Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2022/ДШМ/943

 

 

 

 

 

 

   2022            9              28                                          2022/ДШМ/943

                                                     

                                                         Я.Б-од холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Отгонтөгс,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-ын өмгөөлөгч Ч.Алдар,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЗ/1516 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Отгонтөгсийн бичсэн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 37 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Я.Б-од холбогдох эрүүгийн 2210000000871 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х б овгийн Я-ын Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр ................................ төрсөн, .. настай, э..эгтэй, .................... боловсролтой, мэргэжилгүй, “........................” ХХК-д ....... ажилтай, ам бүл .., ............................... хамт ......................... дүүргийн ... дүгээр хороо, ....................... хотхоны .. дугаар байрны ................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................................../; 

Шүүгдэгч Я.Б нь 2022 оны 6 дугаар сарын 22-ны орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Шинэ өргөө хотхоны 602 дугаар байрны 2-24 тоотод насанд хүрээгүй бага насны хохирогч Э.Э-ийг үл ялих зүйлээр шалтаглан толгойн тус газар нь цохиж, улмаар эрүүл мэндэд нь зүүн зулайд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Я.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүдэгчийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүгдэгч Я.Б-од холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх хуульд заасан нөхцөл байдлыг хянахад хангагдаагүй, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай ба шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж, хэргийг прокурорт буцаах дараах үндэслэл байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Я.Б нь “хохиролд 408.000 төгрөг нөхөн төлсөн, зочид буудал, шатахуун, түрээсийн төлбөр гэж нэхэж байгаагаас талыг нь төлнө, зочид буудлын зардлыг төлөхгүй, хамаатны дүүгийндээ байсан” гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяраас “...Хавтаст хэрэгт хохирлын талаар 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 200.000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 340.000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 300.000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 971.000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 200.000 төгрөгийн баримтууд байсан. Гэмт хэргийн улмаас учирсан үр дагаврыг хохирол төлбөрт тооцно гэж хуульд заасан. Гэхдээ нэг өдөр авсан баримтууд нь хаанаас яаж гарсан тодорхойгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь 408.000 төгрөг байна. 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гэмт хэрэг гарсан гэх 23-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн гэж мэдүүлсэн байдаг тул 6 дугаар сарын 26-ны өдөр шатахуун авсан байж магадгүй гэж зөвшөөрч байна. Тиймээс хэргийг шүүхэд шилжүүлэх үед бодит хохиролд гарсан 408.000 төгрөгийг төлсөн, хохирогчийн нэхэмжилж байгаа хохирлын зарим нь хохиролд тооцогдохгүй баримтууд байгаа гэж,

насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Ч.Алдар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой дээд шатны прокурорт нь 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гаргасан гомдол шийдвэрлэгдээгүй байхад хэргийг шүүхэд шилжүүлж, хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан. Мөн хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхдээ хохирол төлсөн баримтыг хэрэгт хавсаргана” гэж хуульд заасан. Шүүх хуралдаанд өгсөн шинэ баримтаас өмнө 3.000.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн баримтыг гаргаж өгсөн, хохирол төлсөн гэж шүүгдэгч мэдүүлж байгаа боловч баримтгүй, хохирол нөхөн төлөгдөөгүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар ирүүлсэн байна гэж тус тус мэтгэлцэж оролцсон.

Хохирогч, түүний төлөөлөгч хэргийн 81-84 дүгээр талд, мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч нь тус тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлыг нэхэмжилсэн баримтыг ирүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно...”, 3 дахь хэсэгт “...яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримтыг хавсаргана...” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Алдараас “хохирогч хохирлын мөнгө аваагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргахаас өмнө хохирлын 2.944.500 төгрөг нэхэмжилсэн баримтыг өгсөн байхад заримыг төлөөгүй, мөн хохирогч, хууль ёсны төлөөлөгч хэрэг шалгагдах хугацаанд хотод орон байр түрээсэлсэн” гэж тайлбарлаж, хэрэгт авагдсан болон хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтын хүрээнд хохирлыг нөхөн төлүүлэх тухай хүсэлт гаргасан бөгөөд шүүгдэгч 480.000 төгрөгийг төлсөн, нэмж 540.000 төгрөгийг төлнө, зочид буудал болон байр түрээсэлсэн гэх зардалд нэхэмжилсэн төлбөрийг төлөхгүй гэж маргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” хуулийн нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэхээр байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “шүүх, прокурор, мөрдөгчийн ажиллагаа шийдвэрт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргах эрхтэй”,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйл, 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оролцогч нь “...хяналт тавьж байгаа прокурорын шийдвэр, ажиллагааны талаарх гомдлыг тухайн нэгжийн дээд шатны прокурорт шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор гаргана...”, 2 дахь хэсэгт “...гомдлыг хүлээн авсан прокурор 14 хоногийн дотор, нэмэлт материал шалгах, эсхүл бусад арга хэмжээ авах бол 21 хоногийн дотор хянаж шийдвэрлэнэ...” гэж тус тус хуульчилсан.

Хохирогчийн өмгөөлөгчийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гаргасан гомдлыг дээд шатны прокуророос хуульд заасан шийдвэрлэх хугацаа дуусаагүй байхад 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн байх бөгөөд оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчилтэй байна.

Түүнчлэн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг иргэний нэхэмжлэгчээр татах ажиллагаа явуулаагүй нь хохирол, хор уршиг шаардахтай холбоотой ажиллагаа хуулийн хүрээнд бүрэн хийгдсэн гэж үзэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн бөгөөд эдгээр зөрчил нь хялбаршуулсан журмаар хэргийг хянах хуулийн нөхцөл хангагдаагүйд хамаарах тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэргийг прокурорт буцаасантай холбоотойгоор яллах дүгнэлтэд хэргийн товч агуулга хэсэгт болон тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжийг тусгаж ирүүлэх шаардлагатайг цаашид анхаарвал зохино.

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Я.Б-ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, яллагдагчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Т.Отгонтөгс бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад “Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж өөрчлөлт оруулсан нь яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн байдалд голлон анхаарч, хэргийг хохирогчийн гомдол, хүсэлтээс үл шалтгаалж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж байхаар зохицуулсан хуулийн үзэл баримтлал юм.

Шүүгдэгч Я.Б нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг сайн дураараа төлж, бусад хохирлыг шүүх шийдсэн тохиолдолд нөхөн төлөхөө илэрхийлж, прокурортой тохиролцсон ялыг хүлээн зөвшөөрч, гарах үр дагаврыг ойлгож байгаагаа мэдүүлсээр байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Я.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болох 408.000 төгрөгийн хохирлыг төлж, бусад хохирол болох МТ-ШТС, Шунхлай-ШТС, Петровис ШТС-аас авсан бензиний баримтууд, авто зогсоолын төлбөр, зочид буудал, байр түрээслэсний төлбөр зэрэг баримтууд нь цаг хугацааны хувьд зөрүүтэй бөгөөд шүүхээс төлүүлэхээр тогтоосон тохиолдолд хохирол нөхөн төлөхөө илэрхийлж, энэ талаар прокурорт бичгээр хүсэлт гаргаж, мөн шүүх хуралдаанд удаа дараа илэрхийлсээр байхад шүүгдэгчийн өмгөөлөгч зочид буудал болон байр түрээслэсэн гэх зардлыг нэхэмжилсэн төлбөрийг төлөх үндэслэлгүй байна гэж мэтгэлцсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн нь буруу юм.

Хохирогчийн гаргаж өгсөн МТ-ШТС, Шунхлай-ШТС, Петровис ШТС-аас авсан бензиний баримтууд, авто зогсоолын төлбөр, зочид буудал, байр түрээслэсний төлбөр зэрэг хохирлын баримтуудыг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан бодит хохирол гэж үзэх үндэслэлгүй байна.

2. Шүүхээс “...Хохирогчийн өмгөөлөгчийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гаргасан гомдлыг дээд шатны прокуророос хуульд заасан шийдвэрлэх хугацаа дуусаагүй байхад 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн байх бөгөөд оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчилтэй,

түүнчлэн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг иргэний нэхэмжлэгчээр татах ажиллагаа явуулаагүй, хохирол, хор уршиг шаардахтай холбоотой ажиллагаа нь хуулийн хүрээнд бүрэн хийгдсэн гэж үзэх боломжгүй...” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Алдараас “...Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйлд зааснаар нэмж зүйлчилж өгнө үү...” гэсэн хүсэлтийг прокурорын хяналтын шатанд 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гаргасныг хуульд заасан 5 хоногийн хугацаанд шийдвэрлэж хариуг өгсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд “яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч түүний өмгөөлөгчид мэдэгдэхээр” хуульчилсан бөгөөд прокурорын энэ шийдвэрийг хэргийн хохирогч болон түүний өмгөөлөгчид мэдэгдэж хэргийг шүүхэд шилжүүлэх хуулийн зохицуулалт байхгүй, хохирогчийн эрхийг хязгаарласан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Алдар нь 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Дүүргийн ерөнхий прокурорт гомдол гаргасан байгаа бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 552 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хувийг яллагдагчид гардуулж, улмаар хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй болно.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ...” гэж заасан ба дээрх “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн ямар нэгэн хохирол учраагүй бөгөөд гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоос яллагдагч 408.000 төгрөгийг төлсөн байна.

Яллах дүгнэлтэд яллагдагч Ц.Б нь “2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Шинэ-Өргөө хотхоны 602 дугаар байрны 2-24 тоотод насанд хүрээгүй хохирогч Э.Э-ийг үл ялих зүйлээр шалтаглан толгойн тус газар нь цохисон үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоосугай” гэж гэмт хэргийн шинжийг тодорхой тусгасан.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЗ/1516 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-ын өмгөөлөгч Ч.Алдар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж заасан байдаг. Өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэлтэй холбогдуулан хүсэлт бус гомдол гаргасан. Гомдлын хариуг 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээж аваад, 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хэргийн оролцогчийн эрхээ эдэлж дээд шатны прокурорт гомдол гаргасан. Энэ тал дээр өмгөөлөгчийн зүгээс хууль зөрчсөн асуудал байхгүй. Мөн маргааш нь шүүх хуралтай гэхэд би үнэхээр гайхсан. Энэ дагуу ерөнхий прокуророос нь тодруулахад ерөнхий прокурор нь ч гайхаж байсан. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тусгагдсан байх. Хэргийн зүйлчлэлд маргаж буй шалтгаан нь 3 цагийн туршид 190 см өндөртэй, 120 кг жинтэй согтуу хүн, 7 настай хүүхдийг зодож дарамталсан байдаг. Өмнө нь цагаан сарын үеэр мөн дарамталж зодсон асуудал байдаг нь удаа дараа гэх ойлголтод хамаарна гэж үзэж байна. Энэ талаарх баримтыг прокурорт гомдол гаргахдаа гомдлын хамт хавсаргаж явуулсан. Хэрэгт авагдсан сиди бичлэгээс үзэхэд, яллагдагч хүүхдийг хөлөөс нь өргөөд сэгсэрч байсан. Тухайн үед хүүхэд унасан бол түүний амь эрсдэх байсан уу гэх мэт олон асуудлууд байгаа учир зүйлчлэлийн хувьд маргах нь зүйн асуудал гэж үзэж байна. Прокурор миний эрхийг ноцтой зөрчсөн, гомдол гаргах эрхийг маань хязгаарласан. Миний үйлчлүүлэгч маргааш нь анхан шатны шүүх хуралдаан болохыг мэдээгүй байхад дансанд нь гэнэт 408.000 төгрөг шилжиж орсон байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч маш их гомдолтой байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд ирэх гэсэн боловч нэг удаа ирэхдээ 1.000.000 орчим төгрөгийн зардал гардаг, мөн ажилтай тул ирж амжаагүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Я.Б-од холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

“Хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх хуульд заасан нөхцөл байдал хангагдаагүй, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай” талаар дүгнэж, Я.Б-од холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх”-ийг шүүх хуралдаанаар хянаж, энэ нөхцөл байдал хангагдаагүй бол шүүхээс хэргийг прокурорт буцаахаар зохицуулсан байна.

 

Я.Б-од холбогдох хэргээс үзэхэд, насанд хүрээгүй хохирогчийн эх Ц.Э-аас 2.944.500 төгрөгийг баримтаар нэхэмжилж байгаагаа мэдүүлээд, цаашид гарсан зардлын баримтаа гаргаж өгнө гэж гэрчээр мэдүүлжээ.

Мөн шүүх хуралдаан дээр талууд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээн дээр мэтгэлцэж, зарим хэсгийг төлж, үлдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбарлаж байсан нь тогтоогдсон байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурор тогтоол гаргахдаа дээрх нөхцөл байдал бүрэн хангагдсан эсэхийг хянаж шийдвэрлэх байтал, “шүүхээс тогтоосон хэмжээгээр гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх нь зүйтэй” гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор дүгнэлт гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргана” гэсэнтэй зөрчилдөж байна.

Энэ үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ”, “мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно” гэсэн зохицуулалтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын шатанд хэрэглээгүй нь буруу юм.

Хэдийгээр шүүх зохих этгээдийг иргэний нэхэмжлэгчээр нөхөн тогтоож болох боловч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурор тогтоол гаргаж шүүхэд шилжүүлсэн энэ тохиолдолд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг мөрдөн шалгах явцад бүрэн тогтоож чадаагүй, иргэний нэхэмжлэгчийн эрхийг эдлүүлээгүй гэж үзнэ.

Мөн гэрч Ж.Э-ын “...бичлэг явуулсан байхаар нь нээж үзэхэд хүүг ээж Х.Хөнхөрмаагийн хамтран амьдрагч Б согтуу “би чамайг гол руу дагуулж очоод гүнзгий усанд шиднэ, чи амьд гарвал гарна биз, байрны арын цонхоор шиднэ” гэж хэлээд өргөөд явж байсан, дээрээс нь дараад хэвтээд байсан бичлэг байсан. ... видео дуудлагаар хүүтэйгээ ярихад надад ”Б ах намайг хана руу шидээд, толгой руу олон удаа цохьсон, намайг зодоод байна” гэж хэлсэн талаар мэдүүлсэн бөгөөд сидинд үзлэг хийсэн тэмдэглэл мөн хэрэгт авагдсан байхад шүүгдэгч Я.Б-ын бага насны буюу 8 настай хүүхдийг зодож гэмтэл учруулсан байж болох үйлдэлд нь шалгаж, өөр гэмт хэргийн шинж байгаа эсэхийг мөрдөн шалгах явцад шалгалгүй орхигдуулж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн прокурорын шийдвэр учир дутагдалтай болсон байна гэж үзэхээр байна.

Хохирогчийн өмгөөлөгчөөс Я.Б-ын үйлдлийг зүйлчилсэн зүйлчлэлийг эс зөвшөөрч дээд шатны прокурорт гомдол гаргасан байхад түүнийг шийдвэрлэлгүйгээр уг гомдлыг шүүхэд шилжүүлсэн нь оролцогчдын эрхийг эдлүүлээгүй гэж үзэх үндэслэл болохоос гадна “ийм гомдол дээд шатны прокурорт гаргасан эсэхийг би мэдэх боломжгүй” гэж давж заалдах шатны шүүхэд гаргасан прокурорын тайлбар ойлгомжгүй байгааг зориуд тэмдэглэж байна.

Нөгөөтэйгүүр, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах хууль зүйн боломжгүй тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЗ/1516 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Т.Отгонсүрэнгийн бичсэн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 37 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                         ШҮҮГЧ                                                  Т.ӨСӨХБАЯР

 

                                          ШҮҮГЧ                                                 Н.БАТСАЙХАН

 

                                          ШҮҮГЧ                                                   Б.ЗОРИГ