Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 118/ШШ2024/0021

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  И.*******                     

Хариуцагч: Завхан аймгийн Их-Уул сумын Засаг дарга хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч И.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагч Завхан аймгийн Их-Уул сумын Засаг дарга /цахим/, гуравдагч этгээд Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын “2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “И.*******ыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Б/55 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, хууль эрх зүйн мэргэжилтэн рүү шилжүүлсний цалин хөлсний зөрүү гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлэх” гэжээ.

2. Хэргийн нөхцөл байдал: Нэхэмжлэгч нь Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс цалинтай чөлөө, эмнэлгийн хуудас авч эмчлүүлж байгаад 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр ажилдаа орохоор өргөдөл гаргасан боловч хариуцагчаас 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/55 дугаар захирамжаар “сумын Засаг даргын Тамгын газрын дарга И.******* нь ... эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалт 89 хувиар тогтоогдсон” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна.

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.******* би 2015 онд Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын даргын сонгон шалгаруулалтад оролцож, уг албан тушаалд томилогдон ажилласан. Миний бие өвчний улмаас 2022 оны 04 сарын 01-ний өдрөөс 3 сарын хугацаатай цалинтай чөлөө авч, 2022 оны 07 сарын 01-ний өдрөөс 08 сарын 01-ний өдрийг хүртэл ээлжийн амралтаа эдэлсэн. Ингээд 2022 оны 08 сарын 01-ний өдрөөс 6 сарын хугацаатай лист авсан ба 2023 оны 02 сарын 01-ний өдрөөс ажилд орох байсан ба 2023 оны 01 сард миний бие муудаж дахин хагалгаанд орохоор болсон тул 2023 оны 02 сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай цалинтай чөлөөг надад олгосон. Би 2023 оны 05 сарын 01-ний өдөр ажилдаа орох гэтэл мөн биеийн байдал муу байсан тул дахин 6 сарын хугацаатай лист авсан. Ингээд миний эмчилгээ дуусаж, биеийн байдал сайжирсан тул 2023 оны 11 сарын 07-ны өдөр ажилдаа орох хүсэлтээ Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргад гаргасан боловч Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвараа 89%-иар алдсан байна гэдэг үндэслэлээр Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2023 оны 11 сарын 20-ны өдрийн А/183 дугаартай захирамжаар сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлаас чөлөөлсөн. Тус захирамжид 3 сарын цалинтай чөлөө олгож 1 жилийн хугацаанд ажлын байрыг хадгалсан, албан тушаал бууруулж, ажлын байраар хангахыг үүрэг болгосон зэргийг дурдаж Төрийн албаны тухай хуулийн 46.1.1-д заасан 3 сараас дээш хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн түр чөлөөлөх үндэслэлээр чөлөөлж, албан тушаал бууруулж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь намайг чөлөөтэй байх хугацаанд сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаагүй. Мөн захирамжид энэ талаар дурдсан нь намайг ажилдаа орохыг мэдэж, миний ажлын байрыг хадгалж байсныг нотолж байна. Мөн захирамжид дурдсан 2023 оны 01 сарын 19-ний өдрийн хөдөлмөрийн чадвараа алдсаныг тогтоох комиссын шийдвэр нь намайг Энэтхэг улсад эмчилгээ хийлгэж биеэс гадагш 3 гуурстай, хэвтэрт байх үед цахимаар холбогдон тогтоосон акт юм. Түүнээс хойш 10 сарын хугацаа өнгөрч байгаа бөгөөд миний бие 3 сараас дээш хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагагүй гэдэг нь сүүлийн саруудын шинжилгээний үзүүлэлтүүд хэвийн, эмийн эмчилгээ, хоолны дэглэм бариад ажиллахад болно гэсэн хяналтын эмчийн зөвлөгөө байгаа. Элэгний өвчний төгс эмчилгээ бол элэг шилжүүлэн суулгуулах хагалгаа гэж үздэг тул би энэхүү эмчилгээг сонгосон. Тиймээс эмчилгээ хийлгэсний дараа миний биеийн байдал ажлаа хийх боломжтой болж, хяналтын эмчийн зөвлөгөөгөө дагаж ажилдаа орохоор хүсэлтээ гаргасан байхад нөхцөл байдлыг бүрэн судлахгүйгээр эмчилгээ хийлгэхээс өмнөх биеийн байдлыг тодорхойлсон дүгнэлтийг үндэслэсэнд гомдолтой байна гэв...

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад дүгнэлт хэлэхэд Төрийн албаны тухай хуулийн 46.1.1-т заасан 3 сараас дээш хугацаагаар эмнэлэгт хэвтэх тохиолдолд түр чөлөөлнө. Бүр чөлөөлөх талаар Төрийн албаны тухай хуулийн 46.2-т заасан байдаг. Шүүх хуралдаан дээр бүр чөлөөлсөн гэх боловч 46.2-т заасан зохицуулалт хэрэгт авагдаагүй байна. Захирамжийн агуулгад ч байхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.3-т заасан буюу ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй гэсэн эмнэлэг магадлах комиссын дүгнэлт гэж байгаа юм. Үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу тайлбарлавал өөр асуудал. ... Ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй гэдгийг хэн тогтоох вэ? гэх асуудал яригдана. Энэ хүн буюу сумын Засаг дарга өөрөө тогтоогоод байна. ... Маргаан бүхий захиргааны акт гаргах болсон үндсэн шалтгаан нь өөр газраас хүн авчирсан. Түүнийг ажлын байраар хангах гээд байна гэж харж байна. Эхлээд магадлах комиссын дүгнэлтээр Засаг даргын Тамгын газрын даргын ажлыг гүйцэтгэх боломжгүй учраас цагийг хязгаарла, зайлшгүй өөр ажилд сэлгэн ажиллуулах дүгнэлт гарсан байх ёстой. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1 дүгээр зүйлийн 80.1.3-т заасан үндэслэл, комисс дүгнэлтээр 89 хувиар тогтоож дүгнэлтээрээ гаргах ёстой зүйлийг хариуцагч өөрийн дүгнэлтээр гаргаад байгаа юм. Энэ нь хуульд заасан үндэслэл биш юм. Ажил олгогч гаргах боломжгүй. Үүнийг хөдөлмөр магадлах комисс нь дүгнэлтээрээ гаргах ёстой. Хавтаст хэрэг ийм зүйл байхгүй.  Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдаагүй зүйлийг Хөдөлмөрийн хуулиар зохицуулах зохицуулалт байгаа гэхдээ орон тоон цомхотголтой адил статустай. Нэг сарын өмнө албан мэдэгдлийг өгөх ёстой. Заавал өөрт нь албан мэдэгдлийг өгч гарын үсэг зуруулж баталгаажуулсан байна гэсэн тайлбар байдаг. ... Түр чөлөөлсөн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 46.6 дахь хэсэгт зааснаар төрийн албаны нөөцөд бүртгэгдэх ёстой. Гэтэл энэ хугацаанд ямар нэгэн байдлаар бүр болон түр чөлөөлсөн зүйл алга байна. Энэ хүн эсрэгээрээ ажилдаа оръё гэж хүсэлтээ гаргахад таныг ажилд авах боломж байхгүй байна. Таныг чөлөөллөө гэсэн зүйл заалтыг аваад түр чөлөөлсөн байгаа юм. .... Үндсэн маргаан нь түр чөлөөлсөн гэж ярьж байна. Шүүх хуралдаан дээр бүр чөлөөлсөн гэдэг зүйлийг ярьж байна. Иймд нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн байна. Нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

5. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан И.*******ыг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/55 дугаар захирамжаар ажлаас чөлөөлсөн. Үүнийхээ үндэслэлийг дараах тайлбараар хүргүүлж байна. И.******* нь намайг ажил авсан цагаас хойш архи согтууруулах ундааны бүрэн хамааралтай ажил хөдөлмөрөө хийж хэрэгжүүлж, удаа дараа ажлын хариуцлага алдаж байсан ч сануулж, ярьж хэлэлцэн өнгөрөөдөг байсан. ... Энэ мэт төрийн ажлыг цалгардуулан явж 2021 оны 10 сард биеийн байдал муудаж Улаанбаатар хотод үзүүлэхээр явахад элэгний хавдар гэж оношлогдон эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 04 сарын 1-ийг хүртэл Улаанбаатар хот руу онош тодруулах, эмчилгээ хийлгэх зэрэг эмчилгээний явцад 5 сарын хугацаанд ажлын 110 хоногт эмчилгээний хажуугаар ирэн, очин 20 хоног нь ажилласан байсан ба миний зүгээс нэг ч өдрийн цалинг тасалдахгүй олгосон болно. 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс И.*******ын хувийн өргөдлийг хүлээн авч 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл "Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журам"-ыг үндэслэн цалинтай чөлөө олгосон. Энэ хугацаанд ЗДТГ-ын албан хаагчдаас 1 жилийн хугацаанд түр үүрэг гүйцэтгэгч томилон ажиллуулсан. Түүнээс хойш тасралтгүй эмчилгээтэй байсан ба 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс чөлөө аваад 1 жил болсон тул хуулийн дагуу чөлөөлөхөөр төлөвлөж байсан боловч Энэтхэг улсад дахин эмчилгээ хийлгэж байгаа талаар цахимаар мэдэгдэж, зайнаас ажиллах хүсэлт гаргасан. /2023 оны 03 сарын 30-нд/ Миний хувьд энэ үед 1-рт эмчилгээ хийлгэж байсан, 2-рт сумын 100 жилийн ойн бэлтгэл ажил гээд хүн хүчний маш их дутагдалтай байсан. Мөн хөдөө орон нутагт цахимаар албан хаагчдыг удирдан зохион байгуулах боломжгүй гэж үзсэн учир зайнаас ажиллуулах боломжгүйг мэдэгдэж, 6 сарын хугацаатай тэнцэх листийг нь авхуулахын тулд хууль зөрчин үндэслэлгүйгээр 2023 оны дахин 3 сарын цалинтай чөлөөг олгож удаа дараа шийдвэрлэсэн. Ингэснээр И.*******д жил тасалдаагүй, цалин ажилласан жил тасалдаагүй, лист тасалдаагүй, Ингэснээр төсөвт Төрийн захиргааны албан хаагчид өгөх 5 жилийн тэтгэмж 9900000 төгрөгийг суулгасан болно. Гэвч И.******* 1 жилийн дараа ажил хөдөлмөрөө хийх боломжгүй байсан тул шаардлагад бүрэн нийцүүлж, хавсралгүйгээр 2023 оны 5 сарын 01-ээс Дархан хотын ЗДТГ-ын Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Э.******* гэх албан хаагчийг түр томилон ажиллуулж байгаа болно. Төрийн ажлыг тасалдуулахгүйг хичээж 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх 2 жилийн хугацаан дахь хүнд цаг үед (Ковид-19, Малын гоц халдварт шүлхий өвчин, сумын 100 жилийн ой, үер усны гамшиг, цас зуд) Засаг даргын Тамгын газрын даргын ажлыг ажил хавсран гүйцэтгэгч болон түр орлон гүйцэтгэгчээр 1 жилийн хугацаанд хийлгэж ажлын байрыг хадгалсан болно. Миний бие сумын Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд хөдөлмөрийн чадвараа 89 хувь алдсан албан хаагчийнхаа эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж үүрэгт ажлаас чөлөөлж, ажил ачааллыг бууруулах замаар сумын Засаг даргын Тамгын газрын даргаар 7 жил ажилласан мэргэшсэн боловсон хүчин гэж үзэн хууль эрх зүй хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилуулан хамтран ажиллаж байна. ... Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.3 дэх, Төрийн албаны тухай хуулийн 46.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/55 дугаартай захирамж гаргаж эмчилгээ хийлгэсэн албан хаагчийнхаа эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж шийдвэр гаргасан. ЗДТГ-ын даргын албан тушаал ажил ачаалал их, сүүлийн 6 сар цаг үе хүндэрч манай сум цагаан болон мөсөн зудын эрсдэлд орж хөдөөгийн 5 багийн зам даваа нээх, далпуу татах, хүнс тэжээл хүргэх ажлыг тасралтгүй зохион байгуулж, отор ирэх зам даваа нээх, отрын штаб байгуулан отор угтах, сэг зэм устгах, цаашид шар усны үер гэх мэт тулгамдсан олон ажлуудад Гамшгийн тухай хуулиар ЗДТГ-ын дарга бүрэн эрх, үүргийг хэрэгжүүлж мэргэжлийн 66 хүний бүрэлдэхүүнтэй ангийг дайчилгаанд удирдан зохион байгуулдаг ба ажлын ачаалал их хагас, бүтэн сайн өдөр болон ажлын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байна. Миний зүгээс Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулиа барьж ажилласан. Энэ хүнд ажил биш биеийн эрүүл мэнд нь эрхэм учраас тухайн шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийг гаргахад нийгмийн баталгааг нь хангахад хууль зөрчиж гаргасан зүйлүүд хэргийн материалаас харагдаж байгаа юм. Эрүүл мэнд хамгийн эрхэм байх ёстой гэдгийг мэдэж байгаа байх. Ажлын ачаалал их байсан. Хагас бүтэн сайнгүй сууж ажилласан. ... Цаашид ч ажиллавал миний эрүүл мэндэд ямар эрсдэл үүсэх юм бэ гэдгийг бас бодох л ёстой гэж үзэж байна. Энэ хүний нийгмийн баталгааг дордуулаагүй. Нийгмийн баталгааг нь өвчтэй байсан 2 жилийн хугацаанд бүрэн хангасан. Би энэ хүнийг 05 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлбөл чөлөөлж болох байсан. Листийг нь өгүүлье, ажлаас чөлөөлье гэж стресс үүсгээд яах вэ л гэж бодсон гэв.

6. Гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* овогтой ******* миний бие Дархан-Уул аймагт нөхөр 3 хүүхдийн хамт өөрийн орон сууцанд, ажилтай цалин хүрэлцээтэй боломжийн амьдралтай байсан. Миний хувьд амьдрал ахуй хүнд гэдэг асуудал хөндөгдөж байгааг үгүйсгэж байна. Залуу гэр бүлийн адил ажиллаж хөдөлмөрлөж байгаад төрсөн нутагтаа аав ээжийгээ түшиж амьдрахаар ирсэн. Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар 2014 оноос 2023 он хүртэл төрийн албанд ажиллаж байхдаа төрийн албанд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, ёс зүйтэй, хууль дүрмийг даган мөрдөж, ашиг сонирхолгүй ажилласаар ирсэн билээ. 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс төрж өссөн нутаг болох Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна. Энэхүү ажлыг хүлээн авч ажиллахад шаардагдах компьютер болон холбогдох бичиг баримт байхгүй бүгдийг шинээр төлөвлөн хийж өнөөдрийг хүртэл төрийн ажлыг тасалдуулахгүй явуулах үүргийн дагуу ажиллаж байна. Энэ хугацаанд "Үер усны гамшиг", "Сумын 100 жилийн ой", "Цас зуд" гэх мэт хүнд бэрхшээлтэй тулгарсан хэдий ч шантралгүй ажилласаар ирсэн билээ. Тухайн албан тушаалд томилогдон ажиллаж байх хугацаанд манай сум нь 2023 оны ажлын үзүүлэлтээрээ аймагтаа тэргүүлж аймгийн Тэргүүний сумаар шалгарч мөн бүсийн шалгуурт тэнцэн Улсын тэргүүний сум болох болзлыг хангаж ЗГХЭГ-т материал хүргэгдэн хянагдаж байна. Засаг даргын тамгын газрын даргын албан тушаал нь ажлын ачаалал их, цаг үе хүндэрч манай сум цагаан болон мөсөн зудын эрсдэлд орж хөдөөгийн 5 багийн зам даваа нээх, дальпуу татах, хүнс тэжээл хүргэх, отор ирэх зам даваа нээх, отрын штаб байгуулах, отор угтах, сэг зэм устгах, шар усны үер гэх мэт ажлуудад ЗДТГ-ын тамгын газрын даргын бүрэн эрх, мэргэжлийн анги бүлгийн 66 хүнийг дайчилгаанд удирдан зохион байгуулах, хагас, бүтэн сайн өдөр болон ажлын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллах зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ ачаалалтай ажлыг 89 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан, элэг шилжүүлэн суулгах хүнд хагалгаанд орсон албан хаагч хийж гүйцэтгэхэд эрүүл мэндийн байдалд ноцтой эрсдэл үүсэх магадлалтай. Иймд Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан И.*******ыг сумын Засаг даргын үүрэг чиглэлийн дагуу 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар эрүүл мэндийн шалтгааныг харгалзан үзэж, ажил ачааллыг бууруулан ажиллах боломжоор хангаж, Багийн Засаг дарга, Байгаль хамгаалагч, Тамгын газрын дарга зэрэг олон жил төрийн албанд ажилласан туршлагыг үндэслэн ЗДТГ-ын бүтэц орон тоонд батлагдсан Дотоод асуудал хариуцсан мэргэжилтний сул орон тоонд түр томилон ажлын байраар ханган хамтран ажиллаж байна. И.******* нь ажилд томилогдсоноос хойш сар бүр эмчид үзүүлэх, шинжилгээ хийлгэх шалтгаанаар чөлөө хүсэж тухай бүрд эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, мөн дайчилгааны ажилд татан оролцуулахгүй байх зэрэг ажлуудаас байнга чөлөөлөн ажиллаж байна. Би ашиг сонирхлын үүднээс энд ирээгүй. Сумын Засаг дарга болоод удирдлагуудтай зөвшилцсөн. Ийм ийм шалтгааны улмаас манай Тамгын дарга ажиллахгүй байна. Энэ хугацаанд ажил явуулахад хүндрэлтэй байна. 100 жилийн ой болж байгаа учраас зайлшгүй хүн хүчний хэрэг байна гэж санал тавьсны дагуу зөвшилцөж байж 05 дугаар сарын 1-ний өдрөөс томилогдсон. Би томилогдоод албан тушаалаа зарлуулж би томилогдох хэрэгтэй байна гэж ярилцсан. И.******* гэдэг хүн Энэтхэг улсад хүнд өвчтэй байсан учраас бид нар ярилцаагүй. Тухайн үед хүлээцтэй хандсаар байгаад өдийг хүрсэн байна. Шүүх дээрээ хүрнэ гэж бодсонгүй гэв...

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч И.******* нь анх Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын “2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/183 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, хууль эрх зүйн мэргэжилтэн рүү шилжүүлсний цалин хөлсний зөрүү гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлэх” нэхэмжлэл гаргажээ.

1.1 Хариуцагч нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “И.*******ыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг А/183 дугаартай гаргасныг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А/183 дугаар захирамжтай утга агуулгын хувьд адил боловч дугаарлалтын хувьд өөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “И.*******ыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Б/55 дугаар захирамжийг шүүхэд ирүүлсэн байна.

1.2 Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй … гэж заасны дагуу хариуцагчаас захирамжийн дугаарын алдааг зассаныг буруутгах боломжгүй байна.

1.3 Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын “2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “И.*******ыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Б/55 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, хууль эрх зүйн мэргэжилтэн рүү шилжүүлсний цалин хөлсний зөрүү гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлэх” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

3. Маргааны үйл баримтын тухайд: Нэхэмжлэгч нь Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс цалинтай чөлөө, эмнэлгийн хуудас авч эмчлүүлж байгаад 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр ажилдаа орохоор өргөдөл гаргасан боловч хариуцагчаас 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/55 дугаар захирамжаар ажлаас чөлөөлсөн байна.

3.1 Маргаан бүхий Б/55 дугаар захирамжийн 1 дэх зүйлд “сумын Засаг даргын Тамгын газрын дарга И.******* нь ... эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалт 89 хувиар тогтоогдсон”, 2 дахь зүйлд “Засаг даргын Тамгын газрын дарга И.*******д 2022 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хуулийн дагуу 3 сарын цалинтай чөлөө олгож, 1 жилийн хугацаанд ажлын байрыг хадгалсан болно” гэх үйл баримтыг дурдсан байх ба хариуцагч “нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлөлгүйгээр удаа дараа цалинтай чөлөө өгч эмнэлгийн хуудас олгогдох боломжоор хангаж 1 жилийн хугацаанд түүний албан үүргийг Засаг даргын Тамгын газрын албан хаагчдаар түр орлон гүйцэтгүүлж байсан” гэж тайлбарлаж байх ба нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд энэхүү үйл баримт, тайлбартай маргахгүй байна.

3.2 Харин хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх болсон үндэслэлээ “нэхэмжлэгч эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалт 89 хувиар тогтоогдсон” гэх нөхцөлөөр тайлбарлаж байх ба нэхэмжлэгчийн зүгээс “хариуцагч миний ажлын байрыг хадгалсан гэж Б/55 дугаар захирамж болон хариу тайлбартаа дурдсан атлаа Төрийн албаны тухай хуулийн 46.1.1-д заасан 3 сараас дээш хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай, хөдөлмөрийн чадвар алдсан гэх үндэслэлээр чөлөөлж байгаа нь үндэслэлгүй” гэж маргаж байна.

