Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 125/2017/0026/З |
Дугаар | 221/МА2017/0848 |
Огноо | 2017-12-05 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2017/0848
2017 оны 12 сарын 05 өдөр | Дугаар 221/МА2017/0848 | Улаанбаатар хот |
Т.Б-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б-г оролцуулан хийж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 35 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Т.Б-ын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 35 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “ … Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3-д Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журмыг Улсын Их Хурал тогтооно” гэсэн заалтыг баримталж, Т.Б миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хуулийг буруу хэрэглэсэн алдаа гэж үзэж байна.
Учир нь хуулийн уг заалт нь маргаан шийдвэрлэх журмыг батлах субъектыг нэрлэн зааснаас бус нэхэмжлэгч Т.Б миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай зохицуулалт биш байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт:...хариуцагч нь Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг биелүүлэх үүрэгтэй ч нэхэмжлэлийн шаардлагаар Б/07 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна ... гэжээ.
Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/07 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг гарган хүчингүй болгож, Т.Б-ыг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахыг аймгийн Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Б-д даалгасан.
Гэтэл хариуцагч Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь Төрийн албаны салбар зөвлөлийн дээрх тогтоолыг хэрэгжүүлэхгүй, нэхэмжлэгч Т.Б намайг Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргын ажилд эгүүлэн томилохгүй хууль бус эс үйлдэхүйг анхан шатны шүүх ямар үндэслэлээр зөвтгөсөн нь ойлгомжгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.Б миний эрхэлж байсан Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргын ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байгааг анхаарч үзээгүйд гомдолтой байна.
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 223 дугаар тогтоолоор сумдын Засаг даргын Тамгын газрын бүтцэд Мал эмнэлэг, үржлийн үйлчилгээг зохицуулах, хянах, мэргэжил аргазүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий нэгжийг байгуулж, сумын Засаг даргын Тамгын газрын орон тоог нэмэгдүүлсэн.
Ингэхдээ “Сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг тогтоох тухай" Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 13 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн “...1500 хүртэл хүн амтай суманд 10, 1501-3000 хүртэл хүн амтай суманд 12, 3001-5000 хүртэл хүн амтай суманд 13, 5001-10000 хүртэл хүн амтай суманд 15, 10001-20000 хүртэл хүн амтай суманд 18, 20001-ээс дээш хүн амтай суманд 20” гэснийг “...1500 хүртэл хүн амтай суманд 12, 1501-3000 хүртэл хүн амтай суманд 14, 3001-5000 хүртэл хүн амтай суманд 15, 5001-10000 хүртэл хүн амтай суманд 17, 10001-20000 хүртэл хүн амтай суманд 20, 20001 -ээс дээш хүн амтай суманд 22” гэж тус тус өөрчилсөн. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайдын 2010 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/230 дугаар тушаалаар сумдын Засаг даргын Тамгын газрын 3 хүний орон тоотой Мал эмнэлэг, үржлийн тасгийг 2010 оны 10 дугаар сард багтаан байгуулж, мөн өдрийн А/231 дүгээр тушаалаар сумдад байгуулах мал эмнэлэг, үржлийн нэгжийн үйл ажиллагааны чиглэл, 3 мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт, нэмэгдсэн орон тооны урсгал зардлыг баталсан.
Сайдын дээрх тушаалаар батлагдсан мал эмнэлэг, үржлийн нэгжийн үйл ажиллагааны чиглэлийн 2.1-д тусгагдсанаар сумдын мал эмнэлэг, үржлийн тасаг нь малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил, бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, бэлчээр, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ, газар, тариалан хариуцсан мэргэжилтэн гэсэн 3 орон тоотой байхаар тогтоосон.
Үндсэн чиглэлийн 2.5-д “Тасгийн даргыг дээрх 3 мэргэжилтнээс ажлын дадлага, туршлага, мэргэжлийн чадвар, түвшинг харгалзан томилохоо”, 2.3-д Тасгийн дарга, мэргэжилтнийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргатай зөвшилцөн сумын Засаг даргын Тамгын газрын дарга томилж, чөлөөлнө" гэжээ.
Засгийн газрын тогтоол, сайдын тушаалыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын даргын 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 269 дүгээр албан бичгээр сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарт хүргүүлсэн байдаг.
Сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн орон тоог 3/мэргэжилтэн, дарга/ байхаар баталж, цалингийн санг шийдвэрлэсэн Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 223 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/231 дүгээр тушаал хүчин төгөлдөр үйлчилж байна.
