| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэнэдэндоржын Болормаа |
| Хэргийн индекс | 2239000000234 |
| Дугаар | 2022/ДШМ/62 |
| Огноо | 2022-10-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Б |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2022/ДШМ/62
2022 оны 10 сарын 07-ны өдөр 2022/ДШМ/62 Хэрлэн сум
Б.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,
Прокурор Ж.Батбаатар,
Шүүгдэгч Б.Б-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/140 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2239000000234 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 17 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Д” гэх газарт байх Б.Б-ын гэрт тус багийн харьяат Н.М-тай хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж “цайтай аяга шидлээ” гэх шалтгаанаас үүдэн Н.М-ыг цохих, өшиглөх, унагаах зэргээр зодож түүний эрүүл мэндэд нь баруун болон зүүн нүдний доод ухархайн хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун гарын бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би ам бүл дөрвүүлээ амьдардаг. Эхнэр сургуулийн хүүхдүүдээ хараад сумын төв дээр байдаг. Би малаа маллаад хөдөө ганцаараа байдаг. Би гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаасаа гэмшиж байна. Миний бие анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлсөн, хохирогч гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү. Би дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байж чадна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Б.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солиулж ял хөнгөрүүлэх гомдол гаргасан. Б.Б- нь урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, хувийн болон ар гэрийн байдлыг харгалзан түүнд 450.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэв.
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 17 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.М-тай маргалдан зодож түүний эрүүл мэндэд нь баруун болон зүүн нүдний доод ухархайн хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун гарын бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон.
Шүүх шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Анхан шатны шүүхээс Б.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих эсэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал тул хэлэх тайлбаргүй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр түүнд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 17 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 3 дугаар багийн иргэн Б.Б-ын гэрт хохирогч Н.М-тай маргалдаж, түүнийг цохих, өшиглөх, унагаах зэргээр зодож, түүний эрүүл мэндэд нь баруун болон зүүн нүдний доод ухархайн хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун гарын бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хавтас хэргийн 01 хуудас/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 03-05 хуудас/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 хавтаст хэргийн 8 хуудас/,
- Хохирогч Н.М-ын: “...2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ....Б.Б- намайг ...хэл амаар доромжлоод байхаар нь би ууж байсан цайныхаа аягыг Б.Б-ыг чиглүүлээд шидчихсэн юм. Тэгтэл Б.Б- босож ирээд аяга аваад миний толгой руу цохиод нүүр рүү нэг цохиод авсан. ...Б намайг газар унагаагаад хэд хэдэн удаа миний толгой, хүзүү рүү өшиглөсөн. Би “...одоо болно, аллаа ш дээ...” гэж хэлээд хөлийг нь тэвэртэл Б.Б- “...чамайг ална, надад бодсон юм бий...” гээд намайг дахин өшиглөсөн. Тэгээд би ухаан алдчихсан, миний толгой битүү хавдартай, дагзандаа 5 оёдол тавиулсан, нүдний ухархай тойрсон ясны хугарал, баруун мөр өвчтэй хөдлөхөд хэцүү байна. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 13-15 хуудас/,
