Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2024/03104

 

2024      08        27                                          181/ШШ2024/03104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Хас Банкны төв байр, Х ХК /РД:/,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Г /РД:/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхайрхан оролцов.  

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1."Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2-т "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасны дагуу иргэн Н овогтой Г 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр цахимаар хүсэлт илгээн, 2010092551 дугаартай зээлийн данс үүсгэн, 20,000,000 төгрөгийг 365 хоногт 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. ХасБанкны интернэт банкны үйлчилгээг 88043579 дугаараар авсан. Банк нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зээлдэгч Н.Г ХасБанкан дахь 5003311730 тоот дансанд 20,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 666,666.66 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 335,712.62 төгрөг, нийт 1,002,379.28 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 2010092551 дугаартай Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс хугацаа хэтрүүлж, 2024 оны 05 дугаар сарын 09-нээс огт төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 162 хоног хугацаа хэтрүүлээд байна. Зээлдэгч нь Банкнаас үйлчилгээ авахдаа бүртгүүлсэн хаяг болох Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 1 дүгээр гудамж, 28 тоот гэсэн хаяг дахин төлөвлөлтөнд орсон. Зээлийн хяналтаар зээлдэгч нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Баатархайрхан 2Б гудамжны 1501 тоотод оршин суудаг гэдэг нь мэдэгдсэн. Тус хорооноос тодруулахад бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх тодорхойлолтыг гаргаж өгсөн. Зээлдэгчийн 88043579 дугаарлуу 2024 оны 03 дугаар сарын 29-ны өдөр холбогдох үед Өмнөговь аймагт ажил хийж байгаа, ажил олгогч цалингаа мөнгөө өгөхгүй байна гэж хэлсэн. 03 дугаар сарын 30-ны өдрөөр холбогдоорой гэж хэлсэн учир тухайн өдөр 6 удаа залгахад дуудаж байгаа хэрнээ аваагүй. 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр залгаж үзэхэд дуудлага хүлээн авах боломжгүй байна" гэсэн хариу өгөв. Зээлдэгч нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, Банканд бүртгэлтэй утас холбогдох боломжгүй, оршин суугаа хаяг тодорхойгүй учир зээл төлүүлэх ажиллагаа хийхэд хүндрэлтэй байна. Иймд зээлдэгч Н.Г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ХасБанкны Гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын А-314 дугаар тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ХасБанкны Хариуцсан захирлын 2023 оны Б/1440 тоот тушаалын хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, дансны хуулга, Зээл төлүүлэхтэй холбоотой бичиг баримт, Зээл, хүүний тооцоолол, Харилцагчийн анкет нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн цахим тодорхойлолт нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Зээлдэгчийн иргэний үнэмлэхийн цахим лавлагаа нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Зээлийн өргөдөл хуулбар, Зээл олгох шийдвэр хуулбар, 2010092551 дугаартай зээлийн гэрээ, түүний хавсралтын хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х ХК нь Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гарах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргахаар зохицуулсан.

 

3. Нэхэмжлэгч Х ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ Н.Г Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, шүүх хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж тодорхойлж байна.

 

4. Н.Г нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор Н.Г оршин суугаа газрын хаягийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Г нь Зээлийн гэрээнд тусгасан хаягтаа оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. 

 

7. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт, шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтад тулгуурлан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч Хас Банк ХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв. 

 

8. Хариуцагч Н.Г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

9. Нэхэмжлэгч Х ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна. 

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг  шийдвэрлэнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 2б, Баатархайрхан гудамж, 1501 тоотод оршин суудаг, Б овогт Н Г /РД:ТЯ83073014/-г эрэн сурвалжилсугай.

2. Н.Г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

4. Н.Г оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л /утас:/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.




 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.БАТХУЯГ