Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 158

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Улсын яллагч Ч.Энхжаргал,

Шүүгдэгч Л.Г ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Лувсандорж овгийн Лхагвасүрэнгийн Г д холбогдох эрүүгийн 1726001160057 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Лувсандорж овгийн Л.Г .

Шүүгдэгч Л.Г  нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн нутаг “Булаг хайрхан” гэх газар оршин суух иргэн Р. н гэрт хохирогч Д.Э нүүр хэсэгт нь алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Л.Г  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Г.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Л  гэх айлд мал сураглах гээд өөрийн найз Даваагийн хамт ороод цай уучихаад Цэдэндорж гэх өөрийн хамаатны залууг асуутал Л-д байсан том биетэй хүүхэн нь муу гөлөг, Ц  хамсаатан байх нь, наадхаа алаад өг гээд намайг нэг удаа алгадсан. Тэгтэл нөгөө гурван залуу нь намайг чирж гаргаад энд тэндээс л нүдээд цохиод байсан. Тэр үед Болдоо машиндаа унтаж байсан ба Даваа зугтаад явчихсан байсан. ..Ямар ч байсан тэр эмэгтэй нэг удаа алгадсан, өөрөөр хэн нь хаашаа цохисныг нь хараагүй бөгөөд миний нүүр, шүд, цээж зэрэг рүү өшиглөөд нүдээд байсан. ..Дээд талын үүдэн хоёр шүд хөдөлсөн. Өөрөөр гэмтэл бэртэл гайгүй бөгөөд зовиур шаналал гэвэл толгой дүүрч өвдөнө, шанаа, нүд жаахан өвдөж байгаа, цус хуралттай байна. ..Би тэр эмэгтэйг нь хэд хэдэн удаа харж байсан. Тэр эмэгтэй нь Л ынд малаа тавьсан айлын хүн юм. Бусдыг нь харж байгаагүй. Зодсон шалтгаан нь Цэдэндорж гэдэг хүнийг асуутал хамсаатан нь байгаа юм, манай Л ыг байнга дээрэлхдэг гэж шалтгаанаар намайг зодсон. Л ын би өмнө нь зодож байгаагүй. Багийн эмчид үзүүлээд ойр зуурын эм тариа бичиж өгсөн. Дараа нь БОЭТ-д шүдний зураг авахуулж, рентгенд харуулсан, нүдээ нүдний эмчид үзүүлсэн. Би одоо яг хэдэн төгрөгийн зардал гарсныг нарийн мэдэхгүй байна. Ямар ч байсан 250000 орчим төгрөгийн зардал гарсан. Даваа бид хоёр айраг уусан байсан. Болдоог сайн мэдэхгүй байна. Архи уугаагүй юм. ..Тухайн үед Л , Л ын зүүн талын айлын 50 гаруй насны эмэгтэй, надтай хамт явж байсан Даваа зэрэг хүмүүс байсан. Би гомдолтой байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Энэ асуудалтай холбоотой гарсан зардлыг нэхэмжилнэ. Баримтыг нь удалгүй гаргаж өгнө...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 хуудас/,

Хохирогч Д.Э гийн мөрдөн байцаалтанд 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дахин өгсөн: “...Би Л ынд очихоосоо өмнө Даваатай хамт айлаар орж мал сурах ажилтай явж байсан юм. Тэгээд очсон айл эзэнгүй байж таарсан. Ингэж явахдаа ямар нэгэн хүмүүстэй зодоон цохион хийсэн асуудал бол байхгүй. Архи дарс бол уугаагүй, Даваатай айраг л уусан байсан. ..Миний нүд зүгээр байсан. Би нүдний махтай болохоор бага зэргийн улаан харагдаад байдаг юм. Тэрнийг хүмүүс буруу харсан байж магадгүй. Одоогоор баруун дээд шүд хөдөлчихсөн их зовиуртай байгаа. Шүдээ эмчлүүлчих юм бол надад гомдол санал гээд байх юм байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/,

Гэрч Б.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын сүүлээр байсан байх, одоо он сарыг нь санахгүй байна. Манай нөхөр Ганхуяг болон манай хадам эгч Г  зэрэг хүмүүстэй хамт хөдөө мал гаргаж ирэхээр явсан юм. Тэгээд өдөр тийшээ байсан байх нэг айлд очсон. Тухайн айл нь манай хадам эгч Г ын хадам талынх нь хүмүүс байсан. Хамт ирсэн хүмүүс мал гаргаад би тэнд хоол хийгээд байж байтал гурван ах “Портер” машинтай их хурдтай давхиад ирсэн. Тухайн үед гэрийн хаалга онгорхой байсан, хаалгаар ирж байгаа нь харагдаж байсан. Тэгээд би гал дээр будаа хийчихээд гадаа гарсан малын сэвс гарчихлаа гэхээр нь тэрийг нь асгах гээд аваад зогсож байтал тэдгээр хүмүүс ирсэн. Машинаас хоёр эрэгтэй хүн бууж ирсэн ба харагдах байдлаасаа согтуу хүмүүс юм шиг байсан. Тэгээд би малын сэвс аваад асгах гээд яваад өгсөн. Эргээд ирэхэд тэдгээр хүмүүс байж байсан. Яг тухайн үед хаана ямар зодоон болсон гэдгийг мэдэхгүй байна. Гэрийн гадаа малын гэдэс арилгаад байж байсан. Намайг гадаа байж байхад тэр ирсэн хүмүүстэй зодолдож барилцсан юм бол байхгүй байх. Гэхдээ би юм хийж байсан болохоор анзаарч хараагүй. Тэнд угаасаа тийм аймаар сүртэй юм болоогүй. Гэрт Г  эгчтэй ирсэн хүмүүсийн Э  гэж хүн нь маргалдсан. Тэгээд Г  эгч алгадаад авсан гэж ярьж байсан. Сүүлд тэр Э  гэж хүн нь ганцаараа үлдчихсэн байснаа нэг мотоцикльтой ахтай яваад өгсөн. ..Би бол тэнд зодоон болохыг хараагүй, хурдхан шиг гэдсээ арилгаж цэвэрлэчихээд явахын түүс болж байсан. Хүүхэд цэцэрлэгээс авах цаг болчих гээд байсан юм. Э  нь гадна харагдах байдлаасаа архи уучихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/,

Насанд хүрээгүй гэрч М.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өглөө намайг гэрт унтаж байхад Г  эгч, Ганхуяг ах, эхнэр нь Энхчимэг эгч тэр гурав ирээд Баянгол сум руу хамт яваад өгөөч, идэш хийж ирэх гэсэн юм гээд намайг аваад явсан. Замдаа Сосорбурам ахыг аваад сум руу гарсан. Тэгээд өдөр байх, Баянгол сумын наад талд газрын нэрийг нь мэдэхгүй байна. Л  ахынд очсон. Тэр хүн нь бол Г  эгчийн нөхрийнх нь дүү байгаа юм. Тэгээд бид нар мал гаргаад байж байтал Портер машинтай гурван хүн аймаар хаазлаад их хурдтай ирээд зогссон. Тухайн үед би гадаа малын өвчүү түшээд байж байсан. Тэгээд хоёр хүн нь бууж ирсэн. Тэдгээр хүмүүс архи уучихсан шинжтэй харагдаж байсан, байгаа байдлаас нь илт харагдаж байсан. Нэг хүн нь машин дотроо унтаж байсан. Тэдгээр хүмүүсийг бол би танихгүй юм байна лээ. Тэр хоёр хүн гэрт орсон, би гадаа Сосорбурам ахтай ямааны өвчүү түшээд сууж байтал гэрт хүмүүс орилолдоод шуугилдаад хоорондоо хэрэлдэж байгаа мэт хүмүүсийн том том дуугарах чимээ гараад байхаар нь гэрт ороход сүүлд нэрийг нь мэдсэн Э  гэж хүн нь агсам тавиад Л  ах руу уурлаад дайраад байсан. Тэгсэн Г  эгч тэр Э  гэж хүнийг алгадаад авсан тэгэхээр нь би гараад ирсэн. Удалгүй Э  гэж хүн Ганхуяг ахтай заамдалцаад авчихсан гэрээс гараад ирсэн. Тэр хоёр хоорондоо зодолдоогүй хэрэлдэж байснаа Ганхуяг ах буцаад гэр рүүгээ яваад орчихсон. Г  эгч тэр Э  гэж хүнтэй хэрэлдээд зогсож байсан. Яг юу гэж хэрэлдээд байгааг нь би ойлгоогүй. Тэгсэн байдал арай өөр болоод Э  гэж хүн том том дуугараад байхаар нь би энэ согтуу хүн аягүй бол Г  эгчийг цохиод авчихвий гэж бодоод дөхөөд очтол чамайг зодсон ч яадаг юм гээд Г  эгч рүү дөхөөд алхахаар нь би та яах гээд байгаа юм эмэгтэй хүнийг болиоч гээд нэг удаа цээжин хэсэг рүү нь түлхчихсэн. Тэгсэн нөгөө хүн газар бөгсөн биеэрээ суугаад уначихсан. Г  эгч намайг чи яах гээд байгаа юм, тэр малаа гаргалц гэхээр нь би буцаад Сосорбурам ах дээр яваад очсон. Тухайн үйл явдалд Сосорбурам ах оролцоогүй, малаа гаргаад сууж байсан. Намайг эргэж очоод мал янзлалцаж байгаад нэг харахад Портертэй хүмүүс нь явчихсан тэр Э  гэж хүн Ганхуяг, Г , Л  нар газарт тойроод суучихсан юм яриад байгаа бололтой сууцгааж байсан. ..Намайг гэрт ороход Л  ах гэрийнхээ хоймор суучихсан, хажуу айлынх нь Даваасүрэн эгч Ганхуяг ахын эхнэр Энхчимэг эгчтэй галын урд суучихсан байсан. Зүүн талын орон дээр Э  гэж хүн хамт ирсэн ахтайгаа сууж байсан. Харин Г  эгч Э  ахын өмнө зогсож байсан. Намайг орсны дараа Г  эгч Э  гэж хүнийг нэг удаа нүүрэн хэсэгт нь алгадчихсан. Өөрөөр цохиж зодоогүй..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/,

Гэрч Р.Л ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хариулт: 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр аймгаас манайд Г  гэж манай ахтай суусан бүсгүй дүү нартайгаа мал гаргаж авах гээд ирсэн байсан юм. Тэгсэн намайг гэрт байж байхад гадаа машин ирээд Э  нэг хүнтэй манайд ороод ирсэн. Э  тэгсэнээ надаас хаагуур хэл ам татлаад яваад байгаа юм бэ гээд хэрүүл гуйгаад байсан би дугараагүй тэгсэн гаднаас Г  ороод ирсэн тэгэхээр нь би энэ хүмүүс надаас хэрүүл гуйгаад байна аюгүй бол зодох юм шиг байна гэхэд Г  та нар яахаараа хүнийг ингэж дээрлэхэж гадуурхаж байдаг юм бэ гээд Э тэй хэрэлдсэн, тэгснээ Г  Э гийн нүүр хэсэгт нь алгадчихсан. Тэгээд хэрэлдээд байх шиг байсан. Ганднаас Ганхуяг ороод ирсэн, тэгээд тэр хэд гэрээс гарцгаасан, гадаа юу болсон талаар мэдэхгүй байна. Би гэрээс ерөөсөө гараагүй. Удалгүй тэд нар яваад өгөх шиг болсон. Манайд ирсэн хүмүүс тэгээд малаа янзалж дуусаад аймаг руу буцсан. Тэр хэдийг явсны дараа Э  Эхнэртэйгээ хүрээд ирсэн. Тэгсэн эхнэр нь гээд нэг хүүхэн яагаад манай нөхрийг зодчихож байгаа юм бэ гэхээр нь би зодоогүй, зодсон хүнээс нь асуухгүй юу гэж хэлсэн. ..Гэр дотор бол зодоон болоогүй. Г  намайг өмөөрч Э тэй хэрэлдэж байгаад нүүрэнд нь 2 удаа алгадчихсан, өөрөөр тийм зодоон болоогүй. Гэрийн гадаа юу болсон гэдгийг мэдэхгүй байна, гэхдээ тийм хүн зодолдож байгаа иймээ тиймээ дуу чимээ гараагүй хоорондоо хэрэлдэж байгаа юм шиг л байсан. Гэр дотор бол би, Г , Даваа гэж манай хажуу айлын хөгшин хүн байсан, бусад нь гадаа мал гаргаад байж байсан юм. Э  бол манайд Болдоо гэж хүнтэй орж ирсэн. Тэр хоёр хоёулаа архи уучихсан байсан. Г , Ганхуяг, Бямбадорж, Сосорбурам нар архи уугаагүй, бүгд эрүүл байсан. ..Э  бол манайд ирэхдээ нүд нь улайчихсан согтуу байсан. Би гэхдээ сайн анзаарч хараагүй. ..Тэрийг би сайн мэдэхгүй байна, бодвол намайг зодох гэж ирсэн биз. Тэр нутгийнх биш болохоор намайг гадуурхах гэж ирсэн байх. ..Нутаг усаараа гадуурхаад намайг зодох гээд байдаг юм. Г ыг дүү нартайгаа ирэхээс хоёр хоногийн өмнө Цэдээ гэж хүн намайг мал дээрээ явж байхад согтуу дуудаж ирээд зодсон юм. ..Яг ямар шалтгааны улмаас зодсон гэдгийг бол мэдэхгүй байна. Намайг боож унагаагаад дээрээс хоёр удаа дэвссэн. Миний биед бол ямар нэг гэмтэл бэртэл үүсээгүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 хуудас/,

Гэрч Б.С-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр би гэртээ байж байхад манайд өглөөний 09 цагийн үед Ганхуяг ирээд хамтдаа Баянгол сумаас мал хийж ирье явах уу гэхээр нь би зөвшөөрөөд Г эхнэр нь Э, Г , Б гээд хүмүүстэй хамт явсан. Өдөр тийшээ Баянгол сумын Булаг Хайрхан гэх газар очсон. Тэнд Л  гэж айлд очсон байсан. Тэгээд би гэрийнх нь гадаа Г, Б, Э бид дөрөв хонь, ямаа гаргасан. Би төхөөрөөд гэдэс дотрыг нь Э янзлаад Б өвчүү түшээд байж байтал нэг хөгжим тавьсан Портер их хурдтай ирсэн. Тэгснээ хоёр хүн бууж ирээд гэрт орсон. Машин дотор нь нэг хүн унтаад байж байсан. Тэдгээр хүмүүс бол согтуу байх шиг байсан. Гэр дотор удаагүй хүмүүс шуугилдаад байсан. Ганхуяг юу болоод байна гээд гэр рүү орсон. Дотор болсон асуудлын талаар бол би мэдэхгүй байна. Хоорондоо хэрэлдэж байгаа юм шиг надад сонсогдсон. Би тэгээл усны савыг нь аваад усанд явсан. Намайг явсан хойгуур юу болсон гэдгийг мэдэхгүй. Худаг дээр оччихсон байхад гэрийн гадаа хүмүүс гараад ирчихсэн байсан. Яг юу болж яаж байгаа гэдэг нь анзаарагдахааргүй байсан. Худаг гэрээс 3 орчим км зайтай байдаг юм байнэ лээ. Намайг эргээд очиход портер байхгүй байсан. Харин хамт ирсэн сүүлд нэрийг нь мэдэхэд Э  гэж хүн нь миний хамт ирсэн хүмүүстэй хамт цай уугаад сууж байсан. Удалгүй тэр Э  гэж хүн нэг хүнтэй хамт мотоцикльтой яваад өгсөн. Бид нар малаа янзалж дуусчихаад аймаг руу буцсан. .. Би яг зодоон болсон гэдгийг нь мэдэхгүй байна. Гэрт ороогүй учраас гадаа юм хийгээд байж байсан ямар ч байсан хүмүүс чанга чанга дуугаралдаад байсан. Урьд өмнө нь Л  гэж Г-н ахыг нь хүмүүс зодож байсан. Баянгол сумын хүн биш болохоор нь элэг бариад дарамтлаад байдаг юм шиг байгаа юм гэж хоорондоо ярилцаж байсан. ..Тэдгээр хүмүүс согтуу байсан, гэр рүү орохдоо бол гуйвж дайваад байсан. .. Нутаг усаараа гадуурхаад зоддог талаар ярьсан. Өөр мэдэх зүйл алга байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/,

