| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэнэдэндоржын Болормаа |
| Хэргийн индекс | 2239000000235 |
| Дугаар | 2022/ДШМ/63 |
| Огноо | 2022-10-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Б |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2022/ДШМ/63
2022 оны 10 сарын 07-ны өдөр 2022/ДШМ/63 Хэрлэн сум
О.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,
Хяналтын прокурор Ж.Батбаатар,
Шүүгдэгч О.Б-,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урантуяа нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/145 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Б-, хохирогч Б.Б- нарын гаргасан давж заалдах гомдлоор О.Б-т холбогдох эрүүгийн 2239000000235 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч О.Б- нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний шөнө 02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Б.Б-тэй урьдын амьдралаас болж маргалдан улмаар алгадах, үсдэх, түлхэх хэлбэрээр зодож, Б.Б-ийн эрүүл мэндэд нь толгойн дагзны хэсгийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Миний бие хөгжлийн бэрхшээлтэй /2 нүд харахгүй/ эхийгээ асардаг ба гэртээ ганцаараа ажил хийж хоол ундаа залгуулдаг хүн тул анхан шатны шүүхээс надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэв.
Хохирогч Б.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Миний бие нөхөр О.Б-т ямар нэгэн гомдол саналгүй, О.Б- нь хөгжлийн бэрхшээлтэй эхийгээ асардаг, гэрээсээ гарцаараа ажил хийж гэр бүлээ тэжээдэг хүн тул түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэжээ.
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: шүүгдэгч О.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт О.Б-ийн хувийн байдал, ар гэрийн байдал, хохирогчоос гаргасан хүсэлт зэргийг нь харгалзан О.Б-т торгуулийн ял оногдуулах санал гаргаж байсан.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн тул анхан шатны шүүхээс 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан гэж үзэж байна. Мөн О.Б- нь урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 921 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан. Энэ хувийн байдал нь анхан шатны шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн байх гэж үзэж байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ийг 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-, хохирогч Б.Б- нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр О.Б-т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Шүүгдэгч О.Б- нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний шөнө 02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Б.Б-тэй маргалдан алгадах, үсдэх, түлхэх хэлбэрээр зодож Б.Б-ийн эрүүл мэндэд нь толгойн дагзны хэсгийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хавтаст хэргийн 01 хуудас/,
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 3-4 хуудас/,
- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №350 дугаартай: “...Б.Б-ийн биед толгойн дагзны хэсгийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1 хавтаст хэргийн 36-37 хуудас/,
- “Бэрх” эрүүл мэндийн төвийн эмнэлгийн тодорхойлолт /1 хавтаст хэргийн 38 хуудас/,
- О.Б-ийн гэр бүлийн бүртгэлийн талаарх лавлагаа /1 хавтаст хэргийн 54 хуудас/,
- Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1 хавтаст хэргийн 97-98, 108-109 хуудас/,
- Хохирогч Б.Б-ийн: “...2022 оны 04 дүгээр сарын 28-ны орой 21 цагийн орчим нөхөр О.Б-, найз Т, Т нарын хамтаар 750 граммын “С” нэртэй архи 2 шилийг, “С” нэртэй 2.5 литрийн пиво зэргийг уусан. ...Тэгээд бид хоёр орон дээр хэвтэж байгаад урьдах амьдралаас болж хоорондоо хэрүүл маргаан гарсан. О.Б- намайг 1 удаа хацар орчим алгадаж, үснээс зулгааж шалан дээгүүр чирч гал тогооны өрөөнд оруулж толгойн ар хэсэгт юмаар цохиж гэмтэл учруулсан, толгойноос цус гарахаар нь цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд намайг аваад Бэрх тосгоны эрүүл мэндийн төвд очиж үзүүлээд толгойн ар хэсэгт 3 оёдол тавиулсан.” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 09-10 хуудас/,
- Гэрч Э.М-н: “...2022 оны 04 дүгээр сарын 29-ний шөнийн 02 цагийн орчим Батноров сум дахь цагдаагийн тасаг дээр үүрэг гүйцэтгэх хугацаанд манай нөхөр миний толгойн тус газарт гэмтэл учруулсан гэх дуудлага ирсэн. Тэгээд дуудлагын очиход О.Б- нь хамтран амьдрагч Б.Б-ийн толгойн ар хэсэгт гэмтэл учруулсан байсныг хэсгийн төлөөлөгчид мэдэгдэж Б.Б-ийг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэхээр Бэрх тосгоны эрүүл мэндийн төвд хүргэж өгсөн. ...Тухайн үед О.Б- нь 2.01 хувь, Б.Б- нь 1.23 хувийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 22-23 хуудас/,
- Яллагдагч О.Б-ийн: “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 49-50 хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.6-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг хамтран амьдрагч” гэж тодорхойлсон ба хэрэгт авагдсан хохирогч Б.Б-ийн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 10 хуудас/-ээр О.Б-, Б.Б- нар хамтран амьдраад 7 жил болж байгаа, хамтран амьдарч байх хугацаандаа О.Б- нь Б.Б-тэй маргалдан түүнийг зодож, толгойн дагзны хэсгийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон, шүүгдэгчийн тухайн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, шүүгдэгчийн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал болох өмнө нь энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-т 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Иймд шүүгдэгч О.Б-, хохирогч Б.Б- нарын гаргасан “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/145 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Б-, хохирогч Б.Б- нарын гаргасан “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭНСМАА
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Г.БОЛОРМАА