Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагважаргалын Тунгалаг |
Хэргийн индекс | 118/2024/0009/З |
Дугаар | 118/ШШ2024/0023 |
Огноо | 2024-05-10 |
Маргааны төрөл | Газар, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 118/ШШ2024/0023
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г. нар
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.
Хариуцагч: ................. Засаг дарга
Гуравдагч этгээд: Х. нарын хоорондын өвөлжөөний газар эзэмшүүлэхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч ............... даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М., гуравдагч этгээд Х., гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/303, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/486 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах.
2. Хэргийн нөхцөл байдал:
2.1. Анх Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын 1997 оны 36 дугаар захирамжийг үндэслэн Үржил багийн нутаг дэвсгэрт байршилтай Улаан энгэрийн өвөлжөөний 1 га газрыг нэхэмжлэгч Г.д эзэмшүүлэхээр 1997 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр, 1999 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 23, ******* дугаартай, Х.д 1999 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр *******,*******, дугаартай гэрчилгээнүүдийг олгосон байх боловч эзэмшүүлсэн газрын тухайд кадастрын зураг хийгдээгүй, газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй.
2.2. Дараа нь Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжаар Улаан энгэрийн өвөлжөөний нэг га /10 000 м.кв/ газрыг нэхэмжлэгч Г. болон ............. нарт хамтран эзэмшүүлэхээр шийдвэрлэж, тус сумын газрын даамал ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг мөн өдрөөр бичиж олгосон байх ба гэрчилгээнд дээрх нэр бүхий нэхэмжлэгч нараас гадна нэхэмжлэгч Д.*******ын нэрийг мөн хамтран эзэмшигчээр бичсэн байна. /Өөрөөр хэлбэл, 2020 оны А/96 дугаар захирамжид ороогүй иргэний нэрийг нэмж бичсэн/ /Хавтаст хэргийн 5, 97-р хуудас/
2.3. Нэхэмжлэгч Г. нь Их-Уул сумын Засаг даргын 2020 оны А/96 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрх олж авсны дараа Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд энэ хэргийн гуравдагч этгээд Х.д холбогдуулж “Улаан энгэрийн өвөлжөөний газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, цаашид өвөлжихгүй байхыг даалгах” тухай нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 157 дугаар шийдвэрээр уг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Их-Уул сумын Үржил багийн нутаг дахь Улаан энгэрийн өвөлжөөг Х.гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, тус өвөлжөөнд өвөлжихгүй байхыг түүнд даалгасан ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /Хавтаст хэргийн 94, 103-р хуудас/
2.4. Тосонцэнгэл сум дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй зэрэгцүүлэн Завхан аймгийн Засаг дарга 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/303 дугаар захирамж /маргаан бүхий захиргааны акт/-ийг гаргаж, Улаан энгэрийн өвөлжөөний 1 га газрыг нэхэмжлэгч Г. нарт эзэмшүүлэх эрх олгосон Их-Уул сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжийг “...газрын тухай хууль тогтоомж зөрчсөн...” гэх үндэслэлээр хүчингүйд тооцож, нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн. /Хавтаст хэргийн 20, 53-р хуудас/
3. Нэхэмжлэгч тал “...Улаан энгэрийн өвөлжөөний газрыг гурван үеэрээ эзэмшиж ирсэн байхад хариуцагч Завхан аймгийн Засаг дарга нь сонсох ажиллагаа явуулалгүй, бидэнд мэдэгдэлгүйгээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус, гаргасан захирамж нь утга найруулгын алдаатай, ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй...” гэж, хариуцагч тал “..доод шатны Засаг даргын хуульд нийцээгүй захирамжийг хүчингүй болгох бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан тул маргаан бүхий захирамжууд хуульд нийцсэн...” гэж, гуравдагч этгээд “...шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, нэхэмжлэгч нарт газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар олгосон...” гэж тус тус маргасан.
4. Нэхэмжлэлийг шүүхэд гаргасан талаар:
4.1. Анх нэхэмжлэгч Г. /дангаар/ нь Завхан аймгийн Засаг даргын 2021 оны А/303 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд тус захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 118/ШЗ2022/0107 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
4.2. Уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Завхан аймгийн Засаг дарга нь “Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтний алдааны улмаас захирамжуудыг давхардуулан дугаарласан” гэх үндэслэлээр 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Захирамжийн алдаа засах тухай” А/486 дугаар захирамжийг нэмж гарган, Их-Уул сумын Засаг даргын 2020 оны А/96 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай агуулга бүхий 2021 оны А/303 дугаар захирамжийн үйлчлэлийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн сэргээх, нэхэмжлэгч Г. нарын газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох агуулга бүхий захирамжийг гаргасан тул нэхэмжлэгч тухайн захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. /Хавтаст хэргийн 130-р хуудас/
4.3. Тус захиргааны хэргийн анхан шатны шүүх нь дээрх хэргийг хоёр удаа хянан шийдвэрлэсэн ба 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 118/ШШ2022/0030 дугаар шийдвэрээр Г.гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 118/ШШ2023/0023 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн.
4.4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2023/0059, 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2023/0568 дугаар магадлалуудаар дээрх шүүхийн шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан бөгөөд эцэст нь Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 109/ШЗ2024/0023 дугаар шүүгчийн захирамжаар “...нэхэмжлэлийг төлөөлөн гаргах эрхгүй этгээд...” гаргасан хэмээн дүгнэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг үндэслэн Г.гийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд дахин гаргасан.
5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн үндэслэлийн хувьд Үржил багийн Хуягтын ам гэх Улаан энгэрийн өвөлжөөнд Г. гуай, түүний өвөг эцэг амьдарч ирсэн. Их бага хувьчлалаар өвөлжөөг газрын хамт эзэмшиж ирсэн бөгөөд Их-Уул сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 22-ны А/86 дугаартай захирамжид үндэслэн газар эзэмших гэрчилгээгээр нар эзэмших болсон. Өвөлжөөний маргааны хүрээнд Г. гуай өвөлжөө ............................. ................................. ................................... .............................чөлөөлүүлэх нэхэмжлэлийг Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд гаргаж, тухайн өвөлжөө нь Г.гийн эзэмшил гэж үзэж, М.д өвөлжөөг чөлөөлж өгөхийг үүрэг болгосон. Завхан аймгийн Засаг дарга А/303 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцсон захирамж гаргасан. А/303 дугаартай захирамж нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааг зөрчсөн. Тухайлбал, хяналтын хуудас буюу тойрох хуудас авч нотлох баримт бүрдүүлээгүй, захирамжийн дугаар өөр захирамжтай давхацсан. Уг захирамж Завхан аймгийн Засаг даргын тамгын газарт архивлагдан хадгалагдаагүй. А/303 дугаартай захирамжийн агуулгыг өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, 2022 оны А/486 дугаартай захирамжаар тухайн маргаан бүхий А/303 дугаартай захирамжийг хүчингүй болгохдоо захиргааны актын алдаа засах гэх байдлаар хүчингүй болгоод тухайн захирамжийн Г.д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн. Захиргааны ерөнхий хуульд ерөнхий алдаа засах гэдэг утга найруулгын алдааг бус, техникийн шинжтэй алдааг засахыг хэлдэг. Өмнөх захирамжийг хүчингүй болгоод Их-Уул сумын Засаг даргын захирамжийн үйлчлэх хэсгийг сэргээгээд буцаагаад хүчингүй болгохыг даалгасан байдлаар шийдвэрлэсэн нь илэрхий алдаа засаж буй ойлголт биш юм. А/303 дугаартай Завхан аймгийн Засаг даргын захирамж нь утга найруулгын хувьд алдаатай, илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзэж байна... Гуравдагч этгээд хууль ёсны эрх ашгийн талаар ярьсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “үндсэн нэхэмжлэлийн үүссэн маргааны талаар бие даасан шаардлага гаргасан эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа тохиолдолд гуравдагч этгээдийг оролцуулна” гэж заасан. М. гуравдагч этгээдээр оролцож байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна гэж үзэж байна. Аймгийн Засаг даргын захирамжаар ямар эрх ашиг, хууль ёсны сонирхол зөрчигдөж байгаа нь ойлгомжгүй. Г.гийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн шийдвэр нь М. гуайд давуу байдал олгож байгаа болохоос эрхийг нь зөрчөөгүй тул гуравдагч этгээдээр оролцуулж байгаа нь хууль зөрчсөн асуудал гэж харж байна. Захиргааны хэргийн шүүхийн практикаас харахад зарим тохиолдолд таны хууль ёсны эрх ашиг зөрчигдөөгүй хэмээн оролцуулаагүй тохиолдол байдаг... Хариуцагч байгууллага анх А/303 дугаартай захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 22.1.1-т заасныг үндэслэсэн байгаа. Газрын тухай хуулийн 22.1.1-т нийтийн эдэлбэр газар байна гэж үзэж байгаа. Малын бэлчээр байна гэж үзээд хүчингүй болгосон. Нийтийн эдэлбэр газар юм бол М. гуайн өвөлжөөг хүчингүй болгоогүй юм бэ? Нэг хүнд нь давуу байдал олгосон, нөгөө хүний нь эрхийг хүчингүй болгосон асуудал үүсэж байна... Захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хүчингүй болгоогүй. Газрын тухай хуулийн 61.1-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрх нь байгаа. Гэхдээ хуулийн дагуу явуулаагүй бөгөөд сонсох ажиллагааг шийдвэр гарсны дараа явуулсан байдаг. Сонсох ажиллагаа нь шийдвэр гарахын өмнө хийгдэх ёстой. Нийтийн эдэлбэр газар учраас Газрын тухай хуулийн 22.1.1-д заасныг үндэслээд захирамжийг хүчингүй болгосон. Тухайн өвөлжөөний газрыг нийтийн эдэлбэр газар гэж захиргааны байгууллага үзэж байгаа юм байна гэж үзэхээр дараагийн А/486 дугаар захирамж Захиргааны ерөнхий хуулийн 45.1-д зааснаар илэрхий алдаа засах буюу тухай захирамжийн утга агуулгад өөрчлөлт оруулахгүйгээр техникийн шинжтэй байдлыг засна гэж хуульд заасан байгаа. А/486 дугаар захирамжаар өмнөх захирамжийн утга агуулгыг өөрчилсөн. Захирамжийн нэг дэх заалтаар Их-Уул сумын А/96 дугаартай захирамжийг эрх зүйн үйлчлэлийг сэргээж байгаа. Хоёр дахь заалтаар нь Их-Уул сумын даргад энэ захирамжийг хүчингүй болгохыг даалгаж шийдвэрлэсэн. Энэ захирамж нь утга, найруулгын хувьд илэрхий алдаатай. Энэ захирамжийг өмнөх шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би ч өөрөө ойлгохгүй байгаа гэдгээ илэрхийлж байсан. Ямар заалт үндэслэсэн бэ? гэхээр Газрын тухай хуулийн 61.1-т заасан үндсэн эрхийн заалт, 20.2.7-д заасан доод шатны байгууллагын захирамжийг хүчингүй болгох заалт байгаа өөрөө өөрийнхөө захирамжийг хүчингүй болгоход энэ заалт хамаарахгүй. Газрын тухай хуулийн 61.1-д зааснаар бүх эрх бидний мэдэлд гэх байдлаар хандаж болохгүй, энэ заалт нь нарийвчилсан заалттай. Захиргааны байгууллага өөрийн гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үр дагаврыг үүрэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, А/486, А/303 дугаар захирамж дээр захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй. Захиргааны ерөнхий хуулиас 45 дугаар зүйлийг иш татсан бөгөөд үүнийг буруу байдлаар хэрэглэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт захиргааны актын илэрхий алдааг засах. Захиргааны актын бичилт, тооцооны алдаа үүнтэй адилтгаж бусад илэрхий алдааг утга найруулгад өөрчлөлт оруулахгүйгээр өөрөө эсвэл оролцогчдын хүсэлтээр шийдвэрлэх боломжтой гэж заасан. Жишээ нь: 4300 талбайг эзэмшүүлэх байсныг 4800 гэх байдлаар солиод бичсэн байвал техникийн шинжтэй илэрхий алдаа болох ба үүнийг засахыг хэлж байна. Захиргааны актын үндсэн агуулга дээр өөрчлөлт орох ёсгүй. Тиймээс Захиргааны ерөнхий хуулийн 45.1-д заасныг баримталсан нь буруу. Их-Уул сумын Засаг даргын А/96 дугаартай захирамж хуульд нийцсэн эсэхийг шалгахаас өмнө маргаан бүхий акт хуульд нийцэж буй эсэхийг шалгах хэрэгтэй. Захиргааны байгууллага маргаан бүхий актыг хүчингүй болгож байгаа сөрөг нөлөөлөл бүхий актыг гаргахдаа оролцогчийн саналыг хуульд заасны дагуу сонсох ёстой. Ямар ч судалгаа баримтгүйгээр захиргааны шийдвэр гаргаж болохгүй. Захиргааны байгууллагыг төлөөлж буй хүн энэ актыг боловсруулаагүй ч гэсэн төлөөлөгчөөр оролцож байгаа учир үүнийг хуралдааны тэмдэглэлд тусгах нь зүйтэй байх. Маргаан Тосонцэнгэл сумын шүүхэд хандаад шийдвэрлэгдээд дуусгавар болж байхад аймгийн Засаг дарга хэн нэгний өргөдөл гомдол хүсэлтгүйгээр хүчингүй болгож шийдвэрлэж маргаан үргэлжлэх болсон. Өмнө нь энэ маргаан анхан, давж заалдах шатны шүүхээр 2 удаа хэлэлцэгдсэн. Архангай аймгийн шүүхэд хэрэг хуваарилагдаад, 2020 оны А/96 дугаар захирамжаар хүчингүй болгож буй гэрчилгээ дээр ганцхан Г. гэх хүн байхгүй байна гээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан учир гэрчилгээнд дурдагдсан хүмүүс нэхэмжлэл хамтран гаргасан... Анхан шатны шүүхийн шийдвэрүүд өөр өөр гарсан. Завхан аймгийн Засаг даргын А/303, А/486 дугаартай захирамжууд Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж гарсан. Захиргааны байгууллага А/303 дугаартай захирамжийг гаргахдаа холбогдох нотлох баримтыг бүрдүүлээгүй. Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газар давхацсан эсэхийг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлд заасан эрх хэмжээтэй гэх байдлаар асуудалд хандаж болохгүй. Хариуцагчийн зүгээс манайх шийдвэр гаргаагүй өөр хэлтэс гаргасан мэдэхгүй байна гэх байдлаар хандаж байгаа нь зохимжгүй байна. А/486 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийг баримталсан. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд илэрхий алдаа засахаар заасан байгаа боловч захирамжийн агуулгыг бүхэлд нь өөрчилсөн, ойлгомжгүй асуудал байна. Захиргааны акт хуульд нийцэж гараагүй тул Завхан аймгийн Засаг даргын А/303, А/486 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иймд нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрх ашгийг хамгаалж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Их-Уул сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжаар ......... нар эзэмшиж эхэлсэн. Х......... нь дээрх өвөлжөөнд зөвшөөрөлгүйгээр өвөлжиж байсныг Тосонцэнгэл сум дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 157 дугаар шийдвэрээр Х........ хууль бус эзэмшлээс чөлөөлж тус өвөлжөөнд өвөлжихгүй байхыг Х........д даалгасан байна. Энэ шийдвэр гарсан өдөр буюу 2021 оны 08 сарын 16-нд аймгийн Засаг даргын А/303 дугаар захирамжаар Их-Уул сумын Засаг даргын 2020 оны А/96 дугаар захирамжийг хүчингүйд тооцсон. Дараа нь манай байгууллагаас захирамжийн алдааг олж засаад хууль зүйн хэлтсээр хянуулан захирамжийн алдаагаа залруулан 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/486 дугаар захирамжийг гаргасан... Иргэн, аж ахуйн нэгжид олгогдсоноос бусад бүх газар нь нийтийн эзэмшилд хамаарна. Энэ хэргийн тухайд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын өвөлжөөний газрууд мэдээллийн системд огт бүртгэгдээгүй. Тиймээс нийтийн эдэлбэр газар гэж үзэн маргаан бүхий захирамжийг гаргасан... Газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ, захирамж, улсын бүртгэлийн и-дугаар, кадастрын зураг, нэгж талбарын дугаартай байж хүчин төгөлдөр байна. Г.гийн газар эзэмших эрхийн гэрчилгээ дээр улсын бүртгэлийн и-дугаар, нэгж талбарын дугаар байхгүй учраас гэрээ, гэрчилгээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3. нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан бол төлөөлөх эрх олгосон баримт бичиг болон итгэмжлэлийг хавсаргана, 23 дугаар зүйлийн 23.2.Энэ хуулийн 23.1-д заасан тохиолдолд нэхэмжлэгчид дундаасаа төлөөлөгч томилон түүнд олгосон итгэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрсдийгөө төлөөлүүлэн оролцуулах эрхтэй гэж заасан байна. Хэргийн материал дотор нэхэмжлэгч нар иргэн Г.д итгэмжлэл олгоогүй байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нэхэмжлэл гаргах хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
7. Гуравдагч этгээд Х. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 1958 онд Их-Уул сумын Үржил багийн нутаг Цагаан сайрын Улаан энгэр хэмээх газарт төрж, энэ газартаа өдий болтол 65 жил нутаглаж ирсэн. Ухаан орсон цагаасаа уг өвөлжөөнд сууж бүх насаараа мал малласан. 1997 онд багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж тухайн үеийн сумын Засаг даргын захирамжаар Улаан энгэрийн өвөлжөөг эзэмшиж эхэлсэн. Гэтэл эцэг өвгөд нь айл аймаг нутаглаж байсан Г.г 7 настай байхад Их-Уулаас гэрээрээ нүүж Тосонцэнгэл суманд 35 жил амьдарсан ба түүний ээж Тосонцэнгэл сумын дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. Г. нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь мод боловсруулах комбинатад ажиллаж амьдарч байгаад компани татан буугдсаны дараа 1992 оноос сүүлээс аав ....... ахынх манайтай хамт 6 жил өвөлжсөн. Харин Г. Улаанбаатар хот руу шилжин суурьшиж Улаанбаатар хотдоо 22 жил амьдарсан. 1999 онд буюу Г. 2 дахь жилдээ аавтайгаа өвөлжиж байхад аав ******* ах бурхан болж төд удалгүй Г. Улаанбаатар хот руу гэрээрээ нүүсэн. ******* ах 1 том үхрийн хашаа авсан ба Х. миний бие өмч хувьчлалаар том төлийн байрыг авч, манай ах Х.......жижиг төлийн байр авсан. ******* ах өмч хувьчлалаар авсан 1 үхрийн том хашаанаас гадна өөрийнх нь хувийн өмчийн барааны болон хоолны нэг нэг пүнзтэй байсан... Би өмч хувьчлалын тасалбараар тус өвөлжөөний 1 том төлийн байр худалдан авсан.Г....... ахтай би 6 жил сайхан айл аймаг болж өвөлжсөн. Надтай хамт манай гэрийн гадаа миний ээжийн дүү ...... гэдэг авга эгч өвөлждөг байсан, ...... ах амьд сэрүүн байхдаа авга эгч ........д хоолныхоо нэг пүнзийг өгсөн байсан. Г....... ах бурхан болсны дараа хүү Г. нь аавынхаа өмч хувьчлалаар авсан том үхрийн хашааг Их-Уул сумын Хонгор багийн дүү нар болох ......... нартаа өгсөн ба Г.г Улаанбаатар явсны дараа дээрх дүү нар нь манай өвөлжөөнд байсан ......ахын үхрийн том хашааг бүгдийг нь буулгаад юу ч үлдээлгүй ачаад явсан байсан. Ингээд ...... ах бид хоёрын өвөлжөө байсан Улаан энгэрийн доод өтгөөс манайх хойшоо 500 метр гаруй зайд байх Улаан энгэрийн дээд өтөгт нүүж очсон. Би өмч хувьчлалаар авсан том төлийн байраа өөрийн ахын жижиг төлийн байрын хамт тэр өмч хувьчлал явагдсан газраас буулгаж өөрийн ах ......ын хаваржаанд байсан хашааны модыг нийлүүлж сэлбээд одоо байгаа дээд өвөгт өвөлжөөгөө шинээр барьсан. ....... болон манай хоёр тус тусын өвөлжөөг эв найртай эзэмшиж, айл аймаг болж амьдарч байтал Г. ах гэнэт 2020 оны зун Улаанбаатар хотоос Их-Уул суманд ирээд манай өвөлжөөтэй тулгаж шинээр хашаа барьсан, нойтон мод буулгаж барьсныгаа өмч хувьчлалаар авсан миний өвөлжөө гэж маргаж байгаад харамсаж байна. Шүүхийн үзлэгт тусгагдсан Г.гийн хөрөнгө гэх 2 хашаа хоёулаа 2020-2021 онд шинээр баригдсан хашаанууд... Г. ахад хамт өвөлжөөд явъя, хажууд чинь өвөлжье гэж хэлсэн боловч Харганат гэдэг газар руугаа яв гээд байгаа юм. Г. ах 7 наснаасаа хойш Тосонцэнгэл суманд амьдарч байгаад зөвхөн 1996-199 он хүртэл 2-3 жил л Их-уул сумын Улаан энгэрийн доод өтөгт өвөлжиж, түүнээс хойш 199-2000 он хүртэл 21 жил энэ өвөлжөөнд өвөлжөөгүй, Улаанбаатар хотод амьдарсан. 2020 онд Их-Уул суманд ирсэн ба ирсэн даруйдаа Их-Уул сумын Засаг даргаар нууцаар хэнд ч мэдэгдэлгүй, сумын болон багийн иргэдийн Нийтийн Хурлаар оруулалгүй, багийн иргэдээс санал авалгүй, иргэдийн санал хураалтыг явуулалгүй, надад мэдэгдэлгүй шууд 2020 оны 07 сарын 22-ны өдрийн өдрийн А/96 тоот хууль зөрчсөн захирамж гаргуулан, миний өмч хувьчлалаар авсан эд хөрөнгүүд байршдаг газрыг 40 жилийн хугацаатайгаар ******* дугаартай газар эзэмших гэрчилгээ авч, тэр газар дээрээ 2020 онд 1 хашаа, 2021 онд 1 хашаа шинээр барьсан. Тухайн үед Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргаар М.******* гэдэг хүн ажиллаж байсан ба уг гэрчилгээг гаргуулахдаа ...тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй байхад тухайн газарт хоёрхон жил өвөлжсөн, сүүлийн 22 жил амьдраагүй хүнд хууль зөрчиж захирамж гаргасан байсан. Би Улаан энгэрийн өвөлжөөнд төрсөн. Уг өвөлжөөнд бүх насаараа өвөлжиж амьдарч ирсэн ба нэг жил ч завсардаж үзээгүй. Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын 1997 оны 05 сарын 29-ний өдрийн 36 дугаар захирамжаар надад тухайн Улаан энгэр гэх өвөлжөөний 10000м2 газрыг эзэмшүүлж, газар эзэмших гэрчилгээ өгсөн. Би гэрчилгээгээ шинэчилж авахаар хандсан боловч өвөлжөөний гэрчилгээ олгохгүй байсан атлаа М.******* дарга өөр хүнд гэрчилгээг шинэчилж өгсөн нь хууль бус... тэр гэрчилгээг арын хаалгаар авсан юм чинь аймгийн Засаг дарга захирамж гаргахаас өөр аргагүй. Тэр гэрчилгээ хүчингүй. Аймгийн Засаг даргын захирамж хүчинтэй байх ёстой. Багийн иргэдийн хурлаар ороогүй. Тэгсэн хэрнээ бид нарыг дарамталдаг. ах өөрөө хотод амьдарч байгаад ирээд л арын хаалгаар гэрчилгээ авсан... аймгийн Засаг даргын 2021 оны А/303 тоот захирамжийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Мэдсээр байж олон сарын дараа нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авах боломжгүй... ах манайхтай багтаж шингэхээргүй олон малгүй бөгөөд хамт нутаглахад болохгүй зүйл байхгүй. Хэрэв манайхыг энэ өвөлжөөнөөс хөөж, нүүлгэх болбол миний төдийгүй хүүхдүүдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх болно. Би хүүхдүүдийн хамт мал маллаж амьдрал ахуйгаа залгуулдаг, өөр орлогын эх үүсвэргүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Завхан аймгийн Засаг даргын захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
8. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий захиргааны 2 акт хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Хууль зүйн үндэслэл хуульд нийцсэн. Доод шатныхаа захиргааны хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй. 10000 м.кв газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуульд заасан шаардлагын дагуу олгоогүй байдаг. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй, дуудлага худалдаа зохион байгуулалгүйгээр энэ 8 хүнд газар эзэмшүүлж шийдвэрлэсэн байгаа. Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлээс 19 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй. Газар эзэмшигч 8 хүний 1 нь л сумын Засаг даргад газар эзэмших өргөдөл гаргасан. Бусад 7 хүнээс газар эзэмших өргөдөл гаргаагүй байхад 8 хүнд газар олгосон. Газар эзэмших хүсэлт гаргахдаа иргэн хүн заавал өргөдөл гомдлоо Газрын тухай хууль, Төрийн байгууллагад өргөдөл гомдол гаргах хуульд заасан журмын дагуу өргөдөл гаргах ёстой. Газрын тухай хуульд зааснаар тухайн газрын байршил, газар эзэмшихийг хүссэн өргөдөл, харьяа багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримт бичгийг сумын Засаг дарга, газрын даамалд өгөх ёстой. Нэхэмжлэгч Г.гаас бусад нэр бүхий 7 хүн хуульд заасан шаардлагын дагуу газар эзэмших хүсэлтээ өгч байгаагүй. Газрыг ямар нэгэн өргөдөл, хүсэлт гаргахгүйгээр авах боломжтой мэт нөхцөл байдлыг үүсгэж байна. Нэхэмжлэгч Г.гаас бусад 7 хүнд давуу байдал олгосон захиргааны шийдвэр байна. Нөгөө талаас сумын Засаг дарга эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар яригдах боломжтой байна. Завхан аймгийн Засаг дарга Газрын тухай хууль зөрчсөн хууль бус үйлдлийг таслан зогсоосон. Их-Уул сумын Засаг дарга өвөлжөөний доорх газрыг эзэмшүүлэх зориулалтаар олгосныг захирамжийн агуулгаас харж болно. Газар эзэмших хүсэлт гаргасан иргэнд өвөлжөөний доод талын газрыг өвөлжөөний зориулалтаар 1 га газрыг олгож, эзэмшүүлэхээр захирамж гаргасан байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тухайн үед захирамж гаргахад өвөлжөө баригдаагүй асуудал яригддаг. Гэрч Их-Уул сумын байгаль орчны байцаагч О.......ийн мэдүүлэгт “2021 оны захирамж гарснаас хойш гоожин авсан. Гоожин авахдаа ахуйн хэрэглээний нойтон модны зөвшөөрөл авч, мод бэлтгэсэн, М.гийн өвөлжөөтэй тулган Г. өвөлжөө барьсан” гэж мэдүүлсэн байдаг. Нэхэмжлэгч би энэ өвөлжөөгөө хувьчлалаар авсан гэх байдлаар тайлбарлаж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч өвөлжөөг хувьчлалаар авсан бол Хувьчлалын тухай хууль, Үл хөдлөх хөрөнгийн тухай хуулиар тусгай зохицуулалттай харилцаа. Хувьчлалын гэрчилгээ байх ёстой. Хувьчлалаар нэхэмжлэгчид газрын дээд тал үл хөдлөх хөрөнгө болох тугалын хашааг өгсөн байгаа. Хувьчлалтай холбоотой баримт хэрэгт авагдсан баримтад тусгагдаагүй. Сумын Засаг даргын захирамж гаргахад өвөлжөө баригдаагүй газарт өвөлжөөний доод талын газрыг өвөлжөөний зориулалтаар олгоно гэдэг боломжгүй юм. Хоосон газар дээр тухайн үл хөдлөх хөрөнгийн тухайн газрыг эзэмшүүлэх зорилготой олгогдсон байгаа үйлдэл нь хууль зөрчсөн үйлдэл юм. Нэхэмжлэгч Г., гуравдагч этгээд М. нар нь 1997 оны газрын гэрчилгээтэй байгаа. Газрын тухай хуулиар эрх олгосон байгаа. Захиргааны акт гаргахдаа энэ нөхцөл байдлыг шалган тогтоох шаардлагатай. Эрх нь зөрчигдөж болзошгүй этгээдүүдийг оруулах ёстой. Бодит байдал дээр энэ захирамж гарахад нэхэмжлэгч өвөлжөөтэй байсан эсэх, тухайн сумд амьдарч байсан эсэх дээр маргаан үүсдэг. Гуравдагч этгээд насаараа Их-Уул сумд амьдарч байсан нь гэрчийн мэдүүлэгт тодорхой байдаг. Өвөлжөөндөө өвөлжиж, мал аж ахуйгаа эрхэлдэг нь илэрхий байхад гуравдагч этгээдэд мэдэгдэхгүйгээр захиргааны шийдвэр гаргасан байна. Газар давхцалын асуудал яригдаж байгаа. 1000 м.кв газар нь өөр бусад этгээдийн газартай давхацсан байх ёстой. Энэ давхцалыг шүүх дүгнэлтээ хийгээд шийдвэрлэдэг. Газрын давхцал байгаа эсэх асуудал нэгт тавигдана. Газрын давхцалыг шалгах гэхээр Монгол улсын мэдээллийн санд маргаан бүхий газрын мэдээлэл байдаггүй. Үүнийг хэрхэн яаж тогтоох юм бэ? Улаан энгэр гэх газар нь бүхэлдээ тэр хүний газар юм уу? 1 га газар нь хаана байгаа нь тодорхой мэдэгдэхгүй байгаа учир газар эзэмшигчийн эрхийг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс энэ миний газар гээд цэг тогтоогоод барьчихлаа гэж бодъё. Дараа нь дахин өөр хүний газартай давхцах боломжтой. Магадгүй нийтийн эзэмшил дээр баригдсан бол тухайн барилгыг нураах асуудал яригдана. Бодит байдал дээр гуравдагч этгээдийн өвөлжөө нэхэмжлэгчийн 1 га газартай давхцаж буй эсэхийг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан боловч гуравдагч этгээдийн өвөлжөө нэхэмжлэгчийн 1 га газартай хаагуураа давхацсан талаар тогтоох боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа. Газрын тухай хууль зөрчсөн, хэрэгжих боломжгүй, нэхэмжлэгчийн эрх ашиг сэргэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Аймгийн Засаг дарга эхний удаа газар эзэмших гэрчилгээний дугаарын давхардлыг арилган, зөвтгөж гаргасан. Газрын тухай хуульд заасан газар эзэмшигчийн анх газар авахад бүрдүүлэх материал, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон эсэхийг шалгах, газрын мэдээллийн санд оруулах, кадастрын зураг гаргуулах зэрэг зүйл заалтыг зөрчсөн үйлдэл, захиргааны шийдвэрүүдийг дээд шатны Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хэмжээнд, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар доод шатны Засаг даргын хууль бус эс үйлдэхүйг таслан зогсоож хүчингүй болгох ёстой гэсэн зохицуулалт байгаа. Маргаан бүхий харилцааг тухайлан зохицуулж буй Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт газрын тухай хууль зөрчсөн, хууль бус ажиллагааг таслан зогсооно гэх үндсэн эрх байгаа. Бүрэн эрхийнхээ дагуу аймгийн Засаг дарга хууль бус захирамжийг хүчингүй болгосон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгч оролцуулах журмыг зохицуулсан бөгөөд 27 дугаар зүйлийн 27.1.Эрх зүйн чадамж бүхий хүн шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөө оролцуулна, 28 дугаар зүйлийн 28.1.Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна. 28.2.Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараах эрх эдэлнэ: 28.2.1.нэхэмжлэлд гарын үсэг зурах... гэж заажээ.