Гэрч Л.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр би Арвайхээр суманд байх гэрээсээ Баянгол сум руу Л  гэж айл руу мал гаргах гэж Г , С, Б, Э гэх хүмүүстэй хамт явсан юм. 13 цагийн үед Баянгол сумд очсон. Бид хэдийг Л  ахынд очиход хүнд зодуулчихсан гээд байж байсан. Тэгэхээр нь ямар хүнд зодуулсан юм гэхэд Цэдээ гэх хүнд мал дээр байж байхдаа зодуулсан талаар ярьж байсан. Би гадаа Сосорбурам, Бямбадорж, Энхчимэг бид гурав гэрийн гадаа хонь, ямаа гаргаад байж байсан. Тэгсэн нэг Портер хүрээд ирсэн. Дотроос нь тэд нар гурвуулаа явж байсан ба 2 хүн нь буугаад ирсэн. Нэг хүн нь машин дотроо үлдсэн. Тэгээд гэр рүү орсон, удалгүй гэрт хүмүүс орилолдоод байхаар нь яваад ороход тэр ирсэн хүмүүсийн нэг нь сүүлд нэрийг нь мэдэхэд Э  гэж хүн нь гэрийн зүүн талын орон дээр суучихсан наана нь Г  эгч зогсчихсон, нөгөө хүн нь Г  эгчийн хэвлий хэсэг рүү хөлөөрөө жийгээд түлхэж байсан. Тэгэхээр нь би болиоч гээд дундуур нь ороход намайг Э  гэж хүн нь бариад авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд заамдаж аваад бид хоёр гадаа гарсан. Тэгсэн Э  намайг цохих гэхээр нь би гарыг нь барьж аваад цааш нь түлхчихсэн. Гэрээс Г  эгч гарч ирээд Бямбадорж хоёр тэр Э  гэх хүнийг барьж аваад салгаад явсан. Э  гэж хүнтэй хамт явж байсан нэг хүнтэй нь би хамт ирсэн. Машиных нь хажууд зогсож байсан. Тэгээд Г  эгч Э тэй юм яриад байсан тэгснээ Г  эгч гар утсаа гаргаж ирээд наад хүмүүсээ байлгаж байгаарай цагдаа дуудчихсан гэхэд нөгөө хамт ирсэн хоёр хүн нь машинтайгаа зугтаад яваад өгсөн. Э  тэнд байж байгаад нэг хүнтэй хамт мотоцильтойгоо яваад өгсөн. Тэгээд бид нар малаа янзалчихаад буцаад аймаг руу явсан. ..Тийм зодоон гэхээр зүйл болоогүй, намайг гадаа байж байхад гэрт хүмүүс шуугилдаад орилолдоод байсан. Намайг ороход бол Г  эгчийг Э  гэж хүн хэвлий хэсэг рүү нь хөлөөрөө жийж байсан намайг орохоос өмнө юу болсон гэдгийг мэдэхгүй байна. ..Би бол цохиж зодоогүй, өөрөөр хүмүүс цохиж зодсон талаар мэдэхгүй байна. Намайг тэнд байх хугацаанд Э тэй хүмүүс зодолдоогүй. Э  гэдэг хүн согтуу байсан. Архи үнэртэж байсан. Э гийн зүүн талын нүд нь улайчихсан байсан. Өөрөөр ямар нэгэн бэртэл гэмтэл ажиглагдахгүй байсан. ...Яг ямар учраас хэн гэж хүнд зодуулсан талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 хуудас/,

Гэрч Ж.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр би Э , Б хоёртой хамт Л  гэх айлд очсон. Тэднийд очихдоо бол замд байдаг айл учраас зүгээр ороод гаръя гэж бодсон. Тухайн үед Б-н Портер машинтай явж байсан. Б гэрт оролгүй машиндаа унтаад үлдсэн. Э  бид хоёрыг Л ын гэрт ороход аймгаас хүмүүс ирчихсэн мал гаргаад байж байсан. Мэнд ус мэдээд ороод сууж байтал гаднаас нэг том биетэй хүүхэд ороод ирсэн. Тэгснээ та нар нутгархаж зодох гэж ирэв үү гээд сонин юм яриад эхлэхээр нь бид хоёр үгүй, зүгээр айлаар ороод явж байна гэсэн. Тэгсэн өчигдөр Ц Л ыг зодчихоод явсан байна, та нар хамсаатангууд нь уу гээд байсан. Тэгсэн Э  Л д хандаж хэн зодсон юм, яасан юм, яагаад хэл ам татлаад байдаг юм бэ гэхэд тэр сүүлд нэрийг нь мэдэхнээ Г  гэж том биетэй хүүхэн нь босч ирээд Э тэй хэрэлдээд Э г шууд нүүрэн хэсэгт нь цохиод авсан. Миний харснаар лав 2-3 удаа Э гийн нүүрэн хэсэгт нь Г  гэж хүүхэн цохиод авсан. Тэгээд гэрт гаднаас нэг банди ороод ирсэн. Тэр хэд хамтдаа гэрээс гараад явсан. Би араас нь гарахад Г  Э г заамдаад авчихсан Э  би хамаагүй зүгээр л ирсэн юм гээд байсан. Би гэрээс нь урагш тэд нараас арай зайтай зогсож байхад нэг банди нь хүрээд ирэхээр нь зүгээр байгаа хүнийг ингэж болохгүй ахын дүү гэхэд нөгөө хүүхэд за за ах орж цай уу гээд бид хоёр гэрт нь орсон. Гадаа Г  Э тэй том том дуу гараад юм яриад байх шиг байсан. Цай уугаад байж байхдаа Л оос Э  чамайг зодоогүй юм байгаа биз дээ, зүгээр хүнийг ингэж болохгүй цаад хэддээ хэл гэсэн. Би тэгээд гэрээс гараад ирсэн. Тэгсэн Г  наад хоёр хүнээ аваад ир гэхээр нь би айгаад зугтаад яваад өгсөн юм. ..Г  Э г барьж аваад 2-3 удаа нүүрэн хэсэгт нь гараараа цохисон. Тэрнээс өөр зодоон болоогүй. Гэрт бол Л , Э , Д, Г  байсан. Өөр хүн бол байгаагүй. Тэр Д гэж хүн бол сүүлд ирсэн хажуу айлын хүн байгаа юм. ..Архи бол уугаагүй, харин айраг уучихсан байсан. Тэнд байсан хүмүүс архи уугаагүй байсан байх. Гэхдээ тэр Г  гэдэг бол согтуу юм шиг аймаар ааштай хүүхэн байсан. ..Г  Э г заамдаад авчихсан байсан, бусад нь ямар нэгэн байдлаар цохиж зодсон гэдгийг бол анзаараагүй. Тийм зүйл болоогүй байх, Э  газар суучихаад нөгөө Г  гэж хүүхэн хажууд нь зогсоод байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 хуудас/,

Гэрч Ч.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би эхнэртэйгээ 2005 онд танилцаж гэр бүл болсон. Тэрнээс хойш эхнэрээ мэддэг болсон. Манай эхнэр айлын 5 дахь хүүхэд. Доороо 3 дүүтэй, дээрээ нэг эгчтэй. Одоо бид хоёр 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг, 28-05 тоотод амьдарч байгаа. Багадаа Богд суманд 8 дугаар анги төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Аймгийн МСҮТ-д тогооч мэргэжлээр сурч мэргэжилтэй болсон. Амьдралын хувьд түшиг тулгуур минь болсон хүн байгаа юм. Үр хүүхдүүддээ үлгэр дуурайлал болсон айл гэрийн эзэгтэй хүн гэж бодож явдаг. Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, элдэв асуудалд орооцолдож байгаагүй. Архи дарсыг бол огт хэрэглэж байгаагүй хүн байгаа юм. Зан аашийн хувьд даруухан, хөгжилтэй, хүнд тусархуу хүн. Гэр бүлийн хамтын хэрэгцээний газар байгаа, мөн хамтдаа амьдарч байгаа хувийн амины орон сууц байгаа. Унаа тэрэг гээд байх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 хуудас/,

Гэрч Г.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Миний охин Л.Г  нь 1984 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн. Айлын 5 дахь хүүхэд, доороо 3 дүүтэй, дээрээ 3 ах, 1 эгчтэй. Одоо нөхөр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг, 28-05 тоотод амьдарч байгаа. Багадаа Богд суманд 8 дугаар анги төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Аймгийн МСҮТ-д тогооч мэргэжлээр сурч мэргэжилтэй болсон. Дүү нартаа үлгэр дуурайлал үзүүлсэн их сайн хүүхэд байгаа юм. Зан араншингийн хувьд эелдэг, даруухан, бусдад их тусархуу, ажилсаг хүүхэд байгаа юм. Миний нүдэн дээр архи ууж харагдаж байгаагүй, ер нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. ..Гэр бүлийн хэрэгцээний газар байгаа байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 391 дугаартай шинжээчийн: “..1.Д.Э гийн биед тархи доргилт, баруун дээд шүдны сулрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлт /хх-ийн 43 хуудас/,

Шүүгдэгч Л.Г ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-49/, ял шалгуулах хуудас /хх-50/, иргэний цахим үнэмлэхийн хуулбар /хх-57/,

Хохирогч Д.Э гийн шүүхэд ирүүлсэн: “Л.Г аас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй. Шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй тул надгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт зэрэг болно.

Шүүгдэгч Л.Г  нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн нутаг “Булаг хайрхан” гэх газар оршин суух иргэн Р.Л ын гэрт хохирогч Д.Э г нүүр хэсэгт нь алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтанд хохирогч Г.Э  /хх-ийн 11-12/, гэрч С.Л /хх-ийн 16-17/, гэрч Б.Э /хх-ийн 20-21/, насанд хүрээгүй гэрч М.Б /хх-ийн 22-23/, гэрч Р.Л  /хх-ийн 26-27/, гэрч Б.Сосорбурам /хх-ийн 28-29/, гэрч Л.Ганхуяг /хх-ийн 31-32/, гэрч Л.Д /хх-ийн 34-35/, гэрч Ж.Д /хх-ийн 36-37/ нарын мэдүүлгүүд, хохирогч Д.Э гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 391 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-43/, шүүгдэгч Л.Г аас яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-48/, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Л овгийн Л.Г д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Шүүгдэгч Л.Г  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 300000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хохирогчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Иймд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрэн тогтоогдож байна гэж үзэн, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.Г  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүх шүүгдэгч Л.Г д торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Г д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан байх тул шүүгдэгч Л.Г д оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,

Шүүгдэгч Л.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 300000 төгрөг төлсөн, хохирогчид үлдэгдэл 700000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн,  бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5 ,6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Лувсандорж овгийн Л.Г ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Лувсандорж овгийн Лхагвасүрэнгийн Г ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 250000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

5. Шүүгдэгч Л.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 300000 төгрөг төлсөн, 700000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Д.ЦЭЦЭГЭЭ