Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 118/ШШ2024/0022

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* ХХК

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын Засаг дарга нарын хоорондын

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Р., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э., У.*******, хариуцагч ******* сумын Засаг дарга А.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бямбасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч ******* ХХК  нь Завхан аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 2023, 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна..

2. Хэргийн нөхцөл байдал. Анх Завхан аймгийн *******, Сантмаргац, Цэцэн-Уул сумдын нутагт орших “Хөдөө” нэртэй ******* тоот 21835.69 га хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газрыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шийдвэрээр “*******” ХХК-д олгож, Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 496 дугаар шийдвэрээр дээрх тусгай зөвшөөрлийг ******* ХХК-д шилжүүлсэн байна. ******* ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр дээрх хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газраас 16006.67 га газрыг хэсэгчлэн буцааж, *******, Сантмаргац сумын нутаг дахь 5829.02 га газарт хайгуул хийхээр болсон байна. Нэхэмжлэгч компани нь 2021, 2022 онуудад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хариуцагчаар батлуулсан. 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар ******* сумын Засаг даргад хандаж, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1/118, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/166 дугаар албан бичгүүдээр татгалзсан хариу авсан.

3. Нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нараас Манай компани Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ биелүүлж ирсэн боловч хариуцагч нь ямар нэгэн үндэслэлгүйгээр татгалзсан гэж, хариуцагч нь  Хөдөө нэртэй XY-018509 тоот 5829.2 га бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газар нь *******хайрхан хэмээх уул ус бүхий онгон дагшин байгальтай, иргэдийн шүтдэг овоо тахилгатай, ******* сумын төдийгүй Сартуул түмний шүтээн хайрхан уултай, тус газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан тул байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан гэж тайлбарлаж байна.

4. Нэхэмжлэгч нь дээрх байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахгүй байгаа талаарх гомдлоо Завхан аймгийн Засаг даргад 2023 оны 11 сарын 27-ны өдөр гарган Завхан аймгийн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын 2023 оны 12 дүгээр сарын 07-ны өдрийн 6/1108 дугаар албан бичгээр хариу авснаар 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “................” ХХК нь 2018 онд хайгуулын тусгай зөвшөөрлийг худалдан авсан. 2018 оноос хойш хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулаад тусгай зөвшөөрөл бүхий 21,835 га газраа жижиглээд, Цэцэн-Уул сумын нутаг дэвсгэр болон шүтээн уул болох ******* Хайрхан уул зэрэг талбайг хасаад 5,129 га газар болгон хайгуул хийх зөвшөөрөлтэй талбайн хэмжээг багасгасан.

Манай компани 380 гаруй га талбайг буцааж өгөх хүсэлтээ гаргасан удахгүй шийдвэр нь гарах байх. Одоо ******* сумын нутаг дэвсгэрийн 982.2 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байгаа. 2019 онд манай компани судалгааны ажил явуулж байхад орон нутгийн ард иргэдийн эсэргүүцлээс болж ажлаа зогсоосон байдаг. 2019 оноос хойш орон нутагт хуулийн дагуу ажиллахад хүндрэлтэй болж эхэлсэн. Тухайн үед менежментийн төлөвлөгөөг 2018-2021 оны хооронд баталсан байсан. Тухайн үед ******* гэх Засаг дарга байсан. 2021 оноос хойш А.******* даргатай харилцаж эхэлсэн. 2021 оноос удаа дараа компанийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж, хөндлөнгөөс оролцож эхэлсэн. Үл ойлголцсон байдалтай явж ирсэн. Ноднин хайгуулын үйл ажиллагаа явуулж чадаагүй учраас шүүхэд гомдол гаргасан. А.******* даргад бичгээр, биечлэн хандаж байсан. 2024 онд мөн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах гэсэн мөн татгалзсан хариуг авсан. Манай компани орон нутагтай удаа дараа хамтран ажиллах гэрээг хүргүүлж байсан. ******* сумын Тариат багийн иргэд, айлуудаар биечлэн явж, хайгуулын ажлын талаар танилцуулан тайлбарлаж, байсан. Тариат багийн иргэдийн Нийтийн хуралд биечлэн оролцож байсан.

Хайгуулын ажлын талаар газар шороог нь ухаж хөндөнө гэх байдлаар худал мэдээллээр турхирдаг цөөн хүн байдаг. Үүнийг би биеэрээ мэдэрсэн. Яам, ашигт малтмалын газар, Засгийн газраас олгосон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг хичээж өнөөдрийг хүрч ирсэн. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Байгаль орчны яам, Сайдын 2019 оны  68 дугаар тогтоолд дурдсан загварын дагуу боловсруулж хүргүүлсэн. Тиймээс 2023, 2024 оны байгаль орчны төлөвлөгөөг батлахыг даалгаж өгнө үү? хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023, 2024 оны байгаль орчны менежментийг төлөвлөгөөг Ашигт малтмал, газрын тосны яамнаас үзэж шалган батлаад өгсөн. Ийнхүү зохих байгууллагаас нь баталсан байхад хариуцагч талын гаргаж буй тайлбар нь үндэслэлгүй байна гэж бодож байна гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмалын тухай хуулийн 40.3-т тус хуулийн 40.1, 40.2-т заасан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тус хуулийн 38.2-т заасны дагуу сумын Засаг дарга батлах үүрэгтэй. ******* сумын Засаг дарга өөрийн үүргээ хэтрүүлэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй гэх үндэслэлээ хуульд заагаагүй үндэслэлээр тайлбарладаг. Шалтгаан нь хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай шүтээн уултай ойролцоо байрлах тул танай компанитай хамтран ажиллахгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй гэдэг.

Хариуцагч нь иргэдийн хүсэл зоригийн дагуу шийдвэр гаргасан гэж байна. Хариуцагчийн өмгөөлөгч төлөвлөгөөний зарим зүйл заалт шаардлага хангахгүй байгаа талаар тайлбарлаж байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарлаад байгаа үндэслэлээр ямар нэгэн шийдвэр гарсан зүйл хавтаст хэрэгт огт байхгүй. Хариуцагчийн бодож шийдвэрлээгүй зүйлийг шүүх хуралдаан дээр нөхөж ярьж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй гэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар “дээд шатны байгууллагад гомдлоо гаргана” гэж заасан.

Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсэгт “хуульд заасны дагуу хүлээн аваад, шийдвэрлэж хариу өгнө” гэж хуульчилсан. Иргэдээс төрийн байгууллагад гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлэх тухай хуулийн 15.4-т “өргөдөл гомдлыг шийдвэрлэх, эсвэл хариуг биечлэн буюу амаар, харилцах утсаар зэрэг аль тохиромжтой байдлаар мэдэгдэнэ” гэж заасан. Тиймээс урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн байна гэж үзэж байна. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн нь гэрч Азжаргалын мэдүүлгээр шүүхийн шийдвэр гарахаас өмнө хариу өгөх боломжгүй гэдгийг илэрхийлсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгчийн ярьж буй үндэслэлийг сумын Засаг дарга албан ёсны эс үйлдэхүй гаргахдаа огт дурдаагүй, иргэдийн хүсэл зоригийг үндэслэн гаргасан гэдгээ илэрхийлсэн. Иргэдийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлж ажиллаж байгаа гэж тайлбарлаж байна. Иргэд Нийтийн хурлаас орон нутгийн тусгай хэрэгцээнд авч байгаа ******* Хайрхан уул ........ ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий нутаг дэвсгэрт үл хамаарч байна.

Хуульд зааснаар сумын Засаг дарга тухайн менежментийн төлөвлөгөөг зөв, буруу эсэх энэ төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явагдах боломжтой эсэхийг хянан батлан үүрэгтэй. ******* сумын Засаг дарга тусдаа бие даасан субъект юм шиг хайгуулын тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас олгосон байхад байгаль орчны  менежментийн төлөвлөгөөг хуульд заагаагүй үндэслэлээр батлахгүй байгаа эс үйлдэхүй гаргаж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь 2023, 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүйтэй холбоотой Сумын Засаг даргын татгалзсан шийдвэрийг эс үйлдэхэй гэж үзэж байна.

2023 онд хамгийн сүүлд ******* сумын Засаг дарга 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/166 дугаартай албан тоотоор 2023 байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газраа хүлээлгэж өг гэх албан бичиг ирүүлсэн байдаг. Энэхүү албан бичгийг аваад дээд шатны албан тушаалтанд нь гомдол гаргасан. Сумын Засаг даргын 1/166 тоот албан бичиг нь ерөнхийдөө хууль зүйн үндэслэл заагаагүй  байдаг. Шүүхэд гаргасан тайлбар дээрээ хариуцагч ******* Хайрхан шүтээн уул нь хайгуул хийх нутаг дэвсгэрт хамаарч байна гэж үзээд зөвшөөрөл өгдөггүй. Энэ талаараа  ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй. Он гарснаас хойш 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө ашигт малтмалын газарт хянуулаад, тухайн ******* сумын Засаг даргад хандсан. 2023 оны байгаль орчны төлөвлөгөөг батлахтай холбогдсон маргаан шийдвэрлэгдэхээс өмнө хариу өгөх боломжгүй гэсэн байдаг. Энэхүү албан бичгийг аваад аймгийн Засаг даргад гомдол гаргасан байдаг. Аймгийн Засаг дарга гомдлыг хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс рүү цохсон. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга 2023 оны байгаль орчны төлөвлөгөөг батлуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хариу өгөх боломжгүй, сонгууль өнгөртөл албан бичгээр хариу өгөх боломжгүй гэдгийг амаар тайлбарлан хариу ирүүлсэн учир хуульд заасан 30 хоногийн хугацааг хүлээх шаардлагагүй гэж үзээд шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байгаа. 

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэдэг нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.8-д заасан төлөвлөгөөг хэлнэ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 дугаар тушаалын хавсралтаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хянах, тайлагнах  журмыг боловсруулсан. Тус журмын 1.2-т тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.8-д заасан төлөвлөгөөг ойлгоно гэж заасан. Компани хайгуулын тусгай зөвшөөрөлтэй бол жил бүр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар заасан. Практик дээр 3 жилээр юм уу 1 жилээр батлуулж болдог. “*******” ХХК-ийн хувьд 2018-2020 оны хооронд 3 жилээр, 2021 оноос хойш жил жилээр батлуулаад явж байгаа.

2024 оны 10 дугаар сард “*******” ХХК-ийн  хайгуулын тусгай зөвшөөрөл дуусаж байгаа тул Ашигт малтмалын тухай хуульд зааснаар 2023, 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ашигт малтмалын газраас шаардсан. Нэхэмжлэлийн үндсэн шаардлагын тухайд  манай байгууллага нэхэмжлэлээ он гарахаас өмнө 2023 оны 12 дугаар сард шүүхэд гаргаж байсан. Тухайн үед 2023 оны төлөвлөгөөг батлуулах зайлшгүй шаардлагатай байсан. Он гарсны дараа 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах шаардлага үүссэн. Хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулахын тулд 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2024 оны 1 дүгээр улиралдаа багтаан батлуулах шаардлагатай болсон. ******* сумын Засаг даргаас 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2023 байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй холбоотой шүүхийн маргаан дуустал хариу өгөх, батлах боломжгүй гэсэн. 2024 оны 05 дугаар сард анхан шатны шүүх хурлаа хийгээд явж байна. Талууд давж заалдах, хяналтын шатанд хандвал, 2024 оны төлөвлөгөөг 2024 оны 10 дугаар сараас өмнө батлуулах эсэх нь эргэлзээтэй байна. 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах нь компанид  үр нөлөө өндөртэй байгаа. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө хуульд заасан шаардлага хангасан эсэхийг ашигт малтмалын газар шалган тогтоосны дараа сумын Засаг даргад тухайн төлөвлөгөөг батлуулахаар хандаж байгаа.

Ашигт малтмалын тухай 12 дугаар зүйлийн 12.2.5-д зааснаар сумын Засаг дарга “хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан батлах” эрхтэй байхаар зохицуулсан, мөн хуулийн 38.2-т зааснаар “сумын Засаг дарга байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 10 хоногт багтаан батлах”-аар зохицуулсан байдаг. Төлөвлөгөөг хянан батлахгүй гэх хариуг удаа дараа өгсөн байгаа нь хууль бус эс үйлдэхүй байна. Ямар нөхцөлд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байх талаар зохицуулалт байхгүй. Харин нарийвчилсан журмын 3.3-т тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэхүү журамд заасан шаардлагыг хангаж боловсруулаагүй бол түүнийг хүлээн авч, хянах, батлахаас татгалзах үндэслэл болно гэж заасан.

Хариуцагч талын тайлбарлаж байгаа шиг хайгуулын ажлын зардлын 50 хувиа байршуулаагүй, тайлан өгөөгүй тохиолдолд өөр зохицуулалттай байна. Хайгуулын зардлын 50 хувиа байршуулаагүй бол сум өөрөө шаардаад, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн дүгнэлт гаргуулаад тогтоогдох юм бол зардлыг сум шаардаад авах эрхтэй байна. Нөхөн сэргээлт хийлгэх эрхтэй. Цаашлаад компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах шаардлага гаргах эрхтэй. Тусдаа эрх зүйн зохицуулалттай байна. Практик дээр өрөмдлөг хийгээгүй бол зардал байршуулах шаардлагагүй. Хариуцагч ******* Хайрхан уул сум орон нутгийн иргэдийн шүтээн уул учир 2007, 2015, 2017 онуудад ******* Хайрхан уулыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тогтоолууд байгаа гэж тайлбарладаг ба эдгээр тогтоолууд нь хэрэгт авагдсан байна. Сум орон нутгийн зүгээс дээрх тогтоолуудаа хуульд заасан журмын дагуу холбогдох газар нь бүртгүүлж авах ёстой. Эдгээр тогтоолд хамаараад байгаа нутаг дэвсгэр нь компаниудын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газруудад давхцаж байж болзошгүй учир Ашигт малтмалын тухай хуулиараа тогтоол гарснаас хойш 10 хоногийн дотор тухайн тогтоолоо ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн нэгдсэн сангийн бүртгэлд бүртгүүлэх ёстой. 2015 оны тогтоол бүртгэгдээгүй байдаг. 2017 оны тогтоол кадастрын хэлтэст бүртгэгдсэн боловч лавлагаагаар шүүлгэхэд “*******” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй газартай давхцаагүй байдаг.  2023 оны 12 дугаар сарын орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тогтоол бүрийг бүртгүүлэхээр илгээсэн боловч, хуульд заасан шаардлагыг тогтоол хангаагүй байдаг. Кадастрын хэлтсийн нэгдсэн бүртгэлд хамрагдахад тухайн орон нутгийн тусгай хэрэгцээнд авч байгаа зорилго тодорхой байх, судалгаа хийгдсэн байх, орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шаардлагатай газар мөн эсэх талаар тогтоолдоо үндэслэлтэйгээр тайлбарласан байх ёстой. 2023 оны тогтоол энэ шаардлагыг хангаагүй учир кадастрын хэлтэс бүртгэж аваагүй. Мөн шүүхээс аймгийн газрын албанд хандаж, ******* Хайрхан уул нь “*******” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд хамаарахгүй байна гэдгийг кадастрын зургаар шүүлгэсэн байдаг. Сумын Засаг дарга хуульд заагаагүй үндэслэлээр орон нутгийн хэсэг бүлэг хүмүүсийн улс төрийн үзэл бодол, санаанд нь таалагдахын тулд үндэслэлгүйгээр татгалзаж байгаа гэж үзэж байна. Компани, шүүхэд гаргаж өгсөн албан бичгүүдээс харахад иргэдийн хүсэл зоригт нийцүүлэн гэж дурдсан байдаг. Иргэд юу хүсээд байгааг тодорхой болгосон, “*******” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар шийдвэрлэсэн асуудал байдаггүй.

