| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2017/00148/Э |
| Дугаар | 157 |
| Огноо | 2017-11-29 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Батзориг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 157
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Ц.Батзориг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ц.Д ,
Иргэний нэхэмжлэгч: Б.Б ,
Хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: А.Адъяасүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.Оюунчимэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Болормаа,
Шүүгдэгч: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бөө овогт Г.Б д холбогдох 1726000600022 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Бөө овогт Г. Б ,
Шүүгдэгч Г.Б нь согтуурсан үедээ 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 01 цаг 40 минутын орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн 31 дүгээр гудамжны үзүүр хэсэгт засмал дээр өөрийн эзэмшлийн 95-54 ӨВР улсын дугаартай Тоёота Алион маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 2.7а “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэнд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Д.С ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би хөдөөнөөс орж ирээд айраг уучихаад гарсан нь үнэн. Хүний биед хүнд гэмтэл учруулсан. Би хохирогчийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс эхлэн эмчилгээнд гарсан зардлуудыг төлж байгаа. Би хохирогч С од 2388000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Б д 1182000 төгрөгийн хохирол тус тус төлсөн. Хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. Өөрийнхөө гэм бурууг хүлээж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Манай хүүхэд 2017 оны 08 дугаар сарын 16-ны шөнө мотоцикльтой явж байгаад аваарт орсон. Одоогоороо биеийн байдал нь тааруухан байгаа. Сая эмнэлэгт 10 гаруй хоног хэвтэн эмчлүүлсэн. Энэ хугацаанд Г.Б хэнэг ч үгүй байсан. Би эгч нь тэгчихмээр, ингэчихмээр байна гэж хойноос нь хөөцөлдөж байсан. Иймд би маш их гомдолтой байна. Манайх ядуу амьдралтай айл. Биднийг тэжээн тэтгэдэг ганц хүнээ ийм болгуулчихаад их хэцүү байдалтай байна. Би үүнийгээ Г.Б д хэлдэг. Одоо би 1800000 төгрөгөөр хагалгаанд нь оруулж хүн танихтайгаа болгомоор байна. Одоо С дүү нараа ганц л нэрээр бүгдийг нь дууддаг. Эмч нар бүгдээрээ мэдэж байгаа. Надад хэцүү байна. Би гомдолтой байна. Одоо хохиролд 2094940 төгрөг өгсөн байгаа. Эмч нар нь хагалгааны үнэ 1800000 төгрөг болно гэсэн тул би эмч нараас нь бичиг хийлгээд нотариатаар баталгаажуулсан байгаа. Энэ 1800000 төгрөгийг нэхэмжилж байна. Одоогоор баримтаар гаргаж өгсөн хохирлоо авчихсан гэв.
Иргэний нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Мотоцикль 500000 төгрөгөөр үнэлэгдсэн. Энэ мөнгийг шүүгдэгчээс авчихсан. Сая 720000 төгрөг, урьд 462000 төгрөг авсан. Ингээд нийт 1182000 төгрөг авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Д.С нь миний том хүү юм. Би осол болох үед аймагт байгаагүй Улаанбаатар хотод байсан. Тэгээд 2017 оны оны 08 дугаар сарын 17-ны өглөө 09 цагийн орчимд манай төрсөн эгч Насан-Ундрал над руу утсаар залгаж С аваарт орсон, бие нь муу байна, хурдан ир гэхээр нь ирсэн. Ослын талаар надад мэдэх зүйл байхгүй. Харин намайг аймагт ирэхэд Бүсийн оношилогоо эмчилгээний төвийн гэмтлийн тасгийн 305 тоотод манай хүү Д.С ухаангүй, намайг танихгүй, биеийн байдал их хүнд байсан. Одоогийн байдлаар бие нь анх байснаасаа дээрдсэн боловч оюун санааны хувьд сайнгүй, орон гаран болчихоод байна. Орой болохоор ухаан санаа нь дэмийрээд учир нь олдохгүй юм яриад байна. Намайг ирэхэд л хүн танихгүй байсан. Одоо юу болсон талаар асуухад огт санахгүй байгаа. Одоо гэрээр эмчилгээ хийлгэж байгаа. Мэдүүлэг өгөх болон гарын үсэг зурах чадваргүй. Би дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би гомдолтой байна. Би хүүхдийнхээ эмчилгээнд гарсан бүх зардлыг нэхэмжилнэ. Одоогийн байдлаар 500000 орчим төгрөгийн зардал гараад байна. Дахиад хагалгаанд орно гэсэн. Тэр зардал нь ямар болохыг хэлж мэдэхгүй байна. /хх-ийн 16-17 хуудас/,
Гэрч Б.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Г.Б гүү тавилцчихаад орой 21 цаг өнгөрч байхад явсан. Явахдаа Г.Б машин жолоодож явсан. Манайх аймгийн төвөөс зүүн тийш 50 км газарт байдаг. Г.Б нь жолоо барьж байгаа гээд нэг их айраг уухгүй байсан. Архи бол уугаагүй. /хх-ийн 19-20 хуудас/,
Гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр аймгийн төвөөс 16 цагийн орчим Зүүнбаян-Улаан сумын Дэвшил гэх газар байдаг С гэх айлд очиж айраг уух гэж эхнэр Н, дүү С, түүний эхнэр Х хоёр хүүхэдтэйгээ, манай хоёр дүү М, Ц бид хэд хамт явсан. Хөдөөнөөс аймгийн төвд 00 цаг өнгөрч байхад ирээд Арвайхээр сумын 8 дугаар багт Солонго түүний нөхөр Хишигсүрэн хоёрыг хүүхэдтэй нь гэрт нь буулгасан. Тэгээд гэр хорооллын шороон замаар яваад захын хойд талаар явдаг засмал замд нийлээд 7 дугаар хороо руу явдаг засмалаар яваад Алдархайрхан дэлгүүр өнгөрөөд байдаг тойрог дээр явж байтал өмнөөс бүдэг гэрэлтэй мотоцикль урсгал сөрөөд ороод ирэхээр нь би зөрүүлэх гээд зүүн гар тийш буюу эсрэг урсгал руугаа дартал жолоочийн талаас ирээд мөргөөд унасан. Намайг машинаасаа буугаад харахад цэнхэр канттай улаан өнгийн Даюун маркийн мотоцикль миний машины жолооч талын хойд талд хэвтэж байсан. /хх-ийн 21-22 хуудас/,
Гэрч Н.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Машиныг Г.Б жолоодож хажуу талд хадам эгч Н, арын суудалд манай эхнэр Солонго, манай хүүхэд болон М, Ц бид хэд сууж явсан. Би жолоочийн ард сууж явсан. Г.Б жолоогоо солиогүй. Өөрөө унаад явсан. Харин хөдөө байхдаа айраг л уусан. /хх-ийн 23-24 хуудас/,
Гэрч Г.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Г.Б жолоогоо солиогүй. Машиныг өөрөө унаад явсан. Хөдөө байхдаа айраг уусан. /хх-ийн 25-26 хуудас/,
Гэрч Г.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн засмал замыг өгсөж явтал Алдархайрхан дэлгүүрийн хойд тойрог дээр өмнөөс мотоцикльтой хоёр хүн ирж явсан. Тэр мотоцикль урсгал сөрж орж ирэхэд Г.Б нь жолоо барьж явсан ба тоормос гишгэж урсгал сөрж зогссон. Тэр үед бороотой байсан бөгөөд тоормос гишгээд зогсох үед урдаас нөгөө мотоцикль ирээд мөргөчихсөн. Тэгээд Г.Б хойно сууж байсан Мөнхсайхан хоёр гарч яваад эргэж ирээд надаас утсаа өгчих гэхэд утаснууд цэнэггүй унтарчихсан байсан. Тэр хоёр машины ар талд хэвтэж байсан хүмүүсийг босгох гэж их оролдсон. Г.Б түргэн дуудмаар байна гэхэд утас цэнэггүй байсан тул хугацаа алдсан. Тэгтэл дээрээс 3 хүүхэн ирж байсан ба нэг нь гүйж ирээд машин унтраагаад түлхүүрийг нь булаагаад түргэн дуудсан. Тэр хүүхнүүд Мөнгөө, Соронзон гээд нэрээр нь дуудаад байсан. Тэгээд миний утас асаж Г.Б цагдаа дуудсан. /хх-ийн 36-37 хуудас/,
Гэрч Г.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Машиныг Г.Б ах барьж хажууд нь Нямсүрэн эгч, хойд талд нь би Ц хамт сууж явсан. Хүмүүсийг буулгахад би унтаж байгаад сэрээд эргээд унтаад явж байтал эгч Нямсүрэн орилоод түг гээд дуугарахад нь би сэрсэн. Тэгээд юу болов гээд хартал мотоцикльтой явсан хоёр хүнтэй мөргөлдсөн байсан. Мотоцикль нь машины баруун урд унасан. Хүмүүс нь машины ард хэвтэж байсан. Би тэр хоёр хүнийг амьсгалж байна уу гэж хоолойн гүрээний судсан дээр нь дарж үзсэн. Тэгэхэд амьд байсан. Би машин мотоциклийг нэг тойрч үзээд эргээд хүмүүс дээр очтол хойноос 3 хүүхэн гарч ирээд хүн дайрчихлаа шүү дээ гээд машины түлхүүрийг машинаас авчихсан. Тэгээд цагдаа, эмнэлэг ирсэн. Цагдаад нөгөө гурван хүүхэн энэ машин унаж явсан гээд над руу заагаад байсан. Үгүй би унаагүй шүү дээ сайн харчихаад яриарай, би хойноос нь бууж ирээ биз дээ гэж хэлсэн. /хх-ийн 38-40 хуудас/,
Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... С бид хоёр доошоогоо уруу газар байсан учир мотоциклийнхоо гэрлийг асаагаад шааригдаад засмал зам руу ороод явж байтал урдаас нэг жижиг тэрэг гараад ирсэн. Тэр машин замын хоёр талд гараад миний залсан зүг рүү чиглүүлж дараад мурилзсан юм ирээд намайг мөргөчихсөн. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Би мотоциклио унаж явсан. С миний араар сундалчихсан явж байсан. Би дээрээс уруудаж байсан учраас замынхаа ертөнцийн зүгээр баруун талд баруун гараа барьж замынхаа баруун талын урсгалд явж байсан. Харин нөгөө машин урсгал сөрөөд орж ирсэн. Миний унаж явсан мотоцикль 55-22 ӨВЗ улсын дугаартай, улбар шар өнгийн Даюун маркийн мотоцикль байсан. Уг мотоцикль миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй мотоцикль байгаа юм. Би гомдолтой байна. Миний өөрийн мотоцикль эвдэрсэн. Мөн эмчилгээний зардалд гарсан мөнгөө нэхэмжилж авмаар байна. /хх-ийн 42-43 хуудас/,
Гэрч Г.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Д.С гэх өвчтөн надад үзүүлсэн ба тухайн үед үзүүлсэн өвчтөнг сэтгэц мэдрэлийн талаас нь би үзлэг хийсэн. Амбулаторийн үзлэгээр зовиур нь шөнө өвдөнө, хоолоор бөөлжинө, шөнө унтахгүй, болж байгаа зүйлийг сайн ойлгохгүй зовиуртай байсан. Тухайн үедээ мэдрэлийн талаас голомтод өөрчлөлтгүй байсан. Харин сэтгэц талаасаа харц тогтворгүй гөлгөр, үзлэгт идэвхи сул, асуултанд цөөн үгээр хариулж байсан ба командыг будилж биелүүлнэ. Баримжаа муутай байсан ба ээж нь үдээс хойш оройн цагаар дэмий ярьдаг, хүмүүс таньдаггүй, ямаа унасан хүн явна гээд инээгээд байдаг гэж хэлж байсан. 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн үзлэгээр тархины гэмтлийн шалтгааны дэмийрлийн хам шинж, нойргүйдэл хам шинж тэмдэг илэрч байсан. Хүний ярьж хэлж байгааг ойлгож танин мэдэх боломжгүй, мэдүүлэг өгөх чадваргүй байсан. /хх-ийн 49 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн техникийн шинжээчийн дүгнэлтэнд:... Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.4 дэх заалтанд “Зам тээврийн осол нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учирах явдлыг хэлнэ” гэсэн заалт уг хэргийг зам тээврийн осол мөн гэдгийг тодорхойлж байна. Жолооч Г.Б нь 95-54 ӨВР улсын дугаартай Тоёота Аллион маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын ЗХД-ийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”-ыг. Мөн замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а заалт “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтөй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”-ыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн дэд хурандаа Б.Ламчингийн 8071 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 1,4 промилли спиртийн агууламж илэрч байна гэсэн дүгнэлт нь жолооч Б.Б замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а заалт “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтөй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”-ыг зөрчсөн байх үндэслэлтэй. Замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Энхболдын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гаргасан зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна. /хх-ийн 53 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №321 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Д.С ын биед зүүн гайморын хөндийн доод хана, дагз ясны босоо цууралт хугарал, тархины зүүн талын дух, чамархай, зулай хэсэгт цусан хураа болон цус хуралт гайморын хөндий, духны хана дагасан шингэн хурсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтад тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 58 хуудас/,
