Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/65

 

 

 

 

 

 

 

 

 

2022оны 10 сарын 12-н өдөр                    2022/ДШМ/65                                      Хэрлэн сум

 

Н.А-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2022/0065/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор Ж.Батбаатар,

Яллагдагч Н.А-,  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.З-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнийн даргалж хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЗ/197 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын бичсэн эсэргүүцлээр Н.А-д холбогдох эрүүгийн 2139003050256 дугаартай хэргийг 2022 оны 08  дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Яллагдагч Н.А- нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Р.В-гийн гэрт Л.Д-ыг “гэрээс гар, яв” гэж хөөн, уурлаж толгой хэсэгт нь түлээний модоор нэг удаа цохиж Л.Д-ын эрүүл мэндэд зулайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: “Хохирогч Л.Д-ын үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Ж.А-н мэдүүлэг болон хохирогчийн нас барсны гэрчилгээ зэргийг хэрэгт хавсаргах, ...хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шинжээчийн дүгнэлттэй танилцаад гаргасан “хохирогчийн толгой руу санаатайгаар мохоо эдлэлээр 1 биш 3-4 удаа давтан цохисон нь яагаад гэмтлийн хөнгөн гэмтэлд тооцогдох вэ” гэсэн асуултад мөрдөгч хариулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1, 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул уг зөрчлийг арилгуулах зэрэг үндэслэлээр яллагдагч Н.А-д холбогдох 2139003050256 дугаартай эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорын газарт очтол яллагдагч Н.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатар давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн Н.А-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шийдвэр нь анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаараас хэтэрсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна гэж үзлээ.

            Учир нь Н.А-ынг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан буюу Л.Д-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

            Хохирогч Л.Д- нь тухайн хэрэг болсны дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр биедээ ил харагдах гэмтэл шархгүй Хэнтий аймгийн төвөөс 7 километр газарт нас барсан байдалтай олдсон гэх хэрэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хэрэг бүртгэлтийн 213900331 дугаартай хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.

            Хэрэг бүртгэлтийн 213900331 дугаартай хэрэгт Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Л.Д-ын нас барсан шалтгаан нөхцөл нь артерийн даралт ихсэх өвчний улмаас тархины эдэд цус харваж хатуу хальсан доорх цусан хураа нэмэгдсээр тархи дарагдсанаас болсон нь тогтоогдож тус хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 73 дугаартай прокурорын тогтоолоор хэргийг хааж шийдвэрлэсэн.

            Хаасан хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.З-од танилцуулан ба тус тогтоолд гомдол гаргаагүй тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

            Шүүгдэгч Н.А-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, тус хэрэгт нэмж хийх мөрдөн шалгах ажиллагаа байхгүй, хохирогч Л.Д-ын эрүүл мэнддээ хөнгөн хохирол авсан, нас барсан гэх хоёр өөр хэрэг нь хоорондоо ямарч шалтгаант холбоогүй юм. Хэрэг бүртгэлтийн 213900331 дугаартай хэргийг хаасан тогтоолын хувийг хэрэгт хавсаргасан бөгөөд тус тогтоолд Л.Д- нь нас барсан талаар болон шинжээчийн дүгнэлтийг дурдсан байдаг.  

            Гэтэл нас барсны гэрчилгээ болон шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хавсаргах зайлшгүй шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.          

            Мөн шүүгчийн захирамжид мөрдөгчөөс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.З- шинжээчийн дүгнэлттэй танилцаад гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй гэжээ.

            Хохирогч Л.З-од хавтаст хэргийн материалыг бүхэлд нь танилцуулсан, дахин дүгнэлт гаргуулах тухай хүсэлт гаргаагүй, шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар илэрхийлээгүй гэж үзэж байна.

            Мөн мөрдөгчийн хугацаа сунгасан тогтоол нь хэрэг бүртгэлт явуулах хугацааг хийгдэх ажлын цар хэр хэмжээгээр 1 сараас 3 сарын хугацаанд сунгахыг шийдвэрлүүлдэг эрх зүйн хэлбэр буюу тогтоол бөгөөд тус тогтоолд хийхээр төлөвлөсөн мөрдөн шалгах ажиллагаа нь зайлшгүй хийгдэх мөрдөн шалгах ажиллагаа биш юм.

            Шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаа нь агуулгаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13 дахь заалтад заасан нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаар журам зөрчсөн, 6.14 дэх заалтад заасан оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан гэх үндэслэлд хамаарах ойлголт юм.

            2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн ба нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14 дүгээр заалтад заасан ажиллагааг шүүхийн шатанд прокурор нөхөн гүйцэтгэж болохоор хуульчилсан байна.

            Шүүгдэгч Н.А-ын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв. 

