Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2019/0783

 

Нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, А.Элбэгзаяагийн нэхэмжлэлтэй, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох ... Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/156 дугаар тушаалыг, мөн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн Б/146 дугаар тушаалын хавсралтын 36-д заасан ... Б.Мөнхтөр ... Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга ... гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Б.Элбэгзаяаг буцаан томилоогүй үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хууль тогтоомжид заасны дагуу Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргын, Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын буюу удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулалт явуулахыг даалгах, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд мэргэжлийн дагуу ажил, албан тушаалд томилогдох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагч нарын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 02/06 дугаартай эвлэрлийн гэрээнд:

Нэхэмжлэгч А.Элбэгзаяагийн нэхэмжлэлтэй, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд мэргэжлийн дагуу ажил, албан тушаалд томилогдох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар дараах байдлаар харилцан тохиролцож, энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав.

Нэг. Гэрээний зүйл, нөхцөл

 

1.1 Нийслэл дэх Захиргааны хэргийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй дээрх шаардлага бүхий захиргааны хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч Б.Элбэгзаяа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбаатар, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэцэг-Өлзий нар дараах зүйл, нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож, энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав.Үүнд:

Нэхэмжлэгчийн зүгээс дараах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзав.

1. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/156 дугаар тушаалыг,

2. Мөн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн Б/146 дугаар тушаалын хавсралтын 36-д заасан ... Б.Мөнхтөр ... Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга ... гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах,

3. Б.Элбэгзаяаг буцаан томилоогүй үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,

4. Хууль тогтоомжид заасны дагуу Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргын, Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын буюу удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулалт явуулахыг даалгах гэсэн.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн дараах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөв.

1. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн газарт мэргэжлийн дагуу цалин хөлс, зэрэг дэвийг нь бууруулахгүйгээр, Ахлах мэргэжилтэн-ний ажил, албан тушаалд томилохыг,

2. Нэхэмжлэгч Б.Элбэгзаяад 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх 2 сарын хугацааны цалин болох Ахлах мэргэжилтэн-ий ажил, албан тушаалтантай дүйцэхүйц хэмжээгээр зэрэг дэв, ажилласан жил, бусад нэмэгдэл зэргийг оруулан нийт 2.500.540 /Хоёр сая таван зуун мянга таван зуун дөчин төгрөг/-ийг олгохыг,

3. Мөн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 21 -ний өдрийн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг.

Хоёр. Гэрээг баталж, баталгаажуулах

2.1. Энэхүү гэрээгээр нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрэл нь хуульд харшлахгүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй.

2.2. Гэрээний 1.1-т заасөн нөхцөл, зүйлийг хоёр тал буюу нэхэмжлэгч, хариуцагч нар тус тус зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулахаар тохиролцов.

Гурав.Тэмдэгтийн хураамжийн талаар

3.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болж байгаа тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэхийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн А.Элбэгзаяагийн нэхэмжлэлтэй, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч болон хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч А.Элбэгзаяа /итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбаатар/, хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэцэг-Өлзий/ нар Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулсныг шүүхээс хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д: .... хариуцагчтай эвлэрэх эрхтэй, хариуцагч нь мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д: ... нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй гэсэн хуульд заасан эрхээ тус тус хэрэгжүүлэхийн сацуу эвлэрлийн гэрээ нь дээрх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1: Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, мөн зүйлийн 68.2-т: Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна гэж заасанд нийцсэн буюу маргаанаа дуусгавар болгож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан шүүхэд ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч А.Элбэгзаяа олгосон итгэмжлэлдээ[1] хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал олгосон итгэмжлэлдээ[2] Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5-д заасан эвлэрэх эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбаатар, С.Цэцэг-Өлзий нарт тус тус олгосон байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэх саналыг гарган хэрэгжүүлж байгаа нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйлдлийг хүлээн авах үндэслэлтэй, уг эвлэрэл нь хуульд харшлаагүй байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн биелүүлэх талаар тохиролцож эвлэрсэн нь хэн нэгэн гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн этгээдийн хүсэлтээр болон шүүхийн санаачилгаар хэн нэгэн этгээдийг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй болохыг тэмдэглэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т: Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зохицуулсан байдаг. Тэгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэхдээ шүүхийн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй боловч мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар шийдвэрлэхийг зөвшөөрсөн байна. Иймд нэхэмжлэгч А.Элбэгзаяагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хяaнан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Элбэгзаяа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбаатар, хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэцэг-Өлзий нарын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 2/06 дугаар эвлэрлийг баталж, иргэн А.Элбэгзаяагийн нэхэмжлэлтэй, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох /128/2019/0222/З индекстэй/ хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН

 

 

 

 

 

 

 

[1] 1-р хавтаст хэргийн 16-р хуудас

[2] 1-р хавтаст хэргийн 31-р хуудас