- Гэрч Б.Б-н: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ...Н.М-, Б.Б- бид гурав 1 шил архи хувааж уусан, Н.М- Б.Б- руу цайтай аягаа шидээд нүүрийг нь оночихсон юм. Тэгтэл Б.Б- нөгөө аягыг нь аваад буцаагаад Н.М- руу шидээд тэр хоёр барьцалдаад авахаар нь гэрийн эзэн гарцгаа гэтэл тэр хоёр барьцалдсан чигээрээ гараад явсан. Удалгүй Б бид хоёр араас нь гартал Б.Б-, Н.М- хоёр барьцалдчихсан Н.М-ын хамраас цус гарсан байсан. Тэгээд бид хоёр салгаад Н.М-ыг Б хүргэж өгөхөөр явсан. ...Н.М-ын хамар болон толгойноос нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 22-23 хуудас/,
- Гэрч Б.Н-н: “..Н.М- цай ууж байгаад Б.Б-тай маргалдаж эхлээд Н.М- аягаа Б.Б- руу шидчихсэн. Б.Б- босож ирээд Н.М- тэр хоёр зууралдаад эхлэхээр нь манай нөхөр Б “та нар битгий гэрт муудалцаад бай” гээд гаргасан. Тэгээд тэр хоёрыг гарсны дараа Баяржаргал, Баяраа хоёр араас нь гарсан. Удалгүй манай нөхөр намайг дуудаад нойлын цаас гаргаад ир гэхээр нь аваад гартал Н.М-ын хамраас нь цус гарч байсан. Тэгээд Б Н.М-ыг хүргэж өгөхөөр явсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 26-27 хуудас/,
- Гэрч Д.Б-н: “..Н.М- Б.Б- хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгтэл Н.М- цайтай аягаа Б.Б-ын нүүр рүү нь шидтэл Б.Б- газраас аягаа аваад босож ирээд тэр хоёр нэг нэгнийхээ энгэрээс зууралдаад байхаар нь би тэр хоёрыг “гэрт битгий зодолдоод бай гар” гэтэл зууралдаатай чигээрээ гэрээс гарсан. Удалгүй би араас нь гартал Н.М-ын хамраас нь цус гарчихсан Б.Б- тэр хоёр зууралдаад зогсож байсан. Б.Б- Н.М-ыг 2 удаа цохиод 1 өшиглөсөн. Б бид хоёр Б.Б-, Н.М- хоёрыг салгаад би Н.М-ыг эгчийнд нь хүргэж өгсөн. Б.Б-ын нүүр хэсэг нь шалбарсан байсан. Гэрт байхад Н.М-ын толгойноос нь цус гарч байсан, гадаа гараад хамраас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 30-31 хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 232 дугаартай: “...Н.М-ын биед баруун болон зүүн нүдний доод ухархайн хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, баруун гарын бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх Ухархайн хананы хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1 хавтаст хэргийн 44-45 хуудас/,
- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 345 дугаартай “Б.Б-ын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх шинжээчийн дүгнэлт /1 хавтаст хэргийн 52-53 хуудас/,
- Яллагдагч Б.Б-ын: “...2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ....Б ах бид хоёр Б ахын гэрт ороод цай уугаад сууж байхад араас Н.М- ах ирсэн. ...Н.М- ах гэрт орж ирээд удалгүй “чи намайг хулгайч гэж хэллээ” гээд ууж байсан цайтай аягаа над руу чулуудаад миний баруун шанаа хэсэгт онохоор нь би аягыг нь буцааж авч чулуудаад Н.М- ахын толгойн орой хэсэгт оносон. ...Н.М- ах бид хоёр барьцалдаж авахад Б ах “та хоёр айлд битгий зодолдоод бай” гэхээр нь бид хоёр гэрээс барьцалдаатай гарсан. Гэрээс гарч байхдаа Н.М- ах баруун гараараа миний хүзүү шанаа хэсэгт нийт 2 цохисон. Би гэрээс гараад баруун гараараа Н.М- ахын нүүр хэсэгт 2-3 удаа цохиод газар унахаар нь цээжинд нь 1 удаа, нүүрэнд нь 1 удаа өшиглөсөн. Н.М- ах бид хоёрыг зодолдож байхад Б, Б ах нар салгасан. Н.М- ахын 2 нүд хавдсан, хамраас нь цус гарсан байсан. Н.М- ахын биед учирсан дээрх гэмтлийг би учруулсан. Миний биед учирсан гэмтэл шарх байхгүй...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 64-66 хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, шүүгдэгчийн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-д 600 /зургаан зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч Б.Б-ын гаргасан “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/140 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ын гаргасан “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭНСМАА
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Г.БОЛОРМАА