4. Маргаан бүхий Б/55 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухайд: Уг захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66.1 “Засаг дарга … хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.3 “ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэрээр тогтоогдсон … бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, Төрийн албаны тухай хуулийн 46.1 “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлнө”, 46.1.1 “… эрүүл мэндийн байдлын улмаас 3 сараас дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон” гэх нөхцөлүүдийг үндэслэжээ.

4.1 Төрийн албаны тухай хуулийн зорилт нь төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршдог ба Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно”, 62 дугаар зүйлийн 62.1 “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараах баталгаагаар хангагдана” гээд 62.1.1 “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэж заасан байна.

4.2 Хариуцагчаас И.******* нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалт 89 хувиар тогтоогдсон гэх үйл баримт, үндэслэл дурдаж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-т заасан нөхцөлөөр төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг цуцалснаар  Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа, хориглолтыг зөрчсөн байх ба дээрх зохицуулалт нь төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх нөхцөлд хэрэглэгдэхгүй. Харин хөдөлмөрийн гэрээнд холбогдох маргаанд хэрэглэгдэх зохицуулалт байна.

4.3 Хариуцагч нь нэхэмжлэгчийг “… эрүүл мэндийн байдлын улмаас 3 сараас дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон” гэх нөхцөлийг үндэслэсэн байна.. Хариуцагч нь нэхэмжлэгчийг төрийн албанаас түр чөлөөлөлгүйгээр цалинтай чөлөө олгож түүний эрхэлж байсан албан тушаалд түр орлон гүйцэтгэгч ажиллуулж, нэхэмжлэгчийн эмчилгээ дуусаж ажилдаа эргэн орох үед түүнийг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-д заасан 3 сараас дээш хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай гэх үндэслэлээр түр чөлөөлж байгаа нь үйл баримт, үндэслэлийн хувьд зөрчилтэй, ойлгомжгүй байна.

4.4 Хэдийгээр хэрэгт Их-уул сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн “И.*******ыг үүрэгт ажлаас түр чөлөөлөх тухай” Б/06 дугаар захирамж авагдсан боловч Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/46, 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн Б/11 дүгээр захирамжаар Их-уул сумын Засаг даргын Тамгын газрын дарга И.*******д цалинтай чөлөө олгож байсан болох нь тогтоогдож байхын зэрэгцээ хариуцагч, гуравдагч этгээдээс нэхэмжлэгчийг төрийн албанаас өмнө нь түр чөлөөлсөн эсэх асуудлаар маргаагүй, хариуцагчаас нэхэмжлэгчийн албан тушаалыг хадгалж байсан талаар удаа дараа тайлбарласныг дурдах нь зүйтэй байна.

4.5 Мөн хариуцагчаас гаргаж өгсөн Их-Уул сумын Тамгын газрын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт маягтын ажил мэргэжлийн ангилал хэсэгт нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн албан тушаалын ангиллыг 1112 гэж дугаарласан ба үүнд орон нутгийн Засаг даргын Тамгын газрын дарга хамаардаг болох нь Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2010 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Үндэсний ажил мэргэжил, албан тушаалын жагсаалт, ангилалт, тодорхойлолт батлах тухай 16 дугаар тушаалын хавсралтаар тодорхойлогддог нийтэд илэрхий баримт тул нэхэмжлэгч Засаг даргын Тамгын газрын даргад чөлөө олгогдож байсан гэж үзэхээр байна.

4.6 Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон Их-Уул сумын Засаг даргын 2023 оны Б/55 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй” гэх зохицуулалтын дагуу энэхүү шийдвэрийг гаргасан  болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалтад заасныг тус баримтлан Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “И.*******ыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Б/55 дугаар захирамжийг хүчингүй болгож, И.*******ыг Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн  41 дүгээр зүйлийн "41.4",  Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан И.*******ыг Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргаас хууль эрх зүйн мэргэжилтэн рүү шилжүүлсний цалин хөлсний зөрүү, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нэхэмжлэгчийг ажилдаа эгүүлэн томилогдох хүртэл хугацаагаар тооцон олгох, зохих санд нөхөн төлөхийг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И.*******д олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД-ОЧИР