Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2024/0398

 

 

 

 

 

 

 

 

     2024          05          09                                   128/ШШ2024/0

 

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П******* Н //,                                      

Хариуцагч: Хот байгуулалт, хотын стандартын газар,

Маргааны төрөл: барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй болон хүсэлтийг дахин гаргахад нөхөн олгохоос татгалзсан үйлдэлтэй маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүссэн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг болон 2023 оны 12 дугаар сарын 11-ны өдөр дахин хүсэлт гаргахад барилгын ажлын зөвшөөрлийг олгохоос татгалзсан 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нөхөн олгохыг Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газарт даалгуулах. 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Иргэн П.Н нь Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн гудамжны , а, , , , , , , , , , тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газруудын өмчлөх эрхийг худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлэн авсан.

2.2 Улмаар дээрх өмчлөлийн 3632.2 м.кв газарт баригдах орон сууцны барилгад Хот байгуулалт, хөгжлийн газар /хуучин нэрээр/ 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр МЗХ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинэчлэн олгож, барилгажих талбайг 22 эргэлтийн цэгээр тогтоон, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр барилгын загвар зургийг баталж, инженерийн шугамд холбох техникийн нөхцлүүд олгогдож, барилгын ажлын зураг батлан, ажлын зурагт магадлал хийгдэж, нэгдсэн дүгнэлт гарсан.    

2.3. П.Н Хот байгуулалт, хөгжлийн газарт барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авах хүсэлтийг анх 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр гаргахад хариуцагч шийдвэрлээгүй,

2.4. Улмаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдоогүй байхад барилгын ажлыг эхлүүлж, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нөхөн олгуулахаар дахин хүсэлт гаргасныг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар албан бичгээр татгалзсан.

2.5. Ийнхүү барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзсан Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ******* тоот албан бичгээр өгсөн хариуг эс зөвшөөрч шүүхэд маргажээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар:

3.1.1. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа:  “П.Н нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-22, Г-22, Г-22, Г-22, Г-22, Г-22, Г-22, Г-22, Г-22*******, Г-22, Г-22, Г-22 дугаартай өмчлөлийн газарт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн гудамж  буюу Нэгдүгээр хорооллын арын зам, ын үндэсний төвийн замын баруун талын байршилд үйлчилгээний 16 давхар 2 блок барилгын угсралтын ажлыг дулааны улиралд эхлүүлсэн нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.16 дахь хэсгийг зөрчсөн болохыг мэдсэн. Ингээд ажлаа хэвийн явуулахын тулд Хот байгуулалт, хөгжлийн газарт Барилгын ажлын зөвшөөрлийг нөхөн олгуулахаар 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүсэлт гаргасан боловч Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ******* тоот албан бичгээр “барилгын ажлын зөвшөөрөл нөхөн олгохгүй” гэх хариу ирсэн.

Иймд 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүссэн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг болон 2023 оны 12 дугаар сарын 11-нд дахин хүсэлт гаргахад барилгын ажлын зөвшөөрлийг олгохоос татгалзсан 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нөхөн олгохыг Нийслэлийн Хот байгуулалт, хяналтын газарт даалгуулахаар нэхэмжлэлийн  шаардлагаа тодорхойлж байна.

2023 оны  03 дугаар сард анх барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүссэн. Хүсэлт гаргах үед төрийн байгууллагын ажиллагааны удаашралаас болж хүсэлтийн хариуг өгөхгүй нэлээн хугацааг өнгөрөөсөн. Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга нар солигдоод хүлээгдээд байсан. Бичгээр хариу өгөөгүй, очиж асуугаад хүлээгдэж байгаа л гэдэг хариу амаар өгдөг. Дарга удирдлагууд нь хэд хэд солигдсон, өргөдлүүдийг шийдвэрлэхгүй байгаа гэж байсан. Зөвшөөрөл өгчих байх гээд хүлээсэн. Очиж хөөцөлдөж асуугаад хүлээгээд байсан. Улирлын чанартай гэрээгээр хийгдэх ажил тул 2023 оны 05 дугаар сараас барилгаа яах ч аргагүй эхлүүлсэн. Барилгын ажлын зөвшөөрөл авахад шаардах бүх бичиг баримтууд, зураг төсөл, магадлал, техникийн нөхцлүүд бүрэн байсан.

Энэ хугацаанд төлөвлөгдсөн улирлын чанартай гэрээт ажлууд тулсан учраас барилгын ажлыг эхэлсэн нь үнэн. Үүнтэй маргахгүй. Энэ хооронд байнга шаардаж байсан. 2023 оны 12 дугаар сард зөвшөөрлийг нөхөн олгож өгнө үү гэж дахин бичгээр хүсэлт гаргаж, 12 дугаар сард нөхөн олгох боломжгүй гэж хариуг бичгээр өгсөн. Улмаар улсын байцаагчаас хяналт шалгалт хийж, зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн гэж 5 сая төгрөгөөр торгосон, зөрчлүүдийг арилгахыг даалгасан. Үүний дагуу зөрчлөө арилгасан. Арилгасантай холбогдох дүгнэлтийг н.А байцаагч гаргаж өгсөн. Шүүхийн шийдвэрийг үндэслэж барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нөхөн авах боломжтой гэж хариуцагч байгууллага хэлдэг. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүй болохоор барилгыг улсын комисс хүлээж авахгүй.

Хотын стандарт, хяналтын газраас мэргэжилтнүүд очиж хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргасан. Зөрчлүүдийг арилгахыг даалгасан. Хуулийн этгээдийн зүгээс зөрчлүүдийг арилгасан. Дулааны улиралд багтаан барилга барих ёстой байсан, 279 айлын орон сууц, газар өмчлөгч иргэдтэй орон сууц захиалгын гэрээ байгуулсан байсан.” гэв.

3.1.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа хийгээгүй. Олгохоос татгалзсан мэдэгдлийн хүчингүйд тооцуулж улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг нөхөн олгуулахыг даалгах хүсэлттэй байна. Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар барилга, байгууламжийн норм нормативын баримт бичиг гэж байгаа. Уг баримт бичгээр Онцгой байдлын ерөнхий газар болон холбогдох бусад байгууллагын баримтуудыг хэрэгт хавсаргаж өгсөн. Эдгээр байгууллагаас стандарт зөрчөөгүй цаашид үргэлжлүүлэхэд хэвийн үйл ажиллагаатай гэсэн баримтыг олон байгууллагаас ирүүлсэн байдаг. Дүгнэлтээр үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэхэд гуравдагч этгээдэд ямар нэгэн хор хохиролгүй гэдэг нь тодорхой харагдаж байгаа.” гэв.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн П.Нд Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн гудамжны а, , , , , , , , , тоот хаягт, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон 36632.2 м2 газрыг үндэслэж зоорьтой 16 давхар үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 1816.1м2 барилгажих талбайд 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр МЗХ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Загвар зургийг баталсан байна.

Иргэн П.Н нь 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөж олгуулах тухай хүсэлтийг тус газарт гаргасан. Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Иргэн П.Н нь Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан баримт бичгийн бүрдлийг хангуулан Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авалгүй дур мэдэн Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь "эдэлбэр газар эзэмших, барилга байгууламж барих, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг нутгийн захиргааны байгууллага болон эрх бүхий мэргэжлийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр зураг төслийн дагуу гүйцэтгэх" заалт, Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх "эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх", 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх "барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх", 37.1.3 дахь "барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх", 40 дүгээр зүйлийн 40.1.16 дахь "барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх" заалтуудыг зөрчин, барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэсэн байна. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор баталсан "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм"-ийн 7 дугаар зүйлийн 7.1. Барилгын ажлын зөвшөөрөл зохих ёсоор олгогдоогүй барилга байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэхийг хориглоно. 7.3. Энэ дүрмийг зөрчсөн албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Хотын стандарт, хяналтын газрын улсын байцаагчаас уг барилгыг норм, дүрэм зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байсан. Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авч шийтгэл оногдуулсан. Шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд барилгын ажлын зөвшөөрлийг олгох боломжтой.

Хариуцагчийн байр суурийн хувьд Хотын стандарт, хяналтын газраас улсын хяналтын байцаагчийн дүгнэлт гарсан байсан. 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн орон сууцны баримт бичигт гүйцэтгэлийн шалгалт хийсэн тухай дүгнэлтээр энэ барилга барилгын норм, дүрмийн зөрчилгүй, баримт бичгийн бүрдэл хангагдсан гэсэн байсан. Барилгын ажлын зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхэд татгалзах үндэслэл байхгүй байсан.

Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүй барилгын ажил эхлүүлсэн зөрчилд нь шийтгэл ногдуулсантай маргаагүй. Энэ маргааны хувьд Засгийн газрын 2017 оны 213 дугаартай тогтоолоор барилгын ажлын зөвшөөрлийг нөхөж олгохыг хориглоно. Зөвхөн шүүхийн шийдвэрийг үндэслэж нөхөн олгох боломжтой.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Үйл баримтын хувьд.

1.1. Нэхэмжлэгч П.Н нь Нэгдүгээр хорооллын арын зам, ын үндэсний төвийн замын баруун талын байршилд, Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн гудамж,

- тоот хаягт, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-22 дугаартай, нэгж талбарын /шинэчилсэн нэгж талбар *******/ дугаартай 480 м.кв,

- а тоот хаягт, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-22, дугаартай, нэгж талбарын /шинэчилсэн нэгж талбар / дугаартай 316 м.кв,

- тоот хаягт, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-22 дугаартай, нэгж талбарын /шинэчилсэн нэгж талбар / дугаартай 366 м.кв,

- тоот хаягт, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-22 дугаартай, нэгж талбарын /шинэчилсэн нэгж талбар / дугаартай 344 м.кв,

- тоот хаягт, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-22 дугаартай, нэгж талбарын /шинэчилсэн нэгж талбар / дугаартай м.кв,

- тоот хаягт, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-22 дугаартай, нэгж талбарын /шинэчилсэн нэгж талбар / дугаартай 442 м.кв,

- тоот хаягт, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-22 дугаартай, нэгж талбарын /шинэчилсэн нэгж талбар / дугаартай 394.64 м.кв,

- тоот хаягт, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-22 дугаартай, нэгж талбарын /шинэчилсэн нэгж талбар *******/ дугаартай 429 м.кв,

- тоот хаягт, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-22******* дугаартай, нэгж талбарын 3 /шинэчилсэн нэгж талбар / дугаартай 321 м.кв,

- тоот хаягт, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2205000291 дугаартай, нэгж талбарын /шинэчилсэн нэгж талбар / дугаартай 311.56 м.кв,

- тоот хаягт, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-22 дугаартай, нэгж талбарын ******* дугаартай 311 м.кв,

- тоот хаягт, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-22 дугаартай, нэгж талбарын ******* /шинэчилсэн нэгж талбар *******/ дугаартай 429 м.кв газрын өмчлөх эрхийг гэрээгээр шилжүүлэн авсан нь эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн. 

1.2. Уг газарт үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар хандсанаар Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр архитектур төлөвлөлтийн даалгавар олгож,

1.3. Үйлчилгээтэй орон сууцны барилгын загвар зургийг 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр баталж,

1.4. Холбогдох техникийн нөхцлүүдийг, тухайлбал дулааны шугам сүлжээнд холбох 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 090/2023 тоот техникийн нөхцлийг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас, цэвэр усаар хангуулах, бохир ус татан зайлуулах шугам сүлжээнд холбох 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 262/23 тоот техникийн нөхцлийг Ус сувгийн удирдах газраас, холбоо мэдээллийн шугам сүлжээнд холбох 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн D-U2023/332 тоот техникийн нөхцлийг Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-иас, цахилгаан эрчим хүчний шугам сүлжээнд холбох 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 15/03016/23 тоот техникийн нөхцлийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас тус тус авч,

1.5. Онцгой байдлын ерөнхий газраар барилгын ажлын зураг төсөлд хяналт хийлгэж 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 251/03-91 дугаартай дүгнэлт авч,

1.6. Зураг төслийн Д******* ХХК-ийн боловсруулсан үйлчилгээтэй орон сууцны барилгын DL-02/2023 шифртэй ажлын зураг төслийг Барилгын хөгжлийн төв 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1566/2023 дугаартай барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтээр баталгаажуулсан байдаг.

2. Дээрх бүхий л үе шатны баримт бичгийн бүрдлийг хангасны эцэст барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүсэх ёстой байтал нэхэмжлэгч нь зөвхөн архитектур төлөвлөлтийн даалгавар авч, барилгын загвар зураг батлуулах хүсэлттэйгээ хамт 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүссэн байх ч хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газар мөн өдөр барилгын загвар зургийг баталж, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй байдаг.

3. Нэхэмжлэгч нь барилгын ажлыг зөвшөөрөлгүйгээр эхэлж, дээрх баримт бичгийн бүрдлийг хангуулсны эцэст барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн авах хүсэлтийг дахин гаргаснаар хариуцагч байгууллага 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ******* тоот албан бичгээр “нөхөж олгохгүй” хэмээн татгалзжээ.

4. Барилгын захиалагч П.Нын гомдлоор Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын баталсан удирдамжаар барилгын бичиг баримт нь Барилгын тухай хууль тогтоомж, норм ба дүрэмд нийцсэн эсэхийг барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч шалгаж, улсын ахлах байцаагчийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 02-13-01/026/132 дугаартай дүгнэлтээр “дээр дурдсан өмчлөх эрхтэй газарт архитектур төлөвлөлтийн даалгавар олгогдсоныг, барилгын загвар зураг батлагдсаныг, дулаан, цэвэр, бохир ус, холбоо мэдээлэл, цахилгаан эрчим хүчний шугам сүлжээнд холбох техникийн нөхцлийг эрх бүхий байгууллагуудаас олгосноор техникийн нөхцөлд заагдсан хугацаа нөхцлөөр шугам сүлжээний холболт хийгдсэн байгааг, барилгын ажлын зураг төсөлд магадлал хийгдсэн”-ийг тус тус дүгнээд “барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүй барилгын ажил гүйцэтгэсэн” зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5.2 дахь заалтаар шийтгэл ногдуулж, зөрчлийг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтны даалгавар бичсэн талаар дурджээ. 

5. Улсын байцаагчийн дүгнэлтэд дурдсанаар 2 блок 16 давхар цутгамал төмөр бетон хийцтэй барилгын угсралтын ажил хийгдсэн, шугам сүлжээнд холбогдсон, барилгын ажил батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэсэн, явцын хяналтыг үе шат бүр нь захиалагч, зохиогч, гүйцэтгэгч, хөндлөнгийн  хяналт  хийгдэж баталгаажуулсан,  барилга  нь  Барилгын  тухай  хуулийн  11  дүгээр  зүйлийн

11.1.5 дахь “барилга байгууламж ашиглагчдын аюулгүй байдлыг хангах, барилга байгууламж ашиглалтын явцад хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй, галд тэсвэртэй, цахилгаан хангамж, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй байхаар төлөвлөгдөн баригдсан байх” шаардлагыг хангаж байх бөгөөд улсын байцаагч мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.3, 37.1.8, 37.1.10, 37.1.16 дахь заалтын хэрэгжилтийг хангуулсан байна. 

Хоёр. Нэхэмжлэгч П.Н нь “2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүссэн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг болон 2023 оны 12 дугаар сард дахин хүсэлт гаргахад барилгын ажлын зөвшөөрлийг олгохоос татгалзсан 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нөхөн олгохыг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг доорх агуулгаар хангаж шийдвэрлэлээ. 

            2.1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хүрээнд өмчлүүлсэн газарт, хотын ерөнхий төлөвлөлтөд нийцүүлэн олгосон архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу, инженерийн дэд бүтэц шугам сүлжээний холбогдох техникийн нөхцөл олгогдсон тохиолдолд, барилгын зураг төслөө батлуулан, барилгын ажлын зураг төслийг эрх бүхий экспертийн байгууллагаар магадлуулан, барилгын тухай хууль тогтоомж, барилгын норм дүрмийг хангуулан иргэн, хуулийн этгээд барилга барих эрхтэй, энэ эрхээ хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн.

2.2. Барилгын баримт бичгийн бүрдэлд холбогдох байгууллагууд тус тусын чиг үүргийг хэрэгжүүлж, архитектур төлөвлөлтийн  даалгавар олгох, загвар зураг болон ажлын зураг төсөл батлах, зураг төсөлд магадлал хийх, техникийн нөхцөл олгох, барилгын ажлын зөвшөөрөл олгох, хяналт хэрэгжүүлэх, ашиглалтад хүлээн авах ажиллагаанд оролцдог. Нэхэмжлэгчийн маргаанд хамаарах орон сууцны 16 давхар барилгын хувьд барилгын ажлын зөвшөөрөл олгох асуудлыг Нийслэлийн Засаг дарга харьяа агентлаг болох хариуцагчаар дамжуулан хэрэгжүүлэхээр Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т заажээ.

2.3. Барилгын салбарт төрийн үйлчилгээ үзүүлэхэд дээр дурдагдсан барилгын үйл ажиллагааны зохицуулалт, бүртгэл, зөвшөөрлийг ил тод, нээлттэй, шуурхай зохион байгуулах, барилгын үйл ажиллагаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдлыг хангах зарчмыг баримтлахаар Барилгын тухай хуульд тодорхой заасан. Түүнчлэн эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо “барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол, иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбоотой үүсэх эрх, ашиг сонирхол, барилгын тухай, хот байгуулалтын тухай хууль тогтоомжид заасан зарчимд нийцэж байгаа эсэх”-ийг харгалзахаар Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан, өөрөөр хэлбэл энд зааснаас өөр үндэслэлээр өмчлөлийн газартаа барилга барих иргэний эрхийг хязгаарлах үндэслэл хуулиар заагаагүй буюу ийм эрх төрийн захиргааны байгууллагад олгоогүй байна. 

2.4. Барилгын ажлын зөвшөөрлийг олгохоос татгалзах үндэслэлийг мөн хуулийн 27 дугаар зүйлийн 3-т “27.3.1. хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй; 27.3.2.зураг төсөлд магадлал хийгдээгүй; 27.3.3.энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан олон нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хангаагүй болохыг эрх бүхий байгууллага тогтоосон.” хэмээн тодорхой заасан, ийнхүү барилгын ажлын зөвшөөрлийг олгохоос татгалзах дээрх үндэслэлүүд энэ барилгын хувьд үүсээгүй, хариуцагчийн татгалзалд ийм тодорхой үндэслэл заагаагүй юм. Тодруулбал нэхэмжлэгчийн барилгын хувьд газрын эрх болон барилгын байршилтай холбогдуулан хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч, оршин суугчдаас аливаа гомдол гаргаагүй буюу маргаан байхгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өмчлөлийн газартаа барилга барих эрхийг хязгаарлах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүйн дээр хариуцагчийн татгалзалд “нөхөж олгохгүй” гэхээс өөрөөр хуулиар тодорхойлсон аливаа  үндэслэл заагаагүй байна. 

Нэхэмжлэгч нь барилгын ажлын зөвшөөрөл хүсч холбогдох маягтын дагуу хүсэлтээ 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гаргасан байх ч шийдвэрлээгүй, хариу өгөөгүй Хот байгуулалт хөгжлийн газрын эс үйлдэхүй нь Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан “барилгын салбарт төрийн үйлчилгээ үзүүлэхэд барилгын үйл ажиллагааны зохицуулалт, бүртгэл, зөвшөөрлийг ил тод, нээлттэй, шуурхай зохион байгуулах, барилгын үйл ажиллагаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдлыг хангах” зарчимд, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах “хуульд үндэслэх, шуурхай тасралтгүй байх, төрийн үйл ажиллагаа ил тод нээлттэй байх, үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон” байх зарчимд нийцээгүй байна гэж үзлээ. Тодруулбал ийнхүү хүсэлт гаргах үедээ нэхэмжлэгч нь хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй, барилгын ажлын зураг төсөлд магадлал хийгдээгүй байсан бол хариуцагч нь эдгээр үндэслэлийг заагаад тухайн үедээ барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзах шийдвэрийг гаргаж хариу өгөх үүрэгтэй байжээ. Тиймээс шийдвэрлээгүй, хариу өгөөгүй орхисон эс үйлдэхүйн хувьд Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1, 27.3.2-т заасан зохицуулалтад нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

2.5. Түүнчлэн Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.3, 28.4-т барилгын ажлын зөвшөөрөл хүсэхэд шаардагдах баримт бичгийн бүрдлийг заасан бөгөөд өөр баримт бичиг шаардахыг 28.6 дахь хэсгээр хоригложээ.

Хариуцагч байгууллагын барилгын хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 02-13-01/026/132 дугаартай дүгнэлтэд “барилгын ажлын зөвшөөрөл хүсэхэд шаардагдах баримт бичгийн бүрдэл хангагдсан” байгааг дүгнэсэн, хариуцагч тайлбараараа “баримт бичгийн бүрдэл хангаагүй” гэж маргаагүйн дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр “нэхэмжлэгчийн барилгын хувьд барилгын зөвшөөрлийг авахад тавигдах баримт бичгийн бүрдэл хангагдсан” болохыг хүлээн зөвшөөрдөг.

Гэтэл барилгын ажлын зөвшөөрөл олгохоос хариуцагч 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ******* тоот албан бичгээр татгалзахдаа хуулиар тогтоосон татгалзах үндэслэлийг тодорхойлоогүй байна.

Ийнхүү барилгын ажлын зөвшөөрөл хүссэн хүсэлтээ дахин гаргахаас өмнө нэхэмжлэгч нь хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангасан байсан, тодруулбал 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр архитектур төлөвлөлтийн даалгавар олгогдсон, загвар зураг 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан, техникийн нөхцлүүд 2023 оны 5, 6 дугаар сард олгогдсон,  Онцгой байдлын ерөнхий газраар 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр барилгын зураг төсөлд хяналт хийлгэж, ажлын зураг төсөлд 2023 оны 9 дүгээр сарын 30-нд магадлал хийгдэж, нэгтгэгдэн баталгаажсан байхад буюу Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.3, 28.4-т заасан барилгын ажлын зөвшөөрөл хүсэхэд шаардагдах баримт бичгийн бүрдэл хангагдсан, 27 дугаар зүйлийн 27.3.1, 27.3.2, 27.3.3-т заасан барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл тогтоогдоогүй байхад хуулиар тогтоосон эдгээр үндэслэлээс өөр “нөхөж олгохгүй” гэх үндэслэлээр татгалзсан нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д заасныг зөрчсөнөөс гадна Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах “хуульд үндэслэх, шуурхай тасралтгүй байх, төрийн үйл ажиллагаа ил тод нээлттэй байх, үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд мөн л нийцээгүй байна гэж үзлээ.

2.6. Хариуцагч байгууллагын татгалзалд дурдсан “барилга угсралтын ажлыг зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэсэн” үйлдэлд барилгын техникийн хяналтын улсын байцаагч харьяаллын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэрлэсэн байна. Тодруулбал барилгын захиалагч Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан “барилгын ажлын зөвшөөрлийг авах”, барилгын ажил гүйцэтгэгч нь 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “барилгын ажлыг зөвшөөрөл ... ийн дагуу гүйцэтгэх” чиг үүргийг зөрчсөн байх ч мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар энэ зөрчлийг холбогдох хуульд заасан журмын дагуу шалгаж, хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэсэн тухайд талууд маргадаггүй.

2.7. Хариуцагч байгууллагын барилгын хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 02-13-01/026/132 дугаартай дүгнэлтэд дурдсанаар тухайн барилга угсралтын ажил хийгдэж дууссан, инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон байх ба барилгын ажил батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэсэн, явцын хяналтыг үе шат бүр нь захиалагч, зохиогч, гүйцэтгэгч, хөндлөнгийн хяналт хийгдэж баталгаажуулсан, барилга нь Барилгын тухай хуулиар тавигдсан барилга угсралт, бүтээцийн чанар, барилгын норм ба дүрмээр тавигдах шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ газар өмчлөх эрхээ шилжүүлэх замаар орон сууц захиалан бариулж байгаа иргэд болон нэхэмжлэгчийн хувьд эдийн засгийн сөрөг үр дагавар үүсгэхгүй байх нөхцлийг харгалзах нь зүйтэй гэж шүүх үзлээ.   

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ барилга угсралтын ажил хийгдэж дууссан, инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон буюу барилгын ажил батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэгдсэн, явцын хяналт хийгдэж баталгаажсан, барилга нь барилга угсралт, бүтээцийн чанар, барилгын норм ба дүрмээр тавигдах шаардлагыг хангасан нь эрх бүхий этгээдийн дүгнэлтээр тогтоогдож байгааг, өөрөөр хэлбэл уг барилгыг “барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэсэн” үндэслэлээр л буулгах үр дагавар үүсгэхээс илүүтэй “зөвшөөрөлгүй барилгын ажил гүйцэтгэсэн зөрчилд нэгэнт зохих хариуцлага хүлээлгэсэн” энэ нөхцөлд зөвшөөрлийг хуульд нийцүүлэн нөхөн олгох асуудлыг шийдвэрлэх нь иргэн, хуулийн этгээдэд эдийн засгийн хувьд илүү хэмнэлттэй, сөрөг нөлөөлөлгүй байх хууль зүйн үр дагаврыг харгалзсан болохыг тайлбарлах нь зүйтэй.

Нөгөө талаас зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажил гүйцэтгэсэн энэ тохиолдолд захиргааны байгууллага хяналт тавьж барилга баригдаж дуусах хүртэлх эдгээр үр дагаврыг үүсэхээс өмнө таслан зогсоох чиг үүрэгтэй байсныг, энэ зөрчлийг илрүүлэн шалгаж зохих хариуцлагыг нэгэнт хүлээлгэсэн байгааг дурьдах нь зүйтэй.

2.8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй хууль бус эс үйлдэхүй, үйлдэл, үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн эдлүүлэх нь захиргааны хэргийн шүүхийн үүрэг төдийгүй захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго юм. Нөгөө талаас шүүхийн хамгаалалт үр нөлөөтэй байх учиртай. Хэдийгээр барилга угсралтын ажил гүйцэтгэгдсэн ч барилгыг байнгын ашиглалтад хүлээлгэж өгөх үе шатанд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ зайлшгүй шаардагдах бөгөөд шүүхээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасны хууль зүйн үр дагавар үүнд оршино.

Дээрхээс дүгнэж барилгын ажлын зөвшөөрөл хүсэхэд “тавигдах шаардлагыг хангаагүй” гэх тодорхой үндэслэл заахгүйгээр хүсэлтийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй, “нөхөн олгохгүй” гэх хуульд заагаагүй татгалзлыг тус тус хууль бус болохыг тогтоож, Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т заасан нөхцөл шаардлагыг хангуулан барилгын ажлын зөвшөөрлийг олгох асуудлыг шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 28.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.2.3, 4.2.4, 4.2.5, 4.2.8 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч П.Нын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүссэн хүсэлтийг шийдвэрлээгүй Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын эс үйлдэхүйг болон 2023 оны 12 дугаар сард дахин хүсэлт гаргахад барилгын ажлын зөвшөөрлийг олгохоос татгалзсан 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр өгсөн хариуг тус тус хууль бус болохыг тогтоож, Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т заасан нөхцөл шаардлагыг хангуулан барилгын ажлын зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхийг хариуцагч нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Нд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ХАЛИУНА