Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2016/01052

 

Б.Ундрамын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/03611 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1257 дугаар магадлалтай,

Б.Ундрамын нэхэмжлэлтэй

“Халиун төгөл” ХХК-д холбогдох

2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 22 тоот захирлын тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ундрам нь “Халиун төгөл” ХХК-д гоо сайхны салоны захирлын албан тушаалд 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орж, ажиллах хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргалгүй. “Халиун төгөл” ХХК-ийн захирлын зүгээс 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 01 тоот хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасч, цөөрүүлсэн тул хөдөлмөрийн гэрээг 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон цуцлах тухай мэдэгдлийг өгсөн бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 22 тоот захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3, хөдөлмөрийн дотоод журмын 4.4.5, 4.4.17 дахь заалтыг үндэслэн ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн. Миний бие ажиллах хугацаандаа сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй бөгөөд дээрх тушаал нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд “Халиун төгөл” ХХК-ийн захирлын 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 22 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр иргэн Б.Ундрамтай хөдөлмөрийн гэрээ байгуулан, гоо сайхан хариуцсан захирал гэх албан тушаалд томилон нэг сарын үндсэн цалин 1 300 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Гэтэл Б.Ундрам нь ажиллаж байх хугацаандаа удаа дараа ажлаас хоцорч, ёс зүйн ноцтой зөрчил гарган ажлын байранд архидан согтуурсан, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж хамт олонтойгоо зан харилцаа таарамжгүй байдаг зэрэг шалтгаануудыг давтан гаргасан бөгөөд тухай бүрд нь байгууллагын удирдлагын зүгээс сануулж, дахин зөрчил гаргахгүй байхыг анхааруулж байсан ч дээрх байдал давтагдсаар байсан тул 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн захирлын тушаалаар ажлаас халсан. Уг тушаалд Хөдөлмөрийн дотоод журмын 4.4.5 дах хэсэг буюу ёс зүйн зөрчил гарган ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэн байгууллага дээр танхайрсан. Мөн дотоод журмын 4.4.17 дахь хэсэг буюу ажлын цагаас хожимдох, ажил тарахаас өмнө гарч явах зэрэг үйлдлүүд нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах хэмжээний ноцтой зөрчил, сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэлтэй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан. Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөн ажиллах үүргээ биелүүлээгүй ажилтныг ажлаас халсан тушаал нь үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/03611 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Ундрамыг “Халиун төгөл” ХХК-ийн Гоо сайхны салоны захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 2 093 040 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан Б.Ундрамд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан Б.Ундрамын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг “Халиун төгөл” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “Халиун төгөл” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 48 439 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж  шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1257 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/03611 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 500 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн үнэлээгүй байх тул дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

Магадлалын үндэслэх хэсэгт “...Б.Ундрамын гаргасан ёс зүйн зөрчлийг нотлохоор ирүүлсэн баримтууд нь хуулиар тавигдах шаардлагыг хангаагүй байна...” гэжээ. “Халиун Төгөл” ХХК нь ажилтны ирцийн талаарх цагийн бүртгэлийг хөтөлдөг бөгөөд гүйцэтгэх захирлын гарын үсэгтэй бүхий цагийн бүртгэлийн хүснэгтийг нотлох баримтаар хэрэгт хавсаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй байна” гэжээ. Б.Ундрам нь ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, танхайрсан талаар гэрчийн тайлбарыг хэрэгт өгсөн ба энэ нь хөдөлмөрийн гэрээний 2.2-т заасан ноцтой зөрчилд хамаарах доголдол гаргасан тохиолдолд цалингийн 30-50 хувийг хасах үр дагавартай. Мөн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.4.5, 4.4.17-д заасан зөрчлийг гаргасан тохиолдолд ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулах хууль зүйн үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаар сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үйл баримт хэрэгт авагдсан /ажлаас хоцордог тухай цагийн бүртгэл, согтуурсан тухай гэрчийн мэдүүлэг/ ба сахилгын шийтгэлийг заавал шат дарааллан ногдуулах шаардлагагүй бөгөөд тухайн зөрчилд тохирсон шийтгэл болох ажлаас халах сахилгын шийтгэлийг тушаалаар оногдуулсан талаарх баримт хэрэгт авагдсан байхад түүнийг шүүхээс үнэлээгүй байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тайлбараа бичгээр өгч тэрхүү байдлаа мэдсэн байхад анхан шатны шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх эрхийг нь эдлүүлээгүй. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлээгүй байх тул дээрх магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн зохигчдын хоорондох маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн үндэслэлтэй зөв хянан шийдвэрлэсэн байна.

Ажил олгогч “Халиун төгөл ” ХХК-ийн захирлын 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 22 тоот тушаалаар Б.Ундрамыг гоо сайхны салоны захирлын ажлаас халсан байх бөгөөд тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 4.4.5, 4.4.17 дахь заалтыг  үндэслэжээ.

“Халиун төгөл” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 4.4.5-д “Ажлын хамт олон, харилцагч байгууллага, хувь хүмүүстэй эелдэг, хүндэтгэлтэй харьцаж, ёс зүйн болон нийгмийн хэв журмын зөрчил /танхайрах, зодоон хийх, согтууруулах ундаа, тамхи болон бусад/ гаргахгүй байх” гэж, 4.4.17-д “Ажлын цагаас хожимдох, ажил таслах, ажил тарахаас өмнө гарч явах, ажлын цагаар сэлгүүцэх, компьютерт ажлын бус үйлдэл хийх зэрэг үйлдэл гаргахгүй байх” гэж тус тус заасан байх ба ажил олгогчийн тушаалын үндэслэл нь ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн агуулгатай байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг санаачилгаараа цуцлах эрхтэй.

Б.Ундрамыг сахилгын давтан зөрчил гаргасан болохыг хариуцагч баримтаар нотолж чадаагүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 116 дугаар зүйлийн 116.3.-т нийцсэн гэж үзнэ. Тус компанийн ажилтан С.Алтанзагас, Д.Бадамсүрэн нарын тайлбар бичмэл баримт буюу нотолгооны хэрэгсэл мөн боловч Б.Ундрамыг зөрчил гаргасан гэх байдлыг нотлоогүй байна. Хариуцагчийн зүгээс эдгээр хүмүүсийг гэрчээр асуулгах хүсэлт гаргаагүй байхад шүүх санаачилгаараа баримт бүрдүүлэхгүй бөгөөд ажилтан хэзээ, ямар зөрчил гаргасан, зөрчлийг хэзээ илрүүлсэн, Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацааг баримталсан эсэх талаар ач холбогдол бүхий байдлыг нотолсон баримтыг хариуцагч гаргаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/03611 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1257 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1, 57.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА