| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2024/02403/И |
| Дугаар | 181/ШШ2024/03043 |
| Огноо | 2024-08-21 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 181/ШШ2024/03043
2024 08 21 181/ШШ2024/03043
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 0 тоотод байрлах, Н ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 0 тоотод байрлах, Ч ХХК /РД:000000/-д холбогдох,
Гэрээний үлдэгдэл төлбөр 193,939,200 төгрөг, алданги 96,969,600 төгрөг, нийт 290,908,800 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ц, түүний өмгөөлөгч А.Б, хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н ХХК нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Манай "Н" ХХК нь барилгын засвар үйлчилгээ, вакум болон металл цонх, хаалга үйлдвэрлэл чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хариуцагч Ч ХХК /РД:000000/-тай 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр №2021/14 дугаартай гэрээ байгуулан Чингэлтэй дүүргийн металл фасадны ажил хийж гүйцэтгэхээр болсон. Уг ажлыг хийж гүйцэтгэж байх хугацаанд буюу 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр дахин №2021/15 дугаартай гэрээ байгуулж дээрх барилгад гадна аваарын шатны ажлыг нэмэлтээр хийж гүйцэтгэхээр болсон. Тус 2 ажлыг гэрээний дагуу ямар нэгэн доголдолгүйгээр хийж гүйцэтгэн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр захиалагч байгууллагад хүлээлгэн өгсөн.
Дээрх 2 ажлыг хийж гүйцэтгэж байх хугацаанд манай компани нь Сонгинохайрхан дүүргийн 10-р хороонд баригдаж буй 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлын металл фасад ганжуулсан шилтэй цонхын ажлыг хийж гүйцэтгэхээр Ч ХХК-тай 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр №2021/16 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг бүрэн хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн.
Манай компанийн хувьд хариуцагч болох Ч ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнүүдээр тохиролцсон бүх ажлыг гэрээнд заасны дагуу биет байдлын аливаа доголдолгүйгээр хүлээлгэн өгөх үүргээ бүрэн биелүүлж, ажил хүлээлцэх актын дагуу хүлээлгэн өгсөн боловч Ч ХХК нь гэрээний дагуу төлбөр төлөх үүргийн зарим хэсгээ биелүүлэхгүй байсан. Улмаар хариуцагч нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/01, 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2023/61 дугаартай албан бичгүүдээр төлбөрийн үлдэгдэл болох 193,939,200 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлөх хугацааг тогтоосон бөгөөд 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр талууд дээрх ажлуудын үлдэгдэл төлбөр дээр тооцоо нийлэхэд үлдэгдэл төлбөр 193,939,200 төгрөг байсан. Уг төлбөрийг "Ч ХХК нь 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулна, хэрэв тохиролцсон хугацаанд төлж барагдуулахгүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийн төлөхөөр болж талууд 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр №23/18 дугаартай "Барилга угсралтын ажлын санхүүжилтийн гэрээ"-г байгуулсан.
Гэтэл Ч ХХК нь дээрх гэрээгээр тохиролцсон төлбөрөө тохирсон хугацаанд төлөөгүй өнөөдрийг хүрсэн тул 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр №23/18 дугаартай "Барилга угсралтын ажлын санхүүжилтийн гэрээ-ний дагуу төлөгдөх үлдэгдэл төлбөр 193 939 200 төгрөгийг, гэрээний 3.2-т заасан тохиролцооны дагуу төлөгдөх алданги болох 96 969 600 төгрөгийн /1 хоногийн алданги 581 817 төгрөг бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу тал хувиар тооцсон/ хамт нийт 290,908,800 төгрөгийг хариуцагч "Ч" ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч ХХК нь хариу тайлбар, татгалзалдаа: Нэхэмжлэгч талын шаардаж буй алдангийг манайх төлж чадахгүй гэдгээ илэрхийлсэн. Хоёрдугаарт, бидний тавьсан шаардлагуудыг биелүүлсэн тохиолдолд бид мөнгөн дүнг тохиролцсоны дагуу төлж болно гэж эвлэрүүлэн зуучлалын үед хэлсэн. Үүнээс гадна, нэхэмжлэгчийн яриад байгаа шиг 2021 онд ажил хүлээлгэж өгсөн зүйл байхгүй. 2022 оны 10 сард улсын комисс ажилласан. Бид мөнгийг нь яагаад өгч чадаагүй вэ гэвэл 2022 оны 2 сард энэ ажлын мөнгийг улсын төсвөөс авах байтал улс мөнгөө өгөхгүй 1 жилээр хойшлуулсан.