Тогтоол, тушаалд ямар нэг өөрчлөлт ороогүй, хүчингүй болоогүй тул сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн орон тоо хасагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Одоо ч Засгийн газраас сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн 3 орон тооны ажилтнуудын цалин хөлсийг улсын төсөвт багтаан шийдвэрлэсээр байгаа. Байгууллагын 2017 оны төсөвт суугдсан болно.
Ийм байхад анхан шатны шүүх доод шатны эрх зүйн акт болох Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/638 дугаар захирамжийг баримталж Мал эмнэлэг, үржлийн тасгийн орон тоог байхгүй гэж үзсэн нь бодит байдалд үл нийцэх, хууль хэрэглээний алдаатай дүгнэлт юм.
Анхан шатны шүүх сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн цалингийн сан, орон тоо, ажлын чиг үүрэг зэрэгт хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг судлан үзэхгүйгээр хэргийг хэтэрхий нэг талыг баримталсан дүгнэлтээр нэхэмжлэгч миний зөрчигдсөн эрхийг сэргээгүйд гомдолтой байна.
Иймд Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 35 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Б миний Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг буруу дүгнэн нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус байхад хүлээн авч, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Т.Б нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх захиргааны актыг эс зөвшөөрч, Төрийн албаны тухай хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэхээр Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлд хандсан, гомдлыг тус зөвлөлөөс хянаж үзээд 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолоор “Төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээг үнэлж, сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Түргэний Баатаржавыг ажлаас чөлөөлсөн Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/07 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөр тасалбар болгон хүчингүй болгож, Т.Б-ыг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахыг Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Б-д даалгасугай” гэж шийдвэрлэжээ.
Хариуцагч Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3-д зааснаар Монгол Улсын Их Хурлын 2003 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам"-ын 19-д “Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албан тушаалд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хянан шийдвэрлэсэн тухай салбар зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Төрийн албаны зөвлөлд, Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдлоо гаргаж болно” гэж заасны дагуу гомдол гаргах эрхтэй атал тус Тамгын газрын дарга нь дээрх салбар зөвлөлийн тогтоолд гомдол гаргаагүй байна.
Иймд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.1, 98.1.2-т заасны дагуу гаргасан салбар зөвлөлийн тогтоолыг мөн хуулийн 98.2-т “энэ хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ” гэж заасны дагуу Ховд аймгийн Зэрэг сумын Засаг дарга биелүүлэх үүрэгтэй.
Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоолоор Т.Б-ын гомдлын шаардлага хангагдсан, маргаан бүхий актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон, түүний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргээсэн байх тул захиргааны хэргийн шүүх дахин уг маргаан бүхий актыг хүчингүй болгож, ажилд томилохыг даалгах асуудлыг шийдвэрлэхгүй. Мөн захиргааны хэргийн шүүх нь урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэсэн эрх бүхий этгээдийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг явуулах үүрэггүй бөгөөд Захиргааны ерөнхий хуульд заасан шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлэсний ач холбогдол гарахгүй юм.
Түүнчлэн эрх бүхий этгээдээс Т.Б-ыг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд томилохыг Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох үүрэгтэй.
Одоогийн байдлаар хариуцагч нь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоолыг биелүүлж, нэхэмжлэгчийг ажилд нь томилоогүй байх тул цалин хөлсийг олгохгүй эс үйлдэхүй гаргаагүй байх тул “ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгохыг даалгах” нэхэмжлэлийг мөн захиргааны хэргийн шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.
Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг анхааралгүй, эрх бүхий этгээдийн урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэсэн асуудлыг дахин шийдвэрлэсэн нь буруу байх тул шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар Т.Б-ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Харин Т.Б нь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоолыг Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын дарга биелүүлэхгүй бол Захиргааны ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1-д “... захиргааны актыг батлан гаргасан байгууллага гүйцэтгэнэ” гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлд хандаж, Захиргааны ерөнхий хуулийн 85, 87 дугаар зүйлд заасан ажиллагааг хийлгүүлэх, улмаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгох үүргээ биелүүлэхгүй бол иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 35 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2-д заасныг баримтлан “Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” шаардлага бүхий Т.Б-ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.3-д заасны дагуу нэхэмжлэгч Т.Б-аас нэхэмжлэл гаргахдаа болон давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 140400 /70200+70200/ төгрөгийг улсын төсвөөс буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