Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/64

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 07-ны өдөр                    2022/ДШМ/64                       Хэрлэн сум

 

С.А-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор Ж.Батбаатар,

Шүүгдэгч С.А-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/156 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.А-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2239000000261 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч С.А- нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны шөнө сагсан бөмбөгийн талбайд М.С.А-тай сагсан бөмбөг тоглосон алдаанаас үүдэн маргалдан нүүрэн хэсэгт нь гараараа нэг удаа цохиж М.С.А-ын эрүүл мэндэд хамар ясны зүүн хажуу ханын дотогш цөмөрсөн, гайморын хөндийн гадна ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулахаар тус тус заан шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч С.А- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ ямар нэгэн маргаан байхгүй, хохирогч М.С.А-тай сайн дураараа эвлэрч түүний эмчилгээний зардалд 500.000 төгрөгийг өгсөн. Хохирогч М.С.А- нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг шүүхэд  бичгээр ирүүлсэн.

Миний бие 22 настай, эхнэр авч шинээр гэр бүл болоод 2 жил болж байгаа бөгөөд бидний дундаас охин А.А төрсөн, охин маань одоо 1 нас гарантай, эхнэр эрхэлсэн тодорхой ажилгүй, миний бие цахилгаанчин мэргэжилтэй бөгөөд уг мэргэжлээрээ ажил хөдөлмөр эрхэлж амьдрал ахуйгаа залгуулдаг  залуу гэр бүл юм. Дөнгөж амьдралд хөл тавьж буй залуу насандаа алдаа гаргаж гэмт хэрэгтэн болсондоо маш их харамсаж өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийсэн. Цаашид үр хүүхэд амьдралынхаа төлөө хичээж ажиллана. Миний дээрх буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, мөн хувийн байдал зэргийг минь харгалзан энэрэнгүй ёсны зарчмыг үндэслэн торгуулийн шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “С.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, зүйлчлэлийн талаар маргадаггүй. С.А- нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс цэцэрлэгт жижүүрээр ажилд орсон, эхнэр нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Хэрэв анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдэлбэл ажлаас чөлөөлөгдөх нөхцөл байдал үүсээд байна. С.А- нь хөдөө суманд амьдардаг тул ажлын байр ховор. С.А- нь гэмт хэрэг үйлдэгдэх үед хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн байдаг. Иймд С.А-ын эдгээр хувийн байдлыг харгалзан үзэж түүнд 500.000 төгрөгийн мөнгөн торгуулийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэж өгнө үү” гэв. 

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.А- нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны шөнө сагсан бөмбөгийн талбайд М.С.А-тай сагсан бөмбөг тоглосон алдаанаас үүдэн маргалдан нүүрэн хэсэгт нь гараараа нэг удаа цохиж М.С.А-ын эрүүл мэндэд хамар ясны зүүн хажуу ханын дотогш цөмөрсөн, гайморын хөндийн гадна ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна. Шүүгдэгч С.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Анхан шатны шүүхээс С.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн байх тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр түүнд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Шүүгдэгч С.А- нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны М.С.А-тай тоглоомоос үүдэн маргалдаж нүүрэнд нь гараараа цохиж хамар ясны зүүн хажуу ханын дотогш цөмөрсөн, гайморын хөндийн гадна ханын хугарал хамрын таславчийн мурийлт, нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 415 дугаартай: “...М.С.А-ын биед хамар ясны зүүн хажуу ханын дотогш цөмөрсөн, гайморын хөндийн гадна ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь хэрэг  болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл. Дээрх хамар  ясны  зүүн хажуу ханын дотогш цөмөрсөн, гайморын хөндийн гадна ханын хугарал, хамрын таславчний мурийлт, нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд  нь тус бүрдээ болон бүрдэл хэсгээрээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1 хавтаст хэргийн 16-20 хуудас/,

 

- Хохирогч М.С.А-ын өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 20-ны орой С.А-, Э, Ж бид нар сагсан бөмбөг тоглосон. ...Гэтэл С.А- нь би чамайг бөмбөг шидэхээс чинь өмнө алдаа хийсэн, сүүлийн орсон бөмбөгийг тооцохгүй гэж надтай маргалдаад намайг нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би уурлаад гадуурх хувцсаа тайлаад хоёулаа үзэх үү гэсэн чинь М намайг хориглосон. С.А- нь М-н араас миний нүүр рүү нэг удаа цохьсон. Миний хамраас цус гараад тогтохгүй болохоор нь С.А- аавыгаа дуудаад намайг эмнэлэг рүү авч явсан....” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 11-12 хуудас/,

 

- Гэрч Х.Ж өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 20-ны орой ....М.С.А-, С.А- хоёр сагсан бөмбөг тоглож байгаад алдаанаас болж хоорондоо муудалцаад заамдалцахаар нь би салгасан. ...М.С.А- хувцсаа тайлаад эр хүн шиг зодолдъё гэхээр нь би боль гэж хэлээд тэр хоёрыг салгах үед жижиг М.С.А- эхлээд нэг цохиод авсан. Тэгсэн чинь С.А- зөрүүлээд нэг удаа цохисон. ...М.С.А- манайд ороод ус уугаад хамраас нь гарсан цусаа угаасан. ...удалгүй С.А-ын аав манайд ирээд М.С.А-ыг дагуулаад эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 29-30 хуудас/,

 

- Гэрч Э.М-н өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 20-ны орой талбай дээр ...М.С.А-, С.А- хоёр алдаанаас болж маргалдсан. Намайг “боль гэж хэлэхэд хэрэлдээд, заамдалцаад салахгүй байсан. Тэгээд С.А- М.С.А-ыг нэг удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 49-51 хуудас/,

 

- С.А-ын яллагдагчаар өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 20-ны орой ...Хэрлэн сумын 2-р баг Булгийн 12 дугаар эгнээнд байдаг сагсан бөмбөгийн талбайд сагсан бөмбөг тоглож байгаад М.С.А- гэх залуутай алдаанаас болж маргалдаад муудах үедээ нэг л удаа гараараа цохисон. ...Тухайн үед бид хоёр хоёр биеэ нэг нэг удаа л цохисон. ...би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 38-39 хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

            Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

            Анхан шатны шүүх шүүгдэгч С.А-ын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийг зөв зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

            Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцэж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангаж байх учиртай.

 

Шүүгдэгч С.А-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсны дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, төлбөрийг нөхөн төлсөн байдал, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчийн гаргасан “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/156 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж, 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр 300.000 төгрөгөөр төлөхөөр тогтоосугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-т торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.” гэсэн заалтыг нэмж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.БОЛОРМАА

           

                           ШҮҮГЧИД                                                 Д.БАЙГАЛМАА

 

                                                                                             Б.ДЭНСМАА