Хохирогч Д.С ын гэмтлийн талаарх эмчийн тодорхойлолт, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хохирлын баримтууд, иргэний нэхэмжлэгч Б ы гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-ийн 50-51, 86-88, 176, 179-182 хуудас/
Шүүгдэгч Г.Б гийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 031 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн болон мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбарууд /хх-ийн 142-143, 164 хуудас/,
Шүүгдэгч Г.Б гийн урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 144 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Г.Б нь согтуурсан үедээ 2017 оны 08 дугаар сарын 17-ны 01 цаг 40 минутын орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг 31 дүгээр гудамжны үзүүр хэсэгт засмал дээр өөрийн эзэмшлийн 95-54 ӨВР улсын дугаартай Тоёота Алион маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 2 дугаар бүлгийн 2.7а “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Д.С ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д ын манай хүүхэд 2017 оны 08 дугаар сарын 16-ны шөнө мотоцикльтой явж байгаад аваарт орсон. Иргэний нэхэмжлэгч Б.Б ы мотоцикль 500000 төгрөгөөр үнэлэгдсэн. Энэ мөнгийг шүүгдэгчээс авчихсан. Сая 720000 төгрөг, урьд 462000 төгрөг авсан. Ингээд нийт 1182000 төгрөг авсан гэсэн мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д ын 2017 оны оны 08 дугаар сарын 17-ны өглөө 09 цагийн орчимд манай төрсөн эгч Насан-Ундрал над руу утсаар залгаж С аваарт орсон, бие нь муу байна, хурдан ир гэхээр нь ирэхэд Бүсийн оношилогоо эмчилгээний төвийн гэмтлийн тасгийн 305 тоотод манай хүү Д.С ухаангүй, намайг танихгүй, биеийн байдал их хүнд байсан. Гэрч Б.С-н Г.Б гүү тавилцчихаад орой 21 цаг өнгөрч байхад явсан. Явахдаа Г.Б машин жолоодож явсан. Г.Б нь жолоо барьж байгаа гээд нэг их айраг уухгүй байсан. Гэрч Н.Хишигсүрэнгийн машиныг Г.Б жолоодож явсан. Г.Б жолоогоо солиогүй. Хөдөө байхдаа айраг уусан. Гэрч Г.С-н Г.Б жолоогоо солиогүй. Машиныг өөрөө унаад явсан. Хөдөө байхдаа айраг уусан. Гэрч Г.Н-н Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн засмал замыг өгсөж явтал Алдархайрхан дэлгүүрийн хойд тойрог дээр өмнөөс мотоцикльтой хоёр хүн ирж явсан. Тэр мотоцикль урсгал сөрж орж ирэхэд Г.Б нь жолоо барьж явсан ба тоормос гишгэж урсгал сөрж зогссон. Тэр үед бороотой байсан бөгөөд тоормос гишгээд зогсох үед урдаас нөгөө мотоцикль ирээд мөргөчихсөн. Гэрч Г.М машиныг Г.Б ах барьж явсан. Хүмүүсийг буулгахад би унтаж байгаад сэрээд эргээд унтаад явж байтал эгч Нямсүрэн орилоод түг гээд дуугарахад нь би сэрсэн. Тэгээд юу болов гээд хартал мотоцикльтой явсан хоёр хүнтэй мөргөлдсөн байсан. Мотоцикль нь машины баруун урд унасан. Хүмүүс нь машины ард хэвтэж байсан. Гэрч Б.Б ы С бид хоёр доошоогоо уруу газар байсан учир мотоциклийнхоо гэрлийг асаагаад шааригдаад засмал зам руу ороод явж байтал урдаас нэг жижиг тэрэг гараад ирсэн. Тэр машин замын хоёр талд гараад миний залсан зүг рүү чиглүүлж дараад мурилзсан юм ирээд намайг мөргөчихсөн. Би мотоциклио унаж явсан. С миний араар сундалчихсан явж байсан. Би дээрээс уруудаж байсан учраас замынхаа ертөнцийн зүгээр баруун талд баруун гараа барьж замынхаа баруун талын урсгалд явж байсан. Харин нөгөө машин урсгал сөрөөд орж ирсэн. Гэрч Г.Н-н 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Д.С гэх өвчтөн надад үзүүлсэн ба тухайн үед үзүүлсэн өвчтөнг сэтгэц мэдрэлийн талаас нь би үзлэг хийсэн. Амбулаторийн үзлэгээр зовиур нь шөнө өвдөнө, хоолоор бөөлжинө, шөнө унтахгүй, болж байгаа зүйлийг сайн ойлгохгүй зовиуртай байсан. Сэтгэц талаасаа харц тогтворгүй гөлгөр, үзлэгт идэвхи сул, асуултанд цөөн үгээр хариулж байсан ба командыг будилж биелүүлнэ. Баримжаа муутай байсан ба ээж нь үдээс хойш оройн цагаар дэмий ярьдаг, хүмүүс таньдаггүй, ямаа унасан хүн явна гээд инээгээд байдаг гэж хэлж байсан. 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн үзлэгээр тархины гэмтлийн шалтгааны дэмийрлийн хам шинж, нойргүйдэл хам шинж тэмдэг илэрч байсан. Хүний ярьж хэлж байгааг ойлгож танин мэдэх боломжгүй, мэдүүлэг өгөх чадваргүй байсан гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн техникийн шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №321 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Д.С ын гэмтлийн талаарх эмчийн тодорхойлолт, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хохирлын баримтууд, иргэний нэхэмжлэгч Б ы гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Иймд шүүгдэгч Г.Б д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Г.Б д оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,
Шүүгдэгч Г.Б г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч Г.Б д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг түүнд үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолох нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг шүүх үнэлэхэд шүүгдэгч Г.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д ын нэхэмжилсэн хохирогч Д.С од учирсан эмчилгээний зардал болох 2388140 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Б д 1182000 төгрөгийг тус тус төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтууд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д ын хохирол төлбөр авсан талаарх шүүхэд ирүүлсэн баримт, иргэний нэхэмжлэгч Б.Б ы шүүгдэгч Г.Б гээс 1182000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр нотлогдож байна.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д нь шүүгдэгч Г.Б гээс хохирогч Д.С од мэс засал хийлгэхэд гарах зардал гэж 1800000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.С ын цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг,
Шүүгдэгч Г.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тус шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг,
Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөрт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д т 2388140 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Б д 1182000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Бөө овогт Г.Б г согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Бөө овогт Ганхуягийн Б д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Б д оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тус шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг дурьдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б д оногдуулсан 3 /гурван/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг түүнд үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Г.Б г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д ын нэхэмжилсэн 1800000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д нь хохирогч Д.С ын цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
8.Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөрт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д т 2388140 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Б д 1182000 төгрөгийг төлсөн, иргэний нэхэмжлэгч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