Төрийн эрх бүхий байгууллага, яам агентлагаас хуулийн хүрээнд тусгай зөвшөөрөл авчихсан компани байгаа.  Ашигт матмалын тухай хуульд зааснаар компани хайгуулын тусгай зөвшөөрөл авсан талбайдаа хайгуул хийх эрхтэй гэж хуульчилж өгсөн байгаа. Энэ эрхийг нь хэрэгжүүлэхэд нь саад учруулж өөрөө тусгай зөвшөөрөл олгодог эрх бүхий этгээд юм шиг жил дараалан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нь батлахгүй, гацаагаад байгаа үйлдэл нь хууль бус байна. Сум орон нутгаа гэсэн сэтгэлтэй бол хуулийн дагуу ирүүлээд байгаа байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нь сайн уншиж, судлаад нэмж оруулах зүйлсийг  оруулаад, баталж өгөөд Ашигт малтмалын тухай хуульд заасан эрх, үүргийнхээ хүрээнд хяналтаа тавиад явах эрх, үүрэгтэй оролцох ёстой. Компани тусгай зөвшөөрлийг хөрөнгө мөнгө зараад худалдаж авсан. Жил бүр тусгай зөвшөөрлийн төлбөр гэж ашигт малтмалын газар төлж байгаа. Компани ажлаа хийгээд эхлэхээр гацаагаад байгаа үйлдэл нь компанид ч гэсэн хохиролтой.

Компани иргэдийн шүтээн уулыг хайгуулын зөвшөөрөлтэй талбайд байсныг нь тусгай зөвшөөрөлтэй талбайгаас нь хасуулсан. Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн хэмжээг багасгасан байгаа. Нийт 928 га талбайд өрөмдлөг хийхгүйгээр байгаль орчинд хор хөнөөл учруулахгүйгээр үйл ажиллагаа явуулаад дуусаж байгаа талаар тайлбарлаад байхад ******* сумын Засаг даргаас компани үйл ажиллагаагаа хэвийн явуулахад саад учруулж байгаа энэ үйлдлийг Засаг даргад хувийн ашиг сонирхол байна эсвэл байгаль орчны менежментийн төлөвлөгөөг буруу ойлгож байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй андуураад байна гэж дүгнэж байна. Эдгээр асуудлуудад шүүх дүгнэлт хийх байх гэж бодож байна. 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө тусгай зөвшөөрөл сунгуулах жилийн төлөвлөгөө гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэв.

9. Хариуцагч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 06 дугаар сард ажлаа хүлээн авсан. 2021 оны 08 дугаар сард анх “*******” ХХК-ийн холбогдох хүмүүс байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулахаар ирсэн. Тухайн үед ажил аваад удаагүй байсан учир нөхцөл байдлыг судалъя. Одоогоор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шууд батлах боломжгүй байна гэх хариуг өгсөн. Судалж танилцаад хүмүүстэй ярьж зөвшилцөөд 2021 оны байгаль орчин менежментийн төлөвлөгөөг баталсан. 2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй байсан. Тариат багийн иргэд тухайн хайгуул хийх эрх бүхий талбайд хайгуул хийлгэх хүсэлгүй байсан тул багийн иргэдийн Нийтийн Хурлыг хийж, тогтоол шийдвэрүүдийг хүргүүлж ажилласан байгаа. 

2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг мөн батлаагүй. Учир нь 2007, 2008, 2015, 2017, 2023 онуудад тухайн түүхийн дурсгалт газар нутаг гэж яриад байгаа газрыг улсын тусгай хамгаалалтад авч өгнө үү? гэх иргэдийн хүсэлтийн дагуу шийдвэрүүд гарсан. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.2-т заасны дагуу сумын иргэдийн Хурлаас гарсан тогтоол, шийдвэрүүдийг хэрэгжүүлж ажиллах ёстой. Энэ үүргээ биелүүлэн тухайн компанийн 2023 оны байгаль орчин менежментийн төлөвлөгөөг батлаагүй болно. Иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас гарсан шийдвэрийн дагуу тухайн багаас ирсэн санал гомдлыг иргэдийн Нийтийн хурлын шийдвэртэй хамт хэрэгжүүлэх ёстой гэх заалтыг тус тус баримтлан байгаль орчин менежментийн төлөвлөгөөг батлаагүй. Төлөвлөгөөг батлах боломжгүй гэх хариуг хүргүүлэн ажилласан.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч улс төрийн зорилготой гэх асуудлыг ярьж байна. Сумын Засаг дарга сум орон нутгийнхаа хүн амын эдийн засаг, нийгэм болоод ая тухтай байх бүх нөхцөлийн хангаж ажиллах ёстой. Энэ утгаараа сум орон нутгийн эрх ашгийг зөрчиж, үндсэн хуульд заасан заалтуудыг зөрчиж үйл ажиллагаа явуулах шаардлага байхгүй. Нэхэмжлэгч компани ганцхан өөрсдийнхөө эрх ашгийг эхэнд тавьж байгаа нь учир дутагдалтай санагдаж байна. Хариуцагч, түүний өмгөөлөгч 2 өөр зүйл ярьж байна гэж байна. 2023 оны байгаль орчны төлөвлөгөөн дээр 2 сумын нэр байх бөгөөд түүнийг нэг сумын Засаг дарга нь батлах боломжгүй юм. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.

10. Хариуцагчийн өмгөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.5-д байгаль орчин менежментийн төлөвлөгөө нь байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний гэх хоёр хэсгээс бүрдэхээр заасан. “*******” ХХК-ийн 2023 оны байгаль орчин менежментийн төлөвлөгөө нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн шаардлагыг хангаагүй. ******* сумын газар нутгийн хаана нь үйл ажиллагаа явуулах нь тодорхойгүй байна. Эхний нүүрнээс нь харахад Сантмаргаз, ******* гэх байдлаар хаягласан байна. ******* сумын нутаг дэвсгэрийн хаана нь ямар үйл ажиллагаа явуулах нь тодорхойгүй байна. Ойлгомжгүй төлөвлөгөө  хийсэн байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.5-д заасныг хэрэгжүүлээгүй. Тус хуулийн 9.7-д заасан “Орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрт төслийн үйл ажиллагааны улмаас байгаль орчны төлөв байдалд үзүүлж байгаа өөрчлөлтийг хянах, шинжилгээ хийх, үр дүнг тайлагнах, түүнийг хэрэгжүүлэх арга хэлбэр, шаардагдах хөрөнгө, зардал, хугацааг тодорхойлон тусгана” гэх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.12-д заасны дагуу сумын Засаг дарга хяналт тавьж ажиллана. Энэ үүргийнхээ дагуу сумын Засаг дарга 2023 оны байгаль орчин менежментийн төлөвлөгөөг батлаагүй байна гэж үзэж байна. ******* сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 54 дүгээр тогтоолыг сумын Засаг дарга хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй.

Энэ тогтоол шийдвэр байхад сумын Засаг даргыг буруутгах нь зохимжгүй юм. Байгаль орчны менежментийг төлөвлөгөөг батлахаас татгалзаж буй нь хууль зүйн үндэслэлтэй байна. Тариат багийн иргэд “*******” ХХК-ийн хайгуулын лицензийг цуцлуулах талаар багийн иргэдийн хурлаар хэлэлцэж, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаартай тогтоол гаргасан байдаг.

Сумын Засаг дарга өөрөө сайн дураараа татгалзан, үүргээ биелүүлэхгүй байгаа мэтээр нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. Сумын Засаг даргын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа нь Тариат багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол шийдвэртэй уялдаж байгаа юм.

Ашигт малтмалын тухай хуульд заасан 35.3.7-д заасан газар, ус ашиглалтын  гэрээ байхгүй байна.

Мөн хуулийн 38.1.8-д байгаль орчныг хамгаалах талаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүргийг хуульчилж өгсөн ба үүнд “байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон холбогдох сум, дүүргийн Засаг даргын нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гэж” заасан байна. Нэхэмжлэгч компани хүлээсэн үүргээ өөрөө биелүүлсэн юм шиг яриад байна. 2021 онд нийгмийн хариуцлагын хүрээнд дрон өгсөн. Нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн ажил, байгаль орчныг хамгаалахад зарцуулагдах зардал гэх ойлголтууд хоорондоо ялгаатай ойлголт юм.

“*******” ХХК нь хуульд заасан нийтлэг, тусгай үүргээ хэрэгжүүлээгүй. Ашигт малтмалын газар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянаад өгсөн одоо таны гарын үсэг хэрэгтэй гэх байдлаар хандаж байгаа нь учир дутагдалтай байна. Сумын Засаг дарга хянан батлав гэх талбар бүхий газар гарын үсэг зурж байгаа. Тиймээс тухайн төлөвлөгөөг тал бүрээс нь хянан батлах үүрэгтэй.

Байгаль орчны нөлөөллийн байдлын үнэлгээний тухай хуульд заасан шаардлагыг “*******” ХХК-ийн 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө хангахгүй байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал, Сантмаргаз, ******* гэх 2 сумын нутаг дэвсгэрт хамаарах төлөвлөгөөг ******* сумын Засаг дарга ганцаараа батлахаар тусгасан байна. Ийм эрх хэмжээ ******* сумын Засаг даргад байхгүй. 

Кадастрын газраас ******* Хайрхан уул “*******” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд хамрагдаж байгаа эсэхэд эцсийн байдлаар хариу өгөөгүй. Зөвхөн 2017 оны 10 дугаар 17-ны өдрийн 05 дугаартай албан бичигт хариу өгсөн байдаг.  Бусад шийдвэр дээр энэ талаар огт тусгагдаагүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ эрх бүхий байгууллагаас нь албан ёсны хариу аваагүй байна. Захиргааны хэргийн урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь холбогдох хуулийн шаардлагыг хангаагүй учир тухайн төлөвлөгөөг батлаагүй үйлдэл нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү? гэж хүсэх байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “*******” ХХК-аас Завхан аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан “тус компанийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгуулах” шаардлага гарган маргажээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа “Завхан аймгийн ******* сумын Засаг дарга нь байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах” гэж нэмэгдүүлсэн.

3. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4. Нэхэмжлэгч нь дээрх байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахгүй байгаа талаарх гомдлоо Завхан аймгийн Засаг даргад 2023 оны 11 сарын 27-ны өдөр гарган Завхан аймгийн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын 2023 оны 12 дүгээр сарын 07-ны өдрийн 6/1108 дугаар албан бичгээр хариу авсан. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахыг даалгах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд цаг, хугацаа эрх зүйн үр дагаврын хувьд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх шаардлагагүй байна гэж үзлээ. Учир нь хариуцагчийн тайлбарласнаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаанаас ямар шийдвэр гарснаас үл хамаарч 2024 оны байгаль орчны менежентийн төлөвлөгөөг 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан үндэслэлийн нэгэн адил батлаагүй гэдэг тайлбарыг шүүх хуралдаан дээр хэлж байх тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх нь нэхэмжлэгчийн тухайд ач холбогдолгүй байна. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах нэхэмжлэлийн хувьд урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийлгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх үндэслэлгүй гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Нэг. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахыг даалгах шаардлагын тухайд:

1.1. Анх Завхан аймгийн *******, Сантмаргац, Цэцэн-Уул сумдын нутагт орших “Хөдөө” нэртэй ******* тоот 21835.69 га хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газрыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шийдвэрээр “*******” ХХК-д олгож, Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 496 дугаар шийдвэрээр дээрх тусгай зөвшөөрлийг ******* ХХК-д шилжүүлсэн байна.

1.2. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хавсралт дахь тэмдэглэл болон Ашигт малтмал, Газрын тосны газрын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 7/8621 /хавтаст хэргийн 145-р хуудас/, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 8/1531 /хавтаст хэргийн 146-р хуудас/ дүгээр албан бичгүүдээс харахад ******* ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн  878 дугаар шийдвэрээр 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл, Геологи, уул уурхай, кадастрын хэлтсийн даргын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 139 дүгээр шийдвэрээр 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл тус тус сунгасан байна.

******* ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр дээрх хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газраас 16006.67 га газрыг хэсэгчлэн буцааж, *******, Сантмаргац сумын нутаг дахь 5829.02 га газарт хайгуул хийхээр болсон байна. Үүнээс ******* сумын нутагт хамаарах 387,8 га талбайг хэсэгчлэн буцааж, 982,2 га газар хамаарч байгаа гэж тодорхойлон тус газарт явуулах хайгуулын ажлын 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар ******* сумын Засаг даргад хандаж, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/166 дугаар албан бичгээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй гэсэн хариу авчээ.

1.3. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаан дээр захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэрийг эс үйлдэхүй гэж үзэж нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байх тул энэхүү шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн болно. 

1.4 Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д  “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй” гэж заасан тул байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ажиллагаа нь жил бүр хийгдэхгүй, 3 жилд нэг удаа хийгдэх ажиллагаа байна.

Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацааг анх олгогдсон 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс тооцоход 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байх бөгөөд эхний удаа сунгагдах 3 жилийн хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр, 2 дахь удаа сунгагдах 3 жилийн хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр  дуусгавар болохоор байна.

Нэхэмжлэгчийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталсан, энэ нь 2021-2024 он хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй тул 2023 онд дахин шинэчлэн боловсруулах шаардлагагүй юм. Түүнчлэн 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь тухайн жилд хэрэгжих төлөвлөгөө бөгөөд нэгэнт 2023 он дууссан байх тул 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах нь цаг хугацааны хувьд ач холбогдолгүй, нэхэмжлэгчид эрх зүйн үр дагаваргүй байна.

Иймд 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах шаардлагагүй байх тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгчийн 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд Сантмаргаз, ******* сум гэж хамт бичигдсэн байгаа нь ойлгомжгүй, 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, 9.7-д заасны дагуу бичигдээгүй гэснийг дүгнэх шаардлагагүй байна.

Хоёр. 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1. Нэхэмжлэгч компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн 3 жилийн хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болох тул Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч компани нь 2024 онд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлуулах үүрэгтэй байна.

2.2 Нэхэмжлэгч нь 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Завхан аймгийн ******* сумын Засаг даргад 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хандаж, хариуцагч 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1/63 дугаар албан бичгээр танай байгууллагын гаргасан нэхэмжлэлтэй хэргийн шийдвэр гарах хүртэл хугацаанд батлах боломжгүй гэсэн хариу өгчээ.

Нэхэмжлэгчээс мөн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж гаргасан байна.

2.3. Хариуцагч 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа үндэслэлээ 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй үндэслэлтэй адил бөгөөд 1 дүгээрт иргэдийн хүсэл зоригийг үндэслэсэн, Тариат багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолоор нэхэмжлэгч компанийн хайгуулын тусгай  зөвшөөрлийг цуцлуулахаар шийдвэрлэсэн  гэж маргажээ.

******* сумын Тариат багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаар тогтоолоор “.............” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлуулахыг холбогдох газарт уламжлахаар шийдвэрлэсэн байна. Гэвч нэхэмжлэгч компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлуулах талаар эрх бүхий байгууллагад хандсан нь тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хавсралт дахь тэмдэглэл /хавтаст хэргийн 13, 14-р тал/ , Ашигт малтмал, Газрын тосны газрын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 7/8621, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 8/1531 дүгээр албан бичгүүдээр нэхэмжлэгч компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр болох нь тогтоогдсон байна.

2.4. Мөн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор /хавтаст хэргийн 109-р хуудас/ ******* ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн газрыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 6/5 дугаар тогтоолоор /гол усны ай сав газарт ордог/ орон нутгийн тусгай хамгаалалтад авсан тул тусгай зөвшөөрөл олгуулахгүй байхаар тогтсон боловч тухайн компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон байх бөгөөд хариуцагчийн тайлбарласнаар энэ талаар эрх бүхий байгууллагад гомдол хүсэлт гаргаж шийдвэрлүүлээгүй байна.

 Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын удаа дараагийн тогтоолуудаар хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан, уул уурхайгүй сум болохоор шийдвэрлэсэн тул би Хурлын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Хурал шийдвэрээ 10 хоногийн дотор Ашигт малтмалын газарт бүртгүүлээгүй тул энэ нь үндэслэлгүй гэж маргажээ.

2.5. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6/5 дугаар тогтоолоор ******* хайрхан уулын 8000 га газрыг орон нутгийн хамгаалалтад авахаар тогтсон боловч хамгаалалтад авсан газрын цэг координатыг нарийвчлан тогтоогоогүй, 8000 га газрын зургийг гараар үйлдэж хавсаргасан байна. /хавтаст хэргийн 65-67-р хуудас/

2.6. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Тусгай хамгаалалтад авсан газар нутгийг шинэчлэн тогтоох тухай” 41 дүгээр тогтоолоор 2007, 2008 онд орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газруудын цэг солбицолыг хавсралтаар баталсан байх боловч аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 118 дугаар албан бичиг болон тойм зургаар дээрх 41 дүгээр тогтоолоор тогтоосон тусгай хамгаалалттай газрын цэг, солбицол нь нэхэмжлэгч компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газартай давхцалгүй болохыг тодорхойлсон байна. /хавтаст хэргийн 52-55, 126-128-р хуудас/

2.7. Мөн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай” 05 дугаар тогтоолоор ******* хайрхан уул орчмын 9653,15 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан гэх боловч уг тусгай хамгаалалтад авсан газар нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй болох нь Ашигт малтмал, Газрын тосны газрын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний 1/1433, 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 10/1486 дугаар албан бичиг, түүнд хавсаргаж ирүүлсэн зургаар тус тус тогтоогдож байна. /хавтаст хэргийн 93-99-р хуудас/

2.8. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 14/12 дугаар тогтоолоор Тариат багийн нутагт орших Их зөөлөн уул орчмын 2599,63 га газрыг 10 жилийн хугацаатай тусгай хэрэгцээнд авсан байх боловч Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 11/121 дүгээр албан бичгээр тогтоолын зорилго тодорхойгүй байх тул Уул уурхайн кадастрын бүртгэлийн системд бүртгэх боломжгүй талаар хариу өгсөн байна. /хавтаст хэргийн 86, 100-р хуудас/

2.9. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд шийдвэрийг гарснаас хойш 10 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад ирүүлж, бүртгүүлэхээр байна. Байгаль орчны сайдын 2000 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаар тушаалаар “Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай” журмыг баталсан бөгөөд тус журмын 4.5-д зааснаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан шийдвэрийг холбогдох материалын хамт жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан байгаль орчныг хамгаалах албанд ирүүлэхээр заасан байна.

Иймд газрыг тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд шийдвэрийг гарснаас хойш 10 хоногийн дотор Ашигт малтмалын газар бүртгүүлнэ, харин орон нутгийн тусгай хамгаалалтад авсан тохиолдолд орон нутгийн тусгай хамгаалалтад авсан шийдвэрийг холбогдох материалын хамт жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар ирүүлнэ гэж тус тус ойлгохоор байна.

2.10. Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах журмын 3.3-д “Орон нутгийн хамгаалалтад авсан газар нутагт дараах дэглэмийг хэрэгжүүлж болно”, 3.3-ийн 5-д “... сонгосон талбайд ашигт малтмалын хайгуул хийх” гэж заасан байх тул ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрүүдээр газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан ч тухайн газар хайгуулын үйл ажиллагаа явуулж болохоор байна.

Иймд ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тусгай хэрэгцээнд авах тухай 14/12 дугаар тогтоол нь Ашигт малтмалын газар бүртгэгдээгүй, орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар нь нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газартай давхцаагүй, бусад тогтоолуудаар газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан ч тухайн тусгай хамгаалалтад авсан газарт хайгуулын үйл ажиллагаа явуулахыг хориглоогүй  байх тул хариуцагчийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газар нь *******хайрхан хэмээх уул ус бүхий онгон дагшин байгальтай, иргэдийн шүтдэг овоо тахилгатай, ******* сумын төдийгүй Сартуул түмний шүтээн хайрхан уултай, тус газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан  гэх үндэслэлээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна.

2.11. Завхан аймгийн Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/478 дугаар албан бичгээр ирүүлсэн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 7/2 дугаар тогтоол нь Алтанчулуут уул, Тэрэгт ширээ уул, Алтан толгой, Наран, Сант толгой зэрэг 13305 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байх бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газар хамааралгүй байх тул энэ талаарх баримтыг үнэлж, дүгнэх шаардлагагүй байна. /хавтаст хэргийн 73-77-р хуудас/

2.12. ******* сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн А/57 дугаар захирамжаар ******* хайрхан уулын овооны орчмын газрыг хүрээлэн байгаа орчны хамт үнэ цэнэ, ач холбогдол бүхий түүх соёлын үл хөдлөх дурсгал газар хэмээн үзэж Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу бүртгэж баримтжуулан, нягтлан бодох бүртгэлд тусган ажиллахыг Соёлын төвийн эрхлэгчид үүрэг болгожээ. /хавтаст хэргийн 51-р хуудас/

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Засгийн газар түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, харагдах сүр барааг хадгалах зорилгоор хамгаалалтын бүс тогтооно. Хамгаалалтын бүсийн хилийн заагийг тогтоох шалгуур үзүүлэлтийг хот байгуулалтын болон соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлана” гэж заажээ.