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.З- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Эхний шинжээчийн дүгнэлт хохирогчийг гадны хүчин зүйлээс болж нас барсан гэж гарсан, гэтэл дараагийн шинжээчийн дүгнэлт гадны нөлөөгүй, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж гарсан. Би нэг шүүхийн шинжилгээний байгууллагаас хоёр өөр шинжээчийн дүгнэлт гаргахаар нь гайхаад шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт дээр гомдол, саналаа бичсэн. Хаасан хэрэг дээр нь ч бичсэн. Хохирогчийн толгойндоо цохиулсан гэмтлээс цус хуралт үүсч судас дараад удаандаа үхлийн шалтгаан болсон байж болзошгүй тул шинжээчийн дүгнэлтийг тодорхой болгож өгнө үү” гэв.

 

            Яллагдагч Н.А- давж заалдах шатны шүүхэд гаргах тайлбар байхгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Н.А-д холбогдох эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Прокуророос яллагдагч Н.А-ын хохирогч Л.Д-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 188 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

 Анхан шатны шүүх 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр яллагдагч Н.А-д холбогдох 2139003050256 дугаартай эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь:

 

Яллагдагч Н.А- нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Л.Д-ын толгойн орой хэсэгт түлээний хагалсан модоор нэг удаа цохиж, Л.Д-ын эрүүл мэндэд зулайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэг шалгагдаж байх явцад буюу 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Л.Д- Хэнтий аймгийн төвөөс зүүн зүгт 7 км зайнд нас барсан байдалтай олдсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”... зэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохоор хуульчилсан ба яллагдагч Н.А-ы үйлдлийн улмаас хохирогч Л.Д-ын эрүүл мэндэд ямар хохирол учирсныг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд зайлшгүй тогтоох шаардлагатай юм.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заажээ. Хэрэгт хавсаргасан шинжээчийн дүгнэлтэд “...зулайн орой баруун хэсэгт 4 см мэс заслын оёдол бүхий шархтай, шархнаас цус гарна...” гэж /хх-ийн 50 хуудас/, мөн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолын хуулбарт “...Л.Д-ын цогцост их тархины баруун тал бөмбөлгийн зулай,чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины эд дэх цус харвалт, тархи дарагдал... бүхий гэмтэл тогтоогдсон байна...” гэж /хх-ийн 97-98 хуудас/ дурдагдсан боловч дээрх хохирлууд хоорондоо шалтгаант холбоогүй талаарх нотлох баримтыг гүйцэд шалгаж хэрэгт хавсаргаагүй, хавсаргасан прокурорын тогтоолын хуулбарын эхний нүүрний доод мөрийг дутуу хуулбарласан, тухайн нотлох баримтаар хэргийн нөхцөл байдлыг дүгнэж эцэслэн шийдвэрлэхэд хангалтгүй байна.

 

            Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Л.З-ыг тогтоосон тогтоолд үндэслэлийг тодорхой дурдаагүй /хх-ийн 11 хуудас/, холбогдох нотлох баримтуудыг хэрэгт бүрэн хавсаргаагүй /тухайлбал: нас барсны гэрчилгээ, садан төрлийн холбоотой талаарх лавлагаа, асран хамгаалагчаар тогтоосон эрх зүйн баримт бичиг... гэх мэт/ байхад түүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Оролцогч шинжээчийн дүгнэлт, тайлбарыг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаж болно...” гэж, мөн хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана...” гэж тус тус хуульчлан зохицуулсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 508 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай баримтад “хохирогчийн толгой руу санаатайгаар мохоо эдлэлээр цохисон нь яагаад хөнгөн гэмтэлд хамаарах вэ, 1 биш 3-4 удаа давтан цохисон нь” гэсэн асуултыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан /1 хавтаст хэргийн 53 хуудас/, уг асуудлын талаар давж заалдах шатны шүүх хуралдаан дээр “...Эхний шинжээчийн дүгнэлт хохирогчийг гадны хүчин зүйлээс болж нас барсан гэж гарсан, гэтэл дараагийн шинжээчийн дүгнэлт гадны нөлөөгүй, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж гарсан. Би нэг шүүхийн шинжилгээний байгууллагаас хоёр өөр шинжээчийн дүгнэлт гаргахаар нь гайхаад шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт дээр гомдол, саналаа бичсэн. Хаасан хэрэг дээр нь ч бичсэн. Хохирогчийн толгойндоо цохиулсан гэмтлээс цус хуралт үүсч судас дараад удаандаа үхлийн шалтгаан болсон байж болзошгүй тул шинжээчийн дүгнэлтийг тодорхой болгож өгнө үү” гэж тодруулсан бөгөөд мөрдөгч уг гомдол, хүсэлтийг тодруулаагүй, хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, энэ талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчдын эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагаанууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад заасан мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа байгаа тул шүүхийн шатанд прокурор нөхөн гүйцэтгэж болохоор хуульчлагдаагүй байна.

 

Иймд Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ЗШ/197 дугаартай захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ЗШ/197 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын бичсэн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг прокурорт очтол яллагдагч Н.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.БОЛОРМАА 

 

                           ШҮҮГЧИД                                                Б.ДЭНСМАА

           

                                                                                            Д.ГАНЗОРИГ