шүүгдэгч Э.Б д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг түүнд үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Бямбыг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид хохирол төлбөрт 18 толгой мал болон бэлэн 438000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,
Хэрэгт шүүгдэгч Э.Б-н эзэмшлийн 500000 төгрөгийн үнэ бүхий, улсын дугааргүй, улаан өнгийн Чансаа маркийн мотоциклийг битүүмжилсэн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 3, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Цэдэн овогт Э.Б-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Цэдэн овогт Эрдэнэтогтохын Б д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Б д оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг түүнд үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Э.Бямбыг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид хохирол төлбөрт 18 толгой мал болон бэлэн 438000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Э.Бямбын эзэмшлийн 500000 төгрөгийн үнэ бүхий, улсын дугааргүй, улаан өнгийн Чансаа маркийн мотоциклийг битүүмжилсэн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