Гэвч Завхан аймгийн ******* сумын ******* хайрхан уулын орчмын хамгаалалтын бүсийг тогтоосон нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл сумын Засаг даргын захирамж хэдийгээр хүчин төгөлдөр боловч ******* хайрхан уулын аль хэсгийг түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлээр тогтоосон, хамгаалалтын бүс хаагуур тогтоосон нь тодорхойгүй, хариуцагч талаас энэ талаарх баримтыг ирүүлээгүй байна.

2.13. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.5-д зааснаар сумын Засаг дарга нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянах бүрэн эрхтэй.

Хариуцагчаас 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1/63 дугаар албан бичгээр 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг танай байгууллагын гаргасан нэхэмжлэхтэй хэргийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд батлах боломжгүй гэсэн хариуг өгсөн байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч компанийн 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй танилцаагүй гэж байгаа нь дээрх хянах эрхээ хэрэгжүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй танилцаж, хянах эрхээ хэрэгжүүлээгүй мөртлөө хариуцагчийн өмгөөлөгчөөс байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн шаардлага хангаагүй, журамд заасны дагуу бичигдээгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Сумын Засаг дарга 2023, 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуулийн шаардлага хангасан эсэхийг хараагүй. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хүлээн авахгүй байгаа. Шүүх хуралдааны явцад хуулийн шаардлага хангахгүй байна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй холбогдуулан зөвхөн хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй гэж маргасан, харин байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэх тайлбарыг зөвхөн 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй холбож тайлбарлаж байсныг дурьдах нь зүйтэй. 

2.14. Хариуцагч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй холбоотой тайлан огт ирж байгаагүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р. хайгуулын ажлын тайланг жил бүр байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй хамт хүргүүлдэг, хэрвээ хүсэх юм бол цахимд энэ талаарх мэдээлэл байршсан байгаа тул танилцах бүрэн боломжтой гэж маргаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэхээр заасан байгааг дурьдах нь зүйтэй. 

2.15. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.8-д “байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон холбогдох сум, дүүргийн Засаг даргын нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлэх”-ээр, 38.3-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг бүрэн биелүүлээгүй бол сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.8-д заасан хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулна” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч компаний 2020, 2021, 2022 онуудын байгаль орчны менежментийн төлөвлөгөөнөөс харахад сөрөг нөлөөллийг бууруулах зардалд жилд 1000,000-1200,000 төгрөг төсөвлөсөн, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан 2020-2022 оны 3 жилийн тухайд 3,200,000 төгрөгний  зардал төсөвлөсөн байна. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 42 дугаар тогтоолоор /хавтаст хэргийн 88-р хуудас/ “*******” ХХК-иас 2,500,000 төгрөгний үнэ бүхий “Mavic pro combo” маркын дрон хандивласныг үндсэн хөрөнгийн дансанд бүртгэж авахыг дарга, нягтлан бодогч нарт даалгасан. Мөн нэхэмжлэгч компаниас 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөгийг хог хаягдлын хураамжид төлсөн байна. /хавтаст хэргийн 19-р хуудас/

Ашигт малтмалын тухай хуулийн 42.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хандив, тусламж өгөх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана”, 42.5-д “Нутгийн захиргааны болон бусад байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 42.1-д заасан гэрээнд тусгагдаагүй хандив, тусламжийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шаардахыг хориглоно” гэж заажээ.

Хэрэгт ******* ХХК-ий ******* сумын Засаг даргын Тамгын газартай байгуулах Нийгмийн хариуцлагын гэрээ авагдсан байх боловч уг гэрээг ******* сумын Засаг дарга баталж, гарын үсэг зураагүй байна. /хавтаст хэргийн 61-62-р хуудас/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нийгмийн хариуцлагын гэрээ байгуулахаар хариуцагчид удаа дараа хүргүүлж байсан гэж тайлбарлаж байгааг хариуцагчаас үгүйсгэж, маргаагүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн ажил, байгаль орчныг хамгаалахад зарцуулагдах зардал гэх ойлголтууд хоорондоо ялгаатай ойлголт тул дээрх 3 сая төгрөг нь байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардалд хамаарахгүй гэж  маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчтэй нийгмийн хариуцлагын хүрээнд гэрээ байгуулаагүй тул ямар нэгэн хандив, тусламж шаардах боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн хандивласан дрон болон 500000 төгрөгийг байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах мөнгөн хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй байна.

2.16. Хариуцагч болон түүний өмгөөлөгчөөс 2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг дарга батлаагүй байхад гарын үсэг дуурайлгаж зураад баталсан асуудал байгаа гэж маргах бөгөөд хэрвээ гарын үсгийг дуурайлган зурж, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж үзэж байгаа бол эрх бүхий байгууллагад хандаж шалгуулах эрх нь нээлттэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                        ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 38 дугаар зүйлийн 38.1.8, 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “*******” ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагаас “2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг  Завхан аймгийн ******* сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ******* ХХК-ийн 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Завхан аймгийн ******* сумын Засаг даргад даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт  заасныг бармтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.АМАРЗАЯА