Тухайн үед улсаас 300 компанийн санхүүжилтийн мөнгийг 1 жилээр хойшлуулж 2024 оны 2-р сард Сангийн яамны эрх нээгдэхээр олгож эхлэхээр болсон. Ингээд бид 2024 оны 2-р сараас мөнгөө авахаар хөөцөлдсөн боловч мөнгөө авч чадаагүй байгаа. Хоёрдугаарт, бид албан ёсоор тооцоо нийлсэн зүйл байхгүй. Эд нар манай дүүтэй суугаад тэр тооцоог гаргасан гэдэг. Мөн цаг уурын байран дээр хийсэн ажлууд нь буюу цонх, гадна фасад, шатан дээр байнга асуудал гардаг. Манай байгууллага нэмэлтийн мөнгө гэж 1,400,000,000 төгрөг авах гээд хүлээж байгаа юм. Гэтэл нэхэмжлэгчийн компанийн хийсэн ажлууд дээр байнга асуудал гарч ирээд байгаа. Өмнө жил эвлэрүүлэн зуучлалаар явж байхад нэхэмжлэгчийн компани надаас 10 сая төгрөг аваад ажил хийсэн нь одоо буцаад хуулраад уначихсан байгаа. Гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч тал нь ажлаа дуусгаагүй.
Манайхаас банкинд өгөх нэрийдлээр авсан бичиг баримтуудаа шүүхэд нотлох баримт болгож өгсөн байна бид 193,0 сая төгрөг дээр тохиролцоогүй. Тооцоо ч нийлээгүй байгаа. Намайг хөдөө байх хойгуур нэхэмжлэгчийн компани манай ээж дээр очоод (тухайн үед манай ээж гүйцэтгэх удирдлага байсан) банкинд гаргаж өгөх гэсэн юм гэж хэлээд бичиг баримт гаргуулж авсан байсан. Мөн 2023 оны 7 сард бид нар улсаас санхүүжилт зогсоосныг мэдсэн байсан үед бид ийм 0,3 хувийн алдангитай гэрээ байгуулна гэж байхгүй шүү дээ. Хамгийн гол шалтгаан нь улс мөнгөө өгөөгүй. Улсаас би 3,3 тэрбум төгрөг авах ёстой байсан нь 1 жилээр хойшилсон. Үүнээс болоод маш олон хүн надаас өрөө нэхээд явж байгаа. Хэрвээ нэхэмжлэгч тал 1 жилийн хариуцлагаа хүлээвэл бид нар мөнгө төгрөг дээрээ тохиролцож төлбөрөө хийнэ гэв.
Нотлох баримт: нэхэмжлэгч талаас: Ч ХХК-ийн 2023.01.23-ны өдрийн 2023/01 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Н ХХК, Ч ХХК нарын хооронд байгуулагдсан 2021.02.01-ний өдрийн 2021/14 дугаар Металл фасад болон металл хаалга, цонхны барилга угсралтын ажлын гэрээ, 2021.07.29-ний өдрийн 2021/15 дугаар Гадна аваарын шатны ажлын гэрээ, 2021.07.29-ний өдрийн 2021/16 дугаар Металл фасад болон ганжуулсан шилтэй цонхны барилга угсралтын ажлын гэрээ, Ч ХХК-ийн 2023.06.12-ны өдрийн 2023/61 дугаар төлбөр төлөх тухай албан бичиг, Н ХХК, Ч ХХК нарын хооронд байгуулагдсан 2023.06.12-ны өдрийн 23/18 дугаар Барилга угсралтын ажлын санхүүжилтийн гэрээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрэн зуучлагчийн 2024.01.03-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавал болсон тухай 0 дугаар тэмдэглэл, Н ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүхийн журмаар нотлох баримтаар бүрдүүлээгүй болно.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Ч ХХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 193,939,200 төгрөг, алданги 96,969,600 төгрөг, нийт 290,908,800 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь хоёр ажлын гэрээний дагуу ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэж өгсөн боловч ажлын хөлсийг төлөөгүй, төлбөр төлөх хугацааг тогтоож, уг хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутам 0,3%-ийн алданги төлөхөөр тохиролцсон гэх үндэслэлээр дээрхи нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажлыг хүлээж аваагүй, ажлын гүйцэтгэл доголдолтой, төлбөрийн тооцоог нийлээгүй, улсаас санхүүжилтыг жилээр хойшлуулсан гэх үндэслэлээр маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
1. Захиалагч Ч ХХК нь гүйцэтгэгч Н ХХК-тай 2021.02.01-ний өдөр 2021/14 дугаар Металл фасад болон металл хаалга, цонхны барилга угсралтын ажлын гэрээ-г байгуулж, гүйцэтгэгч нь Улаанбаатар хот, Хиймэл дагуулын мэдээ хүлээн авах газрын станцын антены цамхагын байр төслийн барилгын ажлын металл фасад, металл цонх, металл хаалганы ажлыг батлагдсан зураг төслийн дагуу 2021.02.01-ны өдрөөс 2022.03.01-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч нь ажлын хөлс 613,002,400 төгрөгийн төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцжээ. /хавтаст хэргийн 6-9 хуудас/
Мөн талууд 2021.07.29-ний өдөр 2021/15 дугаар Гадна аваарын шатны ажлын гэрээ-г байгуулж, гүйцэтгэгч нь Улаанбаатар хот, Хиймэл дагуулын мэдээ хүлээн авах газрын станцын антены цамхагын байр төслийн барилгын ажлын гадна аваарын шатны ажлыг батлагдсан зураг төслийн дагуу 2021.07.29-ны өдрөөс хуанлийн 30 хоногт хийж гүйцэтгэх, захиалагч нь ажлын хөлс 36,600,000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцжээ. /хавтаст хэргийн 10-13 хуудас/
2. Захиалагч Ч ХХК нь гүйцэтгэгч Н ХХК-тай 2021.07.29-ний өдөр 2021/16 дугаар Металл фасад болон ганжуулсан шилтэй цонхны барилга угсралтын ажлын гэрээ-г байгуулж, гүйцэтгэгч нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 10-р хороонд 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга төслийн барилгын ажлын металл фасад, ганжуулсан шилтэй цонхны ажлыг батлагдсан зураг төслийн дагуу 2021.07.29-ны өдрөөс 2021.10.29-ны өдөр хүртэл хуанлийн 93 хоногт хийж гүйцэтгэх, захиалагч нь ажлын хөлс 100,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцжээ. /хавтаст хэргийн 15-18 хуудас/
Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй, хүчин төгөлдөр байна.
3. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
3.1. Гүйцэтгэгч Н ХХК нь дээрхи гэрээнүүдийн дагуу бүх ажлыг гүйцэтгэж захиалагчид хүлээлгэж өгсөн гэж тайлбарласан боловч захиалагч хүлээн аваагүй, ажлын гүйцэтгэл доголдолтой гэж маргаж байна.
3.1.а. 2021.02.01-ний өдрийн 2021/14 дугаар, 2021.07.29-ний өдрийн 2021/15 дугаар дугаар гэрээнүүдийн 4.7 болон 5.6 дах хэсэг, 2021.07.29-ний өдрийн 2021/16 дугаар гэрээний 4.6 болон 5.6 дахь хэсэгт барилгын ажлын явц, гүйцэтгэлийн чанарт холбогдох мэргэжилтэн буюу зураг төслийн зохиогчоор хяналт тавиулж, ил ба далд ажлын актыг баталгаажуулах, ил далд ажлын акт, гүйцэтгэлийн зураг, фото зураг, схемийг ажил гүйцэтгэгч нь тухай бүр графикт ажлыг хүлээлгэн өгөхдөө акт үйлдэн ажлын тайланд хавсарган шилжүүлэхээр заажээ.
Улаанбаатар хот, Хиймэл дагуулын мэдээ хүлээн авах газрын станцын антены цамхагын байр төслийн барилгын ажил болон Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 10-р хороонд 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга төслийн барилгын ажлууд нь улсын төсвийн санхүүжилтээр хийгдсэн, улсын комисс хүлээн авсан талаар зохигч маргаагүй.
Мөн Ч ХХК-ийн Н ХХК-д хүргүүлсэн 2023.01.23-ны өдрийн 2023/01 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2023.06.12-ны өдрийн 2023/61 дугаар албан бичгүүдэд дээрхи 2 төслийн ажлыг бүрэн хийж дуусгасан талаар тодорхойлж, үлдэгдэл төлбөрийг төлөхийг мэдэгдсэн байна. /хавтаст хэргийн 5, 19 хуудас/
Энэ үйл баримтаас дүгнэхэд Н ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг бодитоор хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хариуцагч Ч ХХК-ийн ажлын үр дүнг хүлээж аваагүй гэх тайлбар үндэслэлгүй байна.
3.1.б. Хариуцагч Ч ХХК нь Н ХХК-ийн гүйцэтгэсэн ажил доголдолтой гэж тайлбарлаж байгаа боловч дээрхи 2 төслийн гүйцэтгэсэн ямар ажил нь доголдолтойг тодорхойлоогүй, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй болно.
3.2. Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2.-д Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө гэж заасан.
3.2.а. Талуудын хооронд байгуулагдсан 2021.02.01-ний өдрийн 2021/14 дугаар, 2021.07.29-ний өдрийн 2021/15 дугаар дугаар, 2021.07.29-ний өдрийн 2021/16 дугаар гэрээнүүдийн ажлын хөлсийг төлөх хугацаа 2022 оны 10 сард дууссан байх бөгөөд хариуцагч Ч ХХК нь Н ХХК-д 2023.01.23-ны өдрийн 2023/01 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр ажлын үлдэгдэл мөнгийг 2023.06.01 гэхэд шилжүүлж тооцоог бүрэн дуусгахаар, мөн 2023.06.12-ны өдрийн 2023/61 дугаар албан бичгээр 2023.07.01 гэхэд шилжүүлж, тооцоог бүрэн дуусгахаар тус тус мэдэгджээ. /хавтаст хэргийн 5, 9 хуудас/
Мөн захиалагч Ч ХХК нь гүйцэтгэгч Н ХХК-тай 2023.06.12-ны өдөр 2023/18 дугаар Барилга угсралтын ажлын санхүүжилтийн гэрээ-г байгуулж, гүйцэтгэгч нь дээрхи гэрээнүүдийн дагуу, 2 ажлыг батлагдсан зураг төслийн дагуу хугацаанд нь бүрэн хийж дуусгасан бөгөөд захиалагчид хүлээлгэн өгснийг тодорхойлж, захиалагч нь гэрээний нийт үнийн дүн 193,939,200 төгрөгийн үлдэгдэл санхүүжилтийг олгох хугацааг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр тогтоож, хэрэв 2023.07.01-ны өдөр үлдэгдэл санхүүжилт олгогдохгүй бол үнийн дүнгийн 0,3 хувь алданги тооцохоор тохиролцжээ. /хавтаст хэргийн 20-21 хуудас/
3.2.б. Хариуцагч Ч ХХК нь 2023.06.12-ны өдрийн 2023/61 дугаар албан бичгээр болон 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр №23/18 дугаартай "Барилга угсралтын ажлын санхүүжилтийн гэрээ-гээр үлдэгдэл төлбөр 193,939,200 төгрөг болохыг тодорхойлсон тул үлдэгдэл төлбөрийн талаар тооцоо нийлээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Ч ХХК-иас 2021.02.01-ний өдрийн 2021/14 дугаар, 2021.07.29-ний өдрийн 2021/15 дугаар дугаар, 2021.07.29-ний өдрийн 2021/16 дугаар гэрээнүүдийн ажлын хөлсийн үлдэгдэл 193,939,200 төгрөгийг гаргуулж Н ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
4. Алдангийн тухайд,
4.1. 2023.06.12-ны өдөр 2023/18 дугаар Барилга угсралтын ажлын санхүүжилтийн гэрээ-гээр Ч ХХК нь ажлын хөлс болох 193,939,200 төгрөгийн үлдэгдэл санхүүжилтийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор Н ХХК-д олгохоор тогтоож, хэрэв 2023.07.01-ны өдөр үлдэгдэл санхүүжилт олгоогүй тохиолдолд үнийн дүнгийн 0,3 хувийн алданги төлөхөөр тохиролцсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6-д заасан анзын гэрээ байгуулагдсан.
Иймээс Ч ХХК нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажлын хөлс болох 193,939,200 төгрөгийн гүйцэтгээгүй үүргээс хоног тутам 0.3%-ийн алданги төлөх үүрэг үүссэн.
4.2. 2021.02.01-ний өдрийн 2021/14 дугаар, 2021.07.29-ний өдрийн 2021/15 дугаар дугаар, 2021.07.29-ний өдрийн 2021/16 дугаар гэрээнүүдийн 7.1-д гэрээний аль нэг тал давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас /алданги торгууль/ чөлөөлөгдөх үндэслэл болно, 7.2-д давагдашгүй хүчин зүйл бий болсон нотолгоог тухайн орны Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим гэрчилнэ гэж тус тус заажээ.
Хариуцагч Ч ХХК-ийн захирал М.Ч нь Улаанбаатар хот, Хиймэл дагуулын мэдээ хүлээн авах газрын станцын антены цамхагын байр төслийн барилгын ажил болон Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 0-р хороонд 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга төслийн барилгын ажлуудын санхүүжилт улсын төсвөөс ороогүй, хойшлуулсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримтыг болон давагдашгүй хүчин зүйл бий болсон нотолгоог шүүхэд гаргаагүй тул давагдашгүй хүчин зүйл-ийн нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.
4.3. Алдангийг тооцоолбол: гүйцэтгээгүй үүрэг 193,939,200 төгрөгийн 0,3% алданги 581,817.6 төгрөг, 2023.07.01-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024.04.22-ны өдрийг хүртэл 292 хоног, 292 х 581,817,6 = 169,890,739 төгрөг.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 193,939,200 төгрөгийн 50%-иар тооцоход 96,969,600 төгрөг байна.
5. Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч Ч ХХК-иас 2021.02.01-ний өдрийн 2021/14 дугаар, 2021.07.29-ний өдрийн 2021/15 дугаар дугаар, 2021.07.29-ний өдрийн 2021/16 дугаар гэрээнүүдийн ажлын хөлсийн үлдэгдэл 193,939,200 төгрөгийг, алданги 96,969,600 төгрөгийн хамт, нийт 290,908,800 төгрөгийг гаргуулж Н ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нараар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч ХХК-иас 290,908,800 /хоёр зуун ерэн сая есөн зуун найман мянга найман зуун/ төгрөгийг гаргуулж Н ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,612,500 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч ХХК-иас 1,612,494 /нэг сая зургаан зуун арван хоёр мянга дөрвөн зуун ерэн дөрвөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА