Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2024/03042

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 21 181/ШШ2024/03042

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тахимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 тоотод байрлах, Т ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 0 тоотод байрлах, А ХХК /РД:000000/-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт шилжүүлсэн 31,207,561 төгрөг, алданги 11,141,368 төгрөг, нийт 42,348,929 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Манай компани 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр А ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нийт 712 тонн арматур төмрийг худалдан авахаар тохиролцсон. Худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдагч талд 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 178,768,800 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 612,827,600 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 40,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 22,198,800 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 193,956,448 төгрөг, нийт 1,047,751,648 төгрөгийг шилжүүлж захиалгаа баталгаажуулсан.

Худалдагчаас 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 1,016,544,086 төгрөгийн үнэ бүхий арматур нийлүүлсэн.

Худалдах, худалдан авах гэрээний 2.3 дахь заалтад заасны дагуу худалдан авагч талаас захиалгаа хийж баталгаажуулан тухай бүрд төлбөрийг шилжүүлж байсан хэдий ч худалдагч талаас 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш үлдэгдэл 31,207,561 төгрөгийн үнэ бүхий арматурыг гэрээнд заасны дагуу нийлүүлээгүй тул гүйцэтгээгүй үүрэгт шилжүүлсэн 31,207,561 төгрөгийг буцаан гаргуулна.

Худалдах, худалдан авах гэрээний 4.3 дахь хэсэгт заасны дагуу 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги болох нийт 11,141,368 төгрөгийг гаргуулна.

Гэрээгээр НӨАТ-ын талаар тохиролцоогүй, зах зээлийн үнээр арматурыг худалдаж авсан тул хуулийн дагуу НӨАТ төлөгч нь татвараа төлөх үүрэгтэй. Хариуцагчийн НӨАТ-т арматурын төлбөрөөс суутгасан гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд А ХХК-иас гэрээний гүйцэтгээгүй үүрэгт шилжүүлсэн 31,207,561 төгрөг, алданги 11,141,368 төгрөг, нийт 42,348,929 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А ХХК хариу тайлбар, татгалзалдаа: Манай компани 2022 оны 8 дугаар сарын 12-ний өдөр Т ХХК-тай Худалдах, худалдах авах гэрээ-г байгуулж, Т ХХК нь 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 1,016,544,086 төгрөгийг арматур авахаар шилжүүлсэн.

Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан нэг тонн арматурын үнэ 2,800,000 төгрөг гэдэг нь нэмэгдсэн өртгийн албан татвар буюу НӨАТ багтаагүй үнэ бөгөөд гэрээнд нэмэгдсэн өртгийн албан татвар багтсан талаар болон тайланг шивэх, илгээх, тайланд тусгах талаар огт заагаагүй.

Худалдан авагч талын татварын нэмэгдлийг дараа төлөх хүсэлтээр манай компани НӨАТ-ын баримт илгээж, үүний дагуу тайлан гаргасан. Худалдан авагч Т ХХК нь НӨАТ-ын 10 хувьтай тэнцэх төлбөрийг дараагийн төлбөр дээрээс авах арматурынхаа хэмжээг багасгах замаар шингээж явахаар амаар тохиролцсон.

Манай компани 31,207,561 төгрөгийг НӨАТ-ын нэмэгдэлд суутгаж авсан бөгөөд зөрүү мөнгийг Т ХХК-иас нэхэмжилнэ гэжээ.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас: Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ний хуулбар, Худалдаа хөгжлийн банк ХХК-ны 0 тоот дансны 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн хуулга, 024 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулга, Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн орлогын ордер зэргийг гаргаж өгсөн, хариуцагч талаас: А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм зэргийг гаргаж өгсөн, шүүхийн журмаар гэрч Б.Б-гийн мэдүүлгийг бүрдүүлсэн болно.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Т ХХК хариуцагч А ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт шилжүүлсэн 31,207,561 төгрөг, алданги 11,141,368 төгрөг, нийт 42,348,929 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Т ХХК нь худалдах, худалдан авах гэрээний дагуу захиалга хийж, төлбөрийг шилжүүлсэн боловч 31,207,561 төгрөгийн үнэ бүхий арматурыг шилжүүлээгүй гэх үндэслэлээр шилжүүлсэн 31,207,561 төгрөгийг, алданги 11,141,368 төгрөг хамт гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч А ХХК эс зөвшөөрч, 31,207,561 төгрөгийг НӨАТ-ын нэмэгдэлд суутгаж авсан гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:  

 

1. А ХХК нь Т ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, худалдагч А ХХК нь биет байдлын болон эрхийн доголдолгүй чанарын өндөр үзүүлэлт бүхий нийт 712,000 тонн арматурыг нийлүүлэх, үүнээс 467,031 тонныг 2022.08.11-ний өдрийн хэлэлцэж тохиролцсон үнээр буюу 1 тонныг 2,800,000 төгрөгөөр нийлүүлэх, харин 244,969 тонны үнийг 2,900,000 төгрөгөөр тооцох ба үнийн дүн болох 710,412,000 төгрөгөнд дүйцүүлэн Хан-Уул дүүргийн 18 хороо, 0 өрөө орон сууцыг 1 мкв-ыг 5,300,000 тооцож өгөхөөр тохиролцжээ. /хавтаст хэргийн 6-7 хуудас/

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээг үгүйсгэх үндэслэлгүй, гэрээ хуулийн хүчин төгөлдөр байна.

 

2. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Т ХХК нь гэрээний дагуу арматурын үнэд 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 178,768,800 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 612,827,600 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 40,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 22,198,800 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 193,956,448 төгрөг, нийт 1,047,751,648 төгрөгийг шилжүүлсэн болох нь Худалдаа хөгжлийн банк ХХК дахь 0 тоот дансны хуулгаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 10-14 хуудас/

 

А ХХК нь нийт 1,016,544,086 /нэг тэрбум арван зургаан сая таван зуун дөчин дөрвөн мянга наян зургаа/ төгрөгийн үнэ бүхий арматур нийлүүлсэн гэдэгт маргаагүй.

 

3. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан.

 

Хариуцагч А ХХК нь нийлүүлээгүй арматурын үнэд шилжүүлсэн гэх 31,207,561 төгрөгийг НӨАТ-ын нэмэгдэлд суутгаж авсан гэж маргасан бөгөөд үндэслэлээ худалдан авагч талын татварын нэмэгдлийг дараа төлөх хүсэлтээр манай компани НӨАТ-ын баримт илгээж, үүний дагуу тайлан гаргасан. Худалдан авагч Т ХХК нь НӨАТ-ын 10 хувьтай тэнцэх төлбөрийг дараагийн төлбөр дээрээс авах арматурынхаа хэмжээг багасгах замаар шингээж явахаар амаар тохиролцсон гэжээ.

 

3.1. Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна: гээд 5.2.1.-д Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн гэж тодорхойлсны дагуу хариуцагч А ХХК нь нэмэгдсэн өртөгийн албан татвар төлөгч байна.

3.2. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасны дагуу 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ний 1.1-д 1 тн арматурын үнэ 2,800,000 төгрөг байхаар тохиролцсон боловч уг үнэд НӨАТ ороогүй талаар тусгаагүй байна.

Хариуцагч А ХХК нь барилгын материалын худалдаа эрхэлдэг бизнесийн байгууллага тул гэрээндээ НӨАТ ороогүй талаар тусгаагүйг санамсаргүй алдаа гаргасан гэж үзэхээргүй байх бөгөөд гэрч Б.Б арматурын үнэд НӨАТ орсон, худалдан авалт бүрээс НӨАТ-ын баримтыг шивэхээр тохиролцсоны дагуу НӨАТ олгосон гэж мэдүүлсэн байна. /хавтаст хэргийн 113-116 хуудас/

 

Мөн гэрээний 4.1-д барааны үнийн өөрчлөлттэй холбоотой гэрээний нэмэлт өөрчлөлтийг бичгээр байгуулж, холбогдох баримтыг хавсаргахаар заасан бөгөөд хариуцагч А ХХК нь Т ХХК-тай НӨАТ-ын 10 хувьтай тэнцэх төлбөрийг дараагийн төлбөр дээрээс авах арматурынхаа хэмжээг багасгах замаар шингээж явахаар амаар тохиролцсон гэж үзэх үйл баримт, үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагчийн 31,207,561 төгрөгийг НӨАТ-ын нэмэгдэлд суутгаж авсан гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

 

4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж зохицуулсан.

 

Энэ хууль болон гэрээний 2.1-д зааснаар Худалдагч А ХХК нь худалдан авагч талд арматурыг захиалгын дагуу бүрэн хүлээлгэн өгөх үүрэгтэй боловч 31,207,561 төгрөгийн арматур хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн байна.

 

Иймд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3, 254.4 дэх хэсэгт худалдагчийн гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө илгээснийг худалдан авагч хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө гэж заасны дагуу А ХХК-иас 31,207,561 төгрөгийг гаргуулж Т ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

5. Алдангийн тухайд,

 

2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ний 4.3-д гэрээний аль нэг тал бараа бүтээгдэхүүнтэй холбогдуулан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,1%-ийн алдангийг төлнө гэж талууд анзын талаар тохиролцжээ.

Талуудын энэхүү тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6-д заасантай нийцсэн байна.

 

Хариуцагч тал үндсэн төлбөрийг төлөх үүрэггүй тул алданги тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж маргаснаас алдангийн тооцооллын талаар маргаагүй болно.

 

А ХХК нь худалдан авагч талд арматурыг захиалгын дагуу бүрэн хүлээлгэн өгөх үүргээ зөрчиж, 31,207,561 төгрөгийн арматурыг нийлүүлээгүй тул нэхэмжлэгч Т ХХК нь 2022.09.20-ны өдрөөс 2023.09.11-ний өдрийг хүртэл алданги шаардах эрхтэй байна.

Алдангийг тооцоолбол, гүйцэтгээгүй үүрэг 31,207,561 төгрөгийн 0,1% алданги 31,207.5 төгрөг, 2022.09.20-ны өдрөөс 2023.09.11-ний өдрийг хүртэл 357 хоног, 357 х 31,207.5 = 11,141,368 төгрөг байна.

 

6. Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч А ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт шилжүүлсэн 31,207,561 төгрөгийг, алданги 11,141,368 төгрөг, нийт 42,348,929 төгрөгийг гаргуулж Т ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж төлөх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийг ихэсгэсэн хэмжээгээр нөхөн төлүүлэх-ээр заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 416,498 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч А ХХК-иас 42,348,929 /дөчин хоёр сая гурван зуун дөчин найман мянга есөн зуун хорин есөн/ төгрөгийг гаргуулж Т ХХК-д олгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 416,498 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 369,695 /гурван зуун жаран есөн мянга зургаан зуун ерэн таван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА