| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Батмөнх |
| Хэргийн индекс | 181/2024/04920/И |
| Дугаар | 181/ШШ2024/03686 |
| Огноо | 2024-10-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 181/ШШ2024/03686
2024 10 02 181/ШШ2024/03686
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, байрны тоотод оршин суух, О овогт Ц.Ц.../РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б овогт Д.Н.. /РД: /-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхтайван оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Ц нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Н...ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Миний бие Д.Н...тэй 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 6.600.000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлүүлсэн бөгөөд зээлдэгч Д.Н... нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Түүний оршин суух газрын харьяаллаар Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд Д.Н...ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ц.Цгийн цахим үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон оршин суух хаягийн лавлагаа, 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн дугаар Зээлийн гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 129/ШЗ2024/0 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ц.Ц нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Н...ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэж шүүх хуралдааныг өөрийнхөө эзгүйд хийж хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
1. Д.Н... нь Ц.Цтой 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 6.600.000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлснээр талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.
Уг гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд Д.Н... хариуцагч болох хуульзүйн үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж хариуцагчид холбогдуулан Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч Д.Н... байнга оршин суух хаяг болох Архангай, Эрдэнэбулган дугаар баг, Тамир тоот хаягт оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 129/ШЗ2024/01 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн дээрх захирамж хуулийн хүчин төгөлдөр байх тул шүүх дахин нотлох шаардлагагүй гэж үзэв.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1., 155.4 дэх хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч Ц.Цгийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Н...ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяаллаар Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Б овогт Д.Н.. /РД: /-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Д.Н...ийн эрэн сурвалжлах, оршин суугаа газрын хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Д.Н.. /РД: /-ийн оршин суугаа хаягийг олж тогтоон Ц.Ц /утас: /-д мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