2.Нэхэмжлэгч ................ нараас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр Б. нь Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/303, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/486 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлд гарын үсэг зурсан бөгөөд нэхэмжлэгч нараас олгосон итгэмжлэлийг хавсарган шүүхэд ирүүлсэн байна. /Хавтаст хэргийн 10-18 дугаар хуудсанд/
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарт тулгуурлан дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Маргаан бүхий захиргааны акт буюу Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/303 дугаар захирамжаар 2006 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдийг үндэслэн Их-Уул сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжийг хүчингүй болгосон байна. /Хэргийн 1 дэх хавтасны 4 дүгээр хуудсанд/
5. Маргаан бүхий дараагийн захиргааны акт буюу Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Захирамжийн алдааг засах тухай” А/486 дугаар захирамжаар 2020 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдийг үндэслэн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтний алдаанаас үүдэн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/303 дугаар захирамжуудын дугаар давхардсан” гэх үндэслэлээр Их-Уул сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжийг хүчингүй болгосон захирамжийн эрх зүйн үйлчлэлийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн сэргээж, иргэн Г. нарын эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгохыг Их-уул сумын Засаг даргад үүрэг болгожээ. /Хэргийн 1 дэх хавтасны 193 дугаар хуудсанд/
6. Тодруулбал, дээрх захирамжуудаар энэ хэрэгт маргаж буй Завхан аймгийн Их-уул сумын Үржил багийн нутаг дэвсгэр дэх Улаан энгэрийн өвөлжөөний 1 га газрыг 40 жилийн хугацаагаар нэхэмжлэгч Г.д болон ........ нарт эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн Их-Уул сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжийг хүчингүй болгож, уг захирамжийн дагуу Г.д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.
7. 2006 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, 2020 оны Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Засаг дарга хуульд нийцүүлэн захирамж гаргах бөгөөд газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн доод шатны албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээтэй байна.
8. Дээрх бүрэн эрхийн хүрээнд хариуцагч Завхан аймгийн Засаг даргаас 2021 оны А/303, 2022 оны А/486 дугаар захирамжуудыг гаргажээ.
9. Захирамжуудад дурдсан хуулийн зохицуулалтыг тодруулж үзвэл, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ...20.2.7.газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах арга хэмжээ авах”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 22.1.1.нийтийн эдэлбэрийн газрын ашиглалтыг зохион байгуулах”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасан байна.
10. Энэ маргааны тухайд Завхан аймгийн Их-уул сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжаар тус сумын Үржил багийн нутаг дэвсгэр дэх Улаан энгэрийн өвөлжөөний 1 га газрыг нэхэмжлэгч нарт эзэмшүүлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэх, уг захирамжийг хариуцагч Завхан аймгийн Засаг даргаас хүчингүй болгох үндэслэл хуульд нийцсэн эсэх, маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх зэрэгт шүүхээс дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
11. Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “...хариуцагчаас маргаан бүхий 2021 оны А/303 дугаар захирамжийг нэхэмжлэгчид мэдэгдээгүй, мэдэгдсэнээ баримтжуулаагүй, нэхэмжлэгч маргаан бүхий актыг өөрөө биечлэн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас аваад нэхэмжлэлээ гаргасан...” гэж, хариуцагчийн төлөөлөгч, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нар “...маргаан бүхий захиргааны акт болох Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/303 дугаар захирамжийг Г.д 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Их-Уул сумын газрын даамлаас утсаар мэдэгдсэн байхад нэхэмжлэгч нар нэхэмжлэлээ шүүхэд анх 2022 оны 6 сард гаргасан нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн...” гэж тус тус тайлбарлан маргасан.
12. Маргаан бүхий захиргааны акт болох Завхан аймгийн Засаг даргын 2021 оны А/303 дугаар захирамжийг Их-Уул сумын газрын даамлаар дамжуулан хүргэх ажиллагааг хийсэн хэмээн хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан ба хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гэрч Их-Уул сумын газрын даамал Д.******* нь “Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/303 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Г.д утсаар мэдэгдсэн” гэж мэдүүлсэн боловч энэхүү нөхцөл байдал нь бусад баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд утсаар мэдэгдсэн талаар баримтжуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасан “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна” гэх зохицуулалтад нийцээгүй тул энэ талаарх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэстэй. /Хавтаст хэргийн 57-60, 91, 116-118, 126 дугаар хуудас/
13. Нэхэмжлэгч Г. нь Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас маргаан бүхий 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/303 дугаар захирамжийг 2022 оны оны 06 дугаар сарын 17-ны өдөр гаргуулан авч, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01/309 дүгээр албан бичиг, явуулсан бичгийн бүртгэлийн тэмдэглэл, аймгийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3/679 дүгээр албан бичиг, шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /Хавтаст хэргийн 52, 57, 125 /ар/, 127 дугаар хуудас/
14. Мөн нэхэмжлэгч Б. нь Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 109/ШЗ2024/0023 дугаар захирамжийг гардан авмагцаа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг арилган, бусад нэхэмжлэгч нартай хамтран 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд шинээр нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасныг зөрчөөгүй байх тул “нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэх хариуцагчийн төлөөлөгч, гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын тайлбар үндэслэлгүй юм.
15. Их-Уул сумын Засаг даргаас 2020 оны А/96 дугаар захирамжаар нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэх ажиллагаа Газрын тухай хуульд заасан журмын дагуу явагдсан эсэх талаар: Анх Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын 1997 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 36 дугаар захирамжаар тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Газрын тухай хууль /1994 он/-ийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг үндэслэн нийт өвөлжөө, бууцны эзэмшлийн нэр, хаяг, газрын хэмжээ, байршил, хот айлын өрхийн тэргүүний нэр, суурийн ахлагчийг томилж, жагсаалтыг баг тус бүрээр гаргаж захирамжид хавсарган газар эзэмших эрхийн гэрчилгээг 1997 оны 06 дугаар сарын 15-ны дотор олгох асуудлыг шийдвэрлэсэн байх боловч уг захирамжийн хавсралт Төрийн архивын тасаг болон Их-уул сумын Засаг даргын Тамгын газарт байхгүй, хадгалагдаагүй болох нь Завхан аймгийн архивын тасгийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/1528 дугаар албан бичиг, гэрч Н...........ийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /Хавтаст хэргийн 113, 114, 116 дугаар хуудсанд/
16. Их-Уул сумын Засаг даргын 1997 оны 36 дугаар захирамжийг үндэслэн нэхэмжлэгч Г., гуравдагч этгээд Х. /нэрийг “......” хэмээн бичсэн/ нарт Үржил багийн Улаан энгэрийн өвөлжөөнд 10 000 м.кв газрыг эзэмшүүлэхээр 1997 оны 09 дүгээр сарын 14, 1999 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тус тус олгосон 23, ...2, ИУ-1046, *******,******* дугаартай гэрчилгээнүүдэд газар эзэмших хугацааг тодорхой заагаагүй байна. /Хавтаст хэргийн 98-99, 101-102 дүгээр хуудсанд/
17.Тэдгээр газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг сумын Засаг даргаас хүчингүй болгоогүй /Энэ талаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас маргаагүй/ байх тул “Холбогдох захирамжийн хавсралт байхгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээнд мэдээллийг бүрэн зөв тусгаагүй” гэх үндэслэлээр гэрчилгээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй юм.
18. Дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээнд тусгасан нэхэмжлэгч Г., гуравдагч этгээд Х. нарын эзэмшиж ирсэн гэх маргаан бүхий Улаан энгэрийн өвөлжөөний 1 га /10000 м.кв/ газруудын хил, зааг, цэгүүдийг газарт бэхэлж хүлээлгэж өгсөн баримт, тойм, схем зураг, кадастрын зураг хийгдээгүй, тэдний газруудын хил заагийг тусгаарласан цэг, тэмдэгт байхгүй тул 1 га газруудын хэмжээ, байршлыг нарийвчлан тогтоох боломжгүй, харин тэд өөрсдөө баримжаалан эзэмшил гэх газрынхаа эргэн тойрны дөрвөн талын цэгүүдийг тус тус зааж өгөхөд нэгэн адил, давхцаж байх ба тэдгээр цэгүүдийг үндэслэн хэмжиж үзэхэд ойролцоогоор 7368 м.кв орчим хэмжээтэй газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшиж байгаа нь шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй. /Хавтаст хэргийн 68-72, 147-149 дүгээр хуудас/
19. Нэхэмжлэгч Г. нь “...Үржил багийн Цагаан сайрын амны Улаан энгэрийн өвөлжөө нь миний найман үеэрээ өвөлжиж ирсэн удам дамжсан өвөлжөө, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон. Миний удмын олон хүн байдаг, уг өвөлжөөнд С........ гэсэн малчид өвөлжиж байна. Эдгээр нь миний аавын эгчийн хүүхдүүд тул энэ нэр бүхий хүмүүст газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлтийг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гаргажээ. /Хавтаст хэргийн 96 дугаар хуудсанд/
20. Их-Уул сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжаар хэд хэдэн газрыг эзэмшүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсний дотор Г. болон ...... нарт Үржил багийн нутаг дэвсгэрт байршилтай Улаан энгэрийн өвөлжөөнд 1 га газрыг өвөлжөөний зориулалтаар 40 жилийн хугацаагаар хамтран эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ зөвхөн Г.гийн гаргасан дээрх хүсэлт болон 1997, 1999 онуудад түүнд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг үндэслэсэн болох нь гэрч М........ мэдүүлгээр тогтоогдож байна. /Хавтаст хэргийн 152-153 дугаар хуудсанд/
21. Их-Уул сумын газрын даамал нь дээрх 2020 оны А/96 дугаар захирамжийг үндэслэн Г.гийн нэрээр ....... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг бичиж олгохдоо “нэмэлт өөрчлөлтийн агуулга” гэх хэсэгт Д......, Д........ нарын нэрийг тусгажээ. /Хэргийн 1 дэх хавтасны 10 дугаар хуудас/
22. Тэдгээрээс Д.*******ын нэр Их-уул сумын Засаг даргын 2020 оны А/96 дугаар захирамжид тусгагдаагүй, өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтны газар эзэмшүүлэх шийдвэргүйгээр түүний нэрийг газар эзэмших эрхийн гэрчилгээнд хамтран эзэмшигчээр бичсэн нөхцөл байдал тогтоогдож байна. /Хавтаст хэргийн 5, 97 дугаар хуудас/
23. Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор батлагдсан 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Үржил багийн нутаг дэвсгэрт байршилтай өвөлжөө, хаваржааны доорх 3 га газрыг 3 өрхөд эзэмшүүлэхээр тусгагдсан боловч газрын байршил, нэр тодорхой заагдаагүй байна. /Хавтаст хэргийн 85-90 дүгээр хуудас/
24. Гэрч буюу тухайн үед сумын Засаг даргаар ажиллаж байсан М..... нь дээрх 2020 оны А/96 дугаар захирамжид Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 /...газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах/, 33 дугаар зүйлийн 33.1.2 /...энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ.../ дахь заалтыг үндэслэсэн.
25. Тодруулбал, шинээр газар эзэмшүүлэх болон хуульд заасан /0,7 га/ хэмжээнээс илүү газрыг эзэмшүүлэх талаарх зохицуулалтуудыг захирамжид үндэслэсэн байх боловч гэрч М....... “...Г.д 1997, 1999 онуудад олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ болон түүний бичгээр гаргасан өргөдлийг үндэслэн шийдвэр гаргасан...” гэж мэдүүлж байгаагаас дүгнэхэд Их-Уул сумын Засаг дарга нь 2020 оны А/96 дугаар захирамжаар нэхэмжлэгч Г.д газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ бодит нөхцөл байдлыг бүрэн дүүрэн судлаагүй, газрыг шинээр эзэмшүүлэх, эсхүл гэрчилгээг шинэчлэн олгож буй алин болохыг тодорхой дурдаагүй, Улаан энгэрийн өвөлжөөний газар өөр бусад иргэний эзэмшил, ашиглалтад байгаа эсэхийг судалж тогтоогоогүй, түүнчлэн хүсэлт, холбогдох баримаа ирүүлээгүй байхад ....... нарт шинээр газар эзэмшүүлэхдээ зөвхөн Г.гийн хүсэлтийг үндэслэсэн бөгөөд дээрх нэр бүхий иргэдийн хамтаар Г.д хамтран эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 1 га газрын байршлыг нарийвчлан тогтоогоогүй зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан “захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох”, 40 дүгээр зүйлийн 40.2.3-д заасан бичгээр гаргасан захиргааны актад тавигдах шаардлага буюу “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэсэнтэй нийцээгүй байна. /Хавтаст хэргийн 152-153 дугаар хуудсанд/
26. Мөн Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 32.2-д “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараах зүйлийг тусгана: 32.2.1.овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний бүртгэлийн дугаар; 32.2.2. эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан ...газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”, 33.1.2-т “...энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасан журмыг зөрчсөн байна гэж үзлээ.
27. Гуравдагч этгээд Х.гийнх Улаан энгэрийн өвөлжөөний газрыг өвөлжөөний зориулалтаар тасралтгүй эзэмшиж ашиглаж ирсэн нь гэрч С......., С....... нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч Г.гийн нэгэн адил 1999 онд олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу эзэмшиж ирсэн байхад уг газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу тэд Улаан энгэрийн өвөлжөөний 1 га газрыг ямар хугацаагаар эзэмших эрхтэй болох, 1 га газрыг Г., Х. нар “дундаа хамтран”, “хэсгээр хамтран” эзэмшсэний алин нь болох, эсхүл тус тусдаа 1 га газрыг ямар байршилд эзэмших эрхтэй байсан эсэх, тэдний газруудын байршил, хил зааг зэргийг тодруулах зэргээр нөхцөл байдлыг бүрэн дүүрэн судалж тогтоолгүйгээр зөвхөн Г.гийн өргөдлийг үндэслэн уг өвөлжөөнд Д..... нарын хамт 1 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн бөгөөд хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимд нийцээгүй байна. /Хавтаст хэргийн 120-121 дүгээр хуудас/
28. Иймд нэхэмжлэгч Г.д газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ бодит нөхцөл байдлыг бүрэн дүүрэн судалж тогтоолгүйгээр, Газрын тухай хуульд заасан журмыг зөрчиж гаргасан Их-Уул сумын Засаг даргын 2020 оны А/96 дугаар захирамжийг хариуцагч Завхан аймгийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэн 2021 оны А/303 дугаар захирамж, 2022 оны А/486 дугаар захирамжуудаар хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж үзлээ.
29. Завхан аймгийн Засаг даргаас 2021 онд гаргасан захирамжуудын эх хувьд хийсэн үзлэгээр маргаан бүхий 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/303 дугаар захирамж байхгүй, уг “А/303” гэх дугаарт “Хөрөнгө гаргах тухай” гэх агуулгатай захирамж давхар бүртгэгдсэн байх боловч нэхэмжлэгчийн маргаж буй хэрэгт авагдсан 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/303 дугаар захирамж нь албаны хэвлэмэл хуудсан дээр үйлдэгдэж, хариуцагч Завхан аймгийн Засаг дарга /Д......./-ын гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажуулсан байгаа тул уг захирамжийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй юм. /Хавтаст хэргийн 75, 76, 77, 88 дугаар хуудас/
30. Захирамжийг албажуулан гаргах үе шат буюу дугаарлах, бүртгэх ажиллагааны үед гарсан алдааг зөвтгөн, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө ...засах эрхтэй...” гэж заасныг үндэслэн уг захирамжийн эрх зүйн үйлчлэлийг Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Захирамжийн алдаа засах тухай” А/486 дугаар захирамжаар сэргээснийг буруутгах үндэслэлгүй.
31. “Завхан аймгийн Засаг даргын 2022 оны А/486 дугаар захирамжийг гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй, захирамжийн заалтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн шинжтэй, утга найруулга, агуулгын алдаатай, захирамжид шийдвэрлэж буй асуудалд хамаарахгүй хуулийн зохицуулалт буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг үндэслэсэн, мөн Р.г энэ хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулах үндэслэлгүй” хэмээн нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлан маргасан.
32. Завхан аймгийн Засаг даргын 2022 оны А/486 дугаар захирамжийн 1 дэх заалтаар 2021 оны А/303 дугаар захирамжийн үйлчлэлийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн сэргээхээр зааж, 2 дахь заалтаар “Г.гийн газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг хүчингүй болгох”-оор заасан нь 1 дэх заалтаа үгүйсгэсэн шинжгүй, агуулга нь бүрэн илэрхийлэгдсэн, харин 2021 оны А/303 дугаар захирамжид тусгасан “...Г.гийн газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох...” гэх агуулгыг 2022 оны А/486 дугаар захирамжийн дээрх 2 дахь заалтад давхцуулан тусгасан байх тул “А/486 дугаар захирамжийн 2 дахь заалт 1 дэх заалтаа үгүйсгэсэн, эргэлзээ төрүүлэхүйц утга агуулга, найруулгын алдаатай” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг зөвтгөх боломжгүй, энэ нөхцөлөөр захирамжийг хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.
33. “Хариуцагч Завхан аймгийн Засаг даргаас 2021 оны “А/486 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг зөрчсөн, мөн захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг үндэслэсэн нь шийдвэрлэж буй асуудалд хамаарахгүй” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэстэй хэдий ч сумын Засаг даргын газрын тухай хууль тогтоомж зөрчиж гаргасан захирамжийг аймгийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хүчингүй болгосон нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул “сонсох ажиллагаа явуулаагүй”, “хамааралгүй хуулийн зохицуулалтыг баримталсан” гэх үндэслэлээр захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.
34. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны ...улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг ...шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасан.
35. Шүүх энэ нэхэмжлэлээр үүссэн энэ маргааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэж үзэж, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 118/ШЗ2022/0110 дугаар захирамжаар Х.г гуравдагч этгээдээр татан оролцуулсан.
36. Гуравдагч этгээд Х. нь 1999 онд олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу Их-Уул сумын Үржил багийн нутаг дахь Улаан энгэрийн өвөлжөөний доорх газрыг зориулалтын дагуу бодитоор тасралтгүй эзэмшиж ирсэн нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд Х. уг өвөлжөөнд өвөлжиж саад учруулж байгаа талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тусгасан, түүнчлэн Х.гээс амаар гаргасан гомдлын дагуу Завхан аймгийн Засаг даргын маргаан бүхий 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/303 дугаар захирамжийг гаргасан талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгаа тул Х.г энэ хэрэгт хамааралгүй гэж үзэх үндэслэлгүй болно.
37. Нэхэмжлэгч нарт 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр олгосон ...... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд “ИЗ....... регистерийн дугаартай С.......” гэх нэр тусгагдсан ба уг иргэний талаар улсын бүртгэлээс лавлахад тухайн иргэний нэр нь “.........” бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нас барсан болох нь Завхан аймгийн Улсын бүртгэлийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 346 дугаар албан бичиг, нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