| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2017/00159/Э |
| Дугаар | 162 |
| Огноо | 2017-12-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Энхжаргал |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 162
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа,
Улсын яллагч Ч.Энхжаргал,
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Гойзон овогт Энхцэцэгийн Б д холбогдох эрүүгийн 1726001110051 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Гойзон овгийн Э.Б .
Шүүгдэгч Э.Б нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 20 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр 10 дугаар багт байрлах “Алтан шар зам” нэртэй зочид буудалд хохирогч Д.Л зүүн дал хэсэгт 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Тэр өдөр бид нар “Алтан шар зам” буудалд биллъярд тоглосон. Тэгээд Д.Л намайг цохиод авахаар нь би эргүүлээд хутгаар дүрчихсэн юм. Надад байсан миний хутга юм. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу...” гэв.
Хохирогч Д.Л ын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр, ... “Алтан шар зам” гэх буудалд байдаг биллярьдны газар орж тоглосон. Тоглож байхдаа дахиад нэг шил 0.5 литрийн “Нутгийн буян” архи, 2 литрийн пиво хувааж уусан. Тэгээд тэнд тоглоомон дээрээсээ болоод Э.Б бид хоёр маргалдсан. Би Э.Б ыг нүүрэн хэсэгт нь удаа цохиод авсан. Тэгсэн Д Э.Б ыг өмөөрөөд намайг тонгороод хана руу саваад унагаачихсан. Босоод иртэл Э.Б намайг цохиод авах шиг л болсон. Жоохон байж байгаад ар нуруу хэсэг рүү юм урсаад нойт оргиод байхаар нь хартал миний зүүн талын дал хэсгээс цус гарч байсан. Тэгээд Э.Б намайг хутгалчихаж дээ гэж бодсон...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Гэрч Б.Г-н мөрдөн байаалтанд өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 05-ны орой Э.Б , Маам, Ноов, Л бид нар “Алтан шар зам” буудалд биллъярд тоглож пиво уусан. Тухайн үед 19 цаг өнгөрч байсан. Тэгтэл тоглоомон дээрээсээ болж Э.Б , Д.Л хоёр хоорондоо зодолдоод Э.Б , Д.Л ын нуруунд нэг удаа хутгалсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31 дүгээр хуудас/,
Гэрч А.Х-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 20 цагийн үед байх цагийг нь сайн санахгүй байна, ... Нэг залууг цохиод авах шиг болсон. Тэгээд ажиглаад хартал гарт нь тонгорог гэмээр жижиг хутга харагдсан. Би миний дүү тэгж болдоггүй юм. Наадахаа тавь гэсэн чинь хутгаа баруун талын гартаа барьчихаад энэ муу намайг мөргөлөө гэж юм яриад зогсоод байсан. ... Гадуураа хар өнгийн куртиктай, дотуураа цайвар өнгийн цамцтай залуу ар нурууны зүүн талын хэсэг орчмоос нь цус гарчихсан байхаар нь цагдаа дуудаарай гээд орилсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,
Гэрч С.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Яг юунаас болж хоорондоо маргалдсан гэдгийг би сайн мэдэхгүй байна. Тэгээд Ж.Б ы гарт жижиг эвхдэг хутга байж байсан. Би Э.Б , Д.Л ыг хутгалчихаж гэж бодсон. ... Д.Л ын ар нурууны дал хэсэгт нь нэг удаа хутгалсан юм. ... Хутга Ж.Б д өөрт нь байсан байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,
Гэрч П.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Бид хоёр биллярьдны гадаа зогсож байсан чинь Д.Л хамт найз нь Э.Б г юугаар чи Д.Л ыг дүрчихсэн юм гэхэд миний халаасанд хутга байсан тэрүүгээр дүрчихсэн байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүх эмнэлгийн 404 дугаартай: “... Д.Л ын биед зүүн даланд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/,
Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 9602 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн Д.Л /ЙВ88102410/ гэсэн хаягтай цусанд 2.5 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2.5 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” “... Э.Б / гэсэн хаягтай цусанд 2.6 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2.6 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 48 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 3 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9 дүгээр хуудас/,
Хяналтын камер шүүсэн тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Э.Б ы хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 13-18, 57-58 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Б ы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Э.Б ыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /хх-ийн 53-56 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Э.Б нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 20 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр 10 дугаар багт байрлах “Алтан шар зам” нэртэй зочид буудалд хохирогч Л.Л зүүн дал хэсэгт 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан: хохирогч Д.Л ын “... Би Э.Б ыг нүүрэн хэсэгт нь удаа цохиод авсан. Тэгсэн Д Э.Б ыг өмөөрөөд намайг тонгороод хана руу саваад унагаачихсан. Босоод иртэл Э.Б намайг цохиод авах шиг л болсон. Жоохон байж байгаад ар нуруу хэсэг рүү юм урсаад нойт оргиод байхаар нь хартал миний зүүн талын дал хэсгээс цус гарч байсан. Тэгээд Э.Б намайг хутгалчихаж дээ гэж бодсон...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23-24/, гэрч Б.Галбадрахын “... Тэгтэл тоглоомон дээрээсээ болж Э.Б , Д.Л хоёр хоорондоо зодолдоод Э.Б , Д.Л ын нуруунд нэг удаа хутгалсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31/, гэрч А.Хүрэлбаатарын “... Нэг залууг цохиод авах шиг болсон. Тэгээд ажиглаад хартал гарт нь тонгорог гэмээр жижиг хутга харагдсан. ... Гадуураа хар өнгийн куртиктай, дотуураа цайвар өнгийн цамцтай залуу ар нурууны зүүн талын хэсэг орчмоос нь цус гарчихсан байхаар нь цагдаа дуудаарай гээд орилсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/, гэрч С.Төмөрбаатарын “... Э.Б ы гарт жижиг эвхдэг хутга байсан. Би Э.Б , Д.Л ыг хутгалчихаж гэж бодсон. ... Д.Л ын ар нурууны дал хэсэгт нь нэг удаа хутгалсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/, гэрч П.Дуламсүрэнгийн “... Бид хоёр биллярьдны гадаа зогсож байсан чинь Д.Л хамт найз нь Э.Б г юугаар чи Д.Л ыг дүрчихсэн юм гэхэд миний халаасанд хутга байсан тэрүүгээр дүрчихсэн байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүх эмнэлгийн 404 дугаартай дүгнэлт /хх-ийн 44/, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 9602 дугаартай дүгнэлт /хх-ийн 48/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 3/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9/, Хяналтын камер шүүсэн тэмдэглэл /хх-ийн 10/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 19-21/, шүүгдэгч Э.Б ы мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч Э.Б д холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Гойзон овогт Энхцэцэгийн Б д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “sanji” гэсэн бичигтэй хутга 1 ширхэгийг устгаж,
Шүүгдэгч Э.Б д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5 ,6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гойзон овогт Э.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гойзон овогт Э.Б ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд тус бүр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.
5. Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “sanji” гэсэн бичигтэй хутга 1 ширхэгийг устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР