Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2019/0796

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн би Нийслэлийн прокурорын газрын дүгнэлттэй, Нийслэлийн Тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч Д.Т*******д холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Дүгнэлт гаргагч шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ... Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.М******* би, Нийслэлийн тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Д.Т******* 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Д.Б*******ыг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.6 дугаар зүйлийн 13 дахь хэсгийг үндэслэл болгон 01******* дугаартай шийтгэлийн хуудсаар тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн материалыг хянахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Нийслэлийн тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Д.Т******* нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шалгалт хийх явцдаа хуульд заасан журмын дагуу хуулийн'этгээд үүсгэн байгуулж үйл ажиллагаа явуулаагүй, хувиараа авто үйлчилгээ эрхэлдэг иргэн Д.Б*******ыг Авто үйлчилгээ - Ангилал, Ерөнхий шаардлага MNS 5025:2010 стандарт-ын шаардлага хангаагүй гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.6 дугаар зүйлийн 13 дахь хэсгийг үндэслэл болгон тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Авто тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.18 дахь хэсэгт ... авто үйлчилгээний байгууллага гэж автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдон гарах үйлчилгээг хэрэглэгчид үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг гэж хуульчилсан, мөн Авто үйлчилгээ - Ангилал, Ерөнхий шаардлага MNS 5025:2010 стандарт-ын 4-4.1.2 дахь хэсэгт ...авто үйлчилгээний байгууллага автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдон гарах үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага ... гэж заасан.

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.6 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт Авто үйлчилгээний байгууллага нь хуульд заасан шаардлагыг хангаагүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заасан бөгөөд Авто үйлчилгээний байгууллагыг дээрх хуульд зааснаар ойлгоно. Энэ зүйлийн хүн гэдэгт хуулийн этгээд, түүний ашиг сонирхлын төлөө зөрчил үйлдсэн хүн тус бүрд шийтгэл оногдуулах, нэг зөрчилд хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан тохиолдолд хүнд шийтгэл оногдуулж болох тухай зохицуулалт юм.

Холбогдогч Д.Б*******ын үйлдсэн дээрх зөрчил нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 9.1 дэх хэсэгт заасан Үндэсний стандартыг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална. гэж заасны дагуу Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 50 дугаар тогтоолоор баталсан Авто үйлчилгээ - Ангилал, Ерөнхий шаардлага MNS 5025:2010 стандарт-ын шаардлага хангаагүй зөрчил байх бөгөөд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14,6 дугаар зүйлийн 9 дэх хэсгээр шийтгэл оногдуулах атал авто үйлчилгээ эрхэлж буй иргэнийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.6 дугаар зүйлийн 13 дахь хэсгээр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Нийслэлийн тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Д.Т*******ийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 01******* дугаартай шийтгэлийн хуудсаар тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.

Зөрчилд холбогдогч Д.Б******* нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн эсэх талаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорт хянуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Д.Т******* 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Нийслэлийн тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Д.Т******* би Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.М*******ы 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 38 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Иймд шүүх хурал хийлгүйгээр зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: ...миний бие нь Дэнсмаа овогтой Б******* нь 2018 оны 09 дүгээр сарын сүүлээр авто засварын үйл ажиллагаагаа зогсоосон үнэн, авто засварын үйл ажиллагааг зогсоож байхад мэргэжлийн хяналтын байцаагч Д.Т******* нь шалгалт хийсэн. Би тухайн үед нь үйл ажиллагаагаа зогсоож байгаа тул торгохгүй байж болохгүй юм уу гэж асуусан. Болохгүй гэж хэлсэн. Тэгээд торгуулийг төлсөн үнэн. Шүүх хуралд оролцож чадахгүй хөдөө ажилладаг тул... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.М******* нь Нийслэлийн Тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Д.Т*******ийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 01******* дугаартай шийтгэлийн хуудсаар тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт гаргасан.

Уг прокурорын дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн Тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Д.Т******* нь хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бичгээр илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасны дагуу Нийслэлийн Тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Д.Т*******ийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 01******* дугаартай шийтгэлийн хуудсаар тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно., 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасны дагуу уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй тухай шүүгчийн захирамжийн үр дагаврыг хариуцагчид тайлбарлан танилцуулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан Нийслэлийн Тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Д.Т*******ийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 01******* дугаартай шийтгэлийн хуудсаар тